| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2019/0585/Э |
| Дугаар | 584 |
| Огноо | 2019-05-28 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 584
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч Н.Уранбайгаль
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.А...........г,
шүүгдэгч Э.А...........р, түүний өмгөөлөгч Я.Энхжаргал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1420) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигин овогт Энх-А.........нгийн А...........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 0014 00143 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигин овогт Энх-А.........нгийн А...........р, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1993 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн .................... тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар УБ9...............18, урьд
- Баянгол, Хан-Уул, Сонгинохайхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял шийтгэгдэж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзасан,
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Э.А...........р нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа 2019 оны 2 дугаар сарын 06-ны орой 18 цаг 45 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Оргил” худалдааны төвийн зүүн замд өөрийн эзэмшлийн Хонда НR-V маркийн ............... дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “Жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.Г...............рыг мөргөж, ам насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар мэдүүлэхдээ:
1. Шүүгдэгч Э.А...........р мэдүүлэхдээ “...2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр манай эцэг өнгөрсний 49 хоног болоод Яармагт байдаг асрамжийн төвийн хүүхдүүдийг баярлуулах гээд гарын бэлэг бэлдээд явах гэсэн чинь машин олдохгүй болохоор нь аавын машин хашаанд байхаар нь би өөрөө жолоодоод ахын хамт буяны эд зүйлийг тараасна. Буян зүйлээ тараачихаад гэртээ буцаад явахад замын урд талаас нэг хүн гарч ирсэн. Энэ хүн намайг өнгөрөөд зам гарах нь гэж бодож байтал гэнэт өөдөөс гараад ирсэн. Би тоормосоо гишгээд зогсож чадахгүй мөргөсөн. Хохирогчийн мөргөчихөөд буугаад түргэн дуудсан. Түргэн ирээд хохирогчийн нас барсан байна гэж хэлсний дараа цагдаа ирж хэмжилт хийсэн...” гэв.
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.А...........г мэдүүлэхдээ “...2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэрээсээ гараад талийгаач маань машинд мөргүүлээд нас барсан. Үхсэн хүн босож ирэх биш. Оршуулгын зардлыг байцаагчид бичиж өгсөн 12.600.000 төгрөгийн зардал гарсныг авсан. Манай бага хүүхэдтэй чацуу хүүхэд байна. Шүүгдэгч Э.А...........рыг шоронд оруулах гэсэн зүйл байхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.А...........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 06-ны оройны 18 цаг 40 минутын үед би талийгаач нөхөртэйгээ хамт ...дүүгийндээ очиж золгох гэж гэрээсээ хамт гарсан. Гэрээс гарч байх үед талийгаач нөхөр маань надад “чи гэрийнхээ хаалгыг цоожлоод, хашааны хаалгаа цоожилчих, би замын хойд талын кассетны ТҮЦ-ний хүнд гэрээ харж байгаараа гэж захиад ирье” гэж хэлээд хашаанаасаа түрүүлж гарсан. Би гэрийнхээ хаалгыг цоожлоод дараа нь хашааны хаалгаа цоожилж байхдаа эргэж зам руу хартал талийгаач нөхөр маань замын голд цаашаа харчихсан зогсож байгаа харагдсан, тэгээд би хаалгаа цоожлох гээд цоожтойгоо ноцолдож байгаад...ахиад эргээд зам руу хартал нөхөр маань зам руу орчихсон кассетны ТҮЦ-рүү чиглээд зам хөндлөн явж байгаа харагдсан. Энэ үед би нөхрөө бараг зам хөндлөн гарчихлаадаа гэж бодоод эргээд хаалгаа цоожлох гэж байтал миний ард зам дээр маш хүчтэй түс гэсэн дуу чимээ гарахаар нь эргэж зам руу хартал манай нөхөр зам дээр харагдахгүй болохоор нь гайхаад зам руу ахиулаад харж байтал кассетны ТҮЦ-нээс баруун тийш зам дээр нэг машин зогсож байсан, машины хойхно талд нь зам дээр манай нөхөр хэвтэж байгаа харагдсан. Тэр үед манай нөхөр цагаан дээлтэй байсан болохоор би нөхрөө тэр даруй таньсан. Тэгээд нөхөр дээрээ гүйж очоод толгойг нь тэвэртэл манай нөхрийн нүүр ам нь нил цус болсон байсан. Энэ үед нөгөө машины жолооч гэж нэг залуу над дээр ирэхээр нь би тэр жолоочид хурдан түргэн дуудаарай гэж хэлсэн жолооч залуу түргэн дуудаж байх шиг байсан. Удалгүй түргэний машин ирээд эмч нь нөхрийг маань үзээд энэ хүн нас барчихсан байна гэж хэлээд явсан. Дараад нь замын цагдаагийн хүмүүс ирсэн...Би ханиа цаг бусаар алдсан болохоор их хэцүү байна. Тийм болохоор гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35),
2. Гэрч Б.Ц....ргийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 17 цаг 50 минутын үед би дүү Э.А...........рын хамт Хонда-HR V маркийн ............... улсын дугаартай автомашинтай Яармагаас хөдлөөд хуучин 22-н товчооны урд талын Мал бордох цэгт байрлах гэр лүүгээ харихаар явж байсан. Машиныг манай дүү Э.А...........р жолоодож явсан. Харин би жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан. Тэгээд манай машин Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо 22-н товчооны зүүн талын “Оргил” худалдааны төвийн зүүн талын замаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун тийш чигтэй замынхаа 2-р эгнээгээр явж байтал замын урд талаас нэг хүн гэнэт манай машины урдуур зам хөндлөн гүйж гарч ирэнгүүт нь дүү машиныхаа тоормосыг гишгээд тэр хүнийг машиныхаа баруун урд хэсгээр мөргөсөн. Тэгэнгүүт манай дүү бид хоёр машинаасаа бууж ирээд зам руу хартал машинд мөргүүлсэн хүн машины баруун гар талд зам дээр хэвтэж байгаа харагдсан. Тэгтэл замын урд талаас эмэгтэй 1 хүн зам хөндлөн гүйж гарч ирээд хурдан түргэн дуудаарай гэж хэлж байх шиг байсан. Энэ үед манай дүү түргэн дуудсан. Тэгээд осол болсноос хойш 10-аад минутын дараа түргэн тусламж ирж нөгөө машинд мөргүүлсэн хүнийг үзээд энэ хүн нас барсан байна гэж хэлээд яваад өгсөн. Дараад нь замын цагдаагийн хүмүүс ирж хэмжилт хийсэн... Манай машины явж байсан замд машины хөдөлгөөн сийрэг, гадаа харанхуй, үзэгдэх орчин муухан харагдаж байсан учир нь гадаа утаатай байсан, замын гэрэлтүүлэг бүдэг асаж байсан, зам дээр ямар нэгэн халтиргаа гулгаа байхгүй гадаа цаг агаар тогтуун байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65),
3. Гэрч Г.Э...........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 18 цаг 45 минутын үед би 22-н товчооны зүүн талын хөгжмийн кассет, CD зардаг дэлгүүр дотроо худалдаа хийгээд байж байтал гэнэт манай дэлгүүрийн урд талын зам дээр маш хүчтэй тас гэсэн дуу чимээ гарсан. Тэгэнгүүт нь би дэлгүүрийнхээ цонхоор зам руу хартал зам дээр нэг хүн хэвтэж байгаа харагдсан, хэвтэж байгаа хүний цаахна талд нэг машин зогсож байгаа харагдсан. Тэгээд тэр осол болсон зам дээр олон хүмүүс цуглаж байгаа харагдсан. ...Тэгээд осол болсны дараа замын урд талын айлын ах машинд мөргүүлж нас барсныг мэдсэн. Осол болох үед би дүүтэйгээ хоёулаа дэлгүүр дотроо худалдаа хийж байсан, осол болсны дараа би айгаад дэлгүүрээсээ гараагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60),
4. Гэрч Б.Но.............оогийн (шүүгдэгчийн эх) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хүүхэд тэр орой хүргэн ахтайгаа Яармагаас гэр лүүгээ харих гэж явж байгаад ийм осолд орсон байсан. Осолд орсны дараа манай хүргэн над руу утасдаж би тэр даруй осол болсон газар ирсэн. Миний хувьд ийм харамсмаар осол болсонд талийгаачийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж байгаа. Би одоогоор нэг албан газрын сахиулын ажил хийж байгаа. Манай хүүхэд Э.А...........р нь одоогоор ямар нэгэн ажил төрөл хийхгүй байгаа. Тийм учир бидны зүгээс талийгаачийн оршуулгын зардлыг төлөхөд хэцүү байгаа боловч бид нар яаж ийж байгаад талийгаачийн оршуулгын зардлыг төлөх болно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62),
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 477 дугаар дүгнэлт
Цогцосны гадна үзлэгээр тогтоогдсон гэмтэл, эмгэг өөрчлөлт:... Духны баруун хэсэгт 8.0см, баруун шанаанд 3.0x1.0см зах ирмэг тэгш бус ангайж няцарсан шархтай, шархаар ясны ирмэг ил гарсан. Духны баруун хэсгээс баруун шанааг хамарсан зураглал бүхий 18x7.0 см, духны зүүн хэсэгт 3.5х3.0 см хүрэн ягаан өнгийн нойтон зулгаралтуудтай. Хамрын нуруунд 2.0х1.2см хүрэн улаан өнгийн зулгаралттай. Толгойн хэлбэр дүрс алдагдсан. Баруун шилбэний яс доод 1/3 хэсгээр ясны эмгэг хөдөлгөөнтэй, ясны хавиралдах чимээтэй. Хамар, баруун талын хацар, эрүүний яс эмгэг хөдөлгөөнтэй, ясны хавиралдах чимээтэй байв.
Дотор эрхтний шинжилгээ: Толгойн хэлбэр дүрс алдагдсан. Толгойн хуйхны дотор гадаргууд: духны баруун хэсэгт 6.5х6.2см, духны зүүн хэсгийн хуйханд 7.2x4.5см, дагзны баруун хэсгийн хуйханд 6.5х4.5см хэмжээтэй хар хүрэн өнгийн цус хуралттай. Баруун, зүүн чамархайн булчинд цус хуралтгүй. Гавлын орой яс: Духны яс нилэнхүйдээ 4.5х4.2см, 3.5х3.0см, 2.5х2.0см хэмжээтэй олон тооны хэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн хугаралтуудтай. Баруун тал бөмбөлгийн духны баруун хэсгийн хатуу хальс босоо “Г” хэлбэрээр урагдалтай. Тархины хатуу хальс бүтэн, чинэрсэн, тархины хатуу бүрхүүлийн дээр, доор өөрчлөлтгүй. Тархи 22x18x10 см, тогтоц улбагар, 2 тал бөмбөлөг тэгш хэмтэй, хоёр тал бөмбөлгийн орой, суурийг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалтуудтай. Хажуугийн ба 4-р ховдолд шингэн цустай, чийглэг, эд зөөлөн, эдийн зааг тод, тархины суурь, уртавтар тархи өөрчлөлтгүй, бага тархи 10x7x3.5см, тогтоц биелэг, 2 тал бөмбөлөг тэгш хэмтэй, аалзан хальс нимгэн тархмал цус харвалтуудтай, тархийг зүсэхэд хутганд наалдахгүй. Тархинд голомтот гэмтэл, эмгэг өөрчлөлт: Тархины баруун, зүүн тал бөмбөлгийн духны хэсгийн тархины эд няцарч хэлбэрээ алдсан. Суурь яс: Гавлын суурь яс босоо, хэвтээ шугамын дагуу “+” хэлбэрийн үйрч бяцарсан, салсан хугаралтуудтай...
Нэмэлт шинжилгээний хариу
...2. Шүүх химийн шинжилгээний 1224 тоот хариунд: Д.Г...............рын цусанд 2.3 промилли, ходоодонд 7.4 промилли, шээсэнд 2.4 промилли спиртийн агууламж илэрсэн....
... Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:
1. Авто осол: Гавал тархины ил гэмтэл: Дух ясны ил цөмөрсөн хугарал, суурь ясны хугарал, хатуу хальсны урагдал, хоёр тал бөмбөлгийн духны хэсгийн тархины эдийн няцрал, хоёр тал бөмбөлгийн орой болон суурийн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, хуйханд цус хуралт
3.Баруун хөлийн шаант, тахилзуур ясны зөрөөтэй далд хугарал, хамар хацар, эрүүний ясны далд хугарал, духанд шарх, дух, баруун хацар, шанаа, хамарт зулгаралт ДҮГНЭЛТ
1.Талийгаач Д.Г...............рын цогцост дух ясны ил цөмөрсөн хугарал, суурь ясны хугарал, хатуу хальсны урагдал, хоёр тал бөмбөлгийн духны хэсгийн тархины эдийн няцрал, хоёр тал бөмбөлгийн орой болон суурийн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, хуйханд цус хуралт, баруун хөлийн шаант, тахилзуур ясны зөрөөтэй далд хугарал, хамар хацар, эрүүний ясны далд хугарал, духанд шарх, дух, баруун хацар, шанаа, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Дээрхи гэмтэл нь амь насанд аюултай хүнд гэмтэл болно. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Талийгаачид үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
4. Талийгаач нь гавал тархины ил гэмтлийн улмаас нас баржээ.
5. 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 23 цаг 50 минутын шүүх эмнэлгийн үзлэгээр нас бараад 4-5 цаг болжээ
6. Талийгаач нь хоёрдугаар бүлгийн цустай байна.
7. Талийгаачийн цусанд 2.3 промилли, ходоодонд 7.4 промилли, шээсэнд 2.4 промилли спиртийн агууламж илэрсэн ба энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 70-72),
6. Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Сонгинохайрхан Техникийн хяналтын үзлэгийн Төвийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 0071350 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 78-86),
7. Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн техникийн шинжээчийн 178 дугаартай дүгнэлт:
1. “Honda HR-V” маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э.А...........р нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12-р бүлэг. Тээврийн хэрэгслийн хурд, 12.2. /Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна./ мөн дүрмийн 3-р бүлэг, Жолоочийн үүрэг, 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно, 3.7.а./Жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно./ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Д.Г...............р нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5-р бүлэг. Явган зорчигчийн үүрэг, 5.12.а. Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: /Явган зорчигч нь үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарахыг хориглоно./-гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 89),
8. Шүүгдэгч Э.А...........рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 17 цаг 50 минутын үед би өөрийнхөө эзэмшлийн Хонда HR-V маркийн ............... улсын дугаартай автомашинаа бариад Яармагаас хөдлөөд хуучин 22-н товчооны урд талын Мал бордох цэгт байрлах гэр лүүгээ харихаар явж байсан. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо 22-н товчооны зүүн талын “Оргил” худалдааны төвийн зүүн талын замаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун тийш чигтэй замынхаа 2-р эгнээгээр 50-60 орчим км / цагийн хурдтай явж байтал замын ур/ талаас замын хойшоо чигтэй нэг хүн миний машины урдуур зам хөндлөн гүйж гарч ирэнгүү нь тоормосоо гишгээд машиныхаа баруун урд хэсгээр тэр хүнийг мөргөж зогссон. Тэгээд машинаасаа бууж ирээд хартал миний машинд мөргүүлсэн хүн машины баруун хойд тал, зам дээр хэвтэж байгаа харагдсан. Тэгтэл замын урд талаас 2 хүн зам хөндлөн гүйж гарч ирээд надад хурдан түргэн дуудаарай гэхээр нь би өөрийнхөө утсаар түргэн тусламж дуудсан. Тэгээд намайг дуудлага өгсөнөөс хойш 10-аад минутын дараа түргэн тусламж ирж нөгөө хүнийг үзээд энэ хүн нас барсан байна гэж хэлээд яваад өгсөн... Би тэр хүнийг замын голд зогсож байхыг нь анх 15-20 орчим метрийн зайнаас харсан. Тэгээд тэр хүнийг миний машиныг хараад машин өнгөрүүлж байгаад зам хөндлөн гарах юм байна гэж санаад хурдаа бага зэрэг сааруулаад нөгөө хүн лүү ойртож ирэх үед замын голд зогсож байсан хүн гэнэт миний машины өмнүүр зам хөндлөн гүйсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 100-101),
9. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-18), жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 22) тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 20), цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 25-30), Шуурхай удирдлагын хэлтэс-103 МСКВ17491515 дугаар дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 109),
- Хохирол, хор уршигт нийт 12.643.207 төгрөг нэхэмжилсэн үүнээс баримттай 4.993.517 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 40-58)
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 121, 123), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 110), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 113-117), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 118), тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 120), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 125), хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 154) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэх авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.А...........рт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Яллагдагч Э.А...........р нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Оргил” худалдааны төвийн урд замд, 2019 оны 2 дугаар сарын 06-ны орой 18 цаг 45 минутын орчимд, өөрийн эзэмшлийн “Honda НR-V” маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа, болгоомжгүйгээр, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Г...............рыг мөргөж, ам насыг нь хохироосон болох нь:
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-18),
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.А...........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 18 цаг 40 минутын үед би талийгаач нөхөртэйгээ хамт ...дүүгийндээ очиж золгох гэж гэрээсээ хамт гарсан. Гэрээс гарч байх үед талийгаач нөхөр маань надад “чи гэрийнхээ хаалгыг цоожлоод, хашааны хаалгаа цоожилчих, би замын хойд талын кассетны ТҮЦ-ний хүнд гэрээ харж байгаараа гэж захиад ирье” гэж хэлээд хашаанаасаа түрүүлж гарсан. Би ...хашааны хаалгаа цоожилж байхдаа эргэж зам руу хартал талийгаач нөхөр маань замын голд цаашаа харчихсан зогсож байгаа харагдсан, ...ахиад эргээд зам руу хартал нөхөр маань зам руу орчихсон кассетны ТҮЦ-рүү чиглээд зам хөндлөн явж байгаа харагдсан. ...тэгээд хаалгаа цоожлох гэж байтал миний ард зам дээр маш хүчтэй түс гэсэн дуу чимээ гарахаар нь эргэж зам руу хартал манай нөхөр зам дээр харагдахгүй болохоор нь гайхаад зам руу ахиулаад харж байтал кассетны ТҮЦ-нээс баруун тийш зам дээр нэг машин зогсож байсан, машины хойхно талд нь зам дээр манай нөхөр хэвтэж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35),
- Гэрч Б.Ц....ргийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.А...........рын хамт Honda HR-V маркийн ............... улсын дугаартай автомашинтай Яармагаас хөдлөөд хуучин 22-н товчооны урд талын Мал бордох цэгт байрлах гэр лүүгээ харихаар явж байсан. ...Тэгээд ...Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо 22-н товчооны зүүн талын “Оргил” худалдааны төвийн зүүн талын замаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун тийш чигтэй замынхаа 2-р эгнээгээр явж байтал замын урд талаас нэг хүн гэнэт манай машины урдуур зам хөндлөн гүйж гарч ирэнгүүт нь дүү машиныхаа тоормосыг гишгээд тэр хүнийг машиныхаа баруун урд хэсгээр мөргөсөн. ...түргэн тусламж ирж нөгөө машинд мөргүүлсэн хүнийг үзээд энэ хүн нас барсан байна гэж хэлээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65),
- Гэрч Г.Э...........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 22-н товчооны зүүн талын хөгжмийн кассет, CD зардаг дэлгүүр дотроо худалдаа хийгээд байж байтал гэнэт манай дэлгүүрийн урд талын зам дээр маш хүчтэй тас гэсэн дуу чимээ гарсан. Тэгэнгүүт нь би дэлгүүрийнхээ цонхоор зам руу хартал зам дээр нэг хүн хэвтэж байгаа харагдсан, хэвтэж байгаа хүний цаахна талд нэг машин зогсож байгаа харагдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 477 дугаар дүгнэлт “...1.Талийгаач Д.Г...............рын цогцост дух ясны ил цөмөрсөн хугарал, суурь ясны хугарал, хатуу хальсны урагдал, хоёр тал бөмбөлгийн духны хэсгийн тархины эдийн няцрал, хоёр тал бөмбөлгийн орой болон суурийн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, хуйханд цус хуралт, баруун хөлийн шаант, тахилзуур ясны зөрөөтэй далд хугарал, хамар хацар, эрүүний ясны далд хугарал, духанд шарх, дух, баруун хацар, шанаа, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...4. Талийгаач нь гавал тархины ил гэмтлийн улмаас нас баржээ. ...7. Талийгаачийн цусанд 2.3 промилли, ходоодонд 7.4 промилли, шээсэнд 2.4 промилли спиртийн агууламж илэрсэн ба энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 70-72),
- Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн техникийн шинжээчийн 178 дугаартай дүгнэлт: “...1. “Honda HR-V” маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э.А...........р нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12-р бүлэг. Тээврийн хэрэгслийн хурд, 12.2. /Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна./...гэсэн заалтыг ...зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Д.Г...............р нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5-р бүлэг. Явган зорчигчийн үүрэг, 5.12.а. Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: /Явган зорчигч нь үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарахыг хориглоно./-гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 89),
- Шүүгдэгч Э.А...........рын мөрдөн байцаалтад өгсөн: “...би өөрийнхөө эзэмшлийн Honda HR-V маркийн ............... улсын дугаартай автомашинаа бариад ... Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо 22-н товчооны зүүн талын “Оргил” худалдааны төвийн зүүн талын замаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун тийш чигтэй замынхаа 2-р эгнээгээр 50-60 орчим км цагийн хурдтай явж байтал замын ур талаас замын хойшоо чигтэй нэг хүн миний машины урдуур зам хөндлөн гүйж гарч ирэнгүүт нь тоормосоо гишгээд машиныхаа баруун урд хэсгээр тэр хүнийг мөргөж зогссон. ...би өөрийнхөө утсаар түргэн тусламж дуудсан. ...түргэн тусламж ирж нөгөө хүнийг үзээд энэ хүн нас барсан байна гэж хэлээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 100-101) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Э.А...........р нь хууль зүйн хувьд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Э.А...........рыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохиролд баримтаар 12.643.407 төгрөг (хавтаст хэргийн 40-58) нэхэмжилсэн.
Шүүгдэгч Э.А...........р хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 12.600.000 төгрөг төлсөн (хавтаст хэргийн 158) болох нь баримтаар тогтоогдож байна. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох 12.643.407 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 12.600.000 төгрөгийн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Харин улсын яллагчаас шүүгдэгч Э.А...........рыг гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргахдаа Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 178 дугаар техникийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7.а-д заасан “...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” гэсэн заалтаар буруутгасан байна. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүгдэгч нь жолоочийн лавлагаа мэдээлэлд авагдсан баримтаар 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр “В” ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй, нөгөө талаар тээврийн хэрэгслийн гэрчилгээнд Honda HR-V маркийн тээврийн хэрэгсэл нь “В” ангилалд хамаарагдах болох нь тогтоогдсон. Хэдийгээр шүүгдэгч нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл “В” ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулан, тухайн ангилалын тээврийн хэрэгслийн жолоодох эрхээ сэргээлгээгүй байхдаа зам тээврийн осол гаргасан байгааг Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д зааснаар буруутгах боломжгүй. Иймд дүгнэлтийг зөвтгөж шийдвэрлэсэн ба ийнхүү зөвтгөн шийдвэрлэсэн шүүгдэгчийн гэм буруу, эрүүгийн хариуцлагад нөлөөлөхгүй болно.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
- Улсын яллагчаас шүүгдэгч Э.А...........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Би ханиа цаг бусаар алдсан хэдий ч шүүгдэгч нь миний хүүтэй адилхан залуу хүн, надад учруулсан хохирол хор уршгийг төлж барагдуулсан. Би цаашид шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй, шүүгдэгчийг заавал хорих шаардлага байхгүй гэх дүгнэлтийг
- Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргахгүй харин шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн санамсар болгоомжгүй үйлдэгддэг. Мөн миний үйлчлүүлэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн байгаа” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа тул түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Аринболдод оногдуулах эрүүгийн хариуцлагыг тэнсэж өгнө үү гэж тус тус мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгч Э.А...........рт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.А...........р нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан ”гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн (хавтаст хэргийн 107-108), мөн зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан “хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн (хавтаст хэргийн 89) зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Э.А...........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Тодруулбал шүүгдэгч Э.А...........рт холбогдсон эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба тухайн гэмт хэрэг нь мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар болгоомжгүй үйлдэгддэг. Нөгөө талаар гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас болсон байна.
Шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүй тэнссэнтэй холбогдуулан тухайн гэмт хэргийн ялын зорилгыг хангах, дахин тухайн төрлийн гэмт хэрэг үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад заасан “тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах буюу бүх төрлийн механикжсан тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох” хязгаарлалтыг тэнссэн хугацаанд авах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Э.А...........р нь тэссэн хугацаанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулж, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Харин шүүгдэгчид шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассантай холбогдуулан энэ талаар холбогдох байгууллагад мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй. Нөгөө талаар эрх сэргээлгэсэн гэх баримтгүй байх тул эрх хасах ял оногдуулсныг холбогдох байгууллагад нь мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт Энх-А.........нгийн А...........рыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний хүний амь нас хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.А...........рт мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 (гурав) жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасах ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.А...........рт мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад заасан “тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах буюу бүх төрлийн механикжсан тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох” хязгаарлалтыг тэнссэн хугацаагаар тогтоосугай.
5. Шүүгдэгч Э.А...........р нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А...........рын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А...........рт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ