Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 501

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Р.Энх-Оюун,

шүүгдэгч Э.Б........нэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Мянгат овогт Э........дын Болд-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 0235 50178 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Мянгат овогт Э........дын Б........нэ, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1992 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, .........................

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Э.Б........нэ нь 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монголиан Грийн Фармар” ХХК-ийн агуулахын байранд хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, 18.2.2, 18.2.6, 18.2.7 дахь заалт, “Монголиан Грийн Фармер” ХХК-ийн ХАБ-ын журмын 1.5 дахь заалт, “Монголиан Грийн фармер” ХХК-ийн “Сэрээт ачигчийг ажиллуулах журам”-ын “Жолоочоос өөр хүн ачаа ачиж буулгах, зөөвөрлөх...болохгүй” гэсэн заалтыг тус тус зөрчиж, сэрээт ачигч /По машин/-ыг жолоодож байхдаа хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас иргэн Ш.М........лын хөлөн дээгүүр гарч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б........нэ мэдүүлэхдээ мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...“ гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Ш.М........лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 5-ны өдөр ...С........г гэх эмэгтэй намайг дагуулаад “Делта” ХХК-ний агуулахын хашаанд Нямаа гэх хүний мах шуудайлах ажилд туслуулахаар аваад явсан....намайг ажлаа хийж байхад...Б........нэ гэх залуу ирээд “танай хүмүүс хэзээ ирэх гэж байна. Залгаад асуугаач танай буулгасан мах зам хаагаад байна...би цаанаас нь бараа буулгах гээд байна” гэж хэлсэн...Тэгээд би тэнд ажиллаж байсан хүмүүстэй юм яриад зогсож байхад...миний ард По гэх өргөгч механизмийн ...сэрээ төмөр дууграх шиг болохоор нь эргээд харахад Б........нэ По гэх механизмийг бариад миний баруун хөл дээгүүр гарсан. ...тухайн үед би алхаж чадахгүй хүмүүсээр өргүүлээд машинд суугаад гэмтлийн эмнэлэг явсан...би гомдолтой байна. Эмчилгээний зардал болон 2 сараар хөдөлмөрийн чадвараа алдсан үеийн цалинг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11),

2. Гэрч Ш.Б............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Делта ХХК-ны харуулын ажилтай байсан. ...12 цагийн үед Б........нэ ирээд би хүний хөл дээгүүр поогоор гарчихлаа гэж хэлэхэд нь би хар цай чанаад очиж хөлийг нь боосон. Тэгээд цуг ажиллаж байсан хүмүүс нь ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16),

3. Гэрч Ш.Гү......гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр манай “..............” гэх гэрээт харуул хамгаалалтын албанаас над руу утсаар залгаад манай байгууллагын хашаанд зөвшөөрөлгүй хүн явж байгаад нярав Болд-Эрдэнийн жолоодож явсан по машины дугуйнд хөлөө дайруулчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б........нэтэй холбоо барихад тэрээр “харилцагчын барааг по машинаар өргөж агуулахаас ухарч гарч байгаад хүний хөл дээгүүр гарчихлаа ард хүн байсныг мэдсэнгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14),

4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 5897 дугаар дүгнэлт:

“...Хэсэг газрын үзлэгт: Баруун тавхайн үзүүрээс шилбэний дунд хэсэг хүртэл гөлтгөнөн боолттой.

2018.05.05-ны Рентген зургийг уншуулахад: баруун тавхайн 2 байрлалын рентген зургаар эрхийн хурууны дунд шивнүүрийн үзүүр хэсэгт сэлтэрсэн хугаралтай...гэжээ...ДҮГНЭЛТ

1. Ш.М........лын биед баруун тавхайн эрхий хурууны дунд шивнүүрийн сэлтэрсэн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. 5. 6. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 17),

5. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээч 2018/09 дугаартай дүгнэлтэд

“...Нярав Э.Б........нэ нь Хөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн...18.2.6 дахь заалтад заасан “Ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар ...эзэмшсэн байх”,

18.2.7 дахь заалтад заасан “...бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх”...гэсэн заалтыг,

- “Монголиан Грийн Фармер” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын журмын 1.5 дахь хэсэгт заасан “Байгууллагын захиргаанаас томилогдсон, аюулгүй ажиллагаа хариуцсан хүний дор ачиж буулгах ажлыг гүйцэтгэх ёстой” ...гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21-22),

6. “Монголиан Грийн Фармер” ХХК-ийн захиралын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 01 тушаалд “...Э.Б............нийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн үндсэн ажилтнаар томилсугай...” гэх баримт (хавтаст хэргийн 63),

- “Монголиан Грийн Фармер” ХХК-ийн Э.Б........нэтэй байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2018/01 дугаар хөдөлмөрийн гэрээнд “...Ажлын байр буюу албан тушаалын нэр: Нярав, ...Гүйцэтгэх ажил үүрэг: Ажлын байрны тодорхойлолтын хүрээнд...” гэх баримт (хавтаст хэргийн 60-62),

- “Монголиан Грийн Фармер” ХХК-ийн Няравын ажлын байрны тодорхойлолтод “...Ажлын байрны үндсэн чиг, үүрэг: ...Ажлын шаардлагаар нярав нь бараа хүлээлцэх болон хүлээлгэн өгөхдөө по /өөрөө ачиж, буулгагч/ ашиглана. Ажилтан өөрийн буруугаас болж осол, гэмтэл гаргасан тохиолдолд өөрийн биеэр хариуцна...” гэх баримт (хавтаст хэргийн 55-59),

7. Шүүгдэгч Э.Б............нийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дельта холдинг” ХХК-ийн салбар “Монголиан Грийн Фармер” ХХК-ний хашаанд по машинаар мах савалж байгаад тэнд савалгаа хийж дуусаад зам дээр зогсож байсан ...Ш.М........л гэдэг хүний баруун хөлийг дайрчихсан. Тэгээд би сандараад цуг явсан хүмүүсийг нь дагаж эмнэлэг явсан. ...би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би буруу зүйл хийснээ ойлгож ухаарч байгаа хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88-89),

7. Шинжээч Я.Даминрагчаагийн мэдүүлэг (хавтаст хэргийн 75-77), “Монголиан Грийн Фармер” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын журам болон “Сэрээт ачигчийг ажиллуулах журам (хавтаст хэргийн 64-66, 44-45),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 25, 26), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 68), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 28-41) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Б........нэд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Э.Б........нэ нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дельта Холдинг” ХХК-ийн агуулахын хашаанд 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр, “Монголиан Грийн фармар” ХХК-ний агуулахаас сэрээт ачигчаар ажил үүрэг гүйцэтгэж байхдаа, хууль, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас иргэн Ш.М........лын хөлөн дээгүүр сэрээт ачигчаар гарч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь:

- Хохирогч Ш.М........лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 5-ны өдөр ...С........г гэх эмэгтэй намайг дагуулаад “Делта холдинг” ХХК-ний агуулахын хашаанд Нямаа гэх хүний мах шуудайлах ажилд туслуулахаар аваад явсан....намайг ажлаа хийж байхад...миний ард По гэх өргөгч механизмийн ...сэрээ төмөр дууграх шиг болохоор нь эргээд харахад Б........нэ По гэх механизмийг бариад миний баруун хөл дээгүүр гарсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 5897 дугаар дүгнэлт: “...1. Ш.М........лын биед баруун тавхайн эрхий хурууны дунд шивнүүрийн сэлтэрсэн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. ...4. 5. 6. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 17),

- Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээч 2018/09 дугаартай дүгнэлтэд “...Нярав Э.Б........нэ нь Хөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн ...18.2.6 дахь заалтад заасан “Ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар ...эзэмшсэн байх”, 18.2.7 дахь заалтад заасан “...бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх”...гэсэн заалтыг,

- “Монголиан Грийн Фармер” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын журмын 1.5 дахь хэсэгт заасан “Байгууллагын захиргаанаас томилогдсон, аюулгүй ажиллагаа хариуцсан хүний дор ачиж буулгах ажлыг гүйцэтгэх ёстой” ...гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21-22),

- “Монголиан Грийн Фармер” ХХК-ийн захиралын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 01 тушаалд “...Э.Б............нийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн үндсэн ажилтнаар томилсугай....” гэх баримт (хавтаст хэргийн 63),

- “Монголиан Грийн Фармер” ХХК-ийн Э.Б........нэтэй байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2018/01 дугаар хөдөлмөрийн гэрээнд “...Ажлын байр буюу албан тушаалын нэр: Нярав, ...Гүйцэтгэх ажил үүрэг: Ажлын байрны тодорхойлолтын хүрээнд...” гэх баримт (хавтаст хэргийн 60-62),

- “Монголиан Грийн Фармер” ХХК-ийн Няравын ажлын байрны тодорхойлолтод “...Ажлын байрны үндсэн чиг, үүрэг: ...Ажлын шаардлагаар нярав нь бараа хүлээлцэх болон хүлээлгэн өгөхдөө по /өөрөө ачиж, буулгагч/ ашиглана. Ажилтан өөрийн буруугаас болж осол, гэмтэл гаргасан тохиолдолд өөрийн биеэр хариуцна...” гэх баримт (хавтаст хэргийн 55-59),

- Шүүгдэгч Э.Б............нийн мөрдөн байцаалтад өгсөн: “... “Дельта холдинг” ХХК-ийн салбар “Монголиан Грийн Фармер” ХХК-ний хашаанд по машинаар мах савалж байгаад тэнд савалгаа хийж дуусаад зам дээр зогсож байсан ...Ш.М........л гэдэг хүний баруун хөлийг дайрчихсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88-89) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Б........нэ нь Хөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн ...18.2.6 дахь заалтад заасан “Ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар ...эзэмшсэн байх”, 18.2.7 дахь заалтад заасан “...бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх”...гэсэн заалт болон талуудын харилцсан тохирсон хэлцэл болох хөдөлмөрийн гэрээ, түүний дагалдах баримт бичиг буюу ажлын байрны тодорхойлолтод заасан “...Ажлын шаардлагаар нярав нь бараа хүлээлцэх болон хүлээлгэн өгөхдөө по /өөрөө ачиж, буулгагч/ ашиглана. Ажилтан өөрийн буруугаас болж осол, гэмтэл гаргасан тохиолдолд өөрийн биеэр хариуцна...” гэснийг тус тус зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан байна.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Э.Б............нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдсэн хууль зүйн үндэслэлтэй байна. Харин улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгчийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 дахь заалтад заасан “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх;” мөн хуулийн 18.2.2 дахь заалтад заасан  “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх;” гэснийг болон “Монголиан Грийн Фармер” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухайн журмын 1.5 дахь хэсэгт заасан “Байгууллагын захиргаанаас томилогдсон, аюулгүй ажиллагаа хариуцсан хүний дор ачиж буулгах ажлыг гүйцэтгэх ёстой”, “Монголиан Грийн фармер” ХХК-ийн “Сэрээт ачигчийг ажиллуулах журам”-ын “Жолоочоос өөр хүн ачаа ачиж буулгах, зөөвөрлөх...болохгүй” гэснийг тус тус зөрчсөн гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул зөвтгөн шийдвэрлэсэн болно. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Б........нэ нь тухайн хэрэг учрал болсон цаг хугацаанд сэрээт ачигчийг жолоодох эрхгүй байсан болох нь тогтоогдсон байхад түүнийг хуулийн дээрх заалт болон журамд зааснаар буруутгах үндэслэлгүй. Ийнхүү яллах дүгнэлтийг зөвтгөн шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруугийн дүгнэлтэд нөлөөлөхгүй болно.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ш.М........л нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаанд ажилгүй байсан хугацааны 2 сарын цалин нэхэмжилсэн байх боловч энэ талаар баримтгүй гаргаж ирүүлээгүй байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Харин хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршгийн зардал болох ажилгүй байсан хугацааны зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй байх холбогдох нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Б............нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 мянган төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан;...” тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй талаар хуульчилсан байна.

Нөгөө талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид...зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж тус тус хуульчилжээ.

Иймд шүүгдэгч Э.Б............нийн Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Б............нийн 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр үйлдсэн гэх гэмт хэрэг үйлдэгдснээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн буюу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 34.19 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дүгээр зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Мянган овогт Э........дын Б........нэийг хууль, хэлцлээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай,

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Б............нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тэмдэглэлж, хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

    

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.МӨНХЗУЛ