| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2019/0511/Э |
| Дугаар | 509 |
| Огноо | 2019-05-08 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 509
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,
хохирогч М.Г...........г,
иргэний хариуцагч А.Ц.......ба,
шүүгдэгч А.Ц.......ш, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0929) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Урианхан овогт А...........нын Ц.......шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 0008 70125 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Урианхан овогт А...........нын Ц.......ш, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1999 оны 3 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, эрэгтэй, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 3 дамжаанд суралцдаг, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, .................
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч А.Ц.......ш нь 2019 оны 1 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 00 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагарав төвийн урд замд Тоёота Приус маркын .......... УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 3.4-т заасан “жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, ...харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын ...гэрэл асахгүй болсон, ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гараж) буюу засварын газар очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө” буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө” гэсэн заалтыг тус тус зөрчсөнөөс явган зорчигч М.Г...........гийг мөргөн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч нар мэдүүлэхдээ:
1. Шүүгдэгч А.Ц.......ш мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
2. Хохирогч М.Г...........г мэдүүлэхдээ “...2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-ний өдөр шилжих шөнө манай ээжийн дүү нь Солонгос руу явахаас өмнө надтай уулзана гээд машин дотор уулзчихаад зам гарч байгаад осолд орсон. Ээжийн дүүгийн охин нь Солонгос явахаасаа өмнө ирээд Солонгос буцахаа больчихлоо гээд над дээр ирсэн. Дүү халамцуу болохоор нь машин дотор уулзчихаад гаргаж өгчихөөд цамбагарвын замын хойд тал нь гэрлэн дохио ойрхон болохоор гарсан. Эсрэг тал нь гэрлэн дохио хол байсан. Гарцгүй газраар гарсан нь миний буруу, эрүүл мэндийн хувьд хохирсон. Би 1 дүгээр төрхөд ажиллаж байгаад элэгний хорт хавдартай гээд ажлаас гарсан. Миний биеийн байдал ерөнхийдөө сул. Гэхдээ авто осолд орсноос хойш өрөөсөн нүд харахгүй байгаа, элэгний хавдар баруун талдаа доргилт авч тархсан байсан нь доргилттой холбоотой. Тархиндаа доргилт аваад эмчилгээ хийлгэсэн чинь хавдар тархсан. 1 дүгээр эмнэлэгт судсаа боолгосон чинь чих сайн сонсохгүй, нүд нь сайн харахгүй болохоор орчны харьцаа алдаад байна. Эмчилгээнд их зардал гарсан. Зүү эмчилгээнд 2 удаа явсан. Энергийн төвд хараа оруулдаг гэхээр нь эмчлүүлсэн. Анх нэхэмжилж байгаа мөнгийг гүйцээгээд төлбөл гомдолгүй. Би хүнтэй харьцаж чадахгүй байгаа...” гэв.
3. Иргэний хариуцагч А.Ц.......ба мэдүүлэхдээ “...Хохирогчоос гаргаж өгсөн баримттай зардлыг төлнө...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Хохирогч М.Г...........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай өргөмөл дүүгийн охин над дээр ирээд манай гэрт хүүхэд унтаж байсан учраас машин дотор сууж уулзсан, тухайн үед ажил явдал гарсан байсан. Түүнийгээ яриад сууж байгаад цагийг нь мэдэхгүй, Одноог машинд суулгаж өгөхөөр Өнөр хорооллын хойд талын зам гараад Цамбагаравын автобусны буудлаас суулгаж өгөөд буцаад зам гарсан түүнээс хойших явдлыг санахгүй байна...толгойн чамархайн яс хугарсан, хацар яс цөмөрсөн, хамар яс хугаралтай, бие нилэнхүйдээ хөхөрч хөндүүртэй мах тасарсан, гавлын суурь яс гэмтсэн, тархины хатуу хальс яс хоёрын завсар цус хуралттай, хэвлий хэсэгт шингэн хуралдсан гэж байсан...тухайн үед би гарцгүй газраар гарч байсан, манай гэр рүү ороход явган хүний гарц байдаггүй маш хол байдаг, тухайн үед машин бага байсан. ...би элэг муутай учраас согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, би тухайн үед 0.5 литрын “Budweiser” нэртэй пиво хоёрыг уусан баг зэрэг согтолттой байсан...гомдолтой...учирсан хохирлоо барагдуулж авна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-40),
2. Гэрч Л.Н..........хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө найз залуу болох Ц.......шийн хамт...Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Цамбагаравын автобусны буудлын эсрэг талын Номин худалдааны төвийн хойд талын замаар хоёрдугаар эгнээгээр явж байхад замын голын бургасан дундаас нэг хүн гараад ирэхээр нь “хүн” гэж орилсон чинь Ц.......ш хурдаа хасаад хажуу тийшээ нэгдүгээр эгнээ рүү дарсан боловч амжилгүй тэр хүнийг мөргөсөн. Шууд бид хоёр машинаас буугаад тэр хүнээс таны бие яаж байна, та унтаж болохгүй шүү нүдээ нээлттэй байлгаарай, таныг хэн гэдэг бэ гэж асуусан боловч хариу өгөхгүй ёолоод байсан...би машины жолоочийн хажуу талд урд сууж явсан, ойролцоогоор 50-60 км цагийн хурдтай явж байсан. Ц.......ш зогсох үйлдэл хийсэн, тоормос гишгээд урагшаагаа болоод хамгаалалтын бүстэй байсан учраас урд талаа мөргөөгүй...замын хөдөлгөөн бага, үзэгдэх орчин чөлөөтэй, зам гэрэлтүүлэгтэй байсан цас хаяалсан учраас халтиргаа гулгаатай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67)
3. Иргэний хариуцагч А.Ц.........бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А.Ц.......ш нь миний төрсөн дүү байгаа юм би уг автомашиныг Төрийн банкны лизингээр худалдаж авсан. Уг автомашиныг А.Ц.......ш бид хоёр дундаа унаж хэрэглэдэг болохоор манай дүү уг машиныг жолоодож халтуур хийж лизингийн мөнгө төлөхөд тус нэмэр болдог байсан. Осол болдог өдөр гэрээс халтуур хийнэ, таксинд явна гээд гарсан...би боломжоороо хохирол төлөхөд нь тусламж дэмжинэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52)
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 1688 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт: баруун нүдний дээд, доод зовхи, духны баруун хэсэг, баруун хацар, хамрын нурууг нилэнхүйд нь хамарсан хөх хүрэн өнгийн цус хуралттай, орчны эд бага зэрэг хавдартай. Баруун хөмсөгний дунд хэсэгт ташуу байрлалтай 1.5см урт, баруун нүдний дээд зовхиноос доо, баруун хацар хүртэл босоо байрлалтай тал сар хэлбэртэй 3.5см урт мэс заслын оёдол бүхий, баруун чамархайн дунд дээд хэсэгт 1.5х0.5см зах ирмэг тэгш бага зэрэг ангайсан шархтай, цээжний зүүн урд дунд хэсэгт 3х1.5см, баруун тохойд 12х15см, баруун гуяны гадна дээд хэсэгт 7х2.5см, 3х1см, нурууны баруун дунд хэсэгт 8х4см, 2.5х1.5см, баруун гуяны гадна дээд хэсэгт 4х4см, 1.5х1.5см, урд дунд хэсэгт 1.5х1.5см, доод хэсэгт 1.5х1см, хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Баруун тохойд 2х1.5см, 1х0.5см, баруун өвдөгт 3х1.5см% 1.5х1см, 1х1см улаан хүрэн өнгийн зулгаралттай.
ГССҮТ-н №01026 тоот өвчний түүхээс: Эмнэлэгт хэвтэх үеийн зовиураас: өвчтөн ухаан бүдэг, яраглана, хөөрлийн байдалтай, эмх замбараагүй хөдөлгөөн хийнэ. Ерөнхий үзлэгт: БЕБ маш хүнд, ухаан санаа кома, орчимдоо харьцаагүй, байрлал хэвтрийн...хэсэг газрын үзлэгт: зүүн нүд хажуу хэсэгт зүүн хөмсөгт няцарсан гүн шархтай. ...2019.01.24-ний Аарцаг ясны рентгенд:...цээжний баруун талд суганы арын шугамаар 6-р хавирга зөрөөгүй хугарсан.
...2019.01.24-ний КТГ-д ...баруун ухархайн гадна ханаар дамжин этмойд хөндий, суурийн хөндийн их бие хүрсэн хугаралтай. Баруун гайморын хөндийн доод хана хоёрлосон, зөрөөтэй, баруун хацар ясны нум зөрөөтэй, суурь ясны их бага далавч хүрсэн хугаралтай. Хамар яс хугаралтай. Баруун нүдний ухархайн дотор хана цөмөрч салсан хугаралтай мөн доод хэсэгт нь 1,0см өргөн 0.4см цөмөрсөн хугаралтай. Хугарлуудын харалдаа нүүрний баруун талаар зөөлөн эдэд хаван хавдартай. Дух чамархай хэсгээр нимгэн ялтсан субдурал цус хуралттай. Суурийн хөндийд, этмойд хөндийн баруун талд гайморын хөндийн баруун талд цустай, баруун зулай орой хэсгээр тархины эдэд жижиг цэгэн /0.3см хүртэлх/ цус хуралт, няцралтын голомттой. Тархины бор ба цагаан эдийн ялгарал жигд буурсан, хавантай. Субарахнойдал зайнуудад цус харвалттай...баруун талын хөхлөг сэртэнгийн агааржилт буурсан, склероз өөрчлөлттэй...ДҮГНЭЛТ
1. М.Г...........гийн биед суурь яс, баруун нүдний ухархайн гадна, доод болон дотор хана, гайморын хөндийн доод хана, баруун хацар, ясны хугарал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, тархины зулай хэсгийн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, баруун нүдний зовхи, дух, баруун хацар, хамрын нуруу, цээж, баруун тохой, баруун гуя, нуруу, баруун шилбэ, зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, баруун нүдний зовхи, баруун хацар, баруун чамархайн хуйханд шарх, баруун тохой, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 81),
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 878 дугаар шинжээчийн дүгнэлтэд “...1. 2. Шинжилгээнд ирүүлсэн В30441344 серийн дугаартай хуруу шилтэй М.Г...........гийн гэх цусанд 2.0 промилли спирт илэрсэн. Цусан дахь 2.0 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 77-78),
6. “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 20 дугаартай дүгнэлт
“...1. Уг автотээврийн хэрэгслийн ...баруун гар талын их гэрлийн ламп асахгүй, урд хоёр дугуйнуудын тоормосны хүч зөрүү стандартын шаардлага хангахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ бага зэрэг алдагдсан, урд салхины шил зүүн гар талдаа бутарч хагарсан, зүүн гар талын оврын гэрлийн чийдэн, зүүн гар талын тоормосны гэрлийн чийдэн асахгүй зэрэг эвдрэл гэмтлүүдтэй байна.
3. ...урд дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ бага зэрэг алдагдсан...зэрэг эвдрэл гэмтлүүд нь ашиглалтын явцад үүссэн байна.
5. ...урд дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангахгүй байна. Энэ нь ашиглалтын явцад үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 97-104),
5. Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 149 дугаар дүгнэлтэд
“...1. “Т.Приус маркийн .......... УНК улсын дугаартай автомашины жолооч А.Ц.......ш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2 дахь заалт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” /авто тээврийн үндэсний төв Баянгол техникийн үзлэгийн төвийн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ..........УНК улсын дугаартай Т.Приус-20 маркийн автомашины Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.7КН, баруун талдаа 3.2КН, зөрүү нь 46.88% /стандарт нь 20%-аас бага байх/ буюу тоормосны хүчний зөрүү стандартын шаардлагад нийцэхгүй, баруун талын холын гэрэл асахгүй/ мөн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4а дахь заалт “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр бүлгийн хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; ...үзэгдэлт ханалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 1.1. ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх;” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч М.Г...........г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар бүлгийн 5.6 дахь заалт “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 111-112),
6. Шүүгдэгч А.Ц.......шийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 00 цаг 50 минутын үед би 95-1ОУНК улсын дугаартай Т.Приус-20 маркийн автомашин жолоодоод 5 шараас 25 дугаар эмийн сангийн тэнд найз охин Н..........хыг гэрт нь хүргэж өгөх гээд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 1-р хороолол Номингийн Өнөр хорооллын хойд замд баруунаас зүүн тийш чиглэлтэй 2 дугаар эгнээнд явж байтал замын хойд талын бургасан дундаас ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй нэг эмэгтэй хүн гэнэт гүйж гарч ирээд машинд мөргүүлээд газар унаад үлдсэн. Би тоормосоо гишгэж зогсоод машинаасаа буугаад мөргүүлсэн хүн дээр гүйгээд очсон чинь тэр эмэгтэй хүн ухаангүй хэвтэж байсан ба толгойноос нь цус гарч байсан. Тэгээд би 88117336 дугаарын утсаар 103-луу дуудлага өгөөд байж байтал түргэн тусламж ирэхгүй болохоор нь сандраад өөрийн машинаар гэмтэл рүү авч явье гэж бодоод машинаа ухраагаад мөргүүлсэн хүнрүү дөхөөд иртэл түргэн тусламж хүрч ирээд явган зорчигчийг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Би найз Золбоог дуудаад хохирогчийн араас гэмтлийн эмнэлэг дээр яваад очсон чинь хохирогч ухаан ороогүй байсан ба би гэмтлийн эмнэлгийн цагдаад ослын талаар бүртгүүлж замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж намайг ослын газар луу авч явсан ослын газар очоод замын цагдаагийн бүрэлдэхүүн үзлэг хийхэд анх мөргүүлсэн газрыг би зааж өгч хэмжилт хийлгэсэн.... Автомашины зүүн урд хэсгээр явган зорчигчийн баруун талаас мөргөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 123-125),
7. Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн албан бичигт “...Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороолол Цамбагаравын урд талын төв замын баруунаас зүүн чиглэл нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг, дэвсгэрт хамаардаг болно” гэх баримт, гэрэл зураг (хавтаст хэргийн 180-183),
8. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 03-17), жолоочийн согтуурах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 19-20), дээж авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 21), эд мөрийн баримт хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 31), камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 34-35), тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 80), Төрийн банкны албан бичиг, автомашины зээл болон эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний хуулбарууд (хавтаст хэргийн 54-65),
- Хохирлын 1.742.700 төгрөгийн баримтууд (хавтаст хэргийн 48-50, 80), хор уршигт эмнэлгийн ажиллахгүй байх хугацааны түрээсийн зардалд 3.000.000 төгрөг, олох ёстой байсан орлого 3.600.000 төгрөг нэхэмжилсэн баримт (хавтаст хэргийн 42),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 130,132), Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 128), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 126), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 129, 131), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 134-144), хохирол хор уршигт 3.507.300 төгрөг төлсөн баримт (хавтаст хэргийн 146, 176) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Ц.......шид холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч А.Ц.......шид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруу дээр маргаагүй болно.
Шүүгдэгч А.Ц.......ш нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороолол Цамбагаравын урд талын төв замын баруунаас зүүн чиглэлд зорчин “Номин” хүнсний дэлгүүрийн урд, 2019 оны 1 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 00 цаг 50 минутын үед Төрийн банкны эзэмшлийн “Toyota” маркийн Prius DAA-NHW20 загварын .......... УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа болгоомжгүйгээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, мөн дүрмийн 3.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөнөөс явган зорчигч М.Г...........гийг мөргөн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:
- Хохирогч М.Г...........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай өргөмөл дүүгийн охин над дээр ирээд манай гэрт хүүхэд унтаж байсан учраас машин дотор сууж уулзсан, тухайн үед ажил явдал гарсан байсан. Түүнийгээ яриад сууж байгаад цагийг нь мэдэхгүй, Одноог машинд суулгаж өгөхөөр Өнөр хорооллын хойд талын зам гараад Цамбагаравын автобусны буудлаас суулгаж өгөөд буцаад зам гарсан түүнээс хойших явдлыг санахгүй байна...би тухайн үед 0.5 литрын “Budweiser” нэртэй пиво хоёрыг уусан баг зэрэг согтолттой байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-40),
- Гэрч Л.Н..........хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө найз залуу болох Ц.......шийн хамт...Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Цамбагаравын автобусны буудлын эсрэг талын Номин худалдааны төвийн хойд талын замаар хоёрдугаар эгнээгээр явж байхад замын голын бургасан дундаас нэг хүн гараад ирэхээр нь “хүн” гэж орилсон чинь Цэн-Аюуш хурдаа хасаад хажуу тийшээ нэгдүгээр эгнээ рүү дарсан боловч амжилгүй тэр хүийг мөргөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67)
- Иргэний хариуцагч А.Ц.........бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би уг автомашиныг Төрийн банкны лизингээр худалдаж авсан. Уг автомашиныг А.Ц.......ш бид хоёр дундаа унаж хэрэглэдэг болохоор манай дүү уг машиныг жолоодож халтуур хийж лизингийн мөнгө төлөхөд тус нэмэр болдог байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 1688 дугаар дүгнэлт “...1. М.Г...........гийн биед суурь яс, баруун нүдний ухархайн гадна, доод болон дотор хана, гайморын хөндийн доод хана, баруун хацар, ясны хугарал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, тархины зулай хэсгийн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, баруун нүдний зовхи, дух, баруун хацар, хамрын нуруу, цээж, баруун тохой, баруун гуя, нуруу, баруун шилбэ, зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, баруун нүдний зовхи, баруун хацар, баруун чамархайн хуйханд шарх, баруун тохой, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 81),
- “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 20 дугаартай дүгнэлт “...1. Уг автотээврийн хэрэгслийн ...баруун гар талын их гэрлийн ламп асахгүй, урд хоёр дугуйнуудын тоормосны хүч зөрүү стандартын шаардлага хангахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ бага зэрэг алдагдсан ...зэрэг эвдрэл гэмтлүүдтэй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 97-104),
- Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 25-ний өдрийн 149 дугаар дүгнэлтэд “...1. “Т.Приус маркийн .......... УНК улсын дугаартай автомашины жолооч А.Ц.......ш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2 дахь заалт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” /авто тээврийн үндэсний төв Баянгол техникийн үзлэгийн төвийн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ..........УНК улсын дугаартай Т.Приус-20 маркийн автомашины Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.7КН, баруун талдаа 3.2КН, зөрүү нь 46.88% /стандарт нь 20%-аас багаа байх/ буюу тоормосны хүчний зөрүү стандартын шаардлагад нийцэхгүй, баруун талын холын гэрэл асахгүй/ мөн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4а дахь заалт “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр бүлгийн хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; ...үзэгдэлт ханалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 1.1. ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх;” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч М.Г...........г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар бүлгийн 5.6 дахь заалт “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 111-112),
- Шүүгдэгч А.Ц.......шийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 1-р хороолол Номингийн Өнөр хорооллын хойд замд баруунаас зүүн тийш чиглэлтэй 2 дугаар эгнээнд явж байтал замын хойд талын бургасан дундаас ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй нэг эмэгтэй хүн гэнэт гүйж гарч ирээд машинд мөргүүлээд газар унаад үлдсэн. ... Автомашины зүүн урд хэсгээр явган зорчигчийн баруун талаас мөргөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 123-125),
- Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн албан бичигт “...Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороолол Цамбагаравын урд талын төв замын баруунаас зүүн чиглэл нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг, дэвсгэрт хамаардаг болно” гэх баримт, гэрэл зураг (хавтаст хэргийн 180-183),
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 03-17),
- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 34-35) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь захиргааны хэм хэмжээ тогтоосон акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 3.4-т заасан “жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, ...харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын ...гэрэл асахгүй болсон, ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн болох Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Мөн явган зорчигчийг мөргөснөөс болж хохирогчид хүнд зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл хэсэг, заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Г...........г нь баримтаар 1.742.700 төгрөг, хор уршигт нийт 6.600.000 төгрөг тус тус нэхэмжилсэн байна. Үүнээс шүүгдэгч А.Ц.......ш нь хохирол, хор уршигт нийт 3.507.300 төгрөг төлсөн (хавтаст хэргийн 146, 176) болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй. Харин хохирогч нь түрээсийн зардалд 3.000.000 төгрөг, олох ёстой байсан орлого 3.600.000 төгрөг (хавтаст хэргийн 42) буюу нийт 6.600.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй байна. Учир нь хохирогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан явцад гаргаж өгсөн түрээсийн гэрээ нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Нөгөөтэйгүүр түрээслүүлэгчид гэрээнд заасны дагуу сар бүр төлбөр төлж байсан нь тогтоогдохгүй. Гэрчилгээнд зааснаар “Эх барихын үзлэг оношлогоо, зөвлөгөө, эмэгтэйчүүдийн өвчний оношлогоо, эмчилгээг хийдэг эсэх, хийдэг бол хэдэн төгрөгийн орлого олдог эсэх талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй, гаргаж өгөөгүй байна. Иймд хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэлтэй холбоотой хохирол болон дээрх хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг холбогдох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
- Улсын яллагчаас шүүгдэгч А.Ц.......шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялын нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD хоёр ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх дүгнэлтийг,
- Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ц.......ш нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан миний үйлчлүүлэг А.Ц.......шийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Ц.......ш нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”, мөн зүйлийн 1.4 дэх заалтад заасан “Хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтээс шүүх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч, хорих ял оногдуулах талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Тодруулбал шүүгдэгч А.Ц.......шид холбогдсон эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба тухайн гэмт хэрэг нь мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар болгоомжгүй үйлдэгддэг. Нөгөө талаас шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогч М.Г...........гт учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн, мөн тухайн гэмт хэрэг нь хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас гарсан зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэх нь зохимжтой гэж шүүх үзэв.
Уг хэрэгт хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий 2 ширхэг CD-г мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хадгалахаар шийдвэрлэх нь зохимжтой гэж үзэв.
Эрүүгийн 1903 0008 70125 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж.
Шүүгдэгчид эрх хасах ял хэрэглэсэнтэй холбогдуулан түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В” ангиллын 1163236 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн жолоочийн түр үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Урианхан овогт Аюуранын Ц.......шийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Ц.......шийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц.......шийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хураагдсан ирсэн камерын бичлэг бүхий 2 ширхэг CD-г хэргийн хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хадгалаж, шүүгдэгч А.Ц.......шийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В” ангиллын 1163236 дугаартай жолоочийн түр үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тэмдэглэж, хохирогч нь өөрт учирсан хор уршгийн зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй
7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ