| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2019/0574/Э |
| Дугаар | 574 |
| Огноо | 2019-05-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 574
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Журагат,
улсын яллагч Д.Нямбат,
хохирогч А.Т.......га
шүүгдэгч Т.Ү...........г, түүний өмгөөлөгч Д.Гангантөгс (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0353) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Харчин овогт Т.......ягийн Ү...........гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 0558 50705 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Харчин овогт Т.......ягийн Ү...........г, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эмэгтэй, 32 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Би Эс Кэй” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, ................. тоотод түр оршин бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ШВ8...............01.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Т.Ү...........г нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Өнөр зочид буудлын 202 тоот өрөөнөөс А.Т.......гын хөөргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:
1. Шүүгдэгч Т.Ү...........г мэдүүлэхдээ “...2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ажил дээрээ байхад...Д.Т.......г, С.У....ал, Ж..........н нар уулзсан байна танай ажил дээр яваад очьё гээд...21 цагийн үед манай ажил дээр ирсэн...тухайн үед би охинтойгоо явж байсан учраас такси бариад охиноо гэртээ хүргэж өгчихөөд...бид нар Модны хоёрт караокед ороод архи ууж байгаад шөнийн 00 цагийн үед гарсан. Тухайн үед миний виза карт байхгүй байсан...би караокенаас яаж гарснаа мэдэхгүй байна нэг мэдэхэд буудлын өрөөд сэрсэн...тэгээд явах гээд хувцсаа өмссөн чинь миний утас, виза карт байхгүй байхаар нь Т.......гаас асуухад чи утас, виза карт хоёроо таксинд унагаасан гэж хэлсэн...тэгэхээр нь би гэр рүүгээ такси барьж явж байгаад Ж..........нгийн кармаанаас авсан хөөргөө таксины мөнгө байхгүй байсан учраас таксинд өгч явуулсан. Тухайн үед би хөөрөг өгч явуулсан машины дугаарыг харж чадаагүй...би өглөө нь хүний хөөргийг таксинд өгсөн гэдгээ мэдсэн...гэтэл Ж..........н над руу мессеж бичээд хөөрөгний эзэн нь цагдаагийн байгууллагад өгсөн байна надаас 10 сая төгрөг нэхэж байна гэж хэлсэн. Тэгээд Ж..........нтай уулзсан чинь хохирогч Т.......гатай хамт ирсэн. Тэгээд би ямар хөөрөг байсан талаар асуухад “Алтан нуухтай, шүрэн толгойтой, манан хөөрөг байсан” гэж надад хэлсэн...тэгээд би Ж..........нгийн эхнэрийн данс руу 400.000 төгрөгийг шилжүүлсэн...би өөрийнхөө хийсэн үйлдэлдээ харамсаж байна...” гэв.
2. Хохирогч А.Т.......га мэдүүлэхдээ “...2018 оны 11 дүгээр сард найз Ж..........нтай хамт хөөргөө зарах гээд явж байсан тухайн үед миний эзэмшлийн автомашин банк бус санхүүгийн байгууллагад тавьсан байсан учраас мөнгө нэхэгдээд байсан. Би тухайн үед хөөргөө уртцагаан дээр хүнд үзүүлэхэд 6 сая төгрөгөөр үнэн тохирох юм бол авъя гэж байсан. Тэгээд би Хятад улс руу явах ажил гараад хөөргөө Ж..........нд үлдээчихээд 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ирсэн. Тэгээд Ж..........н руу залгаад хөөргөө авъя гэсэн чинь Ж..........н чамтай очиж байгаад уулзъя гэж хэлсэн. Тэгээд манай гэрт ирээд хэлэхдээ “манай нэг найз хөөргийг чинь аваад явсан байна гэж хэлсэн. Тэгээд Ж..........н бид хоёр Ү...........гтэй уулзахаар болоод ажил дээр нь очиход Ү...........г эхлээд хөөрөг аваагүй гэж байснаа сүүлд нь авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн, тэгэхээр нь би цагдаа сэргийлэх гээд явах зүгээр тохиръё гэж хэлсэн. Тэгээд бид хоёр 6 сая төгрөгөөр тохиролцсон...гэтэл Ү...........г нь 3 сая төгрөг өгөхөөр болоод 11 дүгээр хорооллын хаан банк орсон чинь мөнгө бүтэхгүй болсон гэж хэлсэн...тэгээд би Ү...........гээс 1.700.000 төгрөгийг авсан байгаа. Би энэ хэргээс болж маш их гомдолтой байна...намайг хохиролгүй болгож өгнө үү...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Гэрч О.Ж..........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.......г, Ү...........г нар чатаар над руу “Бид нар уулзах гэж байна. Чи ирэх үү?” гэж намайг дуудахаар нь 1 дүгээр хорооллын Саппорогийн ТНТ бааранд ирсэн. ...Тэгээд Т.......г, Н......яа нарын хамтаар таксидаж, Ү...........гийг 4 дүгээр дэлгүүрээс аваад Ү...........гийн охиныг гэрт нь хүргэж өгөх гээд Зайсан дахь гэрт нь очсон. Ү...........гийг таксинд хүлээж байх зуураа би хөөргөө гаргаж Т.......гтай хөөрөглөчихөөд, буцаагаад хар өнгийн савхин куртикныхаа зүүн талын дотор халаасанд хийсэн. Удалгүй Ү...........г гарч ирээд Т.......г, Н......яа бид 4 Модны 2-н “Мичид” зочид буудлын зүүн талын караокед 22 цагийн үед орж 0.75 литрийн нэг шил “Соёрхол” архи хувааж ууж байгаад би П........хүү руу залгаж дуудаад ирэхээр нь дахиж 0.75 литрийн “Соёрхол” архи уугаад тус караокеноос 01 цагийн үед гарсан. Караокеноос гарах үед Ү...........г тасарчихсан хөл дээрээ босож ч чадахгүй байхаар нь бид нар ярилцаж байгаад 1-р хорооллын “Өнөр” нэртэй зочид буудалд ирсэн. Н......яа гэрлүүгээ өглөө ажилтай гээд яваад өгсөн. Тэгээд Ү...........г, Т.......г, П........хүү бид нар бөөнөөрөө тус зочид буудалд хонохоор болоод орцгоосон. Ороод хаалга үүдээ цоожилчхоод гадуур хувцас буюу хар савхин куртикээ тайлаад өлгүүрт нь өлгөх үед миний зүүн талын халаасанд хөөрөг байж байсан. Бид нар тэндээ бас нэг том шар айраг 4 лээ хувааж уучихаад юм яриж сууж байгаад П........хүү, Ү...........г хоёр унтаад өгөхөөр нь Т.......г бид хоёр юм ярьж хэвтэж байгаад “За за хоёулаа одоо унтъя” гээд хэвтэж байтал Ү...........г гэнэт босож ирээд “Миний утас алга болчихлоо” гээд тэр өрөөнд хүмүүсийн хувцас нэгжиж байгаад удалгүй би одоо харьлаа гэж хэлээд гараад явчихсан Бид нар унтаад үлдсэн. Өглөө 07 цагийн үед бид 3 босоод явах гэж байтал гэнэт миний хөөрөг алга болсныг мэдээд нөгөө хоёртоо хэлээд хайж үзтэл олдоогүй. ...тэр өдрөөс хойш Т.......г бид хоёр Ү...........г рүү чат бичсэн боловч Ү...........г “Би аваагүй” гээд байсан. Дараа нь 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Ү...........г надруу “Хоёулаа уулзах хэрэг байна” гэж чат бичээд 16 цагийн үед Дөлгөөн нуурын ард талын “Би” центр гэдэг нэртэй газрын зүүн талд Ү...........гтэй уулзтал, эхэндээ би аваагүй, мэдэхгүй байна гээд гүрийгээд байхаар нь би “Яах гэж хүний халаас ухаж, хүний үнэтэй хөөрөг хулгайлж байгаа юм бэ?” гэж хэлтэл Ү...........г “Би хөөргийг чинь авахын хувьд авчихсан байсан юм. Гэхдээ би тухайн өдөр харих гээд таксины мөнгө байхгүй болохоор нь таксины хүнд өгөөд явуулчихсан юм. Гэхдээ би одоо аваад гээчихсэн нь үнэн юм чинь цагдаад битгий мэдэгдээрэй би өөрөө төлчихнө. Наад хөөрөг чинь 6 сая төгрөг хавьцаа байгаа байх. Би 6 сая төгрөг өгье. Надад дансны дугаараа үлдээчих. Би өнөөдөр 3 сая төгрөгийг нь 12 дугаар сарын дундуур үлдсэн 3 саяыг нь өгье” гэж хэлэхээр нь тохироод салцгаасан. ...Хөөрөгний эзнийг Т.......га /80600344/ гэдэг бөгөөд миний найз байгаа юм. Бид хоёр нийлээд хөөргийг нь хүнд 8 сая төгрөгөөр зарах гэж байсан бөгөөд тухайн үед хөөрөг нь надад байсан юм. Хөөрөг нь алтан нуухтай, ногоон оюутай, хаш толгойтой хөөрөг байсан. Т.......га содон шинж тэмдэг болон үнийг нь сайн хэлж мэднэ Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50),
2. Гэрч Д.Т.......гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ү...........гийн гар утас болон виза картыг нь баарнаас гарахдаа ресейпшнд тооцооныхоо оронд барьцаа болгон үлдээгээд явчихсан болохоор Ү...........гт хэлэхээс санаа зовоод хэлээгүй. Удалгүй өглөө болж 07 цагийн үед Ж..........н, Пүүжээ бид 3 явахаар болж байтал гэнэт Ж..........н халаасаа ухаж байснаа “Миний хөөрөг алга болчихсон байна.” гэхээр нь бид нар хоносон газраа хөөргөө хайж байгаад олохгүй болохоор нь би “За за та нар хөөргөө сайн хайгаарай” гэж хэлээд ажилтай болохоор түрүүлж явсан. Тухайн үед таксинд Ж..........н хөөрөг гаргаж ирж, тамхилахдаа хөөргөө надад сайн үзүүлээгүй бөгөөд гартаа барьж байхын харсан учраас ямар төрлийн, ямар хөөрөг байсан талаар сайн хэлж мэдэхгүй байна. Уг нь тэр хөөрөгний толгойг нь надад үзүүлж байсан. Гэхдээ би согтуу байсан болохоор өнгийн санахгүй байна. ...Хөөрөг алга болдог өдөр уулзалдсан. ...Ж..........н хөөргөө таксинд байхдаа гаргаж ирснээс хойш дахиж гаргаж ирээгүй. Ж..........н тухайн үед гадуураа хар өнгийн савхин куртик өмссөн байсан бөгөөд хөөргөө зүүн талынхаа дотор халаасанд хийсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57),
3. Гэрч Б.П........хүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өлөө 07 цагийн үед бүгдээрээ явахаар болоод сэрэхэд Ү...........г явчихсан байсан. Удалгүй Ж..........н “Миний хөөрөг алга болчихсон байна” гээд бид нар хөөргийг хайгаад олоогүй. Сүүлдээ Ү...........г авсан байх гэж бүгд сэжиглээд буудлаас гарцгаасан. Түүнээс хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байна. ...Ж..........н надад “Энэ нөгөө Т.......гаагийн зарах гэж байгаа хөөрөг шүү дээ" гэж надад үзүүлсэн. Цагаан өнгийн хөөрөг байсан. Яг сайн тогтож хараагүй. Хөөргөө хар савхин куртикныхаа зүүн талын энгэрийн халааснаас гаргаж ирээд буцаагаад хийж байгаа харагдсан. ...Хамгийн сүүлд Ж..........нгийн хөөрөг караокед байсан бөгөөд түүнээс хойш хөөрөг алдагдах ямар нэгэн боломж байгаагүй. Бид нарыг унтаж байх хооронд Ү...........г гараад явсан болохоор Ү...........гийг авсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59),
4. Хохирогч А.Т.......гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...аав салаад явахдаа ээжид “энэ хөөргийг хүүг минь том болохоор өгөөрэй” гэж хэлээд явж байсан юм байна лээ. Тэгээд 2000 оны эхээр ээж надад өвлүүлж өгсөн. Түүнээс хойш хөөргийг нь хэрэглэж байгаад саяхан уурхай ажиллуулах гээд мөнгөний хэрэг гарахаар нь хөөргөө зарахаар болоод найз Ж..........нгийн хамт нэг хүнд 11 дүгээр сарын сүүлээр 7-с 8 сая төгрөгөөр зарахаар болоод утасны дугаарыг нь авч үлдээд мөнгөтэй болохоор нь зарна гээд тухайн үедээ салцгаасан. Би Хятад улс руу ажлаар явах хэрэг гараад тэр үеэр нөгөө хөөрөг авах гэж байгаа залуу мөнгөтэй болчихож магадгүй гэж бодоод өөрийнхөө хөөргийг найз Ж..........нд зарчихаарай гэж хэлээд үлдээгээд явсан. Тэгээд би Хятад улсаас 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ирээд Ж..........нтай яриад хөөргөө асуутал Ж..........н манай гэрт ирээд болсон асуудлын талаар тайлбарлаж өгсөн. Ж..........н бид хоёр миний хөөргийг авсан гэх Ү...........г гэх хүнтэй утсаар ярьж байгаад ажил дээр нь очиж уулзаад хөөргөө асуутал эхэндээ би аваагүй гэж байснаа сүүлдээ авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Ү...........г хэлэхдээ “би өглөө эрт гарахдаа аваад гарчихсан байсан. Тэгээд тэр өдөр таксинд суугаад харих замдаа мөнгөгүй байсан болохоор таксины хүнд өгөөд явуулчихсан” гэж надад хэлж байсан. Тэгээд тухайн өдрөөс хойш мөнгийг нь өгнө гэж хэлсээр өгөлгүй өдийг хүрлээ...2000 оны эхээр шинээр чулуу хийлгэж, толгойг нь тавьж өгч байсан. Толгой нь манай өвөөгөөс өвлөгдөж ирсэн шүрэн толгой, ногоон оюу нь дуураймал, алтан нуухтай, мөнгөн эмжээртэй, зааны ясан халбагатай манан хөөрөг байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-37),
“...миний хөөрөгний толгой шүрэн толгойтой, алтан нуухтай, мөнгөн хажтай, дуураймал оюутай, зааны ясан халбагатай. Миний хөөрөгний толгой бол аав надад өвлүүлж үлдээсэн үеийнх шигээ л шүрэн толгойтой байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38),
5. Хөөрөгний гэрэл зураг (хавтаст хэргийн 18), баримт бичиг үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 29-31),
6. Монголын Хохирол Үнэлэгчдийн холбоо” ТББ-ын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 19/23 дугаарт шинжээчийн дүгнэлтэд “...хөөрөгний зах зээлийн үнэлгээг 2018 оны 11 дүгээр сарын байдлаар ...2.000.000 төгрөгийн үнээр тогтоов...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 86-101),
7. Шинжээч Б.Боргилбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Монголын хохирол үнэлэгчдийн холбооны гүйцэтгэх захирлын тушаалаар бүрэлдэхүүнтэй шинжээч нарын багт орж ажилласан. Тогтоолд үнэлэх зүйлийн талаар танилцаж улмаар тогтоолын хамт ирүүлсэн 2 ширхэг хөөрөгний фото зураг болон хэрэгт цугларсан баримтуудыг үзэж шинжлэн ижил төстэй хөөрөгний зах зээлийн үнийн мэдээллийг цахим орчимд борлуулахаар тавигдсан зар, үнэлэгдэж байгаа хөөрөгтэй харьцуулан үнэлгээ гаргасан. Мөн би өмнө хөөрөгний үнэлгээ гаргаж байсан бөгөөд өөрийн ажлын туршлагаа үндэслэн тухай хөөрөгний харьцуулсан тамхины хайрцагтай хамт авсан гэрэл зураг зэргийг тус тус үндэслэн хэмжээ чанар орц, хийц зэргийг үндэслэн өөрийн үнэлгээг 1.760.000 төгрөгөөр үнэлж үнийн санал гаргасан. Энэ шинжилгээнд манайхаас гадна “Тод үнэлгээ” “Итгэлт эстимэйт” ХХК-ний үнэлгээчид хамтран оролцсон. Тус бүрдээ судалгаагаа хийгээд өөрийн үнэлгээг гаргаж нэгдсэн хурал хийж хэлэлцэн уг хөөрөгний үнэлгээг 2 сая төгрөгөөр үнэлсэн. Ерөнхийдөө гэрэл зурагны байдлаас харахад тухайн хөөрөг нь хөөрөгний толгой зормол байх магадлалтай буюу шинэ цагийн үеийн хөөрөгний толгой байсан. Хөөрөгний чулуу нь шинэ цагийн манан хөөрөг болох нь харагдаж байсан. Гэрэл зурагнаас харж үнэлгээ тогтоож байгаа учраас алтан нуухтай, шүрэн толгойтой эсэх талаар хэлэх боломжгүй байсан. Хөөрөгний шинж байдал хохирогчийн мэдүүлсэн зэргээс харахад уг хөөрөг бол шинэ цагийн дунд гарын манан хөөрөг байна гэж тодорхойлсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 104),
8. Шүүгдэгч Т.Ү...........гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний хувьд хөөрөгний үнэ гэх мөнгөнөөс 400.000 төгрөгийг Ж..........нгийн эхнэр Лхагвасүрэнгийн дансаар хохирогч Т.......гад өгсөн. Өөрийн хаан банкны 5042186057 дугаарын данснаас 2018 оны 11 дүгээр сарын 27-ны орой шилжүүлж өгсөн. Одоо үнэлгээгээр гарсан дүн болох 2 сая төгрөгний үлдэгдэл 1.600.000 төгрөгийг би төлж барагдуулах болно. Уг нь би анх 3 сая төгрөг төлөхөөр компаниасаа зээл хийсэн боловч тэр мөнгийг үнэлгээн дээр маргаан үүссэн тул буцааж өгсөн. Хэрэв хохирогч Т.......га уг хөөрөгний үнэлгээг хүлээн зөвшөөрвөл би хохирлыг төлөхөд бэлэн байна. Би хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 118-120),
9. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 132, 133), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 163), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 171), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 134-161), “Би Эс Кэй” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 169-170), хохиролд 1.700.000 төгрөг төлсөн баримт (хавтаст хэргийн 185, 186, 198) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Ү...........гт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Т.Ү...........гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчээс 300.000 төгрөг гаргуулж хохирогчид олгуулах дүгнэлтийг,
Хохирогч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцэхгүй, харин хохирлын үнэлгээг “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоож өгнө үү гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Т.Ү...........г нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр найз Т.......г, Н......яа, Ж..........н, түүний найз П........хүү нарын хамт согтууруулах ундааны зүйл хамтран хэрэглэжээ. Улмаар Т.Ү...........г нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас явж чадахгүй байхад нь найз нар нь Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Өнөр зочид буудлын 202 тоот өрөөг амрах зориулалтаар хамтдаа авсан байна. Ийнхүү амарч байх хугацаанд Т.Ү...........г нь ухаан орж гэртээ харихаар гарах үедээ найз Ж..........нгийн халаасанд байсан хөөргийг авч яван, улмаар таксины төлбөр тооцоонд өгч хохирогч Т.......гад 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Гэрч О.Ж..........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ү...........г ...Т.......г, Н......яа бид дөрөв Модны 2-н "Мичид" зочид буудлын зүүн талын караокед 22 цагийн үед орж 0.75 литрийн нэг шил “Соёрхол” архи хувааж ууж байгаад би П........хүү руу залгаж дуудаад ирэхээр нь дахиж 0.75 литрийн “Соёрхол” архи уугаад тус караокеноос 01 цагийн үед гарсан. Караокеноос гарах үед Ү...........г тасарчихсан хөл дээрээ босож ч чадахгүй байхаар нь бид нар ярилцаж байгаад 1-р хорооллын “Өнөр” нэртэй зочид буудалд ирсэн. Буудалд ороод хаалга үүдээ цоожилчхоод гадуур хувцас буюу хар савхин куртикээ тайлаад өлгүүрт нь өлгөх үед миний зүүн талын халаасанд хөөрөг байж байсан. Бид нар тэндээ бас нэг том шар айраг 4 лээ хувааж уучихаад юм яриж сууж байсан. ...Ү...........г гэнэт босож ирээд "Миний утас алга болчихлоо" гээд тэр өрөөнд хүмүүсийн хувцас нэгжиж байгаад удалгүй би одоо харьлаа гэж хэлээд гараад явчихсан. Өглөө 07 цагийн үед бид 3 босоод явах гэж байтал гэнэт миний хөөрөг алга болсныг мэдээд нөгөө хоёртоо хэлээд хайж үзтэл олдоогүй....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50),
- Гэрч Д.Т.......гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ү...........гийн гар утас болон виза картыг нь баарнаас гарахдаа ресейпшнд тооцооныхоо оронд барьцаа болгон үлдээгээд явчихсан болохоор Ү...........гт хэлэхээс санаа зовоод хэлээгүй. Удалгүй өглөө болж 07 цагийн үед Ж..........н, Пүүжээ бид 3 явахаар болж байтал гэнэт Ж..........н халаасаа ухаж байснаа “Миний хөөрөг алга болчихсон байна.” гэхээр нь бид нар хоносон газраа хөөргөө хайж байгаад олохгүй болохоор нь би “За за та нар хөөргөө сайн хайгаарай” гэж хэлээд ажилтай болохоор түрүүлж явсан. Тухайн үед таксинд Ж..........н хөөрөг гаргаж ирж тамхилж...байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57),
- Гэрч Б.П........хүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өлөө 07 цагийн үед бүгдээрээ явахаар болоод сэрэхэд Ү...........г явчихсан байсан. Удалгүй Ж..........н "Миний хөөрөг алга болчихсон байна" гээд бид нар хөөргийг хайгаад олоогүй. Сүүлдээ Ү...........г авсан байх гэж бүгд сэжиглээд буудлаас гарцгаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59),
- Хохирогч А.Т.......гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өөрийнхөө хөөргийг найз Ж..........нд зарчихаарай гэж хэлээд үлдээгээд явсан. Тэгээд би Хятад улсаас 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ирээд Ж..........нтай яриад хөөргөө асуутал Ж..........н манай гэрт ирээд болсон асуудлын талаар тайлбарлаж өгсөн. Ж..........н бид хоёр миний хөөргийг авсан гэх Ү...........г гэх хүнтэй утсаар ярьж байгаад ажил дээр нь очиж уулзаад хөөргөө асуутал эхэндээ би аваагүй гэж байснаа сүүлдээ авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-37),
“...миний хөөрөгний толгой шүрэн толгойтой, алтан нуухтай, мөнгөн хажтай, дуураймал оюутай, зааны ясан халбагатай. Миний хөөрөгний толгой бол аав надад өвлүүлж үлдээсэн үеийнх шигээ л шүрэн толгойтой байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38),
- Монголын Хохирол Үнэлэгчдийн холбоо” ТББ-ын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 19/23 дугаарт шинжээчийн дүгнэлтэд “...хөөрөгний зах зээлийн үнэлгээг 2018 оны 11 дүгээр сарын байдлаар ...2.000.000 төгрөгийн үнээр тогтоов...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 86-101)
- Шинжээч Б.Боргилбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие ...бүрэлдэхүүнтэй шинжээч нарын багт орж ажилласан. Тогтоолд үнэлэх зүйлийн талаар танилцаж улмаар тогтоолын хамт ирүүлсэн 2 ширхэг хөөрөгний фото зураг болон хэрэгт цугларсан баримтуудыг үзэж шинжлэн ижил төстэй хөөрөгний зах зээлийн үнийн мэдээллийг цахим орчимд борлуулахаар тавигдсан зар, үнэлэгдэж байгаа хөөрөгтэй харьцуулан үнэлгээ гаргасан. ...шинжилгээнд ...үнэлгээчид хамтран оролцсон. Тус бүрдээ судалгаагаа хийгээд ...хөөрөгний үнэлгээг 2 сая төгрөгөөр үнэлсэн. Ерөнхийдөө гэрэл зурагны байдлаас харахад тухайн хөөрөг нь хөөрөгний толгой зормол байх магадлалтай буюу шинэ цагийн үеийн хөөрөгний толгой байсан. Хөөрөгний чулуу нь шинэ цагийн манан хөөрөг болох нь харагдаж байсан. Гэрэл зурагнаас харж үнэлгээ тогтоож байгаа учраас алтан нуухтай, шүрэн толгойтой эсэх талаар хэлэх боломжгүй байсан. Хөөрөгний шинж байдал хохирогчийн мэдүүлсэн зэргээс харахад уг хөөрөг бол шинэ цагийн дунд гарын манан хөөрөг байна гэж тодорхойлсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 104)
- Шүүгдэгч Т.Ү...........гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 118-120) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Т.Ү...........г нь хууль зүйн хувьд шунхайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр О.Ж..........нгийн халааснаас А.Т.......гын хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Т.Ү...........гийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Т.......гад 2.000.000 төгрөгний хохирол учруулснаас шүүгдэгч Т.Ү...........г нь 1.700.000 төгрөгийг төлсөн байна. Иймд шүүгдэгчээс 300.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Т.......гад олгох нь зүйтэй гэж үзэв.
Харин хохирогч А.Т.......гын бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч тухайн үнэлгээг хуульд заасны дагуу дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр гаргасан. Нөгөө талаар шинжээч нар нь дүгнэлт гаргахдаа холбогдох хууль, тогтоомж, зааврын дагуу гаргасан байх тул дүгнэлтийг үндэслэлгүй, эргэлзээтэй гэж үзэх боломжгүй байх тул түүний хохирлыг “Дамно” ХХК-ийн үнэлгээгээр тогтоолгох хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Т.Ү...........гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч нь гэм буруугийн хувьд маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Ү...........г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.6 дахь заалтад заасан нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Т.Ү...........гийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зохих хувийг төлсөн, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зохимжтой гэж шүүх үзэв.
Харин шүүгдэгч Т.Ү...........г нь хохирлын зарим хэсгийг төлж барагдуулаагүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүргийг ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд авах нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд ач холбогдолтой гэж үзэв.
Эрүүгийн 1808 0558 50705 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харчин овогт Т.......ягийн Ү...........гийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Т.Ү...........гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Ү...........гт мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ү...........г нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ү...........гээс 300.000 төгрөг гаргуулж хохирогч А.Т.......гад олгосугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ