Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 572

 

    Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгч Б.Ц..............н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Их мээрэн долоон овогт Б.......хын Ц..............нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1908 0208 20659 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Их мээрэн долоон овогт Б.......хын Ц..............н, Монгол Улсын иргэн, Увс аймгийн Баруунтуруун суманд 1971 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, эрэгтэй, 48 настай, бүрэн дунд боловсролтой, ойжуулагч мэргэжилтэй, “Шинэ ............. Их” сургуулийн Эм зүйн сургуулийн ................. төвд туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ................тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ОА71..........0416.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Б.Ц..............н нь 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, амны орон сууцны 3-226б тоотод “гэрээс гарч явах гэлээ” гэсэн шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр С.Н.........агийн гар руу цохиж эрүүл мэндэд нь “баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц..............н мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч С.Н.........агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 09-ний орой 18 цагийн үед гэртээ ирээд байж байтал манай нөхөр Ц..............н архи уучихсан согтуу гэртээ орж ирсэн. Намайг хүүхэдтэйгээ утсаар ярьж байтал буруу ойлгоод “чи хашаа байшин зарах гэж байна” гэж хэлээд надад уурлаад байсан. Би Ц..............нд чи буруу ойлгоод байна гэж хэлсэн боловч тэрээр ойлгохгүй уурлаад байсан. ...Тэгээд Ц..............н агсан тавиад байхаар нь би хүүхдүүд дээрээ очих санаатай гэрээс гарсан чинь миний үснээс татаж гэрлүү оруулаад миний баруун бугалга руу гараараа нилээн олон удаа цохисон. ... би Ц..............нг аргалж тайвшруулж байгаад гэрээс гараад кино үйлдвэрт байдаг охиныхоо гэрт очоод хончихсон юм. ...Ц..............н өмнө нь намайг цохиж зодож байгаагүй ба архи уучихаад унтаж өгөхгүй хүн зовоогоод байдаг юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-15),

2. Гэрч Ц.П...........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 09-ний орой гэртээ байж байтал манай ээж Н.........а утсаар залгаад “аав чинь агсам тавиад байна. Хүрээд ирээч гэж” хэлэхээр нь би ээжид “та өөрөө такси бариад хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд би унтаад өглөө сэрсэн чинь ээж гэрт ирчихсэн байсан. ...манай аав архи уусан үедээ агсам тавих гээд байдаг ба зодож цохиод байдаг зүйл байдаггүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20),

3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 4525 дугаар дүгнэлт:

“...Хэсэг газрын үзлэгт: Баруун бугалганд гадна доод хэсэгт 7х4.5см хөхөрч хавдсан...ДҮГНЭЛТ:

1. С.Н.........агийн биед баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 35),

4. Шүүгдэгч Б.Ц..............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр би гэрээс гараагүй бөгөөд манай эхнэр Н.........а өглөө ажилдаа гараад явсан ба би өдөржин гэрээ байж байгаад орой нь гэрээсээ гараад дэлгүүр орж нэг шил 0,33 литрийн Ерөөл нэртэй архи авчираад тэрнийгээ би ганцаараа уусан юм тэгээд удалгүй манай эхнэр ороод ирсэн бөгөөд эхнэр утсаар хамаатны хүнтэй ярьж байхдаа хашаа байшингаа барьцаанд тавин гэх зүйл ярихаар нь би уурлаад эхнэртэйгээ маргалдсан бөгөөд маргалдаж байтал манай эхнэр Н.........а гэрээс гараад зугтаах гэхээр нь би үснээс татаж гэр рүүгээ оруулж ирсэн. Тэгээд ахиад маргалдаж байхдаа би эхнэр С.Н.........агын баруун гарын булчин руу нь хоёроос гурван удаа цохисон. Тэгээд би орой нь унтаад өгсөн ба маргааш өглөө нь сэрсэн чинь манай эхнэр Н.........а байхгүй байсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76-79),

5. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 43-53), Аюулын зэргийн үнэлгээний маягт (хавтаст хэргийн 38-41), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 57),

- Оролцогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт (хавтаст хэргийн 85), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 87), Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 94),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 56, 61), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 60), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 58, 59,)  хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 67-69), Шинэ Анагаах ухаан Их сургуулийн тодорхойлолт (хавтаст хэргийн 83), эвлэрлийн гэрээ (хавтаст хэргийн 84) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Ц..............нд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Ц..............н нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, амины орон сууцны 3 дугаар гудамжны 226 б тоотод, 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй сэдэлтээр “гэрээс гарч явах гэлээ” гэсэн шалтгааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр С.Н.........агийн гар руу цохиж эрүүл мэндэд нь “баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч С.Н.........агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 09-ний орой ...Ц..............н архи уучихсан согтуу гэртээ орж ирсэн. Намайг хүүхэдтэйгээ утсаар ярьж байтал буруу ойлгоод “чи хашаа байшин зарах гэж байна” гэж хэлээд надад уурлаад байсан. ...Тэгээд Ц..............н агсан тавиад байхаар нь би хүүхдүүд дээрээ очих санаатай гэрээс гарсан чинь миний үснээс татаж гэрлүү оруулаад миний баруун бугалга руу гараараа нилээн олон удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-15),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 4525 дугаар дүгнэлт: “...1. С.Н.........агийн биед баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 35),

- Шүүгдэгч Б.Ц..............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эхнэр Н.........а гэрээс гараад зугтаах гэхээр нь би үснээс татаж гэр рүүгээ оруулж ирсэн. Тэгээд ахиад маргалдаж байхдаа би эхнэр С.Н.........агын баруун гарын булчин руу нь хоёроос гурван удаа цохисон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76-79) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.Ц..............н нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “гэрээс гарч явах гэлээ” гэх сэдэлтээр, хохирогч С.Н.........агийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Нөгөө талаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр...” тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байхаар тус тус хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл хууль зүйн хувьд шүүгдэгч Б.Ц..............н, хохирогч С.Н.........а нар нь эхнэр, нөхөр болох нь тэдний мэдүүлэг, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.

Тиймээс шүүгдэгч Б.Ц..............нг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Н.........а нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Б.Ц..............н нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Ц..............нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 485 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 485.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Цэдэнсүрэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Ц..............н, хохирогч С.Н.........а нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч Б.Ц..............н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 485 нэгж буюу 485.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Ц..............н торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.  

Эрүүгийн 1908 0208 20659 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Их мээрэн долоон овогт Б.......хын Ц..............нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Ц..............нг 485 (дөрвөн зуун наян тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 485.000 (дөрвөн зуун наян таван мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цэдэнсүрэн нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХЗУЛ