Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 554

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч Д.Б.........ж, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2260) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Оцог овогт Д.........жийн Б.........жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708 0019 70426 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Оцог овогт Д.........жийн Б.........ж, Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Орхон суманд 1977 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, 42 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт ................... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар МЙ...............19.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Д.Б.........ж нь 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан ............. дугаар хороо, .............. тоотод оршин суух иргэн Л.А.............агийн байнга амьдрах орон байрны хаалганы цоожийг эвдлэн орж Монел загварын 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Л.А.............агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие нь өглөө 7 цагт гараад орой 20 цагийн орчим гэртээ ирэх үед гэрт хулгай орж 32 инчийн Монел маркийн зурагт алга болсон байсан учраас цагдаад дуудлага өгсөн. Би тухайн зурагтаа 2 жилийн өмнө 10 дугаар хороололд байрлах ВSВ-ээс 419.000 төгрөгөөр худалдаж авсан одоо 400.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49),

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-16),  Эд зүйл түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 19), Монел загварын 32 инчийн зурагт эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 20),

3. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний хөрөнгө үнэлгээний 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 009 дугаар тайланд “...32 инчийн Монел брэндийн зурагт...360.000 төгрөг...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 61-63)

4. Шүүгдэгч Д.Б.........жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан ............. дугаар хороо Тахилт гэх газарт А.............агийн гэрт очиж хамт архи ууж хоносон. Тэгээд маргааш өглөө буюу 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр А.............агийн урд талын хашаанд буюу Сонгинохайрхан ............. дугаар хороо Тахилтын 8 дугаар гудамжны 625 тоотод А.............агийн дүү А.............агийн хашаа руу явж ороод гэрт нь хүн байхгүй болохоор нь гэрийнх нь хойд хэсэгт байсан 32 инчийн зурагтыг хулгайлан авч гарч явж байгаад цагдаад баригдсан...миний А.............агийн гэрээс хулгайлсан зурагт нь 32 инчийн, гадна тал нь хар өнгөтэй, ЛСД зурагт байсан. Би аваад гарч явж байгаад цагдаад баригдаж баригдаж зурагтыг нь А.............ад тэр дор нь буцааж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74-75),

5. Цагдаагийн алба хаагчийн 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн илтгэх хуудаст “...Б.........ж гэх хүн Сонгинохайрхан ............. дугаар хороо Тахилтын задгайд оршин суух Л.А.............агийн гэрээс Монел брэндийн 32 инчийн LCD зурагт хулгай хийж авч явсныг илрүүлж, Б.........ж гэх хүнийг саатуулж, зурагтыг С-10 хүлээлгэн өгөв...” гэх баримт (хавтаст хэргийн 18), 

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 81, 75), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 76),  хэргийг хэрэгсэхгүй болгох прокурорын тогтоол (хавтаст хэргийн 79), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 87, 89-90) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Б.........жид холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

- Улсын яллагчаас шүүгдэгч Д.Б.........жийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт дүгнэлтийг,

- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс манай үйлчлүүлэгчийн үйлдсэн гэх хулгайн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад үйлдсэн байна. Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж 2002 оны Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсгээр гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Б.........жид холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялын хэмжээ бага буюу 2015 оны Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсэгт зааснаар оногдуулж болох ялаас бага байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Б.........ж нь Сонгинохайрхан ............. дугаар хороо, Тахилтын 8 дугаар гудамжны 625а тоотод байрлах монгол гэрт, 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нэвтэрч, иргэн Л.А.............агийн эзэмшлийн “Monеl” брэндийн 32 инчийн LCD зурагтыг хулгайлан авч бусдад 360.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Л.А.............агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие нь өглөө 7 цагт гараад орой 20 цагийн орчим гэртээ ирэх үед гэрт хулгай орж 32 инчийн Монел маркийн зурагт алга болсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49),

- Эд зүйл түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 19),

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний хөрөнгө үнэлгээний 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 009 дугаар тайланд “...32 инчийн Монел брэндийн зурагт...360.000 төгрөг...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 61-63)

- Цагдаагийн алба хаагчийн 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн илтгэх хуудаст “...Б.........ж гэх хүн Сонгинохайрхан ............. дугаар хороо Тахилтын задгайд оршин суух Л.А.............агийн гэрээс Монел брэндийн 32 инчийн LCD зурагт хулгай хийж авч явсныг илрүүлж, Б.........ж гэх хүнийг саатуулж, зурагтыг С-10 хүлээлгэн өгөв...” гэх баримт (хавтаст хэргийн 18), 

- Шүүгдэгч Д.Б.........жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан ............. дугаар хороо Тахилт гэх газарт А.............агийн гэрт очиж хамт архи ууж хоносон. Тэгээд маргааш өглөө буюу 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр А.............агийн урд талын хашаанд буюу Сонгинохайрхан ............. дугаар хороо Тахилтын 8 дугаар гудамжны 625 тоотод А.............агийн дүү А.............агийн хашаа руу явж ороод гэрт нь хүн байхгүй болохоор нь гэрийнх нь хойд хэсэгт байсан 32 инчийн зурагтыг хулгайлан авч гарч явж байгаад цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74-75) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Д.Б.........ж нь хууль зүйн хувьд шунхайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө болох зорилгоор хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх хэдий ч түүний үйлдэл 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр болжээ.

Түүнчлэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хүндэвтэр төрлийн гэмт хэрэгт хамаарагдахаар хуульчлагдсан. Мөн тухайн зүйл, хэсгээр оногдуулж болох хорих ялын хэмжээ хоёроос таван жил хүртэл хорих ял оногдуулж болох, харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болох хорих ялын хэмжээ хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар оногдуулж болохоор хуульчилжээ. Өөрөөр хэлбэл 2002 болон 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тухайн төрлийн гэмт хэргийн эрүүгийн хариуцлагын доод хэмжээ ижил боловч дээд хэмжээг 2015 оны Эрүүгийн хуульд нэмэгдүүлж 8 жил хүртэл хугацаагаар тогтоосон байна.

Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох... эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тогтооно...” гэж, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэснийг тус тус үндэслэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Б.........жид холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан заасан ялын хэмжээ бага буюу 2015 оны Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсэгт зааснаар оногдуулж болох ялаас бага байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.А.............а нь зурагтаа биет байдлаар буцаан авсан нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Д.Б.........жийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас Д.Б.........жийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жилийн хугацаагаар хорих, оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх дүгнэлтийг, 

- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс улсын яллагчийн оногдуулахаар дүгнэлт гаргасан 2 жилийн хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэж тус тус мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Б.........ж нь 2002 оны Эрүүгийн хуульд заасны дагуу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Б.........ж нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт нь 2 жилийн хорих ял оногдуулах улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байх боловч тэрээр анх удаа 2002 оны Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, мөн хөнгөрүүлэн үзэх дээрх нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэх саналыг хүлээн авч тус зүйл хэсэгт зааснаар ял оногдуулан, оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах нь зүйтэй байна гэж шүүх үзэв.

Эрүүгийн 1708 0019 70426 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Б.........жийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Оцог овогт Д.........жийн Б.........жийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б.........жийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б.........жид оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Б.........жид оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, түүнийг 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.МӨНХЗУЛ