Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 335

 

    “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

   иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/06875 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Сэлэнгэд холбогдох          

207 493 444,20 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлтийг барьцаа хөрөнгөөр хангуулах  тухай иргэний хэргийг 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунжаргал, Ч.Лувсанцэрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч “Капитал банк“ ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунжаргал, Ч.Лувсанцэрэн нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Сэлэнгэ нь 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 52 тоот зээлийн гэрээг байгуулж 141 778 000 төгрөгийг, 180 сарын хугацаатай, жилийн 19,2 хувийн хүүтэй, орон сууцны зээл авсан. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 60 дугаар байрны 10 тоот 74,62 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Л.Сэлэнгэ өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн хүү 17 758 189,21 төгрөг, үндсэн зээл 1 295 070,60 төгрөг нийт 19 053 259,81 төгрөг төлсөн бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш ямар нэгэн төлөлт хийгдээгүй байна. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийг үндэслэн зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг зээлдэгч Л.Сэлэнгээс шаардаж байна. Зээлдэгчийн үндсэн зээл 140 482 929,40 төгрөг, зээлийн хүү 55 842 095,67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11 168 419,13 төгрөг нийт 207 493 444,20 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Сэлэнгэ шүүхэд гаргасан тайлбартаа: “Капитал банк” ХХК-ийн нэхэмжилж байгаа 207 493 444,20 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Би “Нийслэл Өргөө” ХК-ийн барьж байсан Өргөө хотхоны A блокийн 74,62 м.кв 3 өрөө орон сууцыг 141 778 000 төгрөгөөр 2013 оны 9 дүгээр сарын 26-нд худалдан авахаар захиалахдаа 10 000 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 24-нд 10 000 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 18-нд 11 846 083 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 25-нд 9 930 000 төгрөг нийт 41 776 083 төгрөг буюу 30 хувийн урьдчилгаа төлсөн. 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Капитал банкнаас 141 778 000 төгрөг буюу орон сууцны 1,6 хувийн хүүтэй, cap бүр 2 406 638,10 төгрөг төлөхөөр 100 хувийн зээлийн гэрээ хийгдсэн. Тухайн зээлийн гэрээг хийхэд барилгыг улсын комисс хүлээн аваагүй болон барилгын ажил 95 хувьтай явагдаж байсан. Орон сууцны улсын комиссын акт гарахад 8 хувийн зээлд хамруулж өгнө гэж Капитал банк, “Нийслэл Өргөө” ХК нь хэлсний дагуу би энэхүү зээлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Энэ дагуу 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ипотекийн 8 хувьд хамрагдаж чадахгүй байж магадгүй гээд цаг хугацаанд нь аль байдгаараа хичээж 2 406 638,10 төгрөгийн зээлийг 7 сарын хугацаанд нийт 19 053 259,81 төгрөг төлж байсан. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт 2014 оны 7 дугаар сарын 23-ны №2014/411 тоот актаар хүчин төгөлдөр болсон. Миний бие ипотекийн 8 хувийн зээлийг 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс хөөцөлдөж эхэлсэн. Хөөцөлдөх явцад Капитал банкны эдийн засагч н.Гантуяа нь тухайн орон сууцны 30 хувь төлсөн баримтуудаа авч ирэхийг шаардсны дагуу холбогдох баримтуудыг бүрэн хүлээлгэж өгсөн. Гэтэл эдийн засагч н.Гантуяа нь “Нийслэл Өргөө” ХК таны төлсөн мөнгийг манай банкинд өгсний дараа 8 хувийн зээлд хамруулна гэж хэлсэнээр энэхүү cap бүрийн 2 406 638,10 төгрөгийн өндөр зээлийг төлөх боломжгүй болсон. Тухайн үед “Нийслэл Өргөө” ХК-ийн удирдлага хоригдоод үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон учраас надад энэхүү 30 хувийн төлбөрийг гаргаж өгч чадахгүй байсан. Харин “Нийслэл Өргөө” ХК нь Капитал банкинд барьцаатай байсан Өргөө хотхоны Б, С блок орон сууцны барилгаа 13 тэрбумаар борлуулах боломж гарч ирсэн бөгөөд үүний дагуу “Нийслэл Өргөө” ХК-ийн санхүү эрхэлсэн дэд захирал Ш.Оюунчимэгийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1/14 албан тоотоор “Л.Сэлэнгэд 30 хувийн төлбөрийг энэхүү мөнгөнөөс төлөхөд татгалзах зүйлгүй” гэсэн албан тоот Капитал банкны зээлийн газрын захирал н.Дэлгэрцэцэгт өгөхөд худлаа шалтаг хэлэн биелүүлээгүйгээс өдий хүртэл миний бие ипотекийн 8 хувийн зээлд хамрагдаж чадаагүй. Энэхүү өндөр төлөлттэй зээлээ төлж чадахгүйд хүрлээ арга хэмжээ авч өгөөч гэж Капитал банкны зээлийн газрын захирал н.Дэлгэрцэцэгт удаа дараа мэдэгдэж хүсэлт өгч байсан боловч 1 удаа уулзаж, хариу хэлээгүй байж байгаад 2016 оны 4 дүгээр сараас гэнэт л 30 хувиа төлөөд эсвэл үл хөдлөх хөрөнгө барьцаалаад ипотекийн 8 хувийн зээлд ор гэж ярьж эхэлсэн.

2. “Нийслэл Өргөө” ХК, Капитал банк, миний хооронд байгуулсан гэрээний дагуу 1,6 хувийн хүүтэй, сард 2 406 638,10 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан нь учир дутагдалтай. Учир нь: Би “Нийслэл Өргөө” ХК-д тухайн үед ерөнхий нягтлан бодогч ажилтай, сарын цалин 1 200 000 төгрөг бөгөөд тухайн үед Худалдаа хөгжлийн банкинд сард 271 559,79 төгрөгийн төлөлттэй орон сууцны, Голомт банкинд сард 559 681,62 төгрөгийн төлөлттэй цалингийн зээлтэй байсныг харгалзан үзэлгүй, хамтран зээлдэгчгүй дан ганц хүн дээр ийм зээл гаргасанд гомдолтой байна.

3. “Нийслэл Өргөө” ХК нь Капитал банкнаас Өргөө хотхоны А, Б, С блокийн орон сууцыг барихын тулд зээл авсан байсан бөгөөд энэхүү зээлийн хүүг төлөхийн тулд миний бие болон надаас гадна 4 хүн дээр орон сууцны 100 хувийн зээл гаргаж зээлийн хүүг төлсөн байдаг. Энэ 4 хүнээс нэг нь ипотекийн 8 хувийн зээлд орсон бөгөөд 2 нь орж чадаагүйгээр барахгүй шүүх дээр орон сууцаа хураалгах хэмжээнд явж байна. Харин нэг нь орон сууцандаа орж чадаагүй гэжээ.

Шүүх:  Банк  эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 153.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Сэлэнгээс 191 001 917,52 төгрөг гаргуулж,  нэхэмжлэгч  “Капитал банк” ХХК-д  олгож,  нэхэмжлэлийн шаардлагаас 16 491 526,68 төгрөгт болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөр хангуулах тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар  зүйлийн  60.1  дэх  хэсэгт  зааснаар  нэхэмжлэгчийн  улсын  тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 265 617 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 112 960 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Л.Сэлэнгэ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаагүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Тодруулбал, шийдвэрийн үндэслэх хэсэгт:

1. "...Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн тул гэрээг цуцалсан гэж тайлбарласан. Хариуцагч нь зээлийг буцаан төлөх боломжгүй, учир нь зээл авах үед 2 төрлийн зээл төлж байсан гэж тайлбартаа дурджээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь зээлийг буцаан төлөх хуваарийг зөрчсөн талаараа маргаагүй. Улмаар нэхэмжлэгчид нэг талын санаачилгаар гэрээг цуцлах эрх үүссэн байна... " гэжээ. 2015 оны 01 дүгээр сарын 30-нд "Нийслэл өргөө" ХК нь Капитал банкинд 1/14 тоот албан бичгээр миний байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 30 хувийн 41 776 083 төгрөгийг тус банкинд байрших "Нийслэл Өргөө" ХК-ийн мөнгөнөөс гаргаж 141 778 000 төгрөгийн үндсэн зээлээс хасч тооцохыг зөвшөөрсөн албан бичгийг нэхэмжлэгчид өгсөн. Мөн би сарын 1 200 000 төгрөгийн орлоготой бөгөөд нэхэмжлэгчээс гадна өөр Худалдаа хөгжлийн банк, Голомт банкинд тус тус давхар зээл төлдөг байсан учир Капитал банкинд сард 2 406 638,10 төгрөг төлөх боломжгүй. Ийнхүү 41 776 083 төгрөгийг үндсэн зээлээс суутган тооцох, жилийн 8%-ийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлж өгөхийг банкинд удаа дараа хандан хүсэлт гаргаж байсан боловч хүсэлтийг минь шийдвэрлээгүй. Харин миний бие 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл өөрт байгаа бүх боломж бололцоогоороо cap бүр тогтмол зээлийн эргэн төлөлтөө хийж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байсан. Гэвч нэхэмжлэгч нь "Нийслэл Өргөө" ХК-ийн албан бичгийг хүлээн авсан атлаа 41 776 083 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцоогүй, мөн орон сууцыг улсын комиссын акт гарахад 8 хувийн зээл рүү шилжүүлж өгнө гэсэн тохиролцоогоо биелүүлээгүй зэрэг зөрчлийг гаргаж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж эхэлсэн. Ийнхүү 2015 оны 02 дугаар сарын 05-наас хойш зээлийн эргэн төлөлтийг графикийн дагуу хийх боломжгүй болж 2015 оны 5 дугаар сарын 08-нд Капитал банкны зээлийн газрын захирал н.Дэлгэрцэцэгт хандан №52 тоот зээлийн гэрээг цуцлан, зээлийн гэрээг "Нийслэл Өргөө" ХК-д хамаатуулж өгөхийг хүсч Иргэнийи хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс зээлийн гэрээг хугацаанаас өмнө гэрээг цуцлах тухайгаа мэдэгдэж цуцалсан болно.

2. Зээлийн гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэл гаргах хүртэл 2 жил 6 cap
3 хоног болсон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч гэрээг цуцлах хүртэл нийт 68 227 777,33
төгрөгийн хүү тооцогдоно гэжээ. Шүүхээс гэрээний үргэлжилсэн хугацаа 2015 оны 3 дугаар сарын 05 хүртэл буюу 10 cap 2 хоног байхад 2 жил 6 cap 3 хоног үргэлжилсэн гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь: зээлийн гэрээний 8.3.3-т "Зээлдэгч энэхүү гэрээнд заасан зээл, зээлийн хүү болон бусад төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй мөн орон сууцны санхүүжилтийн гэрээний 5.1 А.З-т "зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг 2 cap буюу түүнээс дээш хугацаагаар төлөөгүй тохиолдолд банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээ болон орон сууцны санхүүжилтийн гэрээг тус тус хугацаанаас өмнө цуцлах эрхтэй” гэж заасан бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш хариуцагч нь гэрээний графикт хугацааг зөрчиж, үүнээс хойш 60 хоног өнгөрсөн байхад нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан зээлийн гэрээний үүргээ буцаан шаардах үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасны дагуу хэтэрсэн хугацаа хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхээ алдсан болно. Ийнхүү нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн тул хариуцагч нь хэтэрсэн хугацааны 118 сарын хүү төлөх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд гэрээ цүцлах хүртэл хугацаанд зээлийн төлбөрт 19 053 059,81 төгрөгийг төлсөн учир үндсэн зээлд 191 001 917,52 төгрөг биш 141 778 000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлтэй болно.

3. Хариуцагч нь орон сууцны зээлийн төлбөрийн зарим хэсгийг өөрийн ажиллаж байсан "Нийслэл Өргөө" ХК-д төлсөн гэж тайлбарлаж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлсэн боловч энэ нь банктай байгуулсан зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэжээ. 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр орон сууц захиалагч Л.Сэлэнгэ болон гүйцэтгэгч "Нийслэл Өргөө" ХК, Капитал банк нарын хооронд орон сууц санхүүжилтийн гурвалсан гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээний 3.2.8-д "Гүйцэтгэгч захиалагчийн талаар худал баримт бүрдүүлж өгснөөр зээл, гэж заасныг зөрчин анхнаасаа намайг "Нийслэл Өргөө" ХК нь Худалдаа хөгжлийн банктай 2006 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан №212 тоот зээлийн гэрээ, Голомт банктай 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ1705037038 тоот зээл болон барьцааны гэрээгээр тус тус давхар зээл төлдөг, Капитал банкнаас олгох хэт өндөр хүүтэй зээлийг эргэн төлөх боломжгүй гэдгийг мэдсээр байж нуун дарагдуулсан. Иймээс 2015 оны 01 дүгээр сарын 05-наас хойш 2015 оны 3 дугаар сарын 05 хүртэл зээлийн гэрээний 2 сарын хэтэрсэн хугацааны зээлийн эргэн төлөлтийг нэхэмжлэгч нь орон сууцны санхүүжилтийн гэрээний 3.2.8-д заасны дагуу "Нийслэл Өргөө" ХК-иас гаргуулан авах нь зүйтэй. Иймд шүүхийн шийдвэрийн хариуцагчаас 191 001 917,52 төгрөг гэснийг 140 482 929,40 төгрөг гэж үлдэх 50 518 988,12 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь хариуцагч Л.Сэлэнгэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 207 493 444,20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажэээ.

Талуудын хооронд 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр №52 тоот зээлийн гэрээг 2029 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаатай байгуулж, 141 778 000 төгрөгийг, жилийн 19,2 хувийн хүүтэй, дутуу гүйцэтгэсэн зээлийн үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцож, зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү тус тус тооцож төлөхөөр тохиролцсон байна /хх-7-10/.

Мөн нэг талаас нэхэмжлэгч “Капитал банк” ХХК, нөгөө талаас “Нийслэл Өргөө” ХХК,  хариуцагч Л.Сэлэнгэ нарын хооронд 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдөр №52 тоот “Орон сууцны санхүүжилтийн” гэрээ байгуулагдсан /хх-13-14/ үйл баримтын талаар талууд маргаагүй.

Дээрх зээлийн гэрээний дагуу хариуцагч Л.Сэлэнгэ нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчин 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс төлөлт хийгээгүй байх тул Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч гэрээг цуцалж, зээлийг хугацаанаас өмнө төлүүлэхээр шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл авсан этгээд зээлээ хугацаанд нь төлөх, гэрээгээр тохиролцсон хугацааны хүү төлөх, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хэтрүүлсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх журамтай.

Хэдийгээр талуудын хоорондын зээлийн гэрээний үндсэн хугацаа дуусаагүй боловч хариуцагч Л.Сэлэнгэ нь зээл төлөх хуваарийг зөрчин Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй нь тогтоогдож байх тул зээлдүүдэгч банкны хувьд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлахаар шаардлага гаргах эрхтэй байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.14-д “Зээлдэгч нь гэрээнд заасан ерөнхий хугацаанд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд зээл төлөгдөх ерөнхий болон хэсэгчилсэн хугацааны эцсийн өдрийн дараах өдрөөс төлбөр дутуу гүйцэтгэсэн зээлийн үлдэгдлээс үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцож, зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцно...“ гэж ерөнхий нөхцлөөр заасан байх бөгөөд нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь баримтаар нотлоогүй болно.

Харин зээлдэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтрүүлсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй тул зээлийн гэрээ байгуулагдсан 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 29 сар 5 хоногийн хүүг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй. Иймд үндсэн зээлийн гэрээний үүрэг 141 778 000 төгрөгөөс тооцон үзэхэд жилд 27 221 376 төгрөг, сард 2 268 448 төгрөгийн хүү төлөх бөгөөд 29 сар 5 хоногоор /2 268 448 * 29 сар=65 784 992 төгрөг, 2 268 448*5/30=378 074,67 төгрөг/ тооцоход 66 163 066,67 төгрөгийн хүү, үндсэн зээлийн үлдэгдлийн хамт нийт 207 941 066,67 төгрөг болж байхад анхан шатны шүүх тооцооллын алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөх шаардлагатай.

Тиймээс хариуцагч Л.Сэлэнгэ нь зээлийн гэрээний үндсэн үүрэг 207 941 066,67 төгрөг төлөхөөс талуудын маргахгүй байгаа үнийн дүн болох 19 053 259,81 төгрөгийг хасч тооцон 188 887 807 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Мөн хариуцагч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаар өөрөө нэхэмжлэгч талд хүсэлт гаргаж байсан /хх-40-42/ бөгөөд уг хүсэлтийг нэхэмжлэгч тал хүлээж авсан эсэх талаар хэрэгт баримт авагдаагүй байх тул нэхэмжлэгч байгууллагад гэрээг цуцлахаар шаардлага гаргаж байсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүйг дурдав.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/06875 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 1 дэх заалтад “...191 001 917,52...” гэснийг ”...188 887 807...” гэж, “...16 491 526,88...” гэснийг “ ...18 605 637,20...” гэж,

2 дахь заалтад “...1 112 960...” гэснийг “...1 102 389...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Сэлэнгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 410 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                              ШҮҮГЧИД                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                                   Д.БАЙГАЛМАА