Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2021/0161/З/Т |
Дугаар | 221/МА2021/0419 |
Огноо | 2021-08-04 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2021/0419
“Э ...” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж, Ц.Ж, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 375 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Э ...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 375 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19, 14 дүгээр зүйлийн 14.4, 26 дугаар зүйлийн 26.9-д заасныг үндэслэн ашигт малтмалын хайгуулын **-****** дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговорт улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайгаас дүйцүүлэн олгох шийдвэрийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19 дэх заалтын дагуу Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газраас гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, холбогдох шийдвэрүүд гаргахыг Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах “Э ...” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулалгүйгээр хэргийн үйл баримт болон холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Нэхэмжлэгч “Э ...” ХХК нь Ө аймгийн Гуравантэс сумын нутаг дахь ****** нэртэй **** гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын **-****** тоот тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд тусгай зөвшөөрөл олгогдсон 2007 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн холбогдох үйл ажиллагааг явуулж байсан болно. Үйл ажиллагаа явуулсан хугацаанд хайгуулын ажилд 118.733 сая төгрөгийн зардал гаргаж, тусгай зөвшөөрлийн төлбөрт 5575.5 ам.доллар, 100.766 сая төгрөг төлсөн болно.
Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Талбайг нөөцөд авах тухай” 512 дугаар тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасныг үндэслэн “Ө аймгийн Г сумын нутаг дэвсгэрт орших Т нурууны 652527,98 га газар бүхий талбайг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бүртгэлийг цэгцлэх зорилгоор 3 жилийн хугацаагаар нөөцөд авч” шийдвэрлэсэн бөгөөд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргаас 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 6/675 дугаар албан бичгээр манай компанид ашигт малтмал эрэх, хайх болон тусгай зөвшөөрөлтэй холбоотой бусад бүх үйл ажиллагааг зогсоох тухай мэдэгдэл ирүүлсэн.
Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч “Э ...” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн 3 дахь удаагаа сунгуулах хугацаа нь Ашигт малтмалын утхай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.15-д ... гэж заасны дагуу 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дуусах байсан бөгөөд тус компани хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад гаргаагүй байна” гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д “Энэ хуулийн 13.5, 14.8-д заасны дагуу чөлөөлөгдсөн талбайг урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан этгээдэд үргэлжлүүлэн эзэмшүүлэхдээ тусгай зөвшөөрлийн хугацааг тусгай хэрэгцээ, нөөцөд байсан хугацаагаар сунгаж тооцно”, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “Нөөцөд авсан талбай энэ хуулийн 13.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн тохиолдолд урьд нь уг талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд тухайн талбайг үргэлжлүүлэн эзэмших давуу эрх эдэлнэ” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 512 дугаар тогтоолоор талбайг нөөцөд авахаар шийдвэрлэх үед манай компанид тус хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон байсан бөгөөд хуулийн дээрх заалтын дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болно гэж үзэхээргүй байна.
Улмаар Улсын Их Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Зарим газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад авах тухай” 35 дугаар тогтоолоор “... Ө аймгийн Г сумын нутагт орших Т нурууг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч”, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоож, мөн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр тогтоолоор байгалийн нөөц газрын хилийн заагийг дахин тогтоож шийдвэрлэсэн нь манай компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд хамаарч байгаа болно.
Дээр дурдсан Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 512 дугаар тогтоол, Улсын Их Хурлын 2016 оны 35 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 91 дүгээр тогтоол, 2019 оны 319 дүгээр тогтоолуудаар манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий Ө аймгийн Г сумын нутагт байрлах газрыг хамааруулан шийдвэрлэсэн боловч ашигт малтмалын хайгуулын **-****** дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайн хэдэн хувьд, ямар хэсгээр давхцаж байгааг тогтоосон баримтыг хэрэгт нотлох баримтаар аваагүй атлаа шүүх “... нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрөл бүхий **** гектар талбай бүхэлдээ хамрагдсан”, “... дээрх 512 дугаар тогтоолоор нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбай бүхэлдээ бус нийт талбайн 90 хувь нь хамрагдсан бөгөөд хамрагдаагүй үлдсэн талбайгаа эзэмших эрх нь нээлттэй байжээ” гэх зэргээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн, анхан шатны шүүх “... Улсын Их Хурлын болон Засгийн газрын дээрх тогтоолуудын үндэслэлээс харахад маргаан бүхий талбайг тодорхой хугацаагаар хэсэгчлэн нөөцөд, түүнчлэн байгалийн нөөц газрын ангиллаар хамгаалалтад авсан нь хуулийн 9.1.13-д зааснаар нөхөх олговор авах зохицуулалтад хамаарахгүй байна. ... Тодруулбал, Засгийн газрын 2015 оны 512 дугаар тогтоолын үйлчлэл дууссан, эрх зүйн үр дагаваргүй болсон бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн тодорхой шалгуурын дагуу 4 жилийн хугацаанд нөөцөд авсан үндэслэлээр нөхөх олговор авах шаардах эрх үүсэхгүй” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 512 дугаар тогтоол гарснаар нэхэмжлэгч “Э ...” ХХК нь мөн өдрөөс хойш ашигт малтмалын хайгуулын **-****** дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “хайгуулын талбайн хилийн дотор энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх” гэж заасан эрхээ эдлэх боломжгүй болж, тусгай зөвшөөрөлтэй холбоотой бусад бүх үйл ажиллагааг зогсоож, хуулийн этгээдийн дүрэмд заасан үйл ажиллагааг явуулах боломжгүй болж хохирсон байхад анхан шатны шүүх “... 3 жилийн хугацаанд нөөцөд авсан үндэслэлээр нөхөх олговор авах шаардах эрх үүсэхгүй” буюу нэхэмжлэгч талд хохирол учраагүй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэлд Улсын Их Хурлын 35 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох тухай” 91 дүгээр тогтоолыг дурдаад Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасныг тусгасан байх боловч “Ө аймгийн Г сумын нутагт орших Т нурууг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч” шийдвэрлэсэнтэй холбоотой нөхөх олговор олгоход Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан “газрыг тусгай хэрэгцээнд” авахад баримтлах зохицуулалт хамааралгүй гэж үзэхээр байна.
Учир нь хууль тогтоогч Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг хязгаарлах, хориглох тусгай хэрэгцээний газар”-ын талаар хуульчлахдаа мөн зүйлийн 14.2-т “Тодорхой газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа 5 жилээс доошгүй байна” гэж, 14.8-д “Энэ хуулийн 14.2-т зааснаар тогтоосон газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан бол төрийн захиргааны байгууллага энэ тухай нийтэд мэдээлэх бөгөөд урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд ийнхүү мэдээлснээс хойш 1 сарын дотор хүсэлт гаргавал тэрээр тусгай зөвшөөрлийг тэргүүн ээлжинд авах давуу эрх эдэлнэ” гэж тус тус зааснаас үзэхэд Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Засгийн газар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмшигч, ашиглагчтай урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглаж болно” гэж заасантай уялдуулан газрыг тодорхой хугацааны дотор ашиглахаар тусгай хэрэгцээнд авах харилцааг зохицуулсан байхаас биш “газрыг тусгай хамгаалалтад авах”-д хамааралгүй зохицуулалт болно.
Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна” гээд 16.1.1-д “улсын тусгай хамгаалалттай газар” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 512 дугаар тогтоол, Улсын Их Хурлын 2016 оны 35 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 91 дүгээр тогтоол, 2019 оны 319 дүгээр тогтоолуудаар манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий Ө аймгийн Г сумын нутагт байрлах газрыг нөөцөд болон улсын тусгай хамгаалалтад авсантай холбоотой нөхөх олговрын харилцааг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж заасны дагуу шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна.
Ийнхүү дээрх хуульд заасны дагуу нөхөх олговор олгох, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгуулахтай холбоотой манай компанийн зүгээс 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт албан бичиг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөлгүй нэхэмжлэгч компанийг хохироож байна.
Гэтэл анхан шатны шүүх мөн шийдвэрийн үндэслэлдээ “... Түүнчлэн Засгийн газрын болон Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараас үзэхэд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн нөхөх олговортой холбоотой асуудлаар эс үйлдэхүй гаргасан хуульд заасан үүргээ хариуцагч нар биелүүлээгүй нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байдал тогтоогдсонгүй ... Засгийн газар болон эрх бүхий байгууллагуудын нөхөх олговор олгох асуудлыг шийдвэрлэх явц удаашралтай байгаа талаарх хариуцагчийн төлөөлөгчдийн тайлбартай нэхэмжлэгч маргаагүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Хариуцагч нар нь өнөөдрийг хүртэл холбогдох хуульд заасны дагуу манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газрыг нөөцөд авсан, улсын тусгай хамгаалалтад авсантай холбоотой нөхөх олговор олгох, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “нэхэмжлэгчид нөхөх олговор олгох үндэслэлгүй” гэх байдлаар маргаж байхад шүүх дээрх байдлаар хэт нэг талыг барьж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 375 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянахад анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн байх тул гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 512 дугаар тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 13.1.1-д заасныг үндэслэн Ө аймгийн Г сумын нутаг дэвсгэрт орших Т нурууны 652527.98 га газар бүхий талбайг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бүртгэлийг цэгцлэх зорилгоор 3 жилийн хугацаагаар нөөцөд авсны дотор нэхэмжлэгч “Э ...” ХХК-ийн 2007 оноос хойш эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ***** дугаар тусгай зөвшөөрлийн талбайн 90 хувь нь хамрагдсан болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 6/675 дугаар албан бичгээр тогтоогдож байна.
Тухайн 3 жилийн хугацааг дуусаагүй байхад Монгол Улсын Их Хурлын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 35 дугаар тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар “Байгаль орчны тэнцвэрт байдал, байгалийн унаган төрх, түүх, соёлын үнэт өвийг тогтвортой хадгалах, устах аюулд орсон амьтан, ургамлыг хамгаалах зорилгоор байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол бүхий Ө аймгийн Г сумын нутагт орших Т нурууг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч, хилийн заагийг тогтоохыг үүрэг болгосны дагуу Засгийн газрын 2017 оны 91 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн дотор нэхэмжлэгч компанийн дээрх тусгай зөвшөөрлийн талбай бүхэлдээ хамрагдсан, эдгээр тогтоол гарснаас хойш тус компанид нөхөх олговор олгоогүй болох нь тогтоогджээ.
Анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгоход бүртгэл цэгцлэх зорилгоор 3 жилийн хугацаатай нөөцөд авсан болон байгалийн нөөц газрын ангиллаар тусгай хамгаалалтад авсан зэрэг нөхцөлүүд орохооргүй байна гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсэг үндэслэлтэй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 9.1.13. ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж заажээ.
Засгийн газрын 2015 оны 512 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрлийн бүртгэл цэгцлэх зорилгоор нөөцөд авсантай холбоотой асуудал нь Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлээр зохицуулагдах бөгөөд нөөцөд авсан хугацаа нь дууссан тохиолдолд мөн зүйлийн 13.5-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд давуу эрх эдлэхээр зохицуулсан байх тул 512 дугаар тогтоолоор нөөцөд авсантай холбоотой мөн хуулийн 9.1.13-т заасан үндэслэлээр нөхөх олговор авахыг шаардах эрхгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.
Харин анхан шатны шүүх байгалийн нөөц газрын зориулалтаар тусгай хамгаалалтад авсан асуудлыг мөн хуулийн 9.1.13-т хамаарахгүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасан улсын тусгай хамгаалалттай газар нь улсын тусгай хэрэгцээний газрын нэг төрөл байхаар заасан.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан “тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд авах” гэж заасанд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хамгаалалттай газрын зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан нөхцөл хамаарахаар байна. Энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд “Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалт хамааралгүй, ... Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар тодорхой хугацааны дотор ашиглахаар тусгай хэрэгцээнд авах харилцааг зохицуулсан” гэснийг хүлээн авах үндэслэлгүй.
Учир нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг эрх бүхий этгээд тусгай хэрэгцээнд авсантай холбоотой харилцааг зөвхөн Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлээр зохицуулсан, тусгай хэрэгцээнд авах хугацааг мөн хуулийн 14.2-т “5 жилээс доошгүй байна” гэж зааснаас үзвэл зөвхөн тодорхой хугацаатай тусгай хэрэгцээнд авахтай холбоотой харилцааг зохицуулсан гэж үзэхгүй, тусгай хэрэгцээний газрын төрөл, зориулалтаас хамаарч хугацаатай, хугацаагүй авах тохиолдол байж болох бөгөөд аль ч тохиолдолд тус зохицуулалтыг хэрэглэхээр байна.
Мөн хуулийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэж заасан нь тусгай зөвшөөрөл бүхий талбайг зохих журмаар тусгай хэрэгцээнд авсан бол нөхөх олговор олгохыг тухайн эрх бүхий этгээдэд үүрэг болгосон, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хамгаалсан зохицуулалт гэж үзнэ.
Харин мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээний зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсан бол 14.4-т заасан нөхөх олговор олгох үүргийг биелүүлэхдээ зөвхөн мөнгөн хэлбэрээр биш, улсын төсвийн хөрөнгөөр хуримтлал тогтоогдсон талбайгаас “олгож болно” гэж сонгох боломжийг Засгийн газарт олгосон байна.
Иймд нэхэмжлэгчийн “Ашигт малтмалын тухай хуулийн 14.4-т заасныг хэрэглэж нөхөн олговрыг олгохгүй, 9.1.13-т зааснаар зөвхөн улсын төсвийн хөрөнгөөр хуримтлал тогтоосон талбайгаас тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” агуулгаар гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлгүй, нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Харин Засгийн газар нь нөхөх олговрыг мөнгөн хэлбэрээр олгох, эсхүл улсын төсвийн хөрөнгөөр хуримтлал тогтоосон талбайгаас олгох 2 боломжийн алийг нь ч хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь Ашигт малтмалын хуулийн 14.4-т заасныг зөрчсөн хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн нөхөх олговор авах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул зохих журмаар нөхөх олговор олгох асуудлыг шийдвэрлэхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.
Мөн хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нь хэрэгжүүлэгч агентлаг нь болохын хувьд Засгийн газраас нөхөх олговрыг дээрх сонгох боломжийн аль нэг хэлбэрээр олгох шийдвэр гаргасан тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан чиг үүргийн хүрээнд Засгийн газрын шийдвэрийг зохих журмаар хэрэгжүүлэх үүрэгтэй атал тусгай зөвшөөрлийн хугацаа нь дуусгавар болсонтой холбоотой талбайг буцааж өгсөн тул нөхөх олговор олгох үндэслэлгүй гэх тайлбар гаргасан нь хууль бус байна.
Давж заалдах гомдлын бусад үндэслэлийн тухайд, анхан шатны шүүх тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө Засгийн газрын 2015 оны 512 дугаар тогтоолоор 3 жилийн хугацаанд нөөцөд авч уг хугацаа дуусахаас өмнө Улсын Их Хурал, Засгийн газрын дээрх шийдвэрүүд гарсан, тусгай зөвшөөрлийн эрх, үүргээ эдлэх боломжгүй байхад энэ талаарх хариуцагчийн тайлбар, тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасантай холбоотой баримтуудыг буруу үнэлж, хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаагүй гэж хэргийн нөхцөл байдлыг буруу дүгнэжээ.
Мөн 512 дугаар тогтоолын үр дагавар арилсан, түүнтэй холбоотой шаардах эрхгүй талаар дүгнэсэн атлаа тус тогтоолоор хэсэгчлэн талбай нь давхцалтай байхад давхцалгүй хэсэгтээ хүсэлт гаргаагүй гэх зэргээр дүгнэсэн нь хоорондоо зөрчилтэй, нөхөх олговор олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй дүгнэлт болсон байх тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-т заасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй “хуулийн 26.9” гэснийг шийдвэрийн үндэслэлд хамааруулж тайлбарлан, тогтоох хэсэгт баримталсан нь мөн хууль хэрэглээний алдаа болжээ. Учир нь нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай эзэмшиж байсантай холбоотой нөхөх олговрыг авахыг даалгахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хуулийн 26.9-д заасан нь ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай хамааралтай зохицуулалт байх тул энэхүү нэхэмжлэлийг шийдвэрлэхэд хэрэглэхгүй.
Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтүүдийг оруулж, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 0375 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.14, 14 дүгээр зүйлийн 14.4-д заасныг баримтлан “Э ...” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газрын “Э ...” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 0***** дугаар тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авах зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговор олгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмаар нөхөх олговор олгохыг даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ