Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 602

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга,

улсын яллагч Х.Онолт,

шүүгдэгч Б.Э.............т, түүний өмгөөлөгч А.Очбадрал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2185) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Халиун морьт боржигон овогт Б.............рын Э.............тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0028 30708 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Халиун морьт боржигон овогт Б.............рын Э.............т, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1985 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн бус дунд боловсролтой, токарь автын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ........................... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар УО85................16.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Б.Э.............т нь 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вегвайсер” нэртэй дэн буудалд иргэн П.Б.............нийн эзэмшлийн “ХААН” банкны виза картыг хулгайлж, түүний 5025835152 дугаартай данснаас 1.800.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э.............т мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч П.Б.............нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Өмнөговь аймгийн “Эрдэнэс Таван толгойн” нүүрс тээвэрт явж байгаад 2019 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 16 цагийн үед хамт ажиллаж байсан найзууд болох Э.............т, Г.............р нарын хамт Улаанбаатар хотод амрахаар ирсэн. Тэгээд бид нар Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо “Нандин-Ухаан” эмнэлгийн зүүн талд байрлах “Дэн” буудалд орж архи хувааж ууцгаасан. Тэгээд ойролцоогоор 4 цагийн үед сэрээд паскаа онгойлгоод үзэхэд “ХААН” банкны виза карт байхгүй байхаар нь хажууд ...унтаж байсан Г.............рыг сэрээгээд “Э.............т хааччихав, миний виза карт алга болчихсон байна” гэж хэлээд бид хоёр хамт буудлын ресепшнээс асуухад “Та хоёртой цуг байсан эрэгтэй орж гарч байснаа хамгийн сүүлд надаар баахан мөнгө тоолуулаад аваад гараад явсан” гэж хэлсэн. ...Миний виза картнаас 1.800.000 төгрөг алдагдсан. ...Би буудлын өрөөнд би паскаа тайлаад ширээн дээр тавьчихсан байсан. Гэтэл Э.............т паскнаас карт хулгайлаад мөнгө авсан байсан...Э.............т картнаас 800.000 төгрөг, 1.000.000 төгрөгөөр тус тус тасалж мөнгө авсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22),

“...буудлын үйлчлэгч өглөө нь надад тэр намхан хар залуу чинь надаар 1.800.000 төгрөг тоолуулаад хадгалуулна гэж ярьж байснаа мөнгөө аваад гарсан гэж хэлсэн...би ер нь дэлгүүр явах болохоороо Э.............тыг явуулдаг байсан. Тэгэхдээ пин кодоо хэлж өгдөг байсан...Э.............таас 1.800.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76-77),  

2. Гэрч Г.С.............яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр би “Вегвасер” нэртэй дэн буудалд үйлчлэгчээр ажиллаж байсан. Тэгтэл 19 цагийн үед ...хөдөөнөөс орж ирлээ, танайд өрөө байна уу гээд ...халамцуу 3 залуу орж ирээд ...1 болон 2 ортой өрөө авсан. Тэд нар 1 ортой өрөөндөө ороод архи ууж эхэлсэн. ...энэ хооронд намхан залуу нь дэлгүүр ороод ирье эгчээ гээд гараад явсан. Тэгснээ 30-аад минут болоод орж ирээд эгчээ би өнөөдөр 1.800.000 төгрөгийн цалин авсан юм. Энийг танд хадгалуулчихья гээд надаар тоолуулсан. Би ...мөнгийг нь тоолоход 1.800.000 төгрөг байсан...тэгтэл гаднаас хүүхэн гаргаж өгнө гээд гарсан хамт явсан залуу нь согтуу ороод ирэнгүүт тэрийг хараад нөгөө залуу би мөнгөө хадгалуулахаа болилоо гээд гараад явсан...тэгээд 2 өндөр залуу 1 ортой өрөөнд хоночихоод өглөө нь мөнгө алдчихлаа гээд бууж ирсэн. Тэгэхээр нь би юун мөнгө бэ, бэлэн мөнгө байсан юм уу, гэхэд картнаасаа алдчихлаа гэж хэлсэн. Тэгээд хэдэн төгрөг байсан юм бэ гэхэд 1.800.000 төгрөг авчихсан байна гэсэн. Тэгэхээр нь би тэр намхан залуу чинь 1.800.000 төгрөгийн цалин авсан гээд надаар тоолуулаад хадгалуулах гэж байгаад буцаагаад аваад гарсан гэдгийг хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36),

3. Гэрч М.Г.............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Б.............нэ, Ээгий нарын хамт архи ууж яваад 16 цагийн үед 1 дүгээр хорооллын Цамбагаравын ар талд байдаг буудалд орсон ...үүрээр Б.............нэ намайг сэрээгээд Ээгий алга, карт байхгүй болчихож гэж хэлсэн. Тэгээд буудлын үйлчлэгчээс асуухад 20000 төгрөгийн дэвсгэртийг надаар тоолуулсан. 1.800.000 төгрөг тоолуулаад аваад гарсан гэж хэлсэн...Эхлээд буудалд орж ирээд бид 3 архи уусан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83-84),

5. П.Б.............ний “ХААН” банкны 502....5152 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгад “...2019 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр ...21 цаг 51 минутад...800.000 төгрөгний, ...21 цаг 59 минутад 1.000.000 төгрөгний зарлага...” тус тус гарсан гэх баримт (хавтаст хэргийн 14-15),

6. Шүүгдэгч Б.Э.............тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр би найз Б.............нэ, Г.............р нарын хамт 1 дүгээр хорооллын ар талд байдаг нэрийг нь мэдэхгүй буудалд орсон. Орхоосоо өмнө бид 3 архи уучихсан байсан юм. Буудалд 17 цагийн үед орсон шиг санагдаж байна...эхлээд бид нар нэг ортой өрөөнд байж байгаад 2 ортой өрөө нэмж авсан. ...Б.............нийн ширээн дээр паскнаас нь виза картыг нь хулгайлж аваад данснаас нь 1.800.000 төгрөг аваад эргэж буудалдаа очиж үйлчлэгчээр нь тоолуулаад мөнгийг аваад явсан. Намайг буудлын үйлчлэгчээр нь мөнгө тоолуулж байхад Г.............р орж ирж байсан. ...би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...би 1.800.000 төгрөгнөөс өөр эд зүйл хулгайлаагүй...Б.............нэ надад картаа өгөөд юм болгондоо явуулдаг байсан. Дэлгүүрээс юм авахдаа байнга намайг явуулдаг байсан болохоор би пин кодыг мэддэг байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67-70),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 102, 101), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 96-100, 104) хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 103, 105), хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт (хавтаст хэргийн 109-110) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Э.............тад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б.Э.............т нь Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Нандин ухаан” эмнэлгийн ертөнцийн зүгээр зүүн талд байрлах “Вегвайсер” нэртэй дэн буудлын өрөөнд, 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр, П.Б.............нэ, М.Г.............р нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэн, улмаар М.Г.............рыг буудлаас гарсан байхад нь Б.Э.............тын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байгааг далимдуулан түүний ширээн дээр тавьсан байсан паскнаас “ХААН” банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хохирогчийн 502....5152 тоот данснаас 1.800.000 төгрөгийг АТМ-аар уншуулуулан авч хохирол учруулсан болох нь

- Хохирогч П.Б.............ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Өмнөговь аймгийн Эрдэнэс Таван толгойн нүүрс тээвэрт явж байгаад 2019 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 16 цагийн үед хамт ажиллаж байсан найзууд болох Э.............т, Г.............р нарын хамт Улаанбаатар хотод амрахаар ирсэн. Тэгээд бид нар Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо “Нандин-Ухаан” эмнэлгийн зүүн талд байрлах “Дэн” буудалд орж архи хувааж ууцгаасан. ...ойролцоогоор 4 цагийн үед сэрээд паскаа онгойлгоод үзэхэд “ХААН” банкны виза карт байхгүй...байсан. ...Миний виза картнаас 1.800.000 төгрөг алдагдсан. ...Би буудлын өрөөнд би паскаа тайлаад ширээн дээр тавьчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22),

“...би ...дэлгүүр явах болохоороо Э.............тыг явуулдаг байсан. Тэгэхдээ пин кодоо хэлж өгдөг байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76-77), 

- Гэрч Г.С.............яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хөдөөнөөс орж ирлээ, танайд өрөө байна уу гээд ...халамцуу 3 залуу орж ирээд ...1 болон 2 ортой өрөө авсан. Тэд нар 1 ортой өрөөндөө ороод архи ууж эхэлсэн. ...энэ хооронд намхан залуу нь дэлгүүр ороод ирье эгчээ гээд гараад явсан. Тэгснээ 30-аад минут болоод орж ирээд эгчээ би өнөөдөр 1.800.000 төгрөгийн цалин авсан юм. Энийг танд хадгалуулчихья гээд надаар тоолуулсан. Би ...мөнгийг нь тоолоход 1.800.000 төгрөг байсан...тэгтэл гаднаас хүүхэн гаргаж өгнө гээд гарсан хамт явсан залуу нь согтуу ороод ирэнгүүт...мөнгөө хадгалуулахаа болилоо гээд гараад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36),

- Гэрч М.Г.............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...үүрээр Б.............нэ намайг сэрээгээд Ээгий алга, карт байхгүй болчихож гэж хэлсэн. Тэгээд буудлын үйлчлэгчээс асуухад 20000 төгрөгийн дэвсгэртийг надаар тоолуулсан. 1.800.000 төгрөг тоолуулаад аваад гарсан гэж хэлсэн...Эхлээд буудалд орж ирээд бид 3 архи уусан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83-84),

- П.Б.............ний “ХААН” банкны 502....5152 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгад “...2019 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр ...21 цаг 51 минутад...800.000 төгрөгний, ...21 цаг 59 минутад 1.000.000 төгрөгний зарлага...” тус тус гарсан гэх баримт (хавтаст хэргийн 14-15),

- Шүүгдэгч Б.Э.............тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.............нийн ширээн дээр паскнаас нь виза картыг нь хулгайлж аваад данснаас нь 1.800.000 төгрөг аваад эргэж буудалдаа очиж үйлчлэгчээр нь тоолуулаад мөнгийг аваад явсан. Намайг буудлын үйлчлэгчээр нь мөнгө тоолуулж байхад Г.............р орж ирж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67-70) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Б.Э.............т шунахайн сэдэлтээр хялбар аргаар мөнгө олох зорилгоор, хохирогчийн виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан болох нь хохирогч, гэрч яллагдагч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон ба тухайн гэмт хэргийн улмаас хохирогч П.Б.............нэд 1.800.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан болох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт болох “ХААН” банкны депозит дансны хуулгаар тогтоогджээ. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Б.Э.............тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.Б.............нэд 1.800.000 төгрөгийн хохирол учирсан байх боловч шүүгдэгч нь хохирогчид хохирлыг барагдуулсан болох нь (хавтаст хэргийн 109) баримтаар тогтоогдсон. Нөгөө талаас хохирогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын мөнгийг бүрэн хүлээж авсан гэх баримтыг гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас шүүгдэгч Б.Э.............тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс нь улсын яллагчийн гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрч байна. Иймд нийтэд тустай ажил хийлгэх ял доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Э.............т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн болохыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Б.Эрэнэбатад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байгааг харгалзан улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар Б.Э.............т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1908 0028 30708 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Халиун морьт боржигон овогт Б.............рын Э.............тыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э.............тыг 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Э.............т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХЗУЛ