| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2019/0602/Э |
| Дугаар | 601 |
| Огноо | 2019-06-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Онолт |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 601
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга,
улсын яллагч Х.Онолт,
шүүгдэгч Л.Ж...........р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Очирваань овогт Лх............вын Ж...........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1908 0017 60872 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Очирваань овогт Лх............вын Ж...........р, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1995 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, дүү нарын хамт ....................... тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар УХ9.......714, урьд
-Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 254 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялын шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 422 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Л.Ж...........р нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.....” нэртэй хоолны газарт иргэн Б.А........лтай маргалдаж, улмаар пивоны бокалаар толгой хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь “дух, хацар, уруул, хөмсөг, хүзүүний зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Ж...........р мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Хохирогч Б.А........лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 30-ны орой...Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр 21 дүгээр хороололд ирээд найз .........ийн ажиллуулдаг “Хишиг-Од” бааранд шөнийн 2 цагийн үед очиж Ц.....ртэй 0.5 литрийн соёрхол архи хувааж уугаад баар хаахаар нь зөөгч нартай нь хоол идэхээр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кимбаб-Конгүг” түргэн хоолны газарт үүрийн 5 цагийн үед Ц.....р болон зөөгч нарын хамт ирсэн. Тэгээд 3 зөөгч түрүүлж орсон. Би араас нь Ц.....ртэй хамт ороход 3 зөөгч залуу нэг махлаг залуутай маргалдаад зогсож байхаар нь Ц.....р бид хоёр очоод боль гээд би тэр махлаг залуутай маргалдахад тэр залуутай хамт явж байсан залуу бид хоёрын дундуур орж ирээд миний духны хэсэгт пивоны бакалаар цохиод авахад Кимбаб-Конгүг-ын зөөгч нар тэр залууг бариад авсан...миний баруун талын хөмсөгний дээд далд пивоны бакалаар нэг удаа цохисон...би Эмчилгээний зардал болох 187.150 төгрөгийг нэхэмжилж байна...гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-15),
2. Гэрч Ө.Ц.....рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж...........р гэж туранхай намхан залуу том сэнжтэй шилэн аягаар А........лыг баруун талаас толгой руу нь цохиход шилэн аяга нь хагараад бутарсан. А........л ёо ёо гээд толгойгоо хоёр гараараа барихад нүүр рүү нь цус гоожоод нүүр ам нь нэлэнхийдээ цус болсон. Би Ж...........р гэж залууг барьж аваад чи яаж байгаа юм бэ гэж хэлээд бариад авахад та нар цагдаагаа дуудахгүй юу гээд тоохгүй зогсоод байсан...би А........лыг Гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлээд толгойд нь боол хийлгэж оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22),
3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 936 дугаар дүгнэлт:
“...Хэсэг газрын үзлэгт:..Духны баруун хэсгэт 8х0.2см 11ш оёдол бүхий шархтай, баруун хацрын хажуу гадаргууд 1х0.1см 1ш, дээд уруулын баруун дээд хэсэгт 0.8х0.1см 2ш баруун хөмсөгний дотор талд 0.5х0.1см 2 ш, хүзүүний баруун хажуу хэсэгт 2х0.1см 4ш оёдол бүхий зүсэгдсэн шархнуудтай. Хамрын нуруу, баруун хацарт олон тооны жижиг жижиг арьсны өнгөц шархнуудтай. 2018.12.31-ний КТГ-д: тархины бор ба цагаан эдийн ялгарал хэвийн...зүүн нүдний ухархайн дотор хана хуучин хугаралтай...гэжээ...ДҮГНЭЛТ:
1. Б.А........лын биед дух, хацар, уруул, хөмсөг, хүзүүний зүсэгдсэн шарх, гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29),
4. Шүүгдэгч Б.Ж...........рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 12 дугаар саын 30-ны орой...хоол идэхээр...”Км Баб Чон Гүг” хоолны газар...ороод хоол захиалах гээд зогсож байхад гаднаас 4-5 залуу орж ирсэн. Тэгээд Д....к нэг залуутай нь чи Толгойтод байдаг биз дээ гэж хэлээд маргасан. Би юунаас болж хэрүүл маргаан болсныг мэдээгүй. Би хажуугаас нь Д....ктэй маргаж байгаа залууд хандаж чи боль гэж хэлэхэд хохирогч А........л надад нэг үг хэлээд байх шиг байсан. Би А........лтай юм ярилгүй текний хажууд очиж зогсоод текний ардуур нь өндийгөөд харахад сэнжтэй том шилэн аяга харагдахаар нь баруун гараараа аваад А........л дээр очоод баруун талаас нь сэнжтэй аяга буюу бакалаар толгой руу нь нэг удаа цохисон...би хохирогч А........лын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-42),
- Хохирлын 187.150 төгрөгийн баримтууд (хавтаст хэргийн 71-72),
- 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 32), 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн баривчлагдсан сэжигтнийг сулласан прокурорын 67 дугаар тогтоол (хавтаст хэргийн 36),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, (хавтаст хэргийн 52), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 66), шүүхийн шийдвэрийн хуулбар (хавтаст хэргийн 56-64) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.Ж...........рт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Л.Ж...........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчээс 187.150 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох дүгнэлтийг,
Шүүгдэгч нь улсын яллачгийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Л.Ж...........р нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Саппород байрлах “.....” нэртэй хоолны газарт, 2018 оны 12 дугаар сарын 31-ний үүрээр 5 цагийн орчим, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, шууд санаатай үйлдлээр иргэн Б.А........лтай маргалдаж, улмаар пивоны шилэн аягаар толгой хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь “дух, хацар, уруул, хөмсөг, хүзүүний зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Б.А........лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 30-ны орой...Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр 21 дүгээр хороололд ирээд найз Ц.....рийн ажиллуулдаг “Хишиг-Од” бааранд шөнийн 2 цагийн үед очиж Ц.....ртэй 0.5 литрийн соёрхол архи хувааж уугаад баар хаахаар нь зөөгч нартай нь хоол идэхээр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кимбаб-Конгүг” түргэн хоолны газарт үүрийн 5 цагийн үед Ц.....р болон зөөгч нарын хамт ирсэн. Тэгээд 3 зөөгч түрүүлж орсон. Би араас нь Ц.....ртэй хамт ороход 3 зөөгч залуу нэг махлаг залуутай маргалдаад зогсож байхаар нь Ц.....р бид хоёр очоод боль гээд би тэр махлаг залуутай маргалдахад тэр залуутай хамт явж байсан залуу ...миний баруун талын хөмсөгний дээд далд пивоны бакалаар нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-15),
- Гэрч Ө.Ц.....рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж...........р гэж туранхай намхан залуу том сэнжтэй шилэн аягаар А........лыг баруун талаас толгой руу нь цохиход шилэн аяга нь хагараад бутарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22),
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 936 дугаар дүгнэлт “...1. Б.А........лын биед дух, хацар, уруул, хөмсөг, хүзүүний зүсэгдсэн шарх, гэмтлүүд тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29),
- Шүүгдэгч Б.Ж...........рын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би А........лтай юм ярилгүй текний хажууд очиж зогсоод текний ардуур нь өндийгөөд харахад сэнжтэй том шилэн аяга харагдахаар нь баруун гараараа аваад А........л дээр очоод баруун талаас нь сэнжтэй аяга буюу бакалаар толгой руу нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-42) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Л.Ж...........р нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “хэл амаар доромжилсон” гэх сэдэлтээр, хохирогч Б.А........лыг толгойн тус газар пивоны шилэн аягаар цохиж, шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.Ж...........р нь хохирогч Б.А........лыг шилэн аягаар цохисон болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Л.Ж...........рыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.А........л нь эмчилгээний зардалд баримтаар 187.150 төгрөг (хавтаст хэргийн 71-72) нэхэмжилснийг шүүгдэгч нь төлж барагдуулаагүй байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс дээрх мөнгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Ж...........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Ж...........рт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Л.Ж...........рт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хохирол, хор уршгийг нэмэгдүүлж болох зүйлээр хохирогчид хохирол учруулсан, тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад саад учруулсан зэрэг түүний хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх...ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ...оногдуулсан ял дээр нэмж ...албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж заасан байна. Тиймээс шүүгдэгч Л.Ж...........рт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг түүний үндсэн ялаа эдэлж дуусах хүртэл хугацаагаар хүлээлгэхээр шийдвэрлэв.
Л.Ж...........рт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол ял оногдуулж анхааруулах нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч Л.Ж...........р нь энэ хэрэгтээ 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 31-ний өдрийг хүртэл 1 хоног баривчлагдсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “...нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор тооцоно...” гэж заасан байх тул түүний баривчлагдсан 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 8 цагийг эдэлсэнд тооцож, ялаас хасах нь зүйтэй.
Эрүүгийн 1908 0017 60872 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Очирваань овогт Лх............вын Ж...........рыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Ж...........рыг 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.Ж...........р нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай,
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Ж...........рт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелэгдэж дуусах хүртэл хугацаагаар авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол шийдвэрийн хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ж...........рын баривчлагдсан 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагт шилжүүлж, түүний эдлэх ялд оруулан тооцож ялаас хассугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ж...........раас 187.150 (нэг зуун наян долоон мянга нэг зуун тавь) төгрөгийг гаргуулж хохирогч Б.А........лд олгосугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ