| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2019/0411/Э |
| Дугаар | 561 |
| Огноо | 2019-05-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 561
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
нарийн бичгийн дарга Б.Журагат,
улсын яллагч Б.Ундрах,
Шүүгдэгч Б.Г.............х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Баарангууд овогт Б.............лын Г.............хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0163 60498 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Баарангууд овогт Б.............лын Г.............х, Монгол Улсын иргэн, Увс аймгийн Зүүнговь суманд 1988 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, эрэгтэй, 31 настай, дээд боловсролтой, инженер механикч мэргэжилтэй, “............” ХХК-д засварын механик ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ..................тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ОД88.............19.
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Б.Г.............х нь 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сонгийнохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 10-13 тоотод хамтран амьдрагч Г.О........маг гэртээ ирсэн байж хэлсэнгүй гэх шалтгааны улмаас маргалдаж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гараараа толгой болон зүүн гуя руу нь тус тус 1 удаа цохиж, баруун хөлийн шилбэ орчим руу 1 удаа өшиглөж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г.............х өгсөн мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг гаргах шаардлагагүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Г.О........магийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 11-ний орой 19 цагийн орчимд ажлаа тараад...гэртээ иртэл Г.............х унтаж байсан. Тэгэхээр нь чимээгүй хоолоо хийгээд байж байтал Б.Г.............х сэрээд намайг “ирсэн байж хэлсэнгүй, би чамайг тосох байсан юм” гээд уурлаад бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгтэл гараараа толгой руу нэг удаа цохисон тэгэхээр нь би ...уурлаад хадам ээж рүү залгаад “Б.Г.............х согтуу хэрүүл хийгээд байна” гэж хэлчихээд цагдаа руу залгаад хаягаа хэлтэл Б.Г.............х утас булааж аваад “цагдаа дуудлаа” гээд гараараа зүүн гуя руу цохиод бас баруун хөлний шилбэ орчим руу нэг удаа цохисон...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 103-105),
2. Гэрч Б.Ш..........гийн (шүүгдэгчийн эгч) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг ороход тэр хоёр хэрэлдэж маргалдаад л зогсож байсан тэрнээс нэг нэгийгээ цохиж зодож байгаа харагдаагүй О........магийн царай зүс зүгээр харин уйлчихсан байдалтай байсан. Тэр хоёр өмнө нь зодоон цохион хэрүүл маргаан хийж байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18)
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3316 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт:...Духны зүүн хажуу хэсэгт 0.8х0.3см зүүн хацрын төвгөрийн гадна дээд хэсэгт 2.5х0.4см арьсны өнгөц давхарга хууларсан хүрэн улаан өнгийн зулгаралттай, бага зэрэг хавдаж овойсон, тэмтрэхэд өвчин эмзэглэлтэй. Зүүн гуяны гадна дээд 3х2см, баруун шилбэний урд доод хэсэгт 2.3х1см, 1х1см бүдэг хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй...ДҮГНЭЛТ
1. Г.О........магийн биед дух, зүүн хацрын төвгөрт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байна.
2. 5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
6. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21)
4. Шүүгдэгч Б.Г.............хын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр гэртээ ганцаараа байхдаа 4-5 шил пиво ууж байгаад унтаад өгсөн. Орой нэг сэртэл эхнэр О........ма ирчихсэн хоолоо хийгээд байж байхаар нь би халамцуудаа “би чамайг тосох гэж байхад хэлэлгүй хүрээд ирсэн байна” гэж хэлтэл эхнэр өөдөөс “чи архи уулаа” гэж хэлээд бид хоёр маргалдаж байхдаа би эхнэр О........магийн хөлөнд хөлөөрөө өшиглөж толгой руу нь гараараа нэг удаа цохих үед эхнэр ээжид утсаар “намайг зодлоо гэж хэлээд” хашаанд байдаг эгч Ш..........г орж ирээд больцгоо гэж хэлээд бид эвлэрч унтаж амарсан...би О........магийн хөлөнд нь өшиглөж гараараа толгой руу нь цохисон өөр нэмж цохиж зодоогүй....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-30),
5. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 110-118, 108-109), Мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгох тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 96-97)
- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарт “...Г.............хын Будхүү 2015 оны 12 дугаар сарын 30-нд Улаанбаатар хотод төрсөн, ...эцэг Б.............лын Г.............х, ...эх Ганболдын О........ма...” гэх баримт (хавтаст хэргийн 40),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 31, 33), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 61), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 37, 38 56-58), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 39) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Г.............хад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Г.............хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Б.Г.............х нь Сонгийнохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын ........... дугаар гудамжны ........... тоотод гэртээ, 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр, хувийн таарамжгүй сэдэлтээр, гэр бүлийн харилцаанд давамгай байдал тогтоох зорилгоор, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шалтгаан нөхцөлийн улмаас, шууд санаатай үйлдлээр, хамтран амьдрагч Г.О........маг зүүн хацрын төвгөрт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуяанд цус хуралт гэмтлийг цохиж, баруун шилбэнд цус хуралт гэмтлийг өшиглөж учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Г.О........магийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 11-ний орой 19 цагийн орчимд ажлаа тараад...гэртээ иртэл Г.............х унтаж байсан. Тэгэхээр нь чимээгүй хоолоо хийгээд байж байтал Б.Г.............х сэрээд намайг “ирсэн байж хэлсэнгүй, би чамайг тосох байсан юм” гээд уурлаад бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгтэл гараараа толгой руу нэг удаа цохисон, ...цагдаа руу залгаад хаягаа хэлтэл Б.Г.............х утас булааж аваад “цагдаа дуудлаа” гээд гараараа зүүн гуя руу цохиод бас баруун хөлний шилбэ орчим руу нэг удаа цохисон...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 103-105),
- Гэрч Б.Ш..........гийн (шүүгдэгчийн эгч) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг ороход ...О........магийн ...уйлчихсан байдалтай байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3316 дугаар дүгнэлт “...1. Г.О........магийн биед дух, зүүн хацрын төвгөрт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...6. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21)
- Шүүгдэгч Б.Г.............хын мөрдөн байцаалтад өгсөн: “...гэртээ ганцаараа 4-5 шил... пиво ууж байгаад унтаад өгсөн. Орой нэг сэртэл эхнэр О........ма ирчихсэн хоолоо хийгээд байж байхаар нь би халамцуудаа “би чамайг тосох гэж байхад хэлэлгүй хүрээд ирсэн байна” гэж хэлтэл эхнэр өөдөөс “чи архи уулаа” гэж хэлээд бид хоёр маргалдаж байхдаа би эхнэр О........магийн хөлөнд хөлөөрөө өшиглөж толгой руу нь гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-30),
- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарт “...Г.............хын Будхүү 2015 оны 12 дугаар сарын 30-нд Улаанбаатар хотод төрсөн, ...эцэг Б.............лын Г.............х, ...эх Ганболдын О........ма...” гэх баримт (хавтаст хэргийн 40) зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.Г.............х нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “гэртээ ирсэн гэдгээ хэлсэнгүй, цагдаа дуудлаа” гэх сэдэлтээр, хохирогч Г.О........маг толгой, гуя хэсэгт цохиж, шилбэнд өшиглөх зэргээр гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Г.............х нь хохирогчийг толгой, хөл хэсэгт гар, хөлөөрөө цохисон болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Мөн Б.Г.............х нь хохирогч Г.О........матай 2015 оноос эхлэн хамтран амьдарсан. Улмаар дундаасаа нэг хүүхэдтэй болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн тэдний мэдүүлэг болон хүүхдийн төрсний гэрчилгээний баримтаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогджээ.
Тиймээс шүүгдэгч Г.............х гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.О........ма нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Б.Г.............хыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Г.............хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Г.............хад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Г.............х, хохирогч Г.О........ма нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасан байна. Нөгөө талаар шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд шүүгдэгч Б.Г.............х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, тэрээр “Таван Богд” ХХК-д засварын механикаар ажилладаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Г.............хад торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 1908 0163 60498 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баарангууд овогт Б.............лын Галдбадрахыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г.............хыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г.............хад оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Г.............х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ