Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лоолгойн Нямдорж |
Хэргийн индекс | 204/2016/00043/и |
Дугаар | 02 |
Огноо | 2017-01-23 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 02
2017 оны 01 сарын 23 өдөр Дугаар 204/МА2017/00002 Өвөрхангай аймаг
Д.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 447 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Н.Энхтүвшинд холбогдох
“Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Дорждулам, нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2004 онд Н.Энхтүвшинтэй танилцан дотносож, 2006 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. 2005 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүү Э.Анхбаярыг, 2006 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүү Э.Хосбаярыг, 2009 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүү Э.Элбэгбаяр нарыг төрүүлсэн. Хамт амьдрах хугацаанд Н.Энхтүвшин нь архи ууж, агсам тавьж, зодож дарамтанд оруулдаг байсан. Гэр орондоо ирэхгүй элдэв хүүхнүүдтэй холбогдож олон хоногоор тэнэж алга болдог байсан. Байнгын хэрүүл маргаан даймжирч хамт амьдрах боломжгүй байдалд хүрч 2011 оноос тусдаа амьдарч байна. 2013 оноос Н.Энхтүвшин бид хоёр тусдаа амьдралтай болсон. Би 2014 онд 4 дэх хүүхдээ төрүүлсэн. Бид хоёрын энэ амьдралаас болж бидний 3 хүүхэд айл айлаар амьдарч байгаа нь хүмүүжилд маш муугаар нөлөөлж байна. Би 3 хүүхдээ өөрөө өсгөж эхийн хайр халамж үзүүлж хүмүүжилд нь анхаарал тавьж өсгөнө. Эцэг Н.Энхтүвшин нь 3 хүүхдээ харж ханддаггүй, тусалж дэмждэггүй хүүхдийн мөнгийг өгөхгүй өөрөө авч үрдэг. Тухайн үед хүүхдүүдээ эцэг дээр нь орхиж явсан нь миний буруу цаашдаа эх хүний хувьд хүүхдүүдээ өөр дээрээ авах хүсэлтэй байна. 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Эвлэрүүлэн зуучлалд хандаж эвлэрүүлэх ажиллагааг явуулсан боловч Н.Энхтүвшин бид 2 эвлэрээгүй. Эвлэрэх боломжгүй бид тус тусдаа амьдралтай болоод үр хүүхэдтэй болцгоосон. Иймд энэ хүнтэй цаашид амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцлаж, хүүхдүүдийг миний асрамжинд үлдээж, Н.Энхтүвшингээс тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Хариуцагч Н.Энхтүвшин шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Миний бие 2004 онд Д.Эрдэнэцэцэгтэй танилцаж 2005 оны 07 дугаар сард албан ёсоор гэр бүл болсон. Гэтэл Д.Эрдэнэцэцэг өөр хүнтэй холбоотой болсон. Энэ үед бага хүү Элбэгбаяр төрөөгүй байсан. Д.Эрдэнэцэцэг энэ чиний хүүхэд биш гээд салаад явсан. Тэгээд хэсэг хугацаанд тусдаа амьдарч байгаад 2009 оны 08 дугаар сард эхнэр маань буцаж ирээд чиний хүүхэд мөн гээд бид хамт амьдрах болсон. Гэтэл 2011 оны 04 дүгээр сард Д.Эрдэнэцэцэг нь сумын төв орж ойр зуурын юмаа цуглуулж ирье гэж яваад эргэж ирээгүй. Тухайн үед том хүү Анхбаяр 6 настай, дунд хүү Хосбаяр 5 настай, бага хүү Элбэгбаяр 1 нас 6 сартай хоцорсон. Явахдаа чамтай амьдрах сонирхолгүй болсон өөр хүнд хайр сэтгэлтэй болсон гэсэн захидал бичиж үлдээсэн байсан. 14 хоногийн дараа бага хүү Элбэгбаярыг ээжид нь аваачиж өгсөн. Миний бие эхнэртэйгээ амьдарч байхдаа агсам согтуу тавьж байсан удаа байхгүй. Хааяа архи уудаг байсан нь үнэн. Би хоёр хүүтэйгээ амьдарч байгаад 2014 оны 07 дугаар сард өөр хүнтэй гэр бүл болсон. 2014 оны 12 дугаар сард хүү Элбэгбаярыг авчирч өгсөн. Би гурван хүүхдээ өсгөж, өмсөж зүүх бүхий л юмаар нь дутаахгүй явуулах гэж зүтгэж ирсэн. Цаашид Д.Эрдэнэцэцэгтэй хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцлаж, хүүхдүүдийг маань миний асрамжинд үлдээж өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх: Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Толин овогтой Додсогмаагийн Эрдэнэцэцэг, Хөндий овогтой Надмидын Энхтүвшин нарын гэрлэлтийг цуцалж, Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2005 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү Э.Анхбаяр, 2006 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Э.Хосбаяр, 2009 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү Э.Элбэгбаяр нарыг эх Толин овогтой Додсогмаагийн Эрдэнэцэцэгийн асрамжинд үлдээж, зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдаж, Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2006 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Э.Элбэгбаяр нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 2005 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү Э.Анхбаяр, 2006 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Э.Хосбаяр, 2009 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү Э.Элбэгбаяр нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан эцэг Н.Энхтүвшингээр тэжээн тэтгүүлэхээр, Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагч Н.Энхтүвшингээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэг нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар 70200 төгрөг, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Н.Энхтүвшингээс 79155 төгрөгийг тус тус гаргуулж орон нутгийн төсвийн орлогод /Хаан банкны 5540607728 тоот дансанд/ оруулахаар, Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн давж заалдах гомдолдоо:
Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Энхтүвшинд холбогдох гэрлэлт цуцлуулах, 3 хүүхдийн асрамж тогтоох иргэний хэргийг хянан хэлэлцэхдээ хүүхдүүдийн асрамжийг буруу тогтоосон гэж үзэж байна. Нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэг, хариуцагч Н.Энхтүвшин нар нь 2011 оноос тусдаа амьдарсан байна. Энэ хугацаанд Э.Анхбаяр, Э.Хосбаяр, Э.Элбэгбаяр нар нь эцгийнхээ асрамжинд амьдарч, эцэг Н.Энхтүвшин нь хүүхдүүдээ эрүүл энх өсгөн бойжуулж, бүхийл зүйлээр нь тэтгэж, эцэг хүнийхээ үүргийг бүрэн биелүүлж, сургууль, цэцэрлэгт суулгаж байсан байна. Харин хүүхдийн ээж болох Д.Эрдэнэцэцэг нь үр хүүхдүүддээ анхаарал халамж тавьж байгаагүй байна. Энэ бүхнийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нотолж байна.
Байдал ийм байхад шүүх хүүхдүүдийн асрамжийг ээжид нь хариуцуулсан нь хүүхдийн цаашдын ахуй амьдралыг харгалзаагүй буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна. Э.Анхбаяр, Э.Хосбаяр, Э.Элбэгбаяр нар нь эцгийнхээ асрамжаас холдвол цаашид хэвийн сурч хүмүүжих орчингүй болж, эрүүл саруул, аюулгүй орчинд байх хүүхдийн эрх ноцтой зөрчигдэх магадлал өндөр байна.
Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11-р сарын 04-ний өдрийн 145/шш2016/00447-р шийдвэрт өөрчлөлт оруулж Э.Анхбаяр, Э.Хосбаяр, Э.Элбэгбаяр нарыг эцэг Н.Энхтүвшингийн асрамжинд үлдээж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэг нь хариуцагч Н.Энхтүвшинд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Анхан шатны шүүх зохигчдын гэрлэлтээ цуцлахыг зөвшөөрч байгааг харгалзан, тэдний гэрлэлтийг цуцлаж эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, хүүхдийн насыг харгалзан хүүхдүүдийг нь эх Д.Эрдэнэцэцэгийн асрамжинд үлдээж, эцэг Н.Энхтүвшингээс хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэжээ. Шүүхийн дүгнэлт нь зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн, хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд тулгуурлах бөгөөд нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг тогтоогдсон гэж үзэх, хэрэгт цугларсан баримтаар хангалттай бүрэн тогтоогдсон үйл баримтыг тогтоогдоогүй гэж үзэх нь шийдвэрийн үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж байгаа явдал юм.
Гэрлэгчид гэрлэлт цуцлуулах үед хүүхдүүдийг хэн асрамжлах талаар тохиролцож чадаагүй бол шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д зааснаар хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан асрамжийг тогтооно.
Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл зохигчдын ахуй нөхцөлийн талаар тодорхой хэлэлцэгдээгүй, нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэг нь “...Өрхийн мэдээллийн нэгдсэн санд амьжиргааны түвшинг шалгахад 1 дүгээр бүлэгт үнэлэгдсэн, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн...” болохыг тодорхойлсон баримтаас өөр баримт /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/ хэрэгт авагдаагүй байна. Хүүхэд аюулгүй орчинд эрүүл саруул, сурч хүмүүжих эрхээ эдлэн, инээж хөөрөн, айх айдасгүй сэргэлэн цовоо өсөх боломжийг нэн тэргүүнд шүүх анхааран үзэх бөгөөд эцэг, эх хэн аль нь уг шаардлагыг хангаж байгааг харгалзан үзэх нь зүйтэй байдаг.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн, хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэх үндэслэл болсон нөхцөл байдлууд бүрэн тогтоогдоогүй, давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчийн гомдолд дурдсанаас өөр үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон тул давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 145/ШШ2016/00447 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хариуцагч Н.Энхтүвшингийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭБИЛЭГ
ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ
Г.УЛАМБАЯР