Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2021/0423

 

“У ...” НҮТББ-ын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, өмгөөлөгч А.Б, А.К, С.Н, Б.Т, хариуцагч Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, гуравдагч этгээд “М ...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, өмгөөлөгч З.С, К.Ж нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу “У ...” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, Баян-Өлгийн аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Дэлүүн сумын Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 32 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн “ж”, 20 дугаар зүйлийн 20.1, Амьтны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 21.3.1, 21.3.2, 22 дугаар зүйлийн 22.3, 22.4, 22.5, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24, 25, 26 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “У ...” НҮТББ-ын Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Дэлүүн сумын Засаг дарга, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Ангийн менежментийн гэрээг хэрэгжүүлэгчээр хариуцуулах тухай” 08 дугаартай тогтоолыг, мөн Дэлүүн сумын Засаг дарга, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга болон “М ...” ХХК-ийн хооронд байгуулсан гурван талт “У ...” агнуурын бүс нутгийн хамгаалалтын менежментийг хариуцах 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №2021-02 дугаартай гэрээг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга давж заалдах гомдолдоо: “...Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоолыг болон мөн Дэлүүн сумын Засаг дарга болон аймгийн Байгаль орчин, аялал, жуулчлалын газрын дарга болон “М ...” ХХК-ийн хооронд байгуулсан У ...” агнуурын бүс нутгийн хамгаалалтын менежментийг хариуцах 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн гурван талт №2021-02 дугаартай гэрээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн нь дараах байдлаар хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна. Үүнд:

“У ...” НҮТББ нь ан агнуурын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг сумын Засаг даргатай хамтран дүгнээгүй, санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг дүгнүүлж өгөх үүрэг хүлээсэн боловч ан агнуурын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан болон ан агнах гэрээний тайланг Дэлүүн сумын Засаг даргад ирүүлээгүй болох нь нотлогдсон.

Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ш.М-ын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 58 дугаар албан бичгээр, “У ...” НҮТББ-ын тайлангаар батлагдаж байгаа бөгөөд үүгээр нэхэмжлэгч нь журам болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэсэн хариуцагчийн үндэслэлүүд үгүйсгэгдэж байна гэх худлаа үндэслэлийг шүүхийн шийдвэрт бичсэн байна.

“У ...” НҮТББ нь 2017 оноос хойш нэг ч удаа сумын Засаг даргын Тамгын газарт тайлан ирүүлээгүй, Засаг даргатай огт гэрээгээ дүгнүүлээгүй болохыг тогтоол гаргах үед тогтоосон. Шүүхэд “У ...” НҮТББ-аас гаргаж өгсөн тайлан нь өөрсдөө дараа нь бичиж өгсөн, худал талйангуудыг үнэлж байгаа нь шүүх хэт нэг талыг барьсан буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Аймгийн Байгаль орчны газарт өгсөн тайланг харахад 2019 онд “М ...” ХХК-ийн зуучлагчийн хувиар өгсөн тайланг “У ...” НҮТББ өгсөн гэж, 2018 онд ямар ч тамга, тэмдэггүй хэн өгсөн нь мэдэгдэхгүй тайланг “У ...” НҮТББ өгсөн гэж, 2020 онд огт тайлан өгөөгүй байхад ковид өвчний улмаас өгөөгүй гэж худал дүгнэлт хийж, шүүх нэхэмжлэгч байгууллагыг илт хамгаалсан, нотлох баримтад тулгуурлаагүй, хууль бус шийдвэр гаргасан байна.

Менежмент хариуцагч болон зуучлагчийн хувиар өгөх тайланг тус тусдаа байхад зуучлагчийн өгсөн тайланг “У ...” НҮТББ өгсөн гэж бичсэн нь үнүдэслэлгүй. Эдгээр тайлангууд сумын Засаг даргад ирүүлж, дүгнүүлэх ёстой байтал огт дүгнүүлээгүй.

2020 онд ан агнуулаагүй бол ан агнуурын менежментийн тайлан өгөхгүй байж болно. Харин ан агнуурын менежментийн төлөвлөгөөний тайланг төлөвлөгөөнд заасан ажлуудыг хийж, заавал ирүүлэх ёстой байтал огт ирүүлээгүй. 2017-2021 онд менежментийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх ан амьтныг хамгаалах, судалгаа хийх, амьтныг өсгөж, үржүүлэх арга хэмжээ авах ёстой байсан боловч ямар ч арга хэмжээ аваагүй, үүнтэй холбоотой ямар ч зардал гаргаагүй байна.

Мөн тус төрийн бус байгууллагаас төлөх ёстой ангийн төлбөрийг Засаг дарга А.А-н төрсөн дүү А.Х-т төлсөн нь анхнаасаа ашиг сонирхлын зөрчилтэй зөвшөөрөл олгогдож, гэрээ хийгдсэн гэж үзсэн. Төрийн бус байгууллага нь зөвхөн дүрэмд заасан үйл ажиллагаа явуулах ёстой. Амьтны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 25.1-д “Амьтны нөөцийг хамгаалах зорилго бүхий төрийн бус байгууллага агнуурын нөөцийг хамгаалах талаар дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ”, 21.5.3-д “агнуурын нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, өсгөн үржүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах, ан агнуурын менежментийн төлөвлөгөө боловсруулахад нөхөрлөл, хуулийн этгээдэд дэмжлэг үзүүлэх” гэж тус тус заасан.

Гэтэл “У ...” НҮТББ нь амьтны нөөцийг хамгаалах эсвэл ан агнуурын менежментийг хариуцагчаар ажиллах үйл ажиллагааны чиглэлээр байгуулагдаагүй байна. Төрийн бус байгууллага нь ан агнуурын менежментийг хариуцагчаар ажиллаж байгаа нь хууль зөрчсөн гэж үзсэн. Амьтны тухай хуульд төрийн бус байгууллага юу хийж болохыг тодорхой заасан байхад ажиллаж болно гэж үзсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн. Анхнаасаа агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагчаар ажиллах эрхгүй байсан, мөн ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж, Засаг дарга А-н А болон А-н Х-н ашиг олох хэрэгсэл болгосон нь хэрэгт байгаа баримтуудаар хангалттай тогтоогдсон байхад шүүх огт харгалзаж үзээгүй.

Засаг дарга А.А нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12.1-д “Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно” гэж заасныг зөрчиж, өөрийн хамааралтай “У ...” НҮТББ-д эрх олгох асуудлыг Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, өөрөө гэрээ байгуулж, 2017 оноос хойш огт хяналт тавихгүй, нэг ч удаа тайлан өгөөгүй байхад хууль зөрчихийг дэмжиж, ашиг олох хэрэгсэл болгосон нь тогтоогдсон, мөн үүнийг эсэргүүцсэн тайлбарыг ч А.Х нь гаргаагүй болно.

Нэгэнт анхнаасаа хууль зөрчиж гаргасан шийдвэрийг хүчингүй болгох эрх шийдвэр гаргасан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид байгаа гэж үзэж байна. Энэ талаар шүүх тогтоогдоогүй гэж үзсэн нь буруу юм.

Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журмын 1.3-д тухайн агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч иргэн, хуулийн этгээд нь ан агнуурын менежментийн төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар хийлгэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр, сум дамжсан агнуурын бүс нутгийн агнуурын менежментийн төлөвлөгөөг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлнэ гэж заасны дагуу ан агнуурын менежментийн төлөвлөгөөг өөрийн зардлаар мэргэжлийн байгууллагаар хийлгэх ётсой. Гэтэл сумын төсвийн хөрөнгөөр ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хийлгэж, өөрийн зардлаар хийлгэх үүргээ биелүүлээгүй. Энэ нь баримтаар нотлогдож, мөн аймгийн аудитын газраас төлбөр тогтоосон байхад шүүх энэ нь “У ...” НҮТББ-ын буруу биш гэж үзсэн байна.

Амьтны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-т иргэн, хуулийн этгээд гэрээгээр эзэмшиж, ашиглаж байгааа агнуурын бүс нутагтаа хийлгэх агнуур зохион байгуулалтын ажлын зардлыг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ гэж заасны зөрчиж, Засаг дарга А.А-н санаачилга, дэмжлэгээр сумын төсвөөс мөнгө гаргуулж, менежментийн төлөвлөгөө хийлгэсэн байхад үүнийг шүүх хууль ёсны гэж үзсэн нь хууль бус байна.

“У ...” НҮТББ нь ашгийн төлөө үйл ажиллага явуулж, дүрмийн зорилгоосоо өөр чиглэлийн үйл ажиллагаа явуулж, санхүү, татвар, нийгмийн даатгалын тайлан өгөхгүй, төрд ямар ч татвар төлөхгүй, төрийн бус байгууллагыг ашиг олох хэрэгсэл болгосон нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д “1.Төрийн бус байгууллагыг дор дурдсан үндэслэлээр шүүх албадан татан буулгана: 1/дүрмийнхээ зорилгод нийцээгүй үйл ажиллагаа явуулсан”, 20 дугаар зүйлийн 1-д “Төрийн бус байгууллага нь орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна”, 2-т “Төрийн бус байгууллагын орлогоос ногдол ашиг хуваарилах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хөрөнгийн баталгаа гаргах, тэдгээрийн төлбөрийг төлөх зэргийг хориглоно”, 3-д “Төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн ажилтнаас тухайн байгууллагын эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчиж байгаа ба энэ талаар шүүх шийдвэртээ бичээгүй байна.

“У ...” НҮТББ нь төлөөлөгчөөр Засаг дарга А-н А-н төрсөн дүү А-н Х оролцож, дараа нь удирдах зөвлөлийн даргаар томилогдсон нь тэд тус байгууллагыг ашиглаж, ашиг хүртдэг, хувийн ашиг сонирхлоо нууцлахын тулд А.А гэх хүнийг ашиглаж байсныг нотолж байна.

Сумын түвшинд хууль бус үйл ажиллагаа явуулж, бүлэг хүмүүс ашиг хүртэж байгааг таслан зогсоосон хууль ёсны шийдвэрийг шүүх үндэслэлгүйгээр хүчингүй болгосон гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шаны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

“...Шүүхийн шийдвэрт заасан нэхэмжлэлийг хангасан үндэслэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа ба шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нотлох баримтуудыг буруу үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Шүүх төлөөлөх эрхгүй этгээдийн нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад хүлээн авахаас татгалзсан талаар: Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-т “Дүрэмд өөрөөр заагаагүй бол удирдах зөвлөлийн дарга нь төрийн бус байгууллагыг гадаад, дотоодод төлөөлөх, удирдах зөвлөлийн хуралдааныг даргалах, удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах зэрэг бүрэн эрхтэй байна” гэж зохицуулсан болно.

Хуульд зааснаар “У ...” НҮТББ-ын удирдах зөвлөлийн даргаар бүртгэгдсэн этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан боловч гүйцэтгэх захирал буюу тэргүүн А.Аын нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө гэж заасныг илтэд зөрчсөн.

Шүүх анх нэхэмжлэлийг хүлээн авахдаа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг бүрэн хянахгүйгээр захиргааны хэрэг үүсгэсэн үйлдлээ зөвтгөх зорилгоор гэрчээр оролцож болохгүй гэрчээс мэдүүлэг авах зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байна. Учир нь А.А, О.С гэх хүмүүсээс мэдүүлэг авахдаа Дэлүүн суманд зорьж очсон байх ба тэднээс мэдүүлэг авахад хариуцагч, гуравдагч этгээдэд огт мэдэгдэлгүйгээр мэдүүлэг авсан байдаг. Монгол хэл сайн мэдэхгүй, малчин О.С-с орчуулагчгүйгээр мэдүүлэг авсан ба энэ нь нотлох баримтаар тооцогдохгүй.

“У ...” НҮТББ-ын 2015 оны 10 сарын 27 ны өдрийн 01 тоот тогтоолын 2 дахь хэсэгт тэргүүнээр А.А-г томилсугай, 5 дахь хэсэгт Удирдах зөвлөлийн даргаар О.С-г сонгосугай гэж шийдвэрлэсэн боловч 2021 оны 02 сарын 16-ны өдрийн 02 тоот тогтоолоор А.А-г өөрийн хүсэлтээр НҮТББ-ын үүсгэн байгуулагчдын даргаас /байхгүй албан тушаал/ 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн чөлөөлсүгэй, мөн өдрийн 04 тоот тогтоолоор А.Х-г тус НҮТББ-ын даргаар сонгосугай гэж тус тус шийдвэрлэсэн байна. Эдгээр тогтоолуудаас үзвэл анхнаасаа удирдах зөвлөлийн даргаар О.С сонгогдсон ба А.А зөвхөн тэргүүн буюу гүйцэтгэх захирлаар сонгогдсон болох нь харагдаж байна. Харин А.А-г чөлөөлж оронд А.Х-г томилсон боловч тэргүүнээр А.А-г бүртгэсэн бүртгэл хэвээр байгаа болно.

Үүнээс үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасны дагуу Хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь “У ...” ТББ-ын 2015 оны 10 сарын 27-ны өдрийн 01 тоот тогтоолын 5 дахь хэсэгт Удирдах зөвлөлийн даргаар О.Сыг сонгосугай гэж заасны дагуу О.С байсан боловч шүүх А.А-н нэхэмжлэлээр хэрэг үүсгэсэн.

Шүүхийн шийдвэрт “У ...” НҮТББ-ын гэрчилгээнд тэргүүн А.А гэж тэмдэглэгдсэн, уг гэрчилгээнд тухайн төрийн бус байгууллагыг удирдах, төлөөлөх этгээдийн талаар өөр мэдээлэл тусгагдаагүй тул нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн гэж шүүх өөрийн хууль бус үйл ажиллагаагаа зөвтгөсөн байна.

Шүүхийн үзэж байгаагаар гэрчилгээнд тэмдэглэгдсэн ямар ч албан тушаалтай хүн шүүхэд нэхэмжлэл гаргаж болохоор агуулга харагдаж байна. Хуульд “хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний дагуу” төлөөлөх этгээдийг хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд гэж үзэхээр зохицуулсан байхад хуульд байхгүй “хуулиар эрх олгогдоогүй тэргүүн” гэх албан тушаалтай А.А-н нэхэмжлэлийн дагуу хэрэг үүсгэсэн байна.

А.А-н тэргүүнээр сонгогдсон бүртгэл хүчин төгөлдөр байгаа ба удирдах зөвлөлийн дарга А.Х нь нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэснийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж шүүх тайлбарлаж байна. Үүнээс үзвэл анх шүүхэд нэхэмжлэл гаргахад А.А нь төлөөлөх эрхгүй байсан болох нь тогтоогдож байгаа ба хэрэв А.А төлөөлөх эрхтэй байсан бол түүний оронд А.Х томилогдсон байх шаардлагатай юм.

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн төлөөлөх эрхгүй этгээд гаргасан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байсан юм.

Дэлүүн сумын Засаг даргын Улаанговь агнуурын бүс нутгийн хамгаалалтын менежментийг хариуцах 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн гурван талт 2021 оны 02 дугаартай гэрээг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр А.Х-н төрсөн ах Засаг дарга байсан А.А надад ирж гэрээг хүчингүй болгох талаар хүссэн” гэх хариу тайлбар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын “2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “У ...” НҮТББ-ын төлөөлөгч А.Х-д гэрээг танилцуулсан” гэх хариу тайлбар болон Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн И.Ж-н “гэрээг болсон тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өмнөх менежмент хариуцаж буй А.Х-д танилцуулсан” гэх мэдүүлэг авагдсан.

Эдгээр баримтуудаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х нь У ...” агнуурын бүс нутгийн хамгаалалтын менежментийг хариуцах 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн гурван талт №2021-02 дугаартай гэрээтэй 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр танилцсан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэлд 2021 оны 03 сарын 17-ны өдөр гэрээг мэдсэн гэж худал тайлбар өгсөн байх ба 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана.”, 54 дүгээр зүйлийн 54.1.8-т “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн У ...” агнуурын бүс нутгийн хамгаалалтын менежментийг хариуцах 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн гурван талт №2021-02 дугаартай гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгох ёстой байсан.

Хэрэгт нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрсөн талаар баримтууд хангалттай авагдсан байхад энэ талаар шүүх огт дүгнэлт хийгээгүй болно.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх бүрэн үндэслэлтэй байсан боловч анхан шатны шүүх хуульд заасан журмыг зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болох нь тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг буруу үнэлсэн талаар: Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг буруу үнэлж, нэхэмжлэгчийн хууль тогтоомж болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчлийг гаргаагүй гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Хариуцагчаас гэрээний дагуу тайлангаа өгөөгүй дүгнүүлээгүй, ашгийн төлөө, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрийн дагуу эрх олж авсан, менежментийн төлөвлөгөөг өөрийн зардлаар хийлгээгүй гэх зэрэг зөрчлийг илрүүлж, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоол гаргаж, түүний дагуу манай компанитай гэрээ байгуулсан.

Агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч “У ...” НҮТББ нь дараах зөрчлийг гаргасан нь баримтаар тогтоогдсон байхад нотлох баримтыг буруу үнэлж, шүүх үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

Ан агнуурын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг Сумын Засаг дарга болон Байгаль орчны газарт дүгнүүлээгүй.

Дэлүүн Сумын Засаг даргын тамгын газарт 2017-2020 он буюу 4 жилийн хугацаанд нэг ч удаа тайлан өгөөгүй болох нь Аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газарт 2018 онд “М ...” ХХК-ийн зуучлагчаар ажилласан тайлан, 2019 оны “У ...” НҮТББ-ын гэх тамга, гарын үсэггүй тайлан, 2020 онд ковид өвчний улмаас тайлан өгөөгүй болох нь баримтаар тус тус тогтоогдсон.

“У ...” НҮТББ болон Дэлүүн сумын Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нарын байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн У ... агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөний хариуцагчийн гэрээний Гуравдугаар зүйл “Менежмент хэрэгжүүлэгчийн эрх, үүрэг”, 3.7-д “Ан агнуурын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг сумын Засаг даргатай хамтран дүгнэж тайланг аймгийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагад жил бүр хүлээлгэн өгөх”, 3.8-д “Ан агнах гэрээний биелэлтийн тайланг аймгийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагад жил бүрийн 10 дугаар сарын 10-ны дотор хүргүүлнэ” гэж тус тус заасныг “У ...” НҮТББ зөрчсөн нь бүрэн тогтоогдож байна.

Мөн 2017 онд огт тайлан өгөөгүй байхад Засаг дарга А.А нь 100 хувь дүгнэсэн гэх худал мэдээллийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж, гэрээг сунгуулсан болох нь тогтоогдож байна.

Гэтэл анхан шатны шүүх “нэхэмжлэгч нь журам болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэсэн хариуцагчийн үндэслэлүүд нь үгүйсгэгдэж байна” гэж нотлох баримтуудыг буруу үнэлж, үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

Ан агнуурын менежментийн төлөвлөгөөнд заасан ажлуудыг хийгээгүй, зардал гаргаагүй талаар: “У ...” НҮТББ нь У ... агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөний үйл ажиллагааны төлөвлөгөө /2017-2021/-нд зааснаар дараах үйл ажиллагааг хийж хэрэгжүүлж, 30.5 сая төгрөгөөр санхүүжүүлэх үүрэгтэй.

Агнуурын зүйлүүдийн мониторингийг өргөжүүлэн тогтмолжуулах,

Агнуурын бүс нутгийг үнэлэх, бэлчээрийн менежментийн загваруудаас сонгон турших,

Агнуурын амьтдын байршлыг тогтворжуулах, нөхөн үржлийн хэвийн нөхцөлийг хангахад чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх,

Мониторингийн судалгааны үр дүнг хамгаалалтын менежментэд хэрэглэх,

Мэдээллийн сан бүрдүүлэх,

Хамгаалалтын ажлыг удирдлагаар хангах, зохион байгуулах, хэрэгжүүлэх үүрэг бүхий талуудыг чадавхжуулах,

Хяналт шалгалт, хамгаалалтын ажлыг сайжруулах,

Санхүүгийн эх үүсвэрийг бий болгох,

“У ...” ТББ нь нэг ч төгрөгийн зардал гаргаагүй, дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй болох нь бүрэн тогтоогдсон байхад анхан шатны шүүх үндэслэлгүйгээр гэрээний үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн байна.

Дээрх байдлаар У ... агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөний үйл ажиллагааны төлөвлегөө /2017-2021/-г хэрэгжүүлээгүй нь Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журмын 6.2-т “Ан агнуурын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг аймаг, сумын Засаг даргатай хамтран дүгнэж, тайланг аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагад хүлээлгэж өгнө” гэж заасныг зөрчсөн байхад шүүх энэ талаар дүгнэлт хийхгүй орхигдуулж, менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт бүрэн хангагдсан эсэх, нэхэмжлэгч үүргээ бүрэн биелүүлсэн эсэхийг огт анхаараагүй байна.

“У ...” НҮТББ нь эхлээд хийсэн ажлаа сумын Засаг даргад танилцуулж, дүгнүүлээд түүний дараа аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хүргүүлэх журамтай байхад шүүх “тайлангаа өгсөн бол үүргээ биелүүлсэн гэж үзнэ” гэх агуулгаар маргааныг шийдвэрлэсэн.

Менежментийн төлөвлөгөөг өөрийн зардлаар боловсруулж, батлуулах үүргээ биелүүлээгүй талаар:

Амьтны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Агнуур зохион байгуулалтыг дараах байдлаар санхүүжүүлнэ:”, 23.4.2-т “иргэн, хуулийн этгээд гэрээгээр эзэмшиж, ашиглаж байгаа агнуурын бүс нутагтаа хийлгэх агнуур зохион байгуулалтын ажлын зардлыг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ”, Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журмын 1.3-т “Тухайн агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч иргэн, хуулийн этгээд нь ан агнуурын менежментийн төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар хийлгэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр, сум дамжсан агнуурын бүс нутгийн агнуурын менежментийн төлөвлөгөөг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлнэ” гэж тус тус заасныг зөрчиж, “У ...” НҮТББ-ын хийлгэх ёстой менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын зардлыг “Авралын эрэлд” ХХК-д 2017 онд төлсөн атлаа дахин Засаг дарга А.А-н 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/107 дугаар захирамжаар менежментийн төлөвлөгөө боловсруулах, нөхөн сэргээх ажлын зардалд 5,994.000 төгрөгийг “У ...” ТББ-д олгож ирсэн нь тогтоогдсон.

Төсвийн хөрөнгийг хууль тогтоомж зөрчиж захиран зарцуулсныг Баян-Өлгий аймаг дахь төрийн аудитын газрын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 86/А0460226/БӨА-2021/14/СТА-ТТЗ дугаар бүхий зөрчил арилгах тухай актаар тогтоож, 5,994.000 төгрөгийг “У ...” НҮТББ-ын гишүүн н.Ааар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Энэ нь нэхэмжлэгч дээрх журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчил байхад захиргааны байгууллага нь өөрийн үйл ажиллагаанаас үүссэн үр дагаварт “У ...” НҮТББ-ыг холбон буруутгасныг зөв гэж үзэх боломжгүй гэж тайлбарласан нь илт үндэслэлгүй бөгөөд журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчилтэй холбоотой баримтуудыг үнэлээгүй байна.

Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар: Амьтны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-т “Амьтны нөөцийг хамгаалах зорилго бүхий төрийн бус байгууллага агнуурын нөөцийг хамгаалах талаар дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:”, 21.5.3-т “агнуурын нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, өсгөн үржүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах, ан агнуурын менежментийн төлөвлөгөө боловсруулахад нөхөрлөл, хуулийн этгээдэд дэмжлэг үзүүлэх” гэж зааснаас үзвэл төрийн бус байгууллага нь менежмент хариуцагчаар ажиллах эрх хэмжээ байхгүй.

Мөн Төрийн бус байгууллагын тухай хуулийн 19 дүгээр зүйлд “Төрийн бус байгууллагын орлого нь дараахь эх үүсвэрээс бүрдэж болно:”, 3-д “дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого” гэж заасны дагуу дүрэмд заасан үйл ажиллагаанаас гадна ямар нэгэн аж ахуйн үйл ажиллагаа явуулж болохгүй.

Тодруулбал хуульд Амьтны нөөцийг хамгаалах зорилго бүхий төрийн бус байгууллагын эрх хэмжээг нарийвчлан зохицуулсан байх ба нөхөрлөл, хуулийн этгээдийн эдлэх эрхийг тусдаа нарийвчлан зохицуулсан.

Бэлчээрийн тогтвортой байдлыг хамгаалах, байгаль орчныг хамгаалах зорилго бүхий “У ...” НҮТББ-ыг амьтны нөөцийг хамгаалах чиг үүрэг хэрэгжүүлэхийг хуулиар зөвшөөрөөгүй ба Төрийн бус байгууллагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-т “Төрийн бус байгууллагыг дор дурдсан үндэслэлээр шүүх албадан татан буулгана:”, 1.1-т “дүрмийнхээ зорилгод нийцээгүй үйл ажиллагаа явуулсан” гэж зааснаар дүрэм заагаагүй үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хууль болох Төрийн бус байгууллагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1.1, 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг болон Амьтны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалтыг үндэслэлгүйгээр хэрэглээгүй. Анхан шатны шүүх Амьтны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь хэсэг болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг хэрэглэж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь “У ...” ТББ-ын менежмент хариуцагчийн үйл ажиллагааг зогсоох эрхтэй гэж зөв тайлбарласан боловч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 8-т “Нөхөрлөлийн байгалийн нөөцийн хамтын менежментийн чиглэлээр явуулах үйл ажиллагааг дараах тохиолдолд тухайн сум, дүүргийн Засаг дарга зогсоож, гэрээг цуцална:”, 8.1-т “нөхөрлөлийн байгалийн нөөцийн хамтын менежментийн чиглэлээр явуулах үйп ажиллагааг зогсоох тухайн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын санал, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гарсан”, 8.2-т “гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй, гэрээ байгуулснаас хойш зургаан сар байгалийн нөөцийн хамтын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулаагүй” гэж заасныг хэрэглээгүй байна.

Учир нь “У ...” НҮТББ нь Ан агнуурын менежментийн төлөвлөгөөний заасан ажлуудыг хийгээгүй, зардал гаргаагүй, менежментийн болон ан агнуурын гэрээний тайлангаа дүгнүүлээгүй, гаргаж өгөөгүй, менежментийн төлөвлөгөөг өөрийн зардлаар боловсруулж, батлуулаагүй зэрэг 4 жил дараалан 6 зөрчил гаргасан нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Шүүх менежментийн төлөвлөгөөг цаашид хэрэгжүүлэх боломжгүй нөхцөлд хүргэсэн нөхцөлүүд нь тогтоогдоогүй гэж буруу дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.

Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журмын 6-д “Агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч байгууллагад тавигдах шалгуур үзүүлэлт”, 6.2-т “Ан агнуурын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг аймаг, сумын Засаг даргатай хамтран дүгнэж, тайланг аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагад хүлээлгэж өгнө” гэж заасан ба Засаг даргад огт дүгнүүлээгүй, дүгнүүлээгүй тайланг 4 жилд нэг л удаа өгсөн, бусад жилүүдэд өгөөгүй байна.

Үүнээс үзвэл 4 жил дээрх журамд заасан шалгуурыг агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч байгууллага “У ...” ТББ нь хангаагүй байна.

Мөн журмын 8.3-т “Иргэн, хуулийн этгээд нь энэ журам болон “Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журам”-ыг зөрчсөн тохиолдолд тэдгээрийн мэргэжлийн байгууллагын эрхийг хүчингүй болгох үндэслэл болно” гэж заасан нь энэ журамд заасан мэргэжлийн байгууллага болох агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч “У ...” НҮТББ-д мөн хамааралтай зохицуулалт юм.

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно:”, 48.2.1-т “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан” гэж тус тус заасны дагуу хэм хэмжээний акт буюу дээрх журмын 8.2-т заасны дагуу анх зөвшөөрөл авахдаа хууль тогтоомж зөрчиж олгогдсон, гэрээ болон журам буюу хэм хэмжээний актыг удаа дараа зөрчсөн, улсын төсөвт төлөх ёстой ангийн төлбөрийг дутуу төлсөн “У ...” ТББ-ын менежмент хариуцагчийн эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргах эрхийг Хурлын Тэргүүлэгчдэд олгосон гэж үзэж байна.

Дээрх байдлаар анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, Ховор амьтан агнах барих тусгай зөвшөөрөл олгох журмын 6.2, 8.3 дахь хэсгийг тус тус үндэслэлгүйгээр хэрэглээгүй байна,

Иймд шүүх хэрэгт авагдсан баримтуудыг буруу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхгүйгээр нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хангасан байх тул Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зарим нотлох баримтыг буруу үнэлж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “У ...” НҮТББ-ийн хүчингүй болгуулахыг хүссэн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 08 дугаар тогтоолоор Улаанговь бүс нутагт байгаль орчны менежментийг хариуцан ажиллахыг “М ...” ХХК-д хариуцуулахаар шийдвэрлэж, энэ тогтоол гарсантай холбогдуулж 2018 оны 27 тоот тогтоолын хоёрдугаар хэсэгт заасан У ...” нөхөрлөлд хариуцуулсан хэсгийг, 2018 оны 28 тоот тогтоол, 2017 оны 26 тоот тогтоолын “У ...” НҮТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцжээ.

Хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд “... 2017-2021 онд менежментийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх ан амьтныг хамгаалах, судалгаа хийх, амьтныг өсгөж, үржүүлэх арга хэмжээ авах ёстой байсан боловч ямар ч арга хэмжээ аваагүй, үүнтэй холбоотой ямар ч зардал гаргаагүй, энэ талаар тайлангаа гаргаж сумын Засаг даргатай хамтран дүгнэж байгаагүй ... гэтэл шүүх нэг талыг барьж 2018, 2019 онд тайланг ирүүлсэн, 2020 онд ковидын улмаас ирүүлээгүй гэх зэргээр дүгнэсэн нь хэтэрхий нэг талыг баримталсан” гэсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх “У ...” НҮТББ нь 2018 оны Ан агнуурын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Засаг даргын хамт дүгнэсэн нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 28 дугаар тогтоолоор болон мөн өдрийн хуралдаанд  сумын Засаг дарга А.А-н “... өнгөрсөн жил гэрээ 100 хувь биелэгдсэн” гэж хэлсэн хэсгээр,  2018 онд зуучлагч байгууллага “М ...” ХХК, 2019 онд “У ...” ХХК-ийн хүргүүлсэн тайлангаар тогтоогдсон гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр ... үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэхээр заасныг зөрчжээ.

Хэрэгт 2018, 2019 оны Ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлсэн тайланг сумын Засаг даргатай хамтран дүгнэсэн, уг дүгнэсэн тайлангаа аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хүргүүлсэн баримт байхгүй байна.

Анхан шатны шүүхийн үнэлсэн сумын Засаг дарга А.А-н “... гэрээ 100 хувь биелсэн” гэх тайлбар, уг тайлбарыг үндэслэн гарсан 28 дугаар тогтоол нь нэхэмжлэгчийг Ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлж ажилласныг эргэлзээгүй нотлох нотолгооны хэрэгсэл болж чадахааргүй байна. Учир нь хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа “... сумын Засаг дарга А.А анхнаасаа ашиг сонирхлын зөрчилтэй төрсөн дүү А.Х-н хамаарал бүхий У ... дэлүүн” НҮТББ-тай гэрээ байгуулсан, жил бүрийн гэрээг сумын Засаг даргатай хамтарч дүгнүүлж байгаагүй, менежментийн төлөвлөгөөнд заасан ажлыг хэрэгжүүлж зардал гаргаагүй” гэх зэргээр тайлбар ирүүлж, хэргийн оролцогчид энэ талаар маргаж байхад сумын Засаг даргын дээрх тайлбараас гадна хамтран дүгнэсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлсэн тайлан, мөн уг тайланд тусгагдсан ажлуудыг гүйцэтгэсэн талаарх бусад баримтууд байгаа тохиолдолд энэ нь эргэлзээгүй болохоор байна. Мөн хэрэгт авагдсан 2019 оны тайлан[1]-г ч сумын Засаг даргаар дүгнүүлсэн нь тогтоогдоогүй, уг тайлангийн агуулга нь 2017 онд “Авралын эрэлд” ХХК-аар хийлгэсэн менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан Улаанговь агнуурын бүс нутгийн танилцуулга / тухайлбал ... 723 бодьгал аргаль хонь тэмдэглэсэн гэсэн нь өөрчлөгдөөгүй/, тусгай зориулалтын агнуурын гэрээний биелэлт, хуулийн заалтуудыг хуулбарлан хийсэн, харин менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлж гүйцэтгэсэн ажлууд хийсэн талаар дурдаагүй, холбогдох баримтыг хавсаргаагүй зэргээс үзэхэд менежментийн төлөвлөгөөг хариуцагчийн үүргийг биелүүлж байсан гэж үзэх үндэслэл болохооргүй байна.

Нэхэмжлэгч нь “... гэрээний 3.8-д заасны дагуу зуучлагч байгууллагаар 2018 оны тайлангаа бэлтгүүлэн хүргүүлж байсан ...” гэх боловч Засгийн газрын 2013 оны 93 дугаар тогтоолоор баталсан “Ховор ан амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам”-ын 2.5, 7, 8 дугаар зүйлд зааснаар зуучлагч байгууллага нь менежментийн төлөвлөгөөний зөвхөн “ан амьтныг ашиглах” буюу ан амьтныг агнуулахтай холбоотой үйл ажиллагаанд оролцдог байх тул Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-д заасан менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг хүргүүлсэн гэж үзэхээргүй байна.

Хэрэгт авагдсан уг зуучлагч байгууллагын гаргасан 2018 оны тайлан[2]-д мөн л “А ...” ХХК-ийн 2017 онд хийсэн менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан Уланговь агнуурын бүс нутгийн танилцуулга /мөн 723 бодьгал аргал тэмдэглэгдсэн гэсэн нь өөрчлөгдөөгүй/ Ан агнуурын гэрээний гүйцэтгэлийн тайланг ирүүлснийг менежментийн төлөвлгөөний хэрэгжилтийн тайлан гэж үзэхгүй гэх хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, гомдол үндэслэлтэй байна.

Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-д ““ан агнуурын менежментийн төлөвлөгөө” гэж тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх агнуурын бүс нутагт ан амьтныг хамгаалах, тогтвортой ашиглах, өсгөн үржүүлэхэд чиглэгдсэн ан агнуурын арга хэмжээний хүрээнд гүйцэтгэх ажлыг тодорхой үе шаттайгаар цогц байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн баримт бичгийг” гэж,

 4.1.12-д ““амьтны нөөцийг хамгаалах” гэж амьтны сүргийн бүтцийн төлөв байдлыг доройтохоос урьдчилан сэргийлэх, тэдгээрийн жам ёсоороо нөхөн сэргэх боломжийг нь алдагдуулахгүйгээр амьтны нөөцийг зүй зохистой ашиглах, гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс хамгаалах,  амьтны идэш тэжээлийн төлөө тэмцэл, хорогдлын шалтгааныг олж тодорхойлох, биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, сэргээн нутагшуулах, өсгөн үржүүлэх, тэдгээрт хяналт тавих цогц үйл ажиллагааг” гэж,

4.1.13-д “амьтныг өсгөн үржүүлэх” гэж амьтныг зохих журмын дагуу эзэмшилдээ авч, батлагдсан технологи, норм, нормативын дагуу тэжээврээр үржүүлэх замаар үр төлийг бойжуулан өсгөх”-ийг ойлгохоор,

мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-д “Энэ хуулийн 22.4-т заасан агнуурын бүс нутгийн тодорхой хэсгийг эзэмшигч нь ан агнуурын менежментийн төлөвлөгөөний дагуу эзэмшлийнхээ агнуурын нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах, өсгөн үржүүлэх арга хэмжээ авна.” гэж тус тус заажээ.

Эдгээр хуулийн заалтын дагуу менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланд тодорхой судалгааны үндсэн дээр агнуурын нөөцийг хамгаалах, өсгөн үржүүлэх талаар ямар ажиллагаа явуулсан, үүний үр дүнд агнуурын нөөц хэрхэн өсөж, хорогдож байгаа, үүнтэй холбоотой тухайн жилд хичнээн амьтныг ашигласан талаар зайлшгүй тусгах үүрэгтэй атал энэ талаар арга хэмжээ авсан талаар тайлангаа ирүүлээгүй байна.

Харин хариуцагч, гуравдагч этгээдийн “... Амьтны тухай хуулийн 21.5-д төрийн бус байгууллагын үүргийг заасан, 21.3-т заасан хуулийн этгээд гэдэгт төрийн бус байгууллага хамаарахгүй, анхнаасаа энэ хуулийг зөрчиж төрийн бус байгууллагатай гэрээ байгуулсан” талаар гомдол тайлбар гаргасныг хүлээж авах үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн.

Дээрх хуулийн заалтуудаас үзвэл Ан агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг хариуцагч этгээд нь ан амьтны нөөцийг хамгаалах, өсгөн үржүүлэх, хэвийн өсөлт, үржилтийг нь алдагдуулахгүйгээр ашиглах арга хэмжээг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэхээр байх бөгөөд зөвхөн агнуур зохион байгуулах үйл ажиллагааг ойлгохгүй тул заавал ашгийн төлөө явуулах үйл ажиллагаа гэж үзэхээргүй байна.

Мөн хуулийн 21.3-т “Агнуурын нөөцийг хамгаалах талаар нөхөрлөл, хуулийн этгээд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 21.3.1-т “хариуцаж байгаа агнуурын бүс нутгийнхаа агнуурын нөөцийг хуулийн хүрээнд гэрээнд заасны дагуу тогтвортой ашиглах, эзэмших;” 21.3.2-т “агнуурын нөөцийг хариуцан хамгаалах, ашиглах, эзэмших талаар Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 50, 51 дүгээр зүйлд заасан журмыг мөрдөж ажиллах” гэж заасан хуулийн этгээдэд төрийн бус байгууллага хамаарахгүй гэж үзэхээргүй байна.

Энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын тайлбар үндэслэлтэй байна. Харин “У ...” НҮТББ нь мөн хуулийн 21.3-т болон 21.5-д заасан агнуурын нөөцийг хамгаалах болон амьтны нөөцийг хамгаалах зорилгоор байгуулагдсан гэж үзэхээргүй байх тул тухайн төрийн бус байгууллагын зорилгод нь нийцээгүй гэх хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлтэй гэж үзлээ.

Давж заалдах гомдолд “... төлөвлөгөөний зардлыг сумын хөрөнгөөр төлүүлсэнтэй холбоотой аудитын шийдвэрийг шүүх үнэлээгүй” гэжээ.

Анхан шатны шүүх хариуцагч өөрсдөө санхүүжүүлэхийг зөвшөөрсний дагуу менежментийн төлөвлөгөө боловсруулсан зардлыг сумын хөрөнгөөс гаргасан үйл ажиллагаанд нэхэмжлэгчийн гэрээг хүчингүй болгохгүйгээр нөхөн төлүүлэх боломжтой гэж үзжээ.

Амьтны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Агнуур зохион байгуулалтыг дараах байдлаар санхүүжүүлнэ:”, 23.4.2-т “иргэн, хуулийн этгээд гэрээгээр эзэмшиж, ашиглаж байгаа агнуурын бүс нутагтаа хийлгэх агнуур зохион байгуулалтын ажлын зардлыг өөрийн хөрөнгөөр” гэж заажээ.

У ... ” НҮТББ нь агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ан агнуурын менежментийн төлөвлөгөө боловсруулсан зардлыг захиалж хийлгэсний хувьд өөрөө хариуцах үүрэгтэй атал энэ үүргээ биелүүлээгүй болох нь сумын Засаг даргын захирамжаар 2017 онд “А ...” ХХК-иар менежментийн төлөвлөгөө хийлгэсэн зардалд 12,120,000 төгрөгийг, 2019 онд дахин менежментийн төлөвлөгөө хийгдээгүй байхад менежментийн төлөвлөгөө боловсруулах, нөхөн сэргээх зардалд гэж 6,660,000 төгрөгийг сумын төсвийн хөрөнгөөс тус тус гаргаж олгосныг хууль зөрчсөн гэж үзсэн аймгийн Төрийн аудитын газрын албан шаардлага, актууд хэрэгт авагдсан байна.

Хэдийгээр тухайн зардлыг гаргахыг зөвшөөрсөн хариуцагч Засаг даргын буруу боловч энэ нь ан агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөө хариуцагчийн хуульд заасан үүргээ биелүүлээгүйг зөвтгөх үндэслэл болохгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болжээ.

Мөн давж заалдах гомдолд дурдсан анхнаасаа ашиг сонирхлын зөрчилтэй гэрээг байгуулсан, сумын Засаг дарга А.А-н дүү А.Х-н данснаас ангийн төлбөрийг хийсэн гэх зэргээр тайлбарласан асуудал нь захиргааны шүүхийн шалгаж тогтоох асуудал биш байх тул анхан шатны шүүхийг энэхүү нөхцөл байдлыг буруу үнэлсэн талаар буруутгах үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй нь хариуцагч захиргааны байгууллагын алдаа мөн боловч маргаан бүхий тогтоол гаргахгүйд хүргэх ангийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлж үүргээ гүйцэтгэж байснаа, мөн өөрийн хөрөнгөөр төлөвлөгөө боловсруулах болон нөхөн сэргээх зардлаа гаргаж байсан нотлох баримт шүүхэд ирүүлээгүй тул сонсох ажиллагаа явуулаагүйгээс маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуульд зааснаар маргаан бүхий тогтоолд үндэслэлээ заагаагүй, давхардуулан гэрээ байгуулсан гэх зэргээр маргасан боловч 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Хурлын тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэлд “... гэрээнд дурдсан ажлаа хэрэгжүүлж байгаагүй, төлөвлөгөөг биелүүлж чадаагүй, сумын төсвийн хөрөнгөөр зардлыг төлүүлсэн, Засаг дарга байсан А.А-тэй хамааралтай этгээдээр хариуцуулсан ...” гэх зэрэг асуудлыг хэлэлцсэнээс үзвэл маргаан бүхий 08 дугаар тогтоолыг эдгээр үндэслэлээр гаргасныг үгүйсгэхгүй байна.

Мөн маргаан бүхий тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаар тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсоноор нэхэмжлэгч “У ...”  НҮТББ-ын ан агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг хариуцагчийн эрх дуусгавар болсон гэж үзэхээр байх тул давхцуулан гуравдагч этгээдтэй гэрээ байгуулсан гэж үзэхгүй.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн агнуурын бүс нутгийн менежментийг хариуцах эрхийг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй байх тул “М ...” ХХК-ийг менежмент хариуцуулахаар шийдвэрлэсэн хэсэг болон түүнтэй гэрээ байгуулсны улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдөхөөргүй байх тул холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. 

Иймд давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоол, “М ...” ХХК-тай байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 110/ШШ2021/0032 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11, 21 дүгээр зүйлийн 21.3, 22 дугаар зүйлийн 22.6, 23 дугаар зүйлийн 23.4.2-т  заасныг баримтлан “Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “ангийн менежментийн гэрээг хэрэгжүүлэгчээр хариуцуулах тухай” 08 дугаар тогтоол, Дэлүүн сумын Засаг дарга, Баян-Өлгий аймгийн Байгаль орчны аялал жуулчлалын газар болон “М ...” ХХК-ийн хооронд байгуулсан “У ...” агнуурын бүс нутгийн хамгаалалтын менежментийг хариуцах 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 221-02 дугаар гэрээг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий “У ...” НҮТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                                                  

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                              Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                С.МӨНХЖАРГАЛ

 

 

[1] Хэргийн 1-р хавтас, 74-81 дэх тал

[2] Хэргийн 1-р хавтас, 61-73 дахь тал