Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2017/00010

 

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төмрөө овогтой Бадамхорлоогийн нэхэмжлэлтэй, иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох П.Пүрэвсүрэнг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон, нарийн бичгийн дарга Э.Шинэхүү нар оролцов.

                                                          ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Т.Бадамхорлоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Пүрэвсүрэн надаас 2015 оны 01 дүгээр сард 8.200.000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэйгээр зээлсэн боловч зээлээ одоо хүртэл төлөөгүй. Зээлээ төлөхийг шаардахад янз бүрийн шалтаг хэлсээр байгаад өөрөө алга болж, олдохоо больсон. Сураг сонсоход Солонгос улс явсан байж магадгүй байна. П.Пүрэвсүрэн надаас мөнгө зээлж авах үедээ Багануур дүүрэг 5 дугаар хороо, Багагүний 1 дүгээр гудамжны 14 тоот хашаанд оршин суудаг байсан. Тухайн газраас лавлагаа авахад энэ хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн хариуг өгсөн. П.Пүрэвсүрэн махлагдуу дугуй шар царайтай, дунд зэргийн өндөртэй содон шинж тэмдэггүй.

Иймээс П.Пүрэвсүрэн надаас авсан зээлээ төлөхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах гэхээр хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байх тул Гал овогт Пүрэвдуламын Пүрэвсүрэнг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа газрыг тогтоолгож өгнө үү, гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. П.Пүрэвсүрэн Т.Бадамхорлоогоос 8.200.000 төгрөгийг зээлж авсан нь үнэн бөгөөд энэ талаар хоёр тал гарын үсэг зурж мөнгөө өгч авалцсан гэрээ байгаа. Зээлдэгчийг удаа дараа хайж, хандсан боловч оршин суугаа хаяг тодорхойгүй, Солонгос улс явсан байж болзошгүй тул П.Пүрэвсүрэнг эрэн сурвалжилж өгнө үү, гэв.

                                                                   ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч, иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Гал овогтой Пүрэвдуламын Пүрэвсүрэнг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хүсэлтийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

П.Пүрэвсүрэн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Багануур дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт,  хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд оршин суух хаяг  тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь зүйтэй гэж дүгнэлээ.

          Гал овогт Пүрэвдуламын Пүрэвсүрэнгийн регистрийн дугаар РД:ЙО68120306, мөнгө зээлэхэд оршин сууж байсан хаяг Багануур дүүргийн 5 дугаар хороо, Багагүний 1 дүгээр гудамжны 14 тоот хашаа зэрэг мэдээлэлүүдийг дурдах нь зүйтэй байна.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115  дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Гал овогт Пүрэвдуламын Пүрэвсүрэнг эрэн сурвалжилсугай.
  2. Хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
  3.  Шийдвэрийн хувийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Түмэнжаргалд үүрэг болгосугай.
  4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

          

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.АРИУНАА