Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 621

 

 

 

 

 

 

      2019          06             06                                      2019/ШЦТ/621

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч М.Амарзаяа,

хохирогч Б.Ц.........од, түүний өмгөөлөгч О.Эрдэнэтогтох (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1113)

шүүгдэгч П.А..........р, түүний өмгөөлөгч А.Очбадрал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2185) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Жоов овогт П.....ржийн А..........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0456 90694 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Жоов овогт П.....ржийн А..........р, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1990 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ............. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар НЩ9.............71,

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

П.А..........р нь 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан ........ дүгээр хороо ............. тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Ц.........одыг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч П.А..........р мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

2. Хохирогч Б.Ц.........од мэдүүлэхдээ “...А..........р байнга шөнийн 02 цагт мөнгө нэхэж хэрүүл үүсгэдэг гэж байна. Би мөнгө нэхэж хэрүүл маргаан үүсгэсэн асуудал байхгүй. 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хөл хугалсан. Бид хоёр би лангуу руугаа явахаар А..........р ажилтай гээд өглөө 8 цагт боссон. Хоёр охиноо цэцэрлэгт нь хүргүүлэхээр хувцаслаад цайг нь уулгаж амжихгүй, бага охиноо хувцаслаад дуусгаж байсан чинь А..........р хөргөгч онгойлгоход нь хүүхэд юм нэхээд уйлна гэж хэлсэн чинь би “яахаараа хөргөгч онгойлгох эрхгүй байдаг юм бэ” гээд ирээд намайг жийсэн. Би арагш саваад унаад үлдсэн. А..........р хоёр охиноо аваад зугтаагаад цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр гарсан. Тухайн үед би орондоо хэвтэж байсан. Өндөг шарах асуудал болоогүй. Жийсний дараа явж болохгүй ар талын өсгийгөөр гишгээд такси бариад ажил руугаа явсан. Орой ажил тараад хүүхэд авах хүн байхгүй. Хүүхдүүдээ таксидаж аваад гэртээ ирсэн. Тухайн үед А..........р хоногоор ажиллаж байсан. Маргааш нь 3 дугаар сарын 8-ны өдөр болоод А..........р ажлаасаа ирсэн. Миний хөл өвдөөд босож чадахгүй байна гээд орондоо хэвтэж байсан. А..........р уучлаарай гэхээр нь уучлахгүй, миний хөл өвдөөд хэцүү байна гэсэн чинь А..........р уурлаад гараад явсан. Удаагүй хадмууд над руу залгасан. А..........р миний хөлийг гэмтээсэн гэж хэлсэн. Хөл өвдсөн ч гүрийгээд ажлаа хийж байсан. Хөл хавдаад болохгүй болхоор нь 5 хоногийн дараа үзүүлсэн чинь зөрөөд хугарсан байна гээд гипс тавьж өгсөн. Удаагүй манай байшинд ус ороод амьдрах гэр оронгүй болоод хадмын гэрт хэд хоног амьдарсан. Тэгэхдээ А..........рт “чамаас болоод амьдрах гэр оронгүй, лангуугүй боллоо” гэж хэлсэн чинь А..........рын дүү охин нь намайг зодож, А..........р давхар зодож, хадмууд бүгд над руу дайрч би 10 дугаар хороолол руу явсан. А..........р хоёр өдөр амарч байхдаа лангуу дэрээ суучих гэхээр суудаггүй, сэтгэлгүй ханддаг. Эцэг, эх нь сэтгэлгүй ханддаг. А..........ртай амьдарч байх хугацаанд улирлын чанартай 6 сар ажил хийсэн. Олсон цалингаа өөрийнхөө хэрэгцээнд зарцуулсан байх надад мөнгө өгч байгаагүй. Би мөнгө олоод ир гэж дарамтлаад байдаг асуудал байхгүй,

4 дүгээр сарын дундуур лангуугаа ажиллуулж чадахгүй болоод хүнд түрээслүүлсэн. А..........р лангуу дээр суухаар орлогоо хөзөр тоглоод үрдэг. Өдөр шөнөгүй мөнгө нэхэж байсан. 5 дугаар сарын 4-ний өдөр хэрүүл маргаан гараад байх зүйл болоогүй. Гипсээ авахуулсан хөл дээрээ алхаж байгаа болохоор манай нэг лангуун дээр суучих гээд хүргэн ахын лангуун дээр суухаар болсон. А..........р намайг буудал хүргэж өгнө, хүүхдүүдээ цэцэрлэгт хүргэж өгнө гээд боссон. Урд өдөр нь утсаа янзлуулна гэсэн чинь миний гар утсыг барьчих гэсэн. Утсаа янзлуулаад ажилдаа гарах гэж байсан чинь “утсаа авъя. Чамд бариулахгүй” гээд гар утсаа булаагаад, миний хамаг зүйлийг аваад би зайллаа гээд ширээн дээр байсан шилэн аягыг миний нуруу руу шидсэн. Надад хүний лангууны 200.000 гаран мянган төгрөгийг авах гээд дайраад байхаар нь нуусан байсан. Шилэн савтай ус нуруу руу шидчихээд нүүр рүү тултал салаавч өгөөд “чамайг алаад хаяад явсан ч багадна. Янхан минь” гэж хэлээд хаалга гаднаас тэвхдээд зугтсан. Одоо сэтгэл санаа, бие мах бодын, эдийн засгийн хохиролтой байна. Цаашид хөл байнга өвддөг. Хөл эмчлүүлэх мөнгө нэхэмжилнэ. Эмчилгээнд хэдэн төгрөг зарцуулагдахыг мэдэхгүй байна. Эмчилгээндээ зориулаад 2 сая төгрөг нэхэмжилнэ...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Ц.........одын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан Дүүргийн 7-р хороо Монлаагийн 17-36 тоот гэртээ байхдаа өглөө бид нар босоод 2 хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд хувцаслаж байхад П.А..........р хөргөгч онгойлгосон. Би П.А..........рыг “чи яагаад хөргөгч онгойлгоод байгаа юм бэ” гээд хэлтэл П.А..........р “би гэртээ байж хөргөгч онгойлгож болохоо больчихсон юм уу” гээд намайг хөлөөрөө өшиглөөд би арагшаа унаад би босож чадахгүй уйлаад хэвтсэн бөгөөд П.А..........р шууд 2 хүүхдээ аваад гэрээс гараад явчихсан. Би гэртээ ганцаараа үлдээд хэсэг хэвтэж байгаад босох гэтэл хөл өвдөөд босож чадахгүй байсан бөгөөд нэлээн байж байгаад хувцсаа өмсөөд хазганаад ажил дээрээ ирсэн юм. Тэгээд би хөлөө зүгээр болчих байх гэж бодсон чинь ерөөсөө зүгээр болохгүй 2 хоногийн дараа хавдаад эхэлсэн бөгөөд Баянхошууны эцэс дээр байдаг амбулторид үзүүлсэн чинь миний баруун хөлний чигчий хуруу хугарчихсан байсан юм. Тэгээд гипстүүлж байсан юм. Тухайн манай том охин болох Эгшиглэн байсан, би хэнд ч хэлээгүй нуучихсан юм. Гэхдээ дараа нь манай ээж болох Нар.....цэг мэдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21),

“...2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ...би бага охин Анарын хувцсыг нь өмсүүлээд ...2 хөл дээрээ хагас суугаад ... хүрмийг нь өмсүүлж байтал П.А..........р миний зүүн талаар ирээд зүүн хөл рүү нэг удаа өшиглөхөд нь би хойшоо тэнцвэр алдан савж шалан дээр унасан бөгөөд унахдаа нилээн хүчтэй унасан. Унах үед миний баруун хөл тог хийх шиг болоод маш хүчтэй өвдсөн. ...Босох гэсэн чинь миний баруун хөл өвдөөд босч болохгүй байхаар нь нэг цаг орчим хэвтэж байгаад босоод лангууруугаа явсан юм. Намайг П.А..........р өшиглөж унагааснаас болж миний баруун хөлийн чигчий хурууны яс хугарсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-26),

2. Гэрч Б.О........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Ц.........од нь 2018 оны 03 дугаар сард хөлөө гэмтээсэн талаар надад хөлөө гэмтээснийхээ дараа нь хэлж байсан. Тухайн үед юу болсон талаар асуухад халтирч унаад хөлөө эвгүй болгосон гэж хэлж байсан. Тэгэхэд хөлийнхөө хуруу нь хугарсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28),

3. Гэрч Б.С........одын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Ц.........од нь хөлийн хурууны орчим П.А..........р нь зодож гэмтээсэн талаар ярьж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30),

4. Д.Ариунжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед Б.Ц.........од халтирч унахдаа хөлийнхөө хурууг гэмтээчихлээ гэж манай гэрт ирж байсан. Тухайн үед манай гэрт ирээд бас хэд хонож байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32)

5. Б.Гүнлэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3-р сарын эхээр П.А..........р миний дүү Б.Ц.........одыг зодож хөлийнх нь хурууг хугалсан гэж манай дүү Б.Ц.........од өөрөө надад хэлж байсан...” гэх  мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35),

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12060 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэг: Биед ил харагдах гэмтэлгүй.

Амбулаториор эмчлүүлэгсдийн картанд: 2018.03.07-ны гэмтлийн эмчийн үзлэгт онош: баруун тавхайн 5-р хурууны 3-р шивнүүрийн далд хугарал гэжээ.

2018.04.11-ний гэмтлийн эмчийн үзлэгт: рентгенд бороололт гүйцэд бус.

2018.05.07-ны гэмтлийн эмчийн үзлэгт: бороололт жигд.

2018.03.13/ 2018.04.11/ 2018.04.25/ 2018.05.07-ны баруун тавхайн рентген /CD-4ш, зураг-1ш/-р: баруун хөлийн 5-р хурууны угийн шивнүүр яс зөрсөн хугаралтай /бороо үүсээгүй/. Дүгнэлт бичсэн эмч О.Оюунбаясгалан 2018.10.08...гэжээ...ДҮГНЭЛТ

1. Б.Ц.........од-н биед баруун хөлийн 5-р хурууны угийн шивнүүр ясны зөрөөтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь 2018.03.07-нд үүссэн байх боломжтой байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 44)

7. Шүүгдэгч П.А..........рын мөрдөн байцаалтад өгсөн: “....2019 оны 03 дугаар сарын 07-ны өглөө босоод би хоёр хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх ёстой байсан. Б.Ц.........од орондоо хэвтэж байсан юм. Тухайн үед би өлсөөд талх, өндөг идэх санаатай хөргөгчөө нээсэн чинь Б.Ц.........од “чи яах гээд байгаа юм, хоёр хүүхдээ цэцэрлэгт нь хүргээд өгөөч дээ, үхэх гээд байна уу? өлөн гөлөг минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь Б.Ц.........одод “юу яриад байгаа юм, хоёр хүүхэд хүртэл өлсөж байгаа шүү дээ, цэцэрлэгтээ очоод наад хоёр чинь нэг хэсэгтээ л юм идэхгүй шүү дээ” гэж хэлтэл “наад хоёр чинь яах вэ, очоод юм идчихнэ” гэж байсан. Би хөргөгчнөөс өндөг гаргаж ирээд шарж байсан чинь Б.Ц.........од босож ирээд “чи муу арчаагүй пизда, наад хоёр чинь хоцорчих юм бол би яаж ажил руугаа авч явах юм бэ” гээд орилоод байхаар нь би хэвлийрүү нь хөлөөрөө жийчихсэн чинь Б.Ц.........од хойшоо саваад газар уначихсан юм...Тэгснээ баруун хөлөө бариад “хөл хөл” гээд уйлаад байхаар нь би очоод “хөл чинь яасан бэ” гэж асуусан чинь дуугарахгүй байсан. Тэгэхээр нь би хоёр охиноо аваад гараад явчихсан юм. 2 охиноо цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд ажилдаа явсан...Орой нь цэцэрлэг тарахаар нь охидуудаа аваад гэртээ орж ирэхэд Б.Ц.........од орондоо хэвтэж байсан. Б.Ц.........одоос “чи ажилдаа явсан юм уу, хөл нь зүгээр үү” гэж асуусан чинь Б.Ц.........од дуугарахгүй байсан. Уучлаарай гэж хэлсэн чинь дуугарахгүй байхаар нь би ажил руугаа явчихсан юм. Маргааш өглөө нь 10 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн чинь Б.Ц.........од хоёр охинтойгоо байсан ба хоёр охиноо цэцэрлэгт нь хүргэж өгөөгүй байсан, эхнэрээсээ уучлалт гуйгаад буцаад эвлэрсэн юм...2018 оны 03-р сарын 11-ний өдөр Б.Ц.........од бид хоёр хорооллын дэлгүүрээр явж байтал Б.Ц.........од хөл өвдөөд байна гэж байсан юм. Тэр үед хөлөө үзүүлэлгүй 7 хоног орчим явсан байсан бөгөөд баруун хөлнийх нь чигчий хурууны хажуугаар хавдсан байсан. Гэмтлийн эмнэлэгт Б.Ц.........одын баруун хөлд гипс тавьж өгсөн байсан. ...Ямар ч байсан гэмтлийн эмнэлгээс суга таяг авч байсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 123-128),

8. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 48-56, 57-59),

А.Эгшиглэн, А.Анар нарын төрсний гэрчилгээний хуулбарт “...эцгийн овог Жоов, эцгийн нэр П.....рж, нэр П.А..........р, эхийн овог Боржигин эцгийн нэр Баасанжав, нэр Б.Ц.........од...” гэх баримт (хавтаст хэргийн 106, 107),

- Хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 95), хохирлын 201.956 төгрөгийн баримтууд (хавтаст хэргийн 110), эмчийн үзлэгийн тэмдэглэл (хавтаст хэргийн 113-117),

- шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 89, 88), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 47), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 92, 94, 96, 99-100), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 91) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч П.А..........рт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч П.А..........рыг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирлоос хүүхдийн угжны мөнгө гэх 7800 төгрөгийг хасаж үлдэх хохирол болох 194.156 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах, цаашид хохирол хор уршигт гарах 2.000.000 төгрөгийг нээлттэй үлдээх дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч: Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг дэмжиж байна. Хохирогчид учирсан бодит хохирол 167.000 төгрөг болон өмгөөллийн хөлс 500.000 төгрөг нийтдээ 667.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Харин хохирол, хор уршиг нэхэмжилсэн нийт төлбөрөөс өмгөөллийн зардал нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй хохирогч нь сайн дурын үндсэн дээр өмгөөлөгчтэй гэрээ байгуулан өөрийн эрх ашгаа хамгаалуулж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүгдэгч П.А..........р нь Сонгинохайрхан ........ дүгээр хороо Малчны 2 дугаар гудамжны 38а тоот гэртээ, 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр, гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Б.Ц.........одтой гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар хохирогчийг явган сууж хүүхдээ хувцаслаж байхад нь түүний хэвлийн тус газар нь өшиглөжээ. Ийнхүү хохирогч Б.Ц.........од нь өшиглүүлсний улмаас тэрээр баруун хөлийн 5-р хурууны угийн шивнүүр ясны зөрөөтэй далд хугарал бүхий хүндэвтэр хохирол авсан болох нь

- хохирогч Б.Ц.........одын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан Дүүргийн 7-р хороо Монлаагийн 17-36 тоот гэртээ байхдаа өглөө бид нар босоод 2 хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд хувцаслаж байхад П.А..........р хөргөгч онгойлгосон. Би П.А..........рыг “чи яагаад хөргөгч онгойлгоод байгаа юм бэ” гээд хэлтэл П.А..........р “би гэртээ байж хөргөгч онгойлгож болохоо больчихсон юм уу” гээд намайг хөлөөрөө өшиглөөд би арагшаа унаад би босож чадахгүй уйлаад хэвтсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21),

“...2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ...би бага охин Анарын хувцсыг нь өмсүүлээд ...2 хөл дээрээ хагас суугаад ... хүрмийг нь өмсүүлж байтал П.А..........р миний зүүн талаар ирээд зүүн хөл рүү нэг удаа өшиглөхөд нь би хойшоо тэнцвэр алдан савж шалан дээр унасан бөгөөд унахдаа нилээн хүчтэй унасан. Унах үед миний баруун хөл тог хийх шиг болоод маш хүчтэй өвдсөн...” (хавтаст хэргийн 22-26),

- Гэрч Б.О........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Ц.........од нь 2018 оны 03 дугаар сард хөлөө гэмтээсэн талаар надад хөлөө гэмтээснийхээ дараа нь хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28),

- Гэрч Б.С........одын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Ц.........од нь хөлийн хурууны орчим П.А..........р нь зодож гэмтээсэн талаар ярьж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30),

- Д.Ариунжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед Б.Ц.........од халтирч унахдаа хөлийнхөө хурууг гэмтээчихлээ гэж манай гэрт ирж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32),

- Б.Гүнлэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын эхээр П.А..........р миний дүү Б.Ц.........одыг зодож хөлийнх нь хурууг хугалсан гэж манай дүү Б.Ц.........од өөрөө надад хэлж байсан...” гэх  мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12060 дугаар дүгнэлт “...1. Б.Ц.........од-н биед баруун хөлийн 5-р хурууны угийн шивнүүр ясны зөрөөтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 44)

- Шүүгдэгч П.А..........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2019 оны 03-р сарын 07-ны өглөө босоод би хоёр хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх ёстой байсан. Б.Ц.........од орондоо хэвтэж байсан юм. Тухайн үед би өлсөөд талх, өндөг идэх санаатай хөргөгчөө нээсэн чинь Б.Ц.........од “чи яах гээд байгаа юм, хоёр хүүхдээ цэцэрлэгт нь хүргээд өгөөч дээ, үхэх гээд байна уу? өлөн гөлөг минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь Б.Ц.........одод “юу яриад байгаа юм, хоёр хүүхэд хүртэл өлсөж байгаа шүү дээ, цэцэрлэгтээ очоод наад хоёр чинь нэг хэсэгтээ л юм идэхгүй шүү дээ” гэж хэлтэл “наад хоёр чинь яах вэ, очоод юм идчихнэ” гэж байсан. Би хөргөгчнөөс өндөг гаргаж ирээд шарж байсан чинь Б.Ц.........од босож ирээд “чи муу арчаагүй пизда, наад хоёр чинь хоцорчих юм бол би яаж ажил руугаа авч явах юм бэ” гээд орилоод байхаар нь би хэвлийрүү нь хөлөөрөө жийчихсэн чинь Б.Ц.........од хойшоо саваад газар уначихсан юм...Тэгснээ баруун хөлөө бариад “хөл хөл” гээд уйлаад байхаар нь би очоод “хөл чинь яасан бэ” гэж асуусан чинь дуугарахгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 123-128),

- А.Эгшиглэн, А.Анар нарын төрсний гэрчилгээний хуулбарт “...эцгийн овог Жоов, эцгийн нэр П.....рж, нэр П.А..........р, эхийн овог Боржигин эцгийн нэр Баасанжав, нэр Б.Ц.........од.” гэх баримт (хавтаст хэргийн 106, 107) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл П.А..........р нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр гэр бүлийн хувийн таарамжгүй сэдэлтээр, хохирогч Б.Ц.........одийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэж учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Нөгөө талаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр...” тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байхаар тус тус хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл хууль зүйн хувьд шүүгдэгч П.А..........р, хохирогч Б.Ц.........од нар нь хамтран амьдрагч нар болох нь тэдний мэдүүлэг, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.

Тиймээс шүүгдэгч П.А..........рыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Харин прокуророос яллах дүгнэлт үйлдэн, хэргийн үйл баримтыг тогтоохдоо “байнга гэр бүлийн хүчирхийлэл” үйлдсэн гэх боловч шүүгдэгчид холбогдох хэргийг шүүх шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн зөвтгөсөн болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь баримтаар 201.956 төгрөг, хууль зүйн туслалцаа авсны төлбөрт 500.000 төгрөг, цаашид гарах хохирол, хор уршигт 2.000.000 төгрөг нэхэмжилсэн байна.

Шүүх хохирогчийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн зардал болох 500.000 төгрөг, цаашид гарах хохирол хор уршигт зарцуулах 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв. Учир нь

1. Хохирогч нь сайн дурын үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдэлж, өөрийн эрх ашгийг хамгаалуулахаар өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хамаарахгүй. Нөгөө талаар хуулийн дээрх заалтад хамаарах этгээд мөн эсэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдоогүй.

2. Хохирогч нь шүүгдэгчээс 2.000.000 төгрөгийн хохирол, хор уршиг нэхэмжлэх боловч ямар эмчилгээ хийлгэх нь тодорхой бус, нөгөө талаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл болох нь тогтоогдсон байх тул тухайн нэхэмжлэлүүдийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Харин хохирогчийн нэхэмжилсэн 201.956 төгрөгийг энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримт болох 201.956 төгрөгийн эм, эмийн эмчилгээг хийлгэсэн талаар эмчийн жоргүй, хохирогчийн өвчний түүх дээр тухайн эмчилгээг зайлшгүй хийлгэх ёстой байсан талаарх тэмдэглэгээ байхгүй. Мөн хохирогчийн цуглуулсан тухайн нотлох баримт нь 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 2 дугаар сарын хоорондох баримт байх тул хэлэлцэхгүй орхиж энэ талаарх баримтаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй байна.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч П.А..........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд нь 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч миний үйлчлүүлэгч П.А..........р нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн өөрийн үйлдсэн хэргээ үнэн зөвөөр хүлээн мэдүүлсэн. Мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирогчоос уучлалт гуйсан,

Түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлага нь 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ялтай. Нөгөө талаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн

1.1 дэх заалт нь “...хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон...”

1.2 дахь заалт нь “...хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон...” гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дээрх зохицуулалтын алинд ч хамаарагдахгүй байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, эрүүгийн хариуцлага оногдуулахгүйгээр чөлөөлж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүхээс П.А..........рыг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

П.А..........рт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Тиймээс улсын шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн зэрэг түүний хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг өөрчилж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулахгүйгээр тэнсэх нь хууль зүйн ач холбогдолтой гэж үзэв.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...хорих ялын ...дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон...” гэх ангилалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын дээд хэмжээ болох 3 жил хамаарагдаж байх тул хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч П.А..........рт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэнтэй холбогдуулан ялын зорилгыг хангахын тулд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу шүүгдэгчийн хувийн зан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах...сургалтад хамрагдах” үүргийг тэнссэн хугацаагаар тогтоох нь тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюул, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах ач холбогдолтой болно.

 

Эрүүгийн 1808 0156 90694  дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн , 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жоов овогт П.....ржийн А..........рыг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч П.А..........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жил 3 (гурав) сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.А..........рт мөн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зан үйлээс засах сургалтад хамрагдах үүргийг тэнссэн хугацаанд тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А..........р нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулсугай.

5. Уг хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ