Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 240

 

Ж.Буянбаатарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэг, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Оюунбилэг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 845 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 321 дүгээр магадлалтай, Ж.Буянбаатарын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад  холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ж.Буянбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...“Оюунбада” ХХК иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд Ж.Буянбаатар миний амьдарч байгаа Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 19 дүгээр гудамжны 386 тоот газрыг маань уг газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа шударга эзэмшигч миний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. “Оюунбада” ХХК БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани бөгөөд Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 275 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 18 дугаар гудамжны 372 тоот хашааны газрыг ашиглах эрхтэй болсон байна.

Гэтэл “Оюунбада” ХХК-д газар ашиглах эрх олгохдоо тухайн үед мөрдөгдөж байсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газрыг Монгол Улсын Газрын тухай хууль тогтоомжид заасан болзол, журмын дагуу төлбөртэйгөөр, гэрээний үндсэн дээр ашиглуулна”, 21 дүгээр зүйлийн 21.3-т “гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулах гэрээг дараах журмаар байгуулна. Үүнд Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагч дангаараа байгуулсан аж ахуйн нэгжид төрийн өмчийн газар ашиглуулах гэрээг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Тэргүүлэгчдийн зөвшөөрснөөр Монголын талын өмчлөгч гадаадын хөрөнгө оруулагчтай” гэж заасныг зөрчин дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвшөөрөлгүйгээр дүүргийн Засаг дарга эрх мэдлээ хэтрүүлэн газар ашиглах эрх олгосон байна. Энэхүү хууль бусаар олж авсан газар ашиглах эрхээ эдлэхдээ Монгол Улсын жирийн иргэн миний хууль ёсоор эзэмшиж байгаа эзэмшил газраа эзэмшиж, ашиглах эрхэд халдаж миний эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж миний эзэмшил газрыг луйврын аргаар авахаар завдаж байна.

Иймд хууль зөрчиж газар ашиглах эрх олгосон Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 275 дугаар захирамжийн “Оюунбада” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж.Буянбаатар нь нэхэмжлэлийн шаардлагаа “шинжээчийн дүгнэлтээр давхцалтай нь тогтоогдсон 24.1м.кв газрын хэмжээгээр хүчингүй болгуулах” гэж тодруулсан байна.

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Ж.Буянбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Оюунбада” ХХК нь БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтай компани бөгөөд Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 275 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 18 дугаар гудамжны 372 тоот хашааны газрыг ашиглах эрхтэй болсон байна. Гэтэл “Оюунбада” ХХК-д газар ашиглах эрх олгохдоо “...тухайн үед мөрдөгдөж байсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газрыг Монгол Улсын Газрын тухай хууль тогтоомжид заасан болзол, журмын дагуу төлбөртэйгээр, гэрээний үндсэн дээр ашиглуулна” 21 дүгээр зүйлийн 21.3-т “гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулах гэрээг дараах журмаар байгуулна.

Үүнд Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагч дангаараа байгуулсан аж ахуйн нэгжид төрийн өмчийн газар ашиглуулах гэрээг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Тэргүүлэгчдийн зөвшөөрснөөр Монголын талын өмчлөгч гадаадын хөрөнгө оруулагчтай” гэж заасныг зөрчин дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвшөөрөлгүйгээр дүүргийн Засаг дарга эрх мэдлээ хэтрүүлэн газар ашиглах эрх олгосон...” гэж нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан байна. Дүүргийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 275 дугаар захирамжийн үндэслэлд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 37, 38 дугаар зүйл, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 34 тоот тогтоолыг үндэслэн газар ашиглуулах эрх олгосон байна.

Дээрх нэхэмжлэл болон газар ашиглах эрх олгосон захирамжийн хууль зүйн үндэслэлийн судлан үзэхэд дүүргийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 275 дугаар захирамжийн үндэслэл болсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 34 тоот тогтоол хүчин төгөлдөр байх тул дүүргийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 275 дугаар захирамжийн “Оюунбада” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох боломжгүй.

Иймд иргэн Ж.Буянбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “Оюунбада” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...“Оюунбада” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ж.Буянбаатарт холбогдох “Газар албадан чөлөөлүүлэх тухай” иргэний хэргийг 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн. “Оюунбада” ХХК-д 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн Засаг даргын 275 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 18 дугаар гудамжны 372 тоотод 434 м.кв газрыг Газрын тухай хуулийн зохих зүйл заалтын дагуу ашиглуулахаар шийдвэрлэсэн ба өнөөдрийг хүртэл газар ашиглагчийнхаа үүргийг биелүүлж байгаа билээ.

Нэгэнт хууль ёсны дагуу газар ашиглаж байгаа тохиолдолд иргэн Ж.Буянбаатар манай ашиглаж буй газартай холбогдуулан гомдол, өргөдөл гаргах эрхгүй гэж үзэж байна. Ж.Буянбаатар захиргааны хэрэг маргаан үүсгэн хэрэг хэлэлцэх хуульд заасан журмыг зөрчсөн байна. Иймд Ж.Буянбаатарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 845 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Буянбаатарын гаргасан нэхэмжлэлийг хангаж, Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 275 дугаар захирамжаар “Оюунбада” ХХК-д ашиглуулахаар олгосон 434 м.кв газрын 24.1 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 321 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 845 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ж.Буянбаатарын нэхэмжлэлтэй, БГД-ийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн гуравдагч этгээд болох “Оюунбада” ХХК-нь дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

1. Ж.Буянбаатар 2005 оны 05м дугаар сарын 09-ний өдөр 181,46м2 газрыг БГД-ийн 16-р хороо Туулын 19-386 тоотод эзэмших болсон байх бөгөөд 10 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг зөрчсөн.

Нийслэлийн өмчийн харилцааны газар 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ж.Буянбаатарт гомдлын хариу өгсөн нь түүний нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрснийг нотлож байна.

2. Ж.Буянбаатар дангаараа 181,46м2 газрыг эзэмшдэггүй Ж.Буян-Өлзийн хамтаар эзэмшдэг байх бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасныг зөрчсөн байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн юм.

3. Ж.Буянбаатар, Ж.Буян-Өлзий нарын газар эзэмших 18641311325597 дугаар нэгж талбарын кадастрын зураг нь баталгаажаагүй ба Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т зааснаар тэмдэглүүлэн газрын улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага хангаагүй байна.

4. Ж.Буянбаатар нь 2013 оны хавраас өөрийн эзэмшил газартаа барилга барихдаа "Оюунбада" ХХК-ийн ашиглаж буй газарт 24,1м2 түрж орон хил хязгаарыг нэвтэрсэн нь "Геоцацраг" ХХК-ийн дүгнэлт, БГД-ийн ӨГХА болон "Оюунбада" ХХК-ийн хүргүүлсэн "мэдэгдэх хуудас"-уудаар нотлогдоно. Түүнээс биш 2000 онд бүюу Газрын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө "эзэмшиж байсан газар" гэж шүүх дүгнэх үндэслэлгүй.

5. Иргэний хэрэг шийдвэрлэснийг Захиргааны шүүх үндэслэл болгох ёсгүй бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд энэ талаар зүйл заалт байхгүй болно.

6. Шүүхэд ирүүлсэн 2006 оноос 2013 он хүртэлх зургаар Ж.Буянбаатарын   газар иргэн Шугаржавын /одоо “Оюунбада” ХХК-ийн ашиглаж буй газар/ газартай давхцалгүй, барилга байгууламж баригдсан зүйлгүй байсан байхад "Аудитын үнэлгээ хийлгэж байсан" гэж үнэлгээг нотлох баримтаар үнэлсэн нь буруу юм.

Дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 845 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 321 дүгээр магадлал үндэслэлгүй хуульд нийцээгүй тул хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 275 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 18 дугаар гудамжны 372 тоот хашааны 434 м.кв газрыг ашиглах эрхийг “Оюунбада” ХХК-д олгосон, нэхэмжлэгч Ж.Буянбаатар “... миний эзэмшиж байгаа 24.1 м.кв газартай давхцуулж олгосон ... нь хууль бус” гэж, хариуцагч, гуравдагч этгээд “Оюунбада” ХХК “... газрыг хууль ёсны дагуу ашиглаж байгаа” гэж маргажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Ж.Буянбаатар нь  Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 19 дүгээр гудамжны 386 тоот хашааны 300 м.кв газрыг 1997 оноос эзэмшиж байсан, 2005 оноос 181.46 м.кв газрыг өмчилсөн, гуравдагч этгээд “Оюунбада” ХХК нь Туулын 18 дугаар гудамжны 372 тоот хашааны 434 м.кв газрыг 2010 онд иргэн Ж.Шугаржаваас шилжүүлэн авсан, иргэн Ж.Шугаржав нь 2002 оноос уг газрыг эзэмшиж байсан, эдгээр газрууд нь хөрш зэргэлдээ байршилтай бөгөөд нэхэмжлэгч Ж.Буянбаатарын барьсан барилга нь “Оюунбада” ХХК-ийн “...эзэмшил газар руу 24.1 м.кв түрж орсон”, талууд эдгээр үйл баримттай маргаагүй байна.  

“Оюунбада” ХХК нь дээр дурдсан 24.1 м.кв газрыг иргэн Ж.Буянбаатарын “хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх”-ээр иргэний хэргийн шүүхэд хандсан, уг иргэний хэргийг Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар (хуучин нэрээр) шүүх 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж, “... маргаан бүхий газарт “Оюунбада” ХХК 2010 онд газар ашиглах эрх авахаас өмнө ... Ж.Буянбаатарын “Амартизатор, баталгаат засварын газар” гэсэн хаягтай 2 жигүүр бүхий дан байшин баригдсан байсан, ... нэхэмжлэгч /“Оюунбада” ХХК/ нь түүнд олгох гэж буй газарт /Ж.Буянбаатарын/ барьсан барилга 24.1 м.кв хэмжээгээр нэвтэрсэн байхад газар ашиглах эрхээ олж авсан” үйл баримтыг тогтоон, “... Ж.Буянбаатарын эзэмшлийг хууль бус гэж үзэхгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон 357 дугаартай магадлал гаргасан, уг магадлалыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 361 дүгээр тогтоолоор хэвээр үлдээж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай (2002) хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримтыг ойлгох, гаргаж өгөх, цуглуулах, үнэлэхдээ энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 40 ...дүгээр зүйлд заасан журмыг баримтална”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “шүүхийн хүчин төгөлдөр  шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг  хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж тус тус заасан байх тул Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар (хуучин нэрээр) шүүхийн 2015 оны 357 дугаартай магадлал,  Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 361 дүгээр тогтоолоор нэгэнт тогтоогдсон “...“Оюунбада” ХХК-ийг газар ашиглах эрх авахаас өмнө Ж.Буянбаатарын дан байшин баригдсан байсан” буюу нэхэмжлэгч Ж.Буянбаатарын 1997 оноос хойш бодитоор эзэмшиж байсан маргаан бүхий 24.1 м.кв газрыг гуравдагч этгээдэд олгосон үйл баримтыг захиргааны хэргийн шүүх дахин нотлохгүй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв, “...2013 он хүртэл барилга баригдаагүй байсан, ... иргэний хэрэг шийдвэрлэснийг захиргааны шүүх үндэслэл болгох ёсгүй” гэх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан, 2010 онд “Оюунбада” ХХК-ийг 434 м.кв газар эзэмших эрхийг бусдаас шилжүүлэн авах үед  маргаан бүхий 24.1 м.кв газар нь нэхэмжлэгч Ж.Буянбаатарын эзэмшилд байсан нь дээрх байдлаар тогтоогдсон байх тул “Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 275 дугаар захирамжийн “Оюунбада” ХХК-д холбогдох хэсгийг 24.1 м.кв газрын хэмжээгээр хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Маргаан бүхий 24.1 м.кв газрын эзэмшлийн талаар Ж.Буянбаатар болон “Оюунбада” ХХК, өмнөх эзэмшигч Ж.Шугаржав нар “өмнө нь” маргаж байсан талаар баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгчийг “...“Оюунбада” ХХК иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан”-аар маргаан бүхий захиргааны актыг мэдсэн гэх үндэслэлтэй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай (2002) хуульд заасан урьдчлан шийдвэрлэх ажиллагааны журмаар  нийслэлийн Өмчийн харилцааны газарт гомдол гаргаж, захиргааны байгууллагаас 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гомдлыг хариуг өгсөн нь баримтаар тогтоогдсон байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “...10 жил өнгөрсөн, ... хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэх гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.  

Түүнчлэн, нэхэмжлэгч Ж.Буянбаатар нь Ж.Буян-Өлзийн хамтаар газар өмчилсөн нь түүний дангаараа шүүхэд хандах эрхийг хязгаарлахгүй, Ж.Буян-Өлзий нь “...Ж.Буянбаатар төлөөлөх эрхгүй” талаар маргаагүй тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасныг зөрчсөн” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

Иймд, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 845 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 321 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд “Оюунбада” ХХК-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                          Д.МӨНХТУЯА