Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмэнжаргалын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 124/2018/0009/з |
Дугаар | 06 |
Огноо | 2018-02-15 |
Маргааны төрөл | Бусад, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Э-ын дүгнэлттэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Б-д холбогдох,
Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Б-ийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 0008350 дугаартай шийтгэврийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч прокурор Х.Э, хариуцагч байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Э шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улаангом сумын байгаль орчны улсын байцаагч 20/04/350 хувийн дугаартай С.Б нь иргэн Р.Мд “Захирамж зөрчиж малын бэлчээрийн газарт зөвшөөрөлгүй буусан гэх” үндэслэлээр Газрын тухай хуулийн 52.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 0008350 дугаартай шийтгэврийн хуудсаар Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.8 дахь хэсэгт зааснаар 240000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Дээрх шийтгэлийг хянавал: 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Зөрчлийн тухай хууль, 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд хэрэгжиж эхэлсэн ба мөн өдрөөс Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.8 дахь хэсэгт заалт хүчингүй болсон байна. Гэтэл Улаангом сумын байгаль орчны улсын байцаагч С.Б нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэжээ. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1, 7 дахь хэсгүүдэд Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байх ба шийтгэлийн хуудасны маягтыг Засгийн газар батална гэж заасан ба Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 194 дүгээр тогтоолын хавсралтаар шийтгэлийн хуудасны маягтыг шинэчлэн баталж мөрдсөн байхад улсын байцаагч С.Б нь шийтгэврийн хуудсаар шийтгэл ногдуулсан нь Зөрчил шалган шийдвзрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.ы өдрийн 0008350 дугаартай шийтгэврийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэв.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Улаангом сумын байгаль орчны улсын байцаагч С.Б-ийн 2017 оны 7 дугаар сарын 28-н
Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сагил сумын харьяат малчин Р.Мыг 2017 оны 6-р сарын 5-ны өдрийн Сумын Засаг даргын А/122 тоот захирамж, Газрын тухай хуулийн 52.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн тул мөн хуулийн 63-р зүйлийн 63.1.8 дахь заалтыг үндэслэн Мэргэжлийн хяналтын байцаагчийн захиргааны зөрчилд ногдуулах шийтгэврийн хуудсаар 240.000 төгрөгөөр торгож арга хэмжээ авсан. Одоог хүртэл шийтгэврийг барагдуулаагүй байгаа болно. Засаг дарга удаа дараа дуудан хууль, захирамж зөрчиж намаржаа өвөлжөөний бэлчээрийн газруудад буусан айлуудад хугацаатай мэдэгдэл өгч заагдсан хугацаанд нүүж бэлчээр чөлөөлж өгөхгүй бол торгууль шийтгэвэр ногдуулах үүрэг өгсөн. Энэ хүрээнд хугацаатай албан мэдэгдэл өгч мэдэгдлийн хугацаанд бэлчээр чөлөөлөөгүй учир шийтгэвэр тавьсан болно. Энэ үед Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд хэрэгжиж эхэлсэн байсан. Дээрх хуулиудыг хэрэгжүүлж ажиллах чиглэлээр 2-3 удаагийн сургалтыг прокуророос зохион байгуулахад миний биед мэдэгдээгүй, сургалтанд оролцоогүй хуулийн мэдээллийн дутуу ойлголттойгоос дээрх иргэдэд хүчингүй болсон хуулийн заалтаар арга хэмжээ авсан байна. Цаашид хуулийн хэрэгжилтийг биелүүлж хяналт тавьж арга хэмжээ авч ажиллахдаа хууль, хуулийн заалтыг баримталж хэрэгжүүлж ажиллах болно” гэв.
Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Э Улаангом сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Б-ийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 0008350 дугаартай шийтгэврийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүхээс зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гомдол гаргагч,хариуцагч нараас гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Б-ийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 0008350 дугаартай шийтгэврийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд гомдол гаргагч нь прокурорын дүгнэлтээ дэмжиж, Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.8 дахь хэсэг хүчингүй болсон байхад уг хуулийн заалтыг үндэслэсэн,шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулах байтал шийтгэврийн хуудсаар шийтгэл ногдуулсан гэсэн үндэслэлээр 0008350 дугаартай шийтгэврийн хуудсыг хүчингүй болгуулахаар тайлбар гаргаж оролцов.
Хариуцагчийн зүгээс “Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг хэрэгжүүлж ажиллах чиглэлээр 2-3 удаагийн сургалтыг прокурорын байгууллагаас зохион байгуулахад надад мэдэгдээгүй,сургалтанд оролцоогүй, хуулийн мэдээлэл дутуу ойлгосноос иргэдэд хүчингүй болсон хуулиар арга хэмжээ авсан байна.Прокурорын дүгнэлтийг зөвшөөрч байна” гэх тайлбар гаргав.
Увс аймгийн Улаангом сумын Засаг даргаас Улаангом сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Б-ийн үйлдсэн 2017 оны 7 сарын 28-ны өдрийн 0008350 дугаартай шийтгэврийн хуудсаар иргэн Р.Мд өвөлжөө, намаржааны бэлчээрт зөвшөөрөлгүйгээр бууж, Улаангом сумын Засаг даргын захирамж, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэн Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан 240000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
Шинээр батлагдсан Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль нь 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн бөгөөд мөн өдрөөс Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.8 дэх заалт хүчингүй болсон байна.
Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж, 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж тус тус зохицуулжээ.
Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “бэлчээрийг зохистой ашиглах эсхүл хамгаалах журам зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор” заасан байна.
Гэтэл Улаангом сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 7 сарын 28-ны өдрийн 0008350 дугаартай шийтгэврийн хуудас, зөрчлийн тухай тэмдэглэл, шийтгэврийн тэмдэглэл, албан мэдэгдэл зэрэг баримтуудад Р.М нь өвөлжөө, намаржааны бэлчээр газарт хэзээ буусныг тэмдэглээгүй байгаа бөгөөд хариуцагчаас шүүх хуралдаанд мал бүхий иргэд 2017 оны 7 сард буусан талаар тайлбар гаргасан болно.
Иймд байгаль орчны хяналтын байцаагч нь бусдад торгох шийтгэл ногдуулахдаа хуульд үндэслэх зарчмыг зөрчиж хүчингүй болсон хуулийн заалтыг үндэслэн бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул прокурорын шүүхэд гаргасан дүгнэлтийг хангаж, байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 7 сарын 28-ны өдрийн 0008350 дугаартай шийтгэврийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1, 7 дахь хэсгүүдэд Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байх ба шийтгэлийн хуудасны маягтыг Засгийн газар батална гэж заасан ба Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 7 сарын 04-ний өдрийн 194 дүгээр тогтоолын хавсралтаар шийтгэлийн хуудасны маягтыг шинэчлэн баталж мөрдүүлжээ.
Улаангом сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч шийтгэлийн хуудсаар бус шийтгэврээр торгох шийтгэл ногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Э-ын 2018 оны 01 сарын 26-ны өдрийн 05 дугаартай дүгнэлт бүхий гомдлыг хангаж Увс аймгийн Улаангом сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Б-ийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 0008350 дугаартай шийтгэврийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар прокурорын дүгнэлт бүхий гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ОЮУНГЭРЭЛ