Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 336

 

     “Зууны чавхдас” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

  иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,          

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/01162 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Зууны чавхдас” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГазарт холбогдох          

Гэм хорын хохиролд 8 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбатын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батбүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч "Зууны чавхдас" ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Зууны чавхдас" ХХК нь тээврийн хэрэгсэл барьцаалан иргэдэд зээл олгох үйлчилгээ эрхэлдэг тусгай зөвшөөрөл бүхий компани юм. 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Тоёото кроун /арлын дугаар GRS1800037495/ автомашиныг иргэн Б.Ганцэцэгийн хүсэлтээр Зам тээврийн яамны бүртгэл хяналтын газарт хүсэлт гаргаж 93-28 УБА улсын дугаар авч, компанийн нэр дээр шилжүүлэн Б.Ганцэцэгт машиныг унаж явах нөхцөлтэйгээр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 8 000 000 төгрөгийн зээлийг 30 хоногийн 6 хувийн хүүтэйгээр олгосон. Гэтэл Б.Ганцэцэг нь гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүйгээс автомашиныг хайж шалгуулахад 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зээлийн болон барьцаанд шилжүүлсэн тээврийн хэрэгслийг Б.Ганцэцэг өөрийн нэр дээр шилжүүлэн авч бусдад худалдсан байсан бөгөөд Авто тээврийн үндэсний төв нь Б.Ганцэцэгийн хүсэлтээр тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлэхдээ хууль ёсны эзэмшигч “Зууны чавхдас” ХХК-д мэдэгдэлгүй, компаний зөвшөөрөлгүйгээр хуурамч албан бичиг, компанийн гэрчилгээний хуулбарыг үндэслэн тээврийн хэрэгслийг хэд хэдэн этгээдэд шилжүүлэн тээврийн хэрэгслийг бүртгэх заалтуудыг зөрчин “Зууны чавхдас” ХХК-ийн хууль ёсоор эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн. Иймээс зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 422 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн. Авто тээврийн үндэсний төв нь хууль ёсны эзэмшигч “Зууны чавхдас” ХХК-ийн тээврийн хэрэгслийг хууль зөрчин шилжүүлснээс үүдэн компани зээлийн болон барьцааны гэрээгээр иргэн Б.Ганцэцэгт шилжүүлсэн 8 000 000 төгрөгийн хохиролд ороод байна. Иймд төрийн байгууллагын албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас үүдэн манай компанид учруулсан 8 000 000 төгрөгийн хохирлыг “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГазаас Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасныг үндэслэн гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Авто тээврийн үндэсний төв" ТӨҮГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зам тээврийн сайдын 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 59 дүгээр тушаалаар батлагдсан "Автотээврийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 3.3-т заасны дагуу бүрдүүлсэн бичиг баримтыг үндэслэн "Зууны чавхдас" ХХК-иас "Энх санж" ХХК руу шилжүүлсэн. Гэтэл "Зууны чавхдас" ХХК нь хууль бус бичиг баримтыг үндэслэн бүртгэл хийсэн гэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаан үүсгэсэн. 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 422 дугаар шийдвэрээр улсын бүртгэлүүдийг "Энх санж" ХХК болон Б.Ганцэцэгийн нэр дээр шилжүүлсэн улсын бүртгэлүүдийг илт хууль бус гэж тогтоосон хэдий ч 8 000 000 төгрөгийн хохирлыг манай байгууллага хариуцан барагдуулах үндэслэлгүй. Учир нь, энэхүү бүртгэлтэй холбоотой баримт хуурамч байсныг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын мэргэжилтнүүд мэдэх боломжгүй, хариуцагчаа буруу сонгосон. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасны дагуу гэм хорын нэхэмжлэл гаргахдаа энэ хүчин төгөлдөр Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэл болгож байна. Уг шийдвэрт маргаан бүхий Тоёото кроун автомашин өмчлөх эрхийг шилжүүлэхэд бүрдүүлсэн баримт бичигт тамга, гарын үсэг зэрэг зүйлс нь хуурамч байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Ингээд хуурамч бичиг баримтаар энэ бүртгэл явагдсан учир энэ хууль бус гэж үзжээ. Баримт бичиг илт хууль байсан гэдгийг тухайн хүн энгийн нүдээр хараад тайлбарлах боломжгүй байсан, илт хууль байсныг зөвшөөрүүлсэн хуулийн шийдвэр анханаасаа энэ байгууллагын буруу буюу энэ байгууллагыг төлөх үүрэг болгосон шийдвэр биш. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар иргэн Б.Ганцэцэг буюу “Энх санж” ХХК-д холбогдуулан гэм хорын хохирлоо нэхэмжлэх ёстой байсан гэж үзэж байна. Б.Ганцэцэг гэх этгээд гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгөө бусдад шилжүүлээд төрийн байгууллагыг хуурч мэхлэх буюу хуурамч бичиг баримт бүрдүүлээд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч энэ компанийг хохироосон тул уг асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулсны үндсэн дээр хэн энэ гэм хорын хохирлыг төлөх асуудал гарах ёстойг шүүх анхаарч үзнэ үү. Тиймээс хариуцагч уг гэм хорыг төлөх үүрэггүй гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Авто тээврийн үндэсний төв" ТӨҮГазраас гэм хорын хохиролд 8 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Зууны чавхдас" ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч "Зууны чавхдас" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Авто тээврийн  үндэсний  төв”  ТӨҮГазраас улсын  тэмдэгтийн хураамжид 142 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Зууны чавхдас" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 422 дугаар шийдвэрээр 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдөр "Зууны чавхдас" ХХК-ийн 12/05 дугаар албан бичгээр тус компанийн өмчлөлд бүртгэгдсэн маргаан бүхий автомашиныг Б.Ганцэцэгийн нэр дээр шилжүүлэх тухай хүсэлтийг "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст гаргасан баримтыг хуурамч гэдгийг тогтоож бүртгэлийг илт хууль бус гэж шийдвэрлэсэн. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасанчлан илт хууль бус гэж үзсэн тул анхны бүртгэл хэвээр үлдэнэ гэж ойлгогдож байна. Мөн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр "Зууны чавхдас" ХХК-ийн 12/05 дугаар албан бичгээр тус компанийн өмчлөлд бүртгэгдсэн маргаан бүхий автомашиныг Б.Ганцэцэгийн нэр дээр шилжүүлэх тухай хүсэлтийг тус үйлдвэрийн газрын бүртгэгч нь хуурамч гэдгийг нүдээр хараад тогтоох боломжгүй учир тус үйлдвэрийн газар нь мөн хохирогч юм. Дээрх шилжүүлэхийг хүссэн баримт бичгийг Б.Ганцэцэг авч ирээгүй бол шилжүүлэхгүй байсан.

Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 3.3.1-т иргэн болон хуулийн этгээдээс бусад иргэн, хуулийн этгээдэд шилжүүлэх бол шилжүүлсэн болон шилжүүлж авсан иргэн, хуулийн этгээдийн шийдвэр, албан бичиг, бүртгэлийн маягт, шилжүүлснийг нотлох бусад баримт. Шилжүүлснийг нотлох бусад баримт гэдэгт өмчлөгч иргэн өөрийн биеэр ирж бүртгэлийн маягтад бусдад шилжүүлснээ нотолж гарын үсгээ зурж баталгаажуулах, худалдах, худалдан авах, бэлэглэх, фидуци, арилжааны гэрээ, бусдад шилжүүлэхийг зөвшөөрсөн итгэмжлэлийг тус тус нотариатаар гэрчлүүлсэн байх... зэрэг хамаарна гэж заасан байдаг бөгөөд байгууллага хэрхэх тухай заагаагүй байдаг. Тухайн байгууллагын шилжүүлэхийг хүссэн албан бичгийг үндэслэн бүртгэл хийгддэг тул гэм хорын хохирлоо Б.Ганцэцэгээс нэхэмжлэх нь зүйтэй. Автотээврийн үндэсний төв хариуцагч биш байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Зууны чавхдас” ХХК нь хариуцагч “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГазарт холбогдуулан хариуцагч байгууллагын ажилтны буруутай үйлдлээс учирсан гэм хорын хохиролд 8 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэм хорыг өөр этгээд хариуцах ёстой гэж маргажээ.

Нэхэмжлэгч “Зууны чавхдас“ ХХК нь иргэн Б.Ганцэцэгтэй 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 12/05 тоот зээлийн гэрээ байгуулж, 8 000 000 төгрөгийг, 30 хоногийн хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлдүүлж, 93-28 УБА улсын дугаартай, Тоёото кроун маркийн суудлын авто машиныг 12/05.1 тоот барьцааны гэрээ байгуулж ”Зууны чавхдас” ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн /хх-10-11/ үйл баримтын талаар талууд маргаагүй.

Хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын ажилтан нь Зам, тээврийн сайдын 2012 оны 59 тоот тушаалаар батлагдсан Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 3.3, 3.3.1-т заасныг зөрчиж, “Зууны чавхдас” ХХК-ийн эзэмшилд байсан 93-28 УБА улсын дугаартай автомашиныг “Энхсанж” ХХК болон Б.Ганцэцэг нарын нэр дээр шилжүүлсэн буюу төрийн албан хаагчийн энэхүү буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч “Зууны чавхдас“ ХХК нь Б.Ганцэцэгт олгосон зээлийн гэрээний барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болсон гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 422 дугаар шийдвэр /хх-6-9/-ээр “Зууны чавхдас” ХХК-ийн албан бичгийг үндэслэн "Тоёото кроун" маркийн автомашиныг “Энх санж” ХХК болон Б.Ганцэцэг нарын нэр дээр шилжүүлсэн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн болох нь тогтоогдож байна.

Уг үйлдлийн улмаас нэхэмжлэгч байгууллагатай зээлийн гэрээний харилцаатай байсан Б.Ганцэцэг зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй болсон, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. 

Нэхэмжлэгч “Зууны чавхдас” ХХК болон Б.Ганцэцэг нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээнд заасан автомашиныг нэхэмжлэгчийн нэр дээр эзэмшигчийн бүртгэлээс хасч, өөр этгээдийн нэр дээр шилжүүлснээс нэхэмжлэгч нь бусад этгээдээс гэрээний үүргээ шаардах боломжгүй болж, гэм хор учирсан гэж үзэх үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллагын ажилтан нь автомашин эзэмшигчийн бүртгэлийг буруу хийснээс нэхэмжлэгч нь бусдаас зээлийн төлбөрөө авч чадахгүй болсон гэх үйл баримтын хооронд шалтгаант холбоо тогтоогдоогүй, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасан заасан гэм хорын хохирол гэж үзэхгүй тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль хэрэглээний хувьд буруу байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/01162 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГазраас гэм хорын хохиролд 8 000 000 төгрөг гаргуулах тухай “Зууны чавхдас” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч ”Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГазар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

          

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                              ШҮҮГЧИД                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                                   Д.БАЙГАЛМАА