Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 571

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч А.Ганзориг,

шүүгдэгч Ч.Э..........н, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1476) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Аръяамаань овогт Ч..........лын Э..........нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1908 0135 80569 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Аръяамаань овогт Ч..........лын Э..........н, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1977 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, 42 настай, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ............... оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар УУ77............616, урьд

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 265 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан. 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Ч.Э..........н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5-58 байрны гадаа бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр иргэн Ц.Т..........ржийн эзэмшлийн самсунг А-8 маркийн гар утас, куртик зэрэг эд зүйлүүдийг авахаар довтлон хууль бусаар дээрэмдэн авч бусдад 955.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт Ч.Э..........н мэдүүлэхдээ  “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Ц.Т..........ржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 12 цагийн үед өөрийн амьдардаг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 9-58 дугаар байрны хажуу талын 8-58 дугаар байрны ертөнцийн зүгээр зүүн талын хүнсний дэлгүүр орж архи авах гээд дэлгүүр рүү орсон. Тухайн дэлгүүр дотор улаан куртиктэй өндөр залуу зогсож байсан. Тэгээд намайг архи авах гэж байхыг хараад надад хандаж “ах хоёрын хооронд жижиг архи авах гэж байхаар хоёулаа дундаасаа мөнгө нийлүүлээд арай том архи авъя” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд тэр хүнтэй мөнгөө нийлүүлээд бид хоёр тэр дэлгүүрээс 0,5 литрийн “Хараа” архи авсан юм. Тэгээд бид хоёр архиа ...дэлгүүрийн үүдний таамбар маягын юманд нь орж ...ууж эхэлтэл ...гаднаас танихгүй 3-аас 4 залуучууд бид хоёр дээр ирсэн. Тэр орж ирсэн залуучууд нь улаан куртиктэй надтай архи ууж байгаа залууг танидаг байсан тул тэр хүмүүстэй авсан архиа бид нар хувааж ууцгаасан. ...Тэгээд архиа дуусахаар нь “за ах нь одоо гэр лүүгээ орлоо" гэж хэлээд салж яваад 8-58 дугаар байрны урдуур тойроод гэр лүүгээ явж байсан чинь араас нэг хүн ирээд миний өмсөж явсан ...куртикийг дээш нь сөхөөд толгой дээгүүр нөмөргөөд урагш нь сугалж аваад зугтаад явсан. Би араас нь хөөсөн чинь эргэж хараад миний куртикийг над руу шидчихээд гүйгээд явсан. ...Тэгэхээр нь цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очоод хоёр цагдаа дагуулаад буцаад хэрэг болсон газар очсон чинь нөгөө надтай хамт архи уусан залуучууд бүгдээрээ булан тойроод гараад ирэхээр нь хамт явсан хоёр цагдаа тэр залуучуудыг дуудаж уулзаад байж байхад 8-58 дугаар байранд байдаг 6 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг эгч гарч ирээд тэр хоёр цагдаагийн хажууд “чи наад хүнийхээ куртикийг авч зугтаа биздээ” гэж хэлээд Э..........н гэдэг хүн рүү заасан. ...Э..........н миний гар утсыг Драгон төвийн тэнд байдаг гар утас засварын төвийн утас зардаг лангууны хүнд 200.000 төгрөгөөр зарсан байсныг мөнгөөр нь буцааж надад авч өгсөн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-28),

2. Гэрч С.Э........яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 8-58 дугаар байранд “Дулаан хан” нэртэй хүнсний мухлаг ажиллуулдаг юм. 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр байх сайн санахгүй байна. Одоогоос 1 жилийн өмнө 9-58 дугаар байрны 1-р орцонд амьдардаг залууг согтуу явж байсан нэг согтуу хүн араас нь очоод куртикийг нь татаад толгой дээгүүр нь нөмөргөж аваад зугтаж байхыг нь харсан. Тэгсэн куртикээ булаалгадаг Товуу гэдэг залуу 2 цагдаатай явж байхаар нь куртикийг нь булааж авсан залууг би зааж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33),

3. Гэрч Х.Н..........гений мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 8-58 дугаар байрны Ц.Т..........рж гэх нь бусдад гар утсаа дээрэмдүүлсэн гэх дуудлагаар очиж тэр хүний гар утас дээрэмдсэн гэх Ч.Э..........н гэх хүнийг цагдаагийн ахлах ахлагч О.Х.....горын хамт очиж Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлсэн юм...Тухайн үед хохирогч Ц.Т..........ржийн биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй хохирогч нь гар утсаа алдсан гээд сандарсан байдалтай байсан. Гар утсаа алдсан гэх хохирогч Ц.Т..........рж нь Ч.Э..........нд чи яагаад миний гар утсыг дээрэмдэж байгаа юм бэ? гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42),

4. Гэрч  О.Х.....горын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр ...Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 8-58 дугаар байрны гадаа согтуу хүнд гар утсаа дээрэмдүүлсэн гэж цагдаагийн байгууллагад өөрийн биеэр хохирогч ирж дуудлага мэдээлэл өгсөн. Ц.Т..........ржийн хамт очиж шалгахад Ч.Э..........н нь Ц.Т..........ржийн гар утсыг дээрэмдсэн гэсэн тул тухайн хүнийг...эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгч эрүүлжүүлсэн...тухайн үед хохирогч Ц.Т..........рж куртик гар утсыг нь дээрдэмдэж авсан хүнээс куртикээ буцааж авсан куртикний гадна халаасанд байсан гар утас хаан байна гэж асуусан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48),

5. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 266 дугаар тайланд “...Samsung А 8 гар утас 900.000 төгрөг, хар өнгийн куртик 55.000 төгрөг, нийт 955.000 төгрөг” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 52-54)

6. Шүүгдэгч Ч.Э..........ны мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ...Т..........рж бид нар 0.75 литрийн архийг уусан... Тэгээд Т..........рж гэх хүн нь би гэрлүүгээ явлаа гэхээр нь би 8-58 дугаар байрны урд явж байхаар нь би араас нь очоод өмсөж байсан куртикийг дээш сөхөж булааж аваад 8-58 дугаар байрны араар зүүн тийшээ зугтаасан. Тэгээд би куртикийг нь аваад гүйж явж байхдаа халаасанд нь байсан Самсунг А-8 загварын утсыг нь аваад 27 дугаар дэлгүүрийн хажууд ирсэн чинь Т..........рж араас хөөгөөд байхаар нь би буцааж куртикийг нь өөдөөс нь шидчихээд зугтаагаад явсан. Тэгээд Т..........рж куртикээ аваад үлдсэн. ...Т..........ржийн куртикний халааснаас авсан гар утсыг нь Драгон төвийн хажууд байдаг нэг утас зардаг газарт 200.000 төгрөгөнд тавьсан. Тэгээд би архи уух зорилгоор 27 дугаар хүнсний дэлгүүрт очсон чинь тэр хавийн архичид байсан. Тэгээд би утас зарсан мөнгөөрөө тэр хүмүүст 1 шил архи авч өгөөд зогсож байсан чинь Т..........рж 2 цагдаа дагуулан ирээд намайг бариулсан юм. Тэгээд 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сонгиохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байрнаас гарч ирээд Т..........ржийн утсыг нь буцааж утас зарсан газраасаа буцааж авч өгсөн чинь миний хэргийг шалгаж байсан байцаагч таны хэргийг хаасан та одоо явж болно гэж байсан юм. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 10-ны үеэр намайг цагдаагаас хайгаад байна гэхээр нь би хөдөөнөөс ирсэн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78-80),

7. Доод шатны прокурорын шийдвэрийг хүчингүй болгох тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 22), Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 83-84), мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагаан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 85-88, 89-91), эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл (хавтаст хэргийн 97-100),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 63, 57), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 69), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 72), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 59, 66, 67) зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ч.Э..........нд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Ч.Э..........н нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5-58 байрны орчим, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр, иргэн Ц.Т..........ржтой нийлэн 0.5 литрийн “Хараа” архи авч дэлгүүрийн таамбарт уусан байна. Улмаар тэд нар авсан архиа ууж дуусахад хохирогч Ц.Т..........рж нь гэртээ харихаар явах замд түүний араас очин куртикийг нь сөхөж, толгой дээгүүр нь нөмөргөн тайлж аван зугтаан, зугтаах явцдаа хохирогчийн Samsung А-8 маркийн гар утсыг аван бусдад 955.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

- Хохирогч Ц.Т..........ржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өдрийн 12 цагийн үед гэрийнхээ... зүүн талын хүнсний дэлгүүрт орж архи авах гээд ...орсон. Тухайн дэлгүүр дотор улаан куртиктэй өндөр залуу зогсож байсан. Тэгээд намайг архи авах гэж байхыг хараад надад хандаж “ах хоёрын хооронд жижиг архи авах гэж байхаар хоёулаа дундаасаа мөнгө нийлүүлээд арай том архи авъя” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд тэр хүнтэй мөнгөө нийлүүлээд бид хоёр тэр дэлгүүрээс 0.5 литрийн “Хараа” архи авсан юм. ...бид хоёр архиа ...дэлгүүрийн үүдний таамбар маягын юманд нь орж ... хувааж ууцгаасан. ...Тэгээд архиа дуусахаар нь “за ах нь одоо гэр лүүгээ орлоо" гэж хэлээд салж яваад 8-58 дугаар байрны урдуур тойроод гэр лүүгээ явж байсан чинь араас нэг хүн ирээд миний өмсөж явсан ...куртикийг дээш нь сөхөөд толгой дээгүүр нөмөргөөд урагш нь сугалж аваад зугтаад явсан. Би араас нь хөөсөн чинь эргэж хараад миний куртикийг над руу шидчихээд гүйгээд явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-28),

- Гэрч С.Э........яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 8-58 дугаар байранд “Дулаан хан” нэртэй хүнсний мухлаг ажиллуулдаг юм. ...өдрийг нь сайн санахгүй байна. Одоогоос 1 жилийн өмнө 9-58 дугаар байрны 1-р орцонд амьдардаг залууг согтуу явж байсан нэг согтуу хүн араас нь очоод куртикийг нь татаад толгой дээгүүр нь нөмөргөж аваад зугтаж байхыг нь харсан. Тэгсэн куртикээ булаалгадаг Товуу гэдэг залуу 2 цагдаатай явж байхаар нь куртикийг нь булааж авсан залууг би зааж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33),

- Гэрч Х.Н..........гений мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 8-58 дугаар байрны Ц.Т..........рж гэх нь бусдад гар утсаа дээрэмдүүлсэн гэх дуудлагаар очиж тэр хүний гар утас дээрэмдсэн гэх Ч.Э..........н гэх хүнийг цагдаагийн ахлах ахлагч О.Х.....горын хамт очиж Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлсэн юм. ...Гар утсаа алдсан гэх хохирогч Ц.Т..........рж нь Ч.Э..........нд чи яагаад миний гар утсыг дээрэмдэж байгаа юм бэ? гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42),

- Гэрч  О.Х.....горын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр ...Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 8-58 дугаар байрны гадаа согтуу хүнд гар утсаа дээрэмдүүлсэн гэж цагдаагийн байгууллагад өөрийн биеэр хохирогч ирж дуудлага мэдээлэл өгсөн. Ц.Т..........ржийн хамт очиж шалгахад Ч.Э..........н нь Ц.Т..........ржийн гар утсыг дээрэмдсэн гэсэн тул тухайн хүнийг...эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгч эрүүлжүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48),

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний 2019 оны 266 дугаар тайланд “...Samsung А 8 гар утас 900.000 төгрөг, хар өнгийн куртик 55.000 төгрөг, нийт 955.000 төгрөг” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 52-54)

- Шүүгдэгч Ч.Э..........ны мөрдөн байцаалтад өгсөн: “...Т..........рж гэх хүн нь би гэрлүүгээ явлаа гээд явсан. Тэгээд түүнийг 8-58 дугаар байрны урд явж байхаар нь би араас нь очоод өмсөж байсан куртикийг дээш сөхөж булааж аваад 8-58 дугаар байрны араар зүүн тийшээ зугтаасан. ...Гүйж явж байхдаа халаасанд нь байсан Самсунг А-8 загварын утсыг нь аваад 27 дугаар дэлгүүрийн хажууд ирсэн чинь Т..........рж араас хөөгөөд байхаар нь би буцааж куртикийг нь өөдөөс нь шидчихээд зугтаагаад явсан. ...би Т..........ржийн куртикний халааснаас авсан гар утсыг нь Драгон төвийн хажууд байдаг утас зардаг газарт 200.000 төгрөгөнд тавьсан. ...мөнгөөрөө хүмүүст 1 шил архи авч өгөөд зогсож байсан чинь Т..........рж 2 цагдаа дагуулан ирээд намайг бариулсан юм. ...Сонгиохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байрнаас гарч ирээд Т..........ржийн утсыг утас зарсан газраасаа буцааж авч өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78-80),

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 83-84), эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл (хавтаст хэргийн 97-100) зэрэг нотлох баримтуудаар дээрх үйл баримт нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Ч.Э..........н нь хууль зүйн хувьд шунхайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олж архи уух зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй согтуурсан байгааг далимдуулж, Ц.Т..........ржийн “Samsung А-8” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хүлээн авч тухайн зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Т..........ржид учруулсан хохирлыг шүүгдэгч нь бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаа, яллагдагчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх байх тул шүүгдэгч Ч.Э..........ныг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас Ч.Э..........ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүхээс Ч.Э..........ныг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Ч.Э..........н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “..гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс Ч.Э..........нд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлын төлж барагдуулсан зэргийг нь харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг дүгнэлтийг өөрчилж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэнтэй холбогдуулан түүнд Эрүүгийн хуульд заасны дагуу “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх хязгаарлалтыг тэнсэж хянан харгалзсан хугацаагаар авах нь зүйтэй.

Эрүүгийн 1908 0135 80569 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Аръяамаань овогт Ч..........лын Э..........н нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э..........нд хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ч.Э..........нд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг тэнссэн хугацаагаар тогтоосугай.

4. Шүүгдэгч Ч.Э..........н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй,  шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ