Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 514

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Р.Энх-Оюун,

шүүгдэгч С.С...........р, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0141) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Борлууд овогт С...........эгийн С...........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1908 0164 40626 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Борлууд овогт С...........эгийн С...........р, Монгол Улсын иргэн, Увс аймгийн Тэс суманд 1977 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, ......................., урьд

- Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4 дэх хэсэгт тус тус зааснаар 5 жил 3 сарын хорих ял шийтгүүлж, Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаартай шүүгчийн захирамжаар түүнд оногдуулсан хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон өөрчилж, оногдуулсан ялыг 02 жил 3 сар 18 хоногийн хугацаагаар тогтоож, мөн шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 09 дүгээр захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 10 сар 06 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар тогтоосон.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч С.С...........р нь 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, .... дугаар гудамжны .... тоотод хамтран амьдрагч О.Ц...........лийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.С......ар мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч О.Ц...........лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 19 цагийн үед гэртээ нөхөр С...........р, охин Фатихаа, дүү Х...........э бид нар хоол идээд сууж байсан. Тэгэхэд эгч Н.........г гар утас руу залгаад “би Увс явлаа гэрт ирэх юм уу” гэж асуухаар нь очно гэж хэлчихээд С...........раас “би одоо эгчийн гэр рүү яваад хоночихоод ирмээр байна” гэхэд тэрээр “гадаа харанхуй болчихсон байна, маргааш оч” гэж хэлсэн. Тэгэхэд нь би “эгчтэйгээ юм ярьж хономоор байна. Би явлаа” гээд хүүхдээ хувцаслаж байхад С...........р хүүхэд булааж авахаар нь би хүүхдээ буцаагаад авахад С...........р миний нүүр хэсэг рүү гараараа цохичихсон. Тэгээд би уйлаад хүүхдээ авч гараад эгч дээрээ очсон...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь бид ойлголцож С...........р надаас уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8),

2. Гэрч Б.Х...........эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гэртээ С...........р ах Ц...........л эгч, бага насны хүүхэдтэй нь хамт байж байхад 19 цагийн үед Ц...........л эгч хүүхдээ хувцаслаад “Баянзүрх дүүрэгт Увсаас нэг эгч маань ирсэн байна, уулзчихаад ирье” гэж С...........р ахад хэлсэн...түүнээс хойш хүүхдээ булаацалдаад хэрэлдээд байсан болохоор би чихэвч зүүгээд хөгжим сонсоод баруун талын орон дээр сууж байхад С...........р ах Ц...........л эгч нар бие биенээ түлэхээд байсан болохоор би дундуур нь орж салгах үед С...........р ах Ц...........л эгчийн нүд рүү гараараа цохичихсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21),

3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 3452 дугаар дүгнэлт:

“...Хэсэг газрын үзлэгт:...Зүүн нүдний дээд, доод зовхи овойж хавдсан, нилэнхүйдээ хөх ягаан өнгийн цус хуралттай...ДҮГНЭЛТ:

1.О.Ц...........лийн биед зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 11),

4. Шүүгдэгч С.С...........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гэртээ байж байгаад 20 цагийн үед эхнэрийн эгч нь залгаад Ц...........лийг Баянзүрх дүүрэгт хүрээд ир гэж хэлсэн. Тэгтэл Ц...........л охинтойгоо хамт явах гээд байхаар нь би Ц...........лд хандан “чи орой болсон хойно хүүхэд авч явж яах гээд байгаа юм бэ” гэхэд “чамд ямар хамаатай юм” гээд уурлаад явах гэхээр нь би хүүхдээ Ц...........лээс булаагаад авсан. Тэгээд бид хүүхдээ хоорондоо булаацалдаж эхэлсэн. Энэ үед Ц...........л хүүхэд булаацалдаад би ямар ч байсан авч явна гээд байхаар нь би уур хүрээд баруун гараараа нэг удаа нүүр хэсэгт нь цохисон. Тэгэхэд би хүүхдээ хувцаслаад би явлаа гээд гараад явчихсан. Намайг унтаж байхад эгчтэйгээ хамт ирсэн...хүүхэд харанхуй шөнө авч явах гээд байсан болохоор нь уурласан. Тэгээд гараараа цохичихсон...би гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохиход гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71),

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 39-43), Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 44-45),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 26, 25), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 36), шийтгэх тогтоолын хуулбар, шүүхийн шийдвэр (хавтаст хэргийн 49-59) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.С...........рт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч С.С...........р нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, .... дугаар гудамжны .... тоотод гэртээ, 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр, хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “хүүхэд шөнө авч явах гэлээ” гэх сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр хамтран амьдрагч О.Ц...........лийн нүүрэн тус газар цохиж түүний эрүүл мэндэд зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч О.Ц...........лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 19 цагийн үед гэртээ нөхөр С...........р, охин Фатихаа, дүү Х...........э бид нар хоол идээд сууж байсан. Тэгэхэд эгч Н.........г гар утас руу залгаад “би Увс явлаа гэрт ирэх юм уу” гэж асуухаар нь очно гэж хэлчихээд С...........раас “би одоо эгчийн гэр рүү яваад хоночихоод ирмээр байна” гэхэд тэрээр “гадаа харанхуй болчихсон байна, маргааш оч” гэж хэлсэн. Тэгэхэд нь би “эгчтэйгээ юм ярьж хономоор байна. Би явлаа” гээд хүүхдээ хувцаслаж байхад ...С...........р миний нүүр хэсэг рүү гараараа цохичихсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8),

- Гэрч Б.Х...........эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц...........л эгч хүүхдээ хувцаслаад “Баянзүрх дүүрэгт Увсаас нэг эгч маань ирсэн байна, уулзчихаад ирье” гэж С...........р ахад хэлсэн. ...С...........р ах Ц...........л эгч нар бие биенээ түлэхээд байсан болохоор би дундуур нь орж салгах үед С...........р ах Ц...........л эгчийн нүд рүү гараараа цохичихсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 3452 дугаар дүгнэлт “...1.О.Ц...........лийн биед зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 11),

- Шүүгдэгч С.С...........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц...........л хүүхэд булаацалдаад би ямар ч байсан авч явна гээд байхаар нь би уур хүрээд баруун гараараа нэг удаа нүүр хэсэгт нь цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71),

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 39-43), Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 44-45) зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл С.С...........р нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “харанхуй шөнө хүүхэд авч явах гэлээ” гэх сэдэлтээр, хамтран амьдрагч хохирогч О.Ц...........лийн нүүрэн тус газар цохиж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.С...........р нь хохирогч ...О.Ц...........лийн нүүрэн тус газар гараараа цохисон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Мөн С.С...........р нь хохирогч О.Ц...........лтэй 2018 оноос эхлэн хамтран амьдарсан. Улмаар дундаасаа нэг хүүхэдтэй болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн тэдний мэдүүлэг тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогджээ. 

Тиймээс шүүгдэгч С.С...........рыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Ц...........л нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч С.С...........р нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч С.С...........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.С...........р нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч С.С...........р, хохирогч О.Ц...........л нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч С.С...........р нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх байдлыг харгалзан улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч С.С...........рт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож  хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.  

Эрүүгийн 1908 0164 40626 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 34.14, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Борлууд овогт С...........эгийн С...........рыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцсугай,

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.С...........рыг 260 (хоёр зуун жар) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.С...........р нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.МӨНХЗУЛ