| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2017/0038/И |
| Дугаар | 27 |
| Огноо | 2017-01-18 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,
Нэхэмжлэгч: Капитал банкны Замын-Үүд салбар /УБД9016001017, РД:2556375/-ын нэхэмжлэлтэй,
Боржигон овогт Самдангийн Наранцэцэгийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллага шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Капитал банк нь Самдангийн Наранцэцэгтэй 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 146 дугаартай лизингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан 1.400.000 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар, сарын 2,5 хувийн хүүтэйгээр зээлсэн байдаг. Зээлийн барьцаанд Sumsung хөрөгч 1 ширхэг. Зээлдэгч С.Наранцэцэг нь зээл авснаас хойш зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчин зээл, зээлийн хүүний төлбөрийг төлөхгүй банкыг өнөөдрийг хүртэл хохироосоор байна. С.Наранцэцэг нь үндсэн зээлийн үлдэгдэл 710.231,67 төгрөг, үндсэн зээлийн хүү 164.239,99 төгрөг нийтдээ 874.471,66 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд оршин суугаа газар болон хаяг нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбарын гаргасан Боржигон овогт Самдангийн Наранцэцэгийг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбар нь Самдангийн Наранцэцэгтэй 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 146 дугаартай Лизингийн барьцаат зээлийн гэрээг байгуулж, 1.400.000 төгрөгийг, сарын 2.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь зэргээр тогтоогдож байна.
С.Наранцэцэг нь зээл авснаас хойш зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, байнгын оршин суух хаягтаа байхгүй алга болсон байх тул түүнийг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Боржигон овогт Самдангийн Наранцэцэг /РД: ЕЙ72031600/ нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг Мобикомын гудамж 2-8 тоот хаягт оршин сууж байсан, МЧ-д үйлчлэгч ажилтай байсан, охин Оюунчимэг РД:ЕЙ92022180, бэр Дуламсүрэн нь Болор усны газарт ус түгээгч ажилтай, холбоо барих утас нь 91662432 гэснийг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Самдангийн Наранцэцэгийг эрэн сурвалжилсугай.
2. Боржигон овогт Самдангийн Наранцэцэгийг эрэн сурвалжилж түүний оршин суух хаягийг тогтоох ажиллагааг Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Э.БОЛОРМАА