| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2019/0544/Э |
| Дугаар | 536 |
| Огноо | 2019-05-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 536
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч Ж.Отгончимэг,
шүүгдэгч Л.М...........р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт Л.............нгийн М...........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1908 0152 80668 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт Л.............нгийн М...........р, Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн Булган суманд 1981 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт амьдардаг, .................
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Л.М...........р нь өөрийн гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо ............ ............. тоотод төрсөн хүү М.Т........лийг архи ууж согтуурсан үедээ 2019 оны 3 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.М...........р мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Насанд хүрээгүй хохирогч М.Т........лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ээж бид хоёр гэртээ байж байсан. Манай ээж архи уугаад халамцуу, би гал түлж байгаад зуухны хажууд үнс асгачихсан юм. Тэгтэл ээж гэрт үнс асгалаа гэж над руу уурлаж загнаж байгаад ширээн дээр байсан сэнжтэй цайны аяга аваад над руу шидэхэд миний баруун гарын тохойг оночихсон. Тэгэхээр нь би гэрээсээ гараад М...........л эгчид ээж над руу аяга шидээд оносон гэж хэлтэл эгч манай гэр рүү орж ирээд ээжийг загнасан. ...маргааш өдөр нь мөн ээжтэйгээ гэртээ байж байгаад би гэрээсээ найзуудтайгаа тоглох гээд гарах гэтэл ээж гэрээс гаргахгүй гэхээр нь би гэрээсээ гараад зугтаах гэтэл ээж намайг барьж авах гэж байгаад миний нүүрийг самардчихсан тэгэхээр нь би М...........л эгчид хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20),
2. Гэрч Р.М...........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед үдээс хойш 15-16 цагийн үед байх би гэрээсээ гараад хашаан дотроо явж байтал Т........л манай дүү М...........лын гэрээс гарч байхад нь таарахад Т........лийн нүүр нь улайчихсан байсан. Тэгэхээр нь яасан юм гэж асуухад ээж самардчихсан гэж хэлсэн...тухайн дуудлага өгсөн өдрийн өмнөх өдөр гэртээ байж байтал хүн хашгирах чимээ гарахаар нь би гэрээсээ гартал манай ах М..........р М...........рын гэрийнх нь үүдэнд чи яахаараа хүүхэд цохидог юм гээд загнаж байсан. Тэгэхэд М...........р согтуу байсан юм. Би гэрт нь ороод үзэхэд Т........л баруун гарынхаа тохойг барьчихсан гэрийнхэн шал нь дээр аяга хагарсан байсан би юу болсон юм гэж асуухад...ээж уурлаад аяга авч шидээд миний баруун гарын тохойг оночихсон гэж хэлсэн... ...бид нар 2 өдөр дараалаад зодсон болохоор нь хоорондоо ярьж байгаад 108 дугаарт дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),
3. Гэрч Л.М...........лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 09-ний орой манай эгч М...........р согтуу үедээ өөрийн хүү Т........л рүү аяга шидээд гарыг нь гэмтээсэн байсан. Манай нөхөр надруу утсаар залгаад Т........лийн ээж нь аяга шидээд гарыг нь гэмтээчихсэн байна гэж ярьсан. Тэгээд намайг гэртээ ирэхэд Т........л өөрөө гэмтлийн эмнэлэг үзүүлчихээд ирлээ гэхэд баруун гараа сойчихсон байсан. Тэгэхээр нь би эгчтэйгээ уулзах гээд гэрлүү нь ороход М...........р эгч согтуу байхаар нь би юм яриагүй өнгөрсөн. Тэгээд маргааш нь буюу 03 сарын 10-ны өдөр 11 цагийн үед гэртээ байж байтал Т........л манай гэрлүү ээж намайг самардчихлаа гээд орж ирсэн тухайн үед Т........лийн нүүр нь нилээн их самардуулаад улайчихсан байхаар нь би М...........р эгчийн гэрлүү ороод эгчид хүүхэд яагаад самардчихсан юм гэж хэлэхэд эгч Т........л үгэнд орохгүй байна, гараад гүйх гэхээр нь би гаргахгүй гээд барьж авах гэтэл нүүрийг нь самардчихлаа гэж хэлсэн...Тухайн үед бол манай эгч М...........р архи уугаагүй эрүүл шахуу байсан ба эгч М...........н бид хоёр ярьж байгаад ахад хэлээд манай төрсөн ах М..........р орой эхнэртэйгээ цуг ирээд бид нар хоорондоо ярилцаж байгаад хүүхдээ 2 хоног зодчихлоо, хүүхдийг хамгаалах шаардлагатай гэж үзээд би эгч М...........рын дугаараас 108 дугаарт залгаж ээж нь хүүхдээ гэмтээсэн байна гэж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25),
4. Гэрч Р.М..........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр манай дүү нар надруу залгаад М...........р хүүгээ зодсон байна хэдүүлээ уулзъя гэж ярихаар нь би том ах нь учраас тухайн өдөр дүүгийнхээ гэрт очсон. Тухайн үед би өөрийн дүү М..........ныг замаараа аваад цугтаа ирсэн, М...........рын хашаанд М...........л, М...........н хоёр цуг хашаанд байдаг болохоор байж байсан. Тэгээд намайг очиход М...........рын хүү Т........лийн нүүр нь жаахан маажуулсан сорвитой, баруун гар нь хөдөлөхөд хөндүүртэй байна гэж байсан тэгээд бид нар М...........ртай ярилцахад ээжийнхээ үгэнд орохгүй байна, хичээлээ тараад ирэхгүй оройтдог, гэр орныхоо ажлыг хийхгүй, хэлэхээр өөдөөс хэгжүүрхээд байдаг болчихсон тэгээд уур хүрээд санаандгүй маажчихлаа гэж хэлсэн. Миний ойлгосноор өмнө нь гарыг нь цохиод дараа нь нүүрийг нь маажсан гэж ойлгосон тэгээд ярилцаж байгаад 108 дугаарт мэдэгдээд үзъе гэж ярьж байгаад л манай дүү нар дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28),
5. Гэрч Р.М..........ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр М...........н эгч надруу залгаад М...........р өчигдөр хүүрүүгээ аяга шидээд гарыг нь гэмтээчихсэн байсан өнөөдөр бас нүүрийг нь маажсан байна гэж хэлэхээр нь ерөөсөө хэдүүлээ уулзаж ярилцаж шийдвэрт хүръе гэж шийдээд би М..........р ахыг эхнэртэйн цуг аваад М...........рын эгчийн гэрт нь очсон, тэгээд бид нар хоорондоо ярилцаж байгаад хүүхэд хамгааллын 108-д мэдэгдэж үзъе гэж тохироод залгаж дуудлага өгсөн; тэгтэл 108-аас ирэлгүй эргүүлийн цагдаа хүрч ирээд М...........р эгчийг аваад явчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29),
6. Гэрч Б.Т..........гд мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 11-нд Т........л баруун гараа гипсдчихсэн ирэхээр нь юу болсон талаар асуухад сагсны шийдэн дээр сагс тоглож байгаад унаад гэмтээсэн гэхээр нь гараа хугалчихсан юм уу гэж асуухад арай хугараагүй зөөлөн эд гэмтсэн гээд 3 дугаар сарын 11-нээс 25-ны өдөр хүртэлх эмчийг акт авчирч өгөөд явсан...бусдад зодуулж байсан талаар ярьж байгаагүй...Т........л нь хичээлдээ ирэхдээ нүүр нь шалбарсан байхаар нь яасан юм гэхэд дүү самардчихсан гэж хэлж байсан, өөрөөр ил харагдах гэмтэл шарх харагдаж байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33),
7. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 3384 дугаар дүгнэлт:
“...Хэсэг газрын үзлэгт: Духны баруун дээр 1x0.2см, баруун хацрын доод хэсэгт хөндлөн 3x0.2 см .3.2x0.2 см, уруулын баруун дээр 1x0,2 см, эрүүний баруун хажууд 3x0.2 см, зүүн чихний омогт 1x0.2 см хэмжээний гүн хүрэн улаан өнгийн зулгаралтуудтай. Баруун тохойн үеэр сойлттой, хуруунуудын хөдөлгөөн чөлөөтэй
2019.03.11-ны баруун тохойн үений эгц ба хажуу байрлалын рентген зургаар: баруун тохойн үе үүсгэж буй яснуудад гэмтлийн гаралтай бүтцийн өөрчлөлтгүй...гэжээ...ДҮГНЭЛТЭД
3. 4. М.Т........лийн биед баруун тохойн зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацар, уруулын дээр, эрүү, зүүн чихний омогт гүн зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо.
5. 7. 8.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
6. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 37),
8. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 631 дугаар дүгнэлт
“...Болсон хэргийн талаар /өөрийн үгээр/: ...ямар хэрэг болсон бэ? Мэдэхгүй...хэн чамайг зодсон бэ? Үзүүлэгч доошоо харан сууна. Дахиж асуухад санахгүй байна гэнэ...гэрт нь байхад нь зодсон уу? Сайн санахгүй байна гэнэ...ээж нь чамайг зодсон уу? Толгой сэгсэрнэ...чамайг хэн зодсон бэ? Санахгүй байна гэнэ...ДҮГНЭЛТЭД
1. М.Т........л нь Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрхи эмгэг нь төрөлхийн сэтгэцийн эмгэг болно. М.Т........л нь гэмт хэрэгт өртөхөөс өмнө, гэмт хэрэгт өртөх үедээ гэмт хэрэгт өртсөний дараа Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байсан байна.
2. М.Т........л нь үйлдэгдсэн хэргийн үйлдлийг өөрийн сэтгэцийн түвшинд тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна.
3. М.Т........л нь одоо Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 40-43),
9. Шүүгдэгч Л.М...........рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 09-ний өглөө би гэрээсээ гараад хойно найзындаа очиж 3-уулаа хамт 1 шил архи хувааж уучихаад өдөр 13 цагийн үед байх гэртээ иртэл манай хүү Т........л аяга тавгаа угаагаагүй, гал түлж байна гээд зуухны урдуур битүү үнс асгачихсан байсан. Тэгэхээр нь би аягаа угаачихгүй яасан юм гэтэл Т........л өөдөөс уцаарлаж, дургуйцсэн шинж биеээрээ үзүүлээд байхаар нь миний уур хүрээд ширээн дээр байсан сэнжтэй цагаан аягыг аваад шидтэл Т........лийн баруун гарыг нь оночихсон. ... Маргааш өглөө нь би сэрээд гэрт байсан архинаас 1 аяганд хийж уучихаад босоод байж байтал Т........л гаднаас орж ирчихээд сагсан бөмбөгийн талбай явна гээд байхаар нь би гар чинь гэмтчихсэн юм чинь битгий яв миний хүүг хүүхдүүд дээрлэхнэ гэж хэлтэл Т........л гараад явах гэхээр нь би барьж авах гэтэл хүүгийнхээ нүүрийг самардчихсан тэгтэл Т........л тэр чигтээ гарч яваад манай дүү М...........лынд орсон. ...Намайг өглөө гэрт байсан архинаас хийж уухад манай дүү М...........л орж ирээд миний уух гэж байсан архийг авч асгаад, хүүгийнхээ гарыг хугалаад гэж загнасан болохоор би урд өдөр нь аяга шидээд хүүгийнхээ гарыг гэмтээсэн юм байна гэж мэдсэн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-55),
10. Хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбарт “...М...........рын Т........л 2001 онц 12 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд төрсөн, ...эцэг Найдансүрэнгийн Отгонбат, ...эх Л.............нгийн М...........р...” гэх баримт (хавтаст хэргийн 70),
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 183357 дугаартай шийдвэрт “...М.Т........л, ...онош F70.0 ...хөдөлмөрийн чадвар алдалтыг 69 хувиар тогтоосон...” баримт (хавтаст хэргийн 73),
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 13-15)
11. Оролцогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт (хавтаст хэргийн 108, 109), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 111), Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 110),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 78, 96), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 94), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгуулгаас авсан лавлагаа, тодорхойлолт (хавтаст хэргийн 76, 81, 83-89), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 103, 104), зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.М...........рт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Улсын яллагч нь шүүгдэгч Л.М...........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцож, “өөрөө өөрийгөө өмгөөлж” улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Л.М...........р нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо ............ 14 дүгээр гудамжны .... тоот гэртээ, 2019 оны 3 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд, оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй буюу F70.0 оношоор хөдөлмөрийн чадвар 69 хувь алдсан, 17 настай өөрийн төрүүлсэн хүү М.Т........лийг “гэрт үнс асгалаа, гарч тоглох гэлээ” гэх хувийн таарамжгүй сэдэлтээр, гэр бүлийн харилцаанд давамгай байдал тогтоох зорилгоор, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шалтгаан нөхцөлөөр, шууд санаатай үйлдлээр, аяга шидэх, нүүрийг нь маажих зэргээр эрүүл мэндэд нь баруун тохойн зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацар, уруулын дээр, эрүү, зүүн чихний омогт гүн зулгаралтууд бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь
- Насанд хүрээгүй хохирогч М.Т........лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ээж архи уугаад халамцуу, би гал түлж байгаад зуухны хажууд үнс асгачихсан юм. Тэгтэл ээж гэрт үнс асгалаа гэж над руу уурлаж загнаж байгаад ширээн дээр байсан сэнжтэй цайны аяга аваад над руу шидэхэд миний баруун гарын тохойг оночихсон. ...маргааш өдөр нь мөн ээжтэйгээ гэртээ байж байгаад би гэрээсээ найзуудтайгаа тоглох гээд гарах гэтэл ээж гэрээс гаргахгүй гэхээр нь би гэрээсээ гараад зугтаах гэтэл ээж намайг барьж авах гэж байгаад миний нүүрийг самардчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20),
- Гэрч Р.М...........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т........л манай дүү М...........лын гэрээс гарч байхад нь таарахад Т........лийн нүүр нь улайчихсан байсан. Тэгэхээр нь яасан юм гэж асуухад ээж самардчихсан гэж хэлсэн. ...өмнөх өдөр нь... М...........рын ...гэрт нь ороход...Т........л баруун гарынхаа тохойг барьчихсан гэрийнхэн шал нь дээр аяга хагарсан байсан би юу болсон юм гэж асуухад...ээж уурлаад аяга авч шидээд миний баруун гарын тохойг оночихсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),
- Гэрч Л.М...........лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 09-ний орой манай эгч М...........р согтуу үедээ өөрийн хүү Т........л рүү аяга шидээд гарыг нь гэмтээсэн байсан. Манай нөхөр надруу утсаар залгаж... ярьсан. ...Тэгээд маргааш нь буюу 03 сарын 10-ны өдөр 11 цагийн үед гэртээ байж байтал Т........л манай гэрлүү ээж намайг самардчихлаа гээд орж ирсэн тухайн үед Т........лийн нүүр нь нилээн их самардуулаад улайчихсан байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25),
- Гэрч Р.М..........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг очиход М...........рын хүү Т........лийн нүүр нь жаахан маажуулсан сорвитой, баруун гар нь хөдөлөхөд хөндүүртэй байна гэж байсан. ...Миний ойлгосноор өмнө нь гарыг нь цохиод дараа нь нүүрийг нь маажсан гэж ойлгосон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28),
- Гэрч Б.Т..........гд мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 11-нд Т........л баруун гараа гипсдчихсэн ирсэн. ... 3 дугаар сарын 11-нээс 25-ны өдөр хүртэлх эмчийг акт авчирч өгөөд явсан. ...Т........л нь хичээлдээ ирэхдээ нүүр нь шалбарсан байхаар нь яасан юм гэхэд дүү самардчихсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33),
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 3384 дугаар дүгнэлт: “...3. 4. М.Т........лийн биед баруун тохойн зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацар, уруулын дээр, эрүү, зүүн чихний омогт гүн зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. ...6. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 37),
- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 631 дугаар дүгнэлт “...1. М.Т........л нь Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрхи эмгэг нь төрөлхийн сэтгэцийн эмгэг болно...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 40-43),
- Шүүгдэгч Л.М...........рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 09-ний өглөө ...найзындаа очиж 3-уулаа хамт 1 шил архи хувааж уучихаад өдөр 13 цагийн үед байх гэртээ иртэл манай хүү Т........л аяга тавгаа угаагаагүй, гал түлж байна гээд зуухны урдуур битүү үнс асгачихсан байсан. Тэгэхээр нь би аягаа угаачихгүй яасан юм гэтэл Т........л өөдөөс уцаарлаж, дургуйцсэн шинж биеээрээ үзүүлээд байхаар нь миний уур хүрээд ширээн дээр байсан сэнжтэй цагаан аягыг аваад шидтэл Т........лийн баруун гарыг нь оночихсон. ... Маргааш өглөө нь би сэрээд гэрт байсан архинаас 1 аяганд хийж уучихаад босоод байж байтал Т........л гаднаас орж ирчихээд сагсан бөмбөгийн талбай явна гээд байхаар нь би гар чинь гэмтчихсэн юм чинь битгий яв миний хүүг хүүхдүүд дээрлэхнэ гэж хэлтэл Т........л гараад явах гэхээр нь би барьж авах гэтэл хүүгийнхээ нүүрийг самардчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-55),
- Хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбарт “...М...........рын Т........л 2001 онц 12 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд төрсөн, ...эцэг Найдансүрэнгийн Отгонбат, ...эх Л.............нгийн М...........р...” гэх баримт (хавтаст хэргийн 70),
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 183357 дугаартай шийдвэрт “...М.Т........л, ...онош F70.0 ...хөдөлмөрийн чадвар алдалтыг 69 хувиар тогтоосон...” баримт (хавтаст хэргийн 73) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.М...........р нь хууль зүйн хувьд гэр бүлийн хамаарал бүхий өөрийн хүү М.Т........лийг биеэ хамгаалж чадахгүй буюу оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй буюу F70.0 оношоор хөдөлмөрийн чадвар 69 хувь алдсан болохыг мэдсээр байж аяга шидсэн, маажсан тухайн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий өөрийн хүүг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон байна.
Нөгөө талаас “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг тодорхойлсон бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий хүн гэдэгт төрүүлсэн хүүхдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах...сэтгэл санаанд нь дарамт учруулах...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Л.М...........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь хохирол, хор уршиг баримтаар нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас Л.М...........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,
- Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгч Л.М...........рт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.М...........рт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Л.М...........р нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн баталгааг гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж Л.М...........рт эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.
Иймд шүүгдэгч Л.М...........рын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч Л.М...........р нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн, тухайн гэмт хэргийг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан зэргийг харгалзан түүнд оногдуулсан ял дээр тухайн ялын зорилгыг хангах үүднээс Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелэгдэж дуусах хүртэл тогтоох нь шүүгдэгчийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар Л.М...........рыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 1908 0152 80668 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Л.............нгийн М...........рыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хохирогчийн бие хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М...........рыг 250 (хоёр зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 (дөрвөн) цагийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Л.М...........рт мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелэгдэж дуусах хүртэл хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.М...........р нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ