| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2016/00470/и |
| Дугаар | 26 |
| Огноо | 2017-01-17 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдасан /төрийн тусгай албан хаагч/, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 26
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1980 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 37 настай, эмэгтэй, Дорноговь аймаг, Мандах сум, 5-р баг, Төхөмийн 1-13 тоотод суух, Түдвийнхэн овогт Адъяагийн Мэндсайхан /РД:ЕЕ80032008/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Мандах сумын Засаг даргад холбогдох
Ажлаас буруу халсаныг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 647 456 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Мэндсайхан, хариуцагч Н.Отгонбаяр, нарийн бичгийн дарга У.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Мэндсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Мандах сумын Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байсан ба Мандах сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай захирамжаар мэргэжил, ур чадварын хувьд шаардлага хангахгүй үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Миний бие уг захирамжийг хуувь бус гэж үзэж байна. Үндэслэл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8 дахь хэсэгт “хууль тогтоомжид заасан бол тухайн нутаг дэвсгэр дэх төсвийн байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох чөлөөлөх” гэсний дагуу аймгийн Боловсрол, соёлын газартай зөвшилцөлгүй намайг ажлаас чөлөөлсөн. Мөн Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт “Улсын болон бүс нутгийн түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн соёлын байгууллагын дарга, захирлыг тухайн салбарын мэргэжилтэй, соёл, урлагийн байгууллагад 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно”, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж заасныг үндэслэн намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн. Гэтэл миний ажиллаж байсан орон тоон дээр Төрийн албаны тухай хуулийн дагуу мэргэжлийн шалгаруулалт зарлагдаагүй байсан тул энэ заалт хамаарахгүй гэж үзэж байна. Мөн намайг ямар үндэслэлээр мэргэжил, ур чадварын шаардлага хангахгүй болсон гэж дүгнэж байгаа нь тодорхойгүй байх тул ажлаас буруу халсаныг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 647 456 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Отгонбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Мандах сумын иргэн А.Мэндсайхан нь тус сумын Соёлын төвд бүжгийн багшаар ажиллаж байгаад 2013 оны 03 дугаар сарын 20–ны өдрийн Б/ 09 дүгээр захирамжаар Соёлын төвийн эрхлэгчийн ажлын байранд томилогдон ажиллаж байгаад жирэмсэний болон хүүхэд асарсаны чөлөө авсан. 2016 оны 04 дүгээр сараас хуулийн дагуу ажлын байранд эгүүлэн томилогдсон. Ажиллаж байх хугацаандаа төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээ, болон үйл ажиллагааны хэрэгжилтийн тайланг 2013 болон 2015 онуудад бичиж ирүүлээгүй. Соёлын төвийн үйл ажиллагаа хангалтгүй байгаа мөн А.Мэндсайхан нь удирдах ажилтны ёс зүйн хувьд доголдолтой ажилдаа хариуцлагагүй ханддаг зэрэг дутагдалыг арилгах зорилгоор Соёлын төвийн хамт олны хурлыг сумын Засаг даргын өрөөнд зохион байгуулж, үйл ажиллагаа хангалтгүй, эрхлэгч удирдлага зохион байгуулалтаар хангаж чадахгүй, байгууллагын удирдлагын үйл ажиллагаа хангалтгүй байгааг удаа дараа сануулсан боловч , үйл ажиллагааны доголдолд дутагдал арилаагүй. А.Мэндсайханыг сул байгаа бүжгийн багшийн орон тоон дээр ажиллах саналыг хамт олны хурал дээр хэлж сануулсан. Соёлын төвийн эрхлэгчийн ажлын байрны захиалгыг төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлэх гэсэн хэдийч жирэмсэний амралттай байсан болно. 2016 онд А.Мэндсайханы хүүхэд асрах чөлөө дуусаж , томилогдсоны дагуу аймгийн төрийн албаны салбар зөвлөлд сул орон тооны захиалгыг хүргүүлэхэд , уг салбар зөвлөлөөс Соёлын төвийн эрхлэгчийн удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд тэнцэж нөөцөд бүртгэгдсэн албан хаагчийн дүгнэлтийг ирүүлсэний дагуу А.Мэндсайханыг эрхлэгчийн ажлаас чөлөөлсөн. Соёлын төвийн эрхлэгч С.Баатарсүрэнд бүжгийн багшаар ажиллах өргөдлийг 2016 оны 11 дүгээр сарын 14 –ны өдөр ирүүлэхэд , соёлын төвийн эрхлэгчийн зүгээс ажилд орох хүсэлт гаргасан өдрөөс ажилд авч ажиллуулах тушаал гаргахаар төлөвлөхөд А.Мэндсайханы зүгээс 11 дүгээр сарын 01 –ны өдрөөс эхлэн ажилд томилох тушаалыг гаргуулах гомдол гарсаны дагуу Эрхлэгч С.Баатарсүрэн нь хуулийн дагуу хүсэлт ирүүлсэн өдрөөс эхлэн тушаалыг гаргах ёстой гэж тайлбар гаргахад ажиллахгүй гээд явсан болно. Мөн А.Мэндсайхан нь соёлын төвийн эрхлэгчийн ажлыг хүлээлгэн өгсөн өдөр өөрийн албан ажлын компьютерт байсан албан ажилтай холбогдолтой мэдээллийг бүгдийг устгасан зөрчил гаргасан болно. А.Мэндсайханы нэхэмжлэлийн шаардлага болох ажлаас буруу халсныг тогтоолгох, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 647 456 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Харин одоо А.Мэндсайханыг Дорноговь аймгийн Мандах сумын Соёлын төвд бүжгийн багшийн ажилд томилох боломжтой гэжээ.
Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч А.Мэндсайхан нь Дорноговь аймгийн Мандах сумын Засаг даргад холбогдуулан ажлаас буруу халсаныг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 647 456 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Н.Отгонбаяр нь нэхэмжлэгч А.Мэндсайханыг Дорноговь аймгийн Мандах сумын Соёлын төвийн бүжгийн багшийн ажилд томилуулахаар эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Мэндсайхан нь хариуцагч Дорноговь аймгийн Мандах сумын Засаг даргад холбогдуулан ажлаас буруу халсаныг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 647 456 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч А.Мэндсайхан нь Дорноговь аймгийн Мандах сумын Засаг даргад холбогдуулан ажлаас буруу халсаныг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 647 456 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Н.Отгонбаяр нь А.Мэндсайханыг Дорноговь аймгийн Мандах сумын Соёлын төвийн бүжгийн багшийн ажилд томилуулахаар эвлэснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдийн эвлэрэл нь бусдын эрх, эрх ашиг чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч А.Мэндсайхан нь Дорноговь аймгийн Мандах сумын Засаг даргад холбогдуулан ажлаас буруу халсаныг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 647 456 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурьдсугай.
2.Хариуцагч Н.Отгонбаяр нь нэхэмжлэгч А.Мэндсайханыг Дорноговь аймгийн Мандах сумын Соёлын төвийн бүжгийн багшийн ажилд томилуулахаар эвлэснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 76 302 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 76 302 төгрөгийн тал хувь 38 151 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, улсын төсвийн дансанд оруулсугай.
5.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ