| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2019/0564/Э |
| Дугаар | 560 |
| Огноо | 2019-05-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 560
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч А.Ганзориг
шүүгдэгч Д.Г............р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ядам овогт Д.........нгийн Г............рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 0283 00586 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ядам овогт Д.........нгийн Г............р, Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Манхан суманд 1975 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн .................... тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар ЧВ...............918, урьд
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 451 дугээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Д.Г............р нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны гадаа иргэн М.Т.............той “...эвдсэн машинаа янзалж өгөөрэй гэж хэллээ...” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүр цээж нь тус газрууд нь гар, хөлөөрөө цохиж зодон хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г............р мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Хохирогч М.Т............хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 31-ний орой Г............р танил болох Ц............т гэх хүний микро автобусыг гуйсан. Би тухайн микро автобусанд кондуктор хийгээд явж байтал Шар хадны эцэс дээр очоод микро автобус нь эвдэрчихсэн. Тэгээд өөр нэг микрогоор эвдэрсэн микрогоо чирүүлж Ц............тын гэрт нь аваачиж өгсөн. ...Тэгж байтал Г............рийн найз нь Б............төгс гэх залуу микро автобустайгаа ханын материалын эцэст зогсож байсан. Тэгээд бид гурав Б............төгсийн гэрт очиж 1 шил 0.75 литрийн архи хувааж уусан. Би архиа ууж байхдаа Г............рт хандаж “Чи хүний микро эвдэлчихсэн юм чинь маргааш очиж хамт янзалж өгөөрэй” гэж хэлтэл Г............р “Би яахаараа янзалдаг юм бэ” гэж уурлаад бид хоёр хоорондоо маргалдсан. ...Тэгтэл Г............р миний баруун нүд рүү 1 удаа цохихоор нь би зөрүүлж нүүрийг нь майжаад цохисон юм. Тэгтэл Г............р намайг газар унагаагаад цээж рүү өшиглөсөн ....Г............р өмнө нь намайг 2018 оны 1 сард зодсон юм. ...Тухайн асуудал нь 2018 оны 5 дугаар сарын 31-ний өглөө шүүхээр орж шийдэгдсэн юм. ...Би Г............рт гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20, 21-23),
2. Гэрч Л.Б............мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 31-ний орой ажлааасаа буугаад төрсөн ах Б............төгсийн гэрт очсон чинь Т............х Г............рт зодуулчихлаа гээд нүүрээ дарчихсан байсан. ... Т............хын баруун нүд бага зэрэг хавдсан байсан. ...Г............рийг би сайн мэддэг юм. ...2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Т............х архи уучихсан согтуу байсан бөгөөд Б............төгс, Пүрэвсүрэн 2 эрүүл байх шиг байсан. Тухайн үед Т............хыг хүргэж өгөхөд Т............х "Намайг түрүүн Г............р зодчихлоо" гэж хэлж байсан. Т............хыг хүргэж өгч байхад баруун нүд нь бага зэрэг хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27),
3. Гэрч Л.Б............төгсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дүгээр сарын 31-ний орой би микро автобустайгаа шугамандаа явчихаад гэртээ ирсэн. ...Т............х согтчихоод Ч............атай маргалдах гээд байсан чинь Ч............а би явлаа гээд явсан. Тэгээд Т............х янз бүрийн зүйл яриад байсан чинь Г............р Т............хыгоо хоёулаа явъя гэж хэлээд Т............хыг авч гарсан. Тэгээд гадаа Т............х, Г............р нар гараад хэдэн минутын дараа Г............р орж ирээд “Т............х надтай маргалдаад намайг маажчихлаа” гэж хэлээд нүүрээ угаагаад гараад явсан. Тэгтэл гадаа эмэгтэй хүн орилоод байхаар нь би гараад хартал Т............х гаднаас “Г............р намайг зодчихлоо” гэж хэлээд орж ирсэн....Г............р Т............х хоёр машин эвдэрснээс болж маргалдсан. Би Г............р Т............хыг цохиж зодож байхын хараагүй. Т............х надад Г............рт зодуулчихлаа гэж хэлж байсан. Г............р Т............х нар манайхаас гараад 2-3 минут орчим л болсон. Т............х нүүрээ баруун гараараа дарчихсан, нүд нь хавдчихсан байсан. Г............р Т............х нар гэр бүлийн харилцаа хамаарал байхгүй ээ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29),
4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 7130 дугаар дүгнэлт:
“...Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний алиманд цус хурсан, баруун дээд, доод зовхи, баруун хацар, хавдсан, хүрэн ягаан өнгийн цус хуралттай, хүзүүний зүүн талд ташуу 5х1см хүрэн өнгийн зулгаралттай. Зүүн шууны дотор доод хэсэгт 2х0.5 см хүрэн өнгийн зулгаралттай, орчны эдэд 9х8см хөхөлбөр хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Цээжний зүүн талд суганы урд шугамаар 7-р хавирганы түвшинд тэмтрэхэд өвчин эмзэглэл ихтэй байв.
2018.6.07-ны өдрийн цээжний хөндийн КТГ-д: ...зүүн талд суганы урд шугамаар 7-р хавирга зөрүүгүй ташуу хугаралтай...ДҮГНЭЛТ:
1. М.Т............хын биед зүүн талын 7-р хавирганы зөрүүгүй, хугарал, баруун нүдний алим, баруун дээд, доод зовхи, баруун хацар, хүзүү, зүүн шуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 42),
5. Шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...Зүүн шуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь унахад үүсэх боломжтой ба бусад гэмтлүүд нь 2 ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...дээрх гэмтлүүд нь М.Т............хыг үзэхэд 2018.06.04-ний өдөр: Зовиур цээжний зүүн талаар амьсгал авч болохгүй өвдөнө, толгой өвдөнө гэсэн зовууртай байсан ба 2018.06.07-ны өдөр цээжний КТГ-д авахуулсан ташуу хугаралтай гэсэн байсан. Хуучин хугарал гэж бичээгүй байсан. бусад нүүр хүзүү, зүүн шуунд үүссэн гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байж болохоор шинэ байсан...нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжгүй. Түлхэн унагаах үед үүсэх боломжгүй...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үеийн үйлчлэлээр үүсэх ба зүүн шууны зулгаралт цус хуралт, зүүн 7-р хавирганы зөрүүгүй хугарал гэмтлүүд нь мохоо зүйлийн буюу гар хөлөөр цохих, мохоо зүйлд цохигдох буюу унах үед үүсэх боломжтой баруун нүдний алим, баруун дээд, доод зовхи, баруун хацрын цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлээр цохиход үүснэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47),
6. Шүүгдэгч Д.Г............рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн үед...Т............хын хамт Б............төгсийн гэрт рүү орохдоо замаараа дэлгүүр орж Т............х 0.75 литрийн архи аваад цуг Б............төгсийн гэрт орсон...тэгээд Т............х надад хандаж “чи хүний машиныг эвдчихсэн биз дээ, машин нь эвдэрчихлээ ш дээ чи маргааш надтай хамт очиж янзлалцаарай” гэхээр нь би “би ямар албаар эвдэлсэн юм уу” гээд...Т.............той хамт Б............төгсийн гэрээс гарсан...чинь...Т............х миний араас өшиглөөд нүүр маажаад байхаар нь би чи одоо болиоч дандаа ингэж хүний нүүр мааждаг ш дээ гээд би Т............хын цамцаар Т............хыг боож аваад нэг удаа зүүн гараараа баруун хацар хэсэгт хүчтэй алгадаад хойшоогоо түлхээд унагаасан. Тэгээд Т............х арагшаа унахдаа траншейны таган дээр уначихсан. Тэгээд дахиж орилоод босож ирээд дайрахаар нь би дахиад түлхээд унагаасан. Тэгээд би БаасанТ............хын рүү буцаж орж нүүрээ угаачихаад гарч явсан...би Т............хын цамцны захаар нь барьж байгаад нэг удаа зүүн гараараа баруун хацар руу нь алгадсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 133-134),
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 139-140),
Эрэн сурвалжлах ажиллагаа явуулах прокурорын тогтоол (хавтаст хэргийн 48), мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 53-54, 56-57, 61-62, 126-132), 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (хавтаст хэргийн 137-138), хохирол хор уршгийн 128.000 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 43, 39),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 75, 83), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 66), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 69-70), эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол (хавтаст хэргийн 72), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 86, 89, 91) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Г............рт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Г............рийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.
Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч нь мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Д.Г............р нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны гадаа, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас, шууд санаатай үйлдлээр иргэн М.Т.............той “...эвдсэн машинаа янзалж өгөөрэй гэж хэллээ...” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүр, цээж нь тус газрууд нь гар, хөлөөрөө цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь
- хохирогч М.Т............хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 31-ний орой Г............р танил болох Ц............т гэх хүний микро автобусыг гуйсан. Би тухайн микро автобусанд кондуктор хийгээд явж байтал Шар хадны эцэс дээр очоод микро автобус нь эвдэрчихсэн. Тэгээд өөр нэг микрогоор эвдэрсэн микрогоо чирүүлж Ц............тын гэрт нь аваачиж өгсөн. ...Тэгж байтал Г............рийн найз нь Б............төгс гэх залуу микро автобустайгаа ханын материалын эцэст зогсож байсан. Тэгээд бид гурав Б............төгсийн гэрт очиж 1 шил 0.75 литрийн архи хувааж уусан. Би архиа ууж байхдаа Г............рт хандаж “Чи хүний микро эвдэлчихсэн юм чинь маргааш очиж хамт янзалж өгөөрэй" гэж хэлтэл Г............р “Би яахаараа янзалдаг юм бэ” гэж уурлаад бид хоёр хоорондоо маргалдсан. ...Тэгтэл Г............р миний баруун нүд рүү 1 удаа цохихоор нь би зөрүүлж нүүрийг нь майжаад цохисон юм. Тэгтэл Г............р намайг газар унагаагаад цээж рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20, 21-23),
- Гэрч Л.Б............мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б............төгсийн гэрт очсон чинь Т............х Г............рт зодуулчихлаа гээд нүүрээ дарчихсан байсан. ... Т............хын баруун нүд бага зэрэг хавдсан байсан. ...Т............хыг хүргэж өгөхөд Т............х "Намайг түрүүн Г............р зодчихлоо" гэж хэлж байсан. Т............хыг хүргэж өгч байхад баруун нүд нь бага зэрэг хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27),
- Гэрч Л.Б............төгсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т............х янз бүрийн зүйл яриад байсан чинь Г............р Т............хыгоо хоёулаа явъя гэж хэлээд Т............хыг авч гарсан. Тэгээд гадаа Т............х Г............р нар гараад хэдэн минутын дараа Г............р орж ирээд “Т............х надтай маргалдаад намайг маажчихлаа” гэж хэлээд нүүрээ угаагаад гараад явсан. Тэгтэл гадаа эмэгтэй хүн орилоод байхаар нь би гараад хартал Т............х гаднаас “Г............р намайг зодчихлоо” гэж хэлээд орж ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29),
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 7130 дугаар дүгнэлт: “...1. М.Т............хын биед зүүн талын 7-р хавирганы зөрүүгүй, хугарал, баруун нүдний алим, баруун дээд, доод зовхи, баруун хацар, хүзүү, зүүн шуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 42),
- Шүүгдэгч Д.Г............рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т............х надад хандаж “чи хүний машиныг эвдчихсэн биз дээ, машин нь эвдэрчихлээ ш дээ чи маргааш надтай хамт очиж янзлалцаарай” гэхээр нь би “би ямар албаар эвдэлсэн юм уу” гээд...Т.............той хамт Б............төгсийн гэрээс гарсан...чинь...Т............х миний араас өшиглөөд нүүр маажаад байхаар нь би болиоч дандаа ингэж хүний нүүр мааждаг ш дээ гээд би Т............хын цамцаар Т............хыг боож аваад нэг удаа зүүн гараараа баруун хацар хэсэгт хүчтэй алгадаад хойшоогоо түлхээд унагаасан. ...дахиж орилоод босож ирээд дайрахаар нь би дахиад түлхээд унагаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 133-134) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Д.Г............р нь хууль зүйн хувьд “нүүр маажлаа, машин янзал гэлээ” гэх сэдэлтээр, хохирогч Т............хыг цохиж шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Г............р нь хохирогч Т............хыг цохиж, түүнийг түлхэн унагаасан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Д.Г............р гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Т............х нь хавтаст хэрэгт эмчилгээний зардалд баримтаар 128.000 төгрөг нэхэмжилсэн байх боловч тэрээр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “надад гомдол санал байхгүй...” (хавтаст хэргийн 142) гэх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Г............рийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч улсын яллагчийн гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрч байна гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Г............р нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс Д.Г............рт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний урьд шүүхээр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн цаг хугацаанд дахин хохирогчийн эрүүл мэндэд халдсан, тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа саад учруулсан зэрэг түүний хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосон дүгнэлтийг хүлээн авч түүнийг 720 цагийн хугацаагаар ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Түүнчлэн шүүгдэгч Д.Г............рт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсантай холбогдуулан тухайн ялын зорилгыг хангах, мөн хохирогч М.Т............хыг 2 дахь удаагаа зодсон, гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “хохирогч М.Т.............той харилцах”, мөн хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелэгдэж дуусах хүртэл хугацаагаар тогтоох нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгчийг хуульд заасны дагуу гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан тул Эрүүгийн хуульд зааснаар түүний нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг өдрийн 4 цагийн хугацаагаар тогтоож, тэрээр оногдуулсан ялыг биелүүлээгүй, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрсөн бол дээрх ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Г............р нь энэ гэмт хэрэгтээ 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс (хавтаст хэргийн 137-138) мөн оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэл нийт 28 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх ба түүний цагдан хоригдсон нийт хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл хуульд зааснаар шүүгдэгчийн цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээ авагдсан 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, цагдан хоригдсон нийт 28 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 224 цагаар тооцож эдлэх ялаас хасаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Түүнчлэн шүүхээс шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан учир түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн 1808 0283 00586 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Д.Г............р нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.11, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ядам овогт Д.........нгийн Г............рийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсугай,
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Г............рийг 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Г............р нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Г............рт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн
2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг,
3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “хохирогч М.Т.............той харилцахыг хязгаарлах”, 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундааны зүйл хэрэглэхийн хориглох” үүрэг, хязгаарлалтыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелэгдэж дуусах хүртэл хугацаагаар тогтоосугай.
4. Шүүгдэгч Д.Г............р нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг тус тус анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г............рийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 28 (хорин найм) хоногийг буюу нийтэд тустай ажил хийлгэх ялын 224 цагийг эдэлсэнд тооцож эдлэх ялаас хассугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдолгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Г............рт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ