| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 129/2016/00464/И |
| Дугаар | 516 |
| Огноо | 2016-09-27 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 516
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: эмэгтэй, 1984 оны 10 сарын 27-нд төрсөн, 31 настай, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 15 дугаар дугаар хорооны Нарханы 57-06 тоотод оршин суух Боржигон овогт Энх-Амгалангийн Сүглэгмаагийн /РД:УС84102706/ хүсэлттэй
Д.Монголжинг үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Э.Сүглэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Э.Сүглэгмаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 онд Хятад улсад магистарт суралцахаар болж охин С.Монголжинг өөрийн нагац эгч Ч.Гандолгор, хүргэн ах Дагийбал нарын гэр бүлд Архангай аймгийн Цэцэрлэг суманд орхин явсан. Нагац эгч Ч.Гандолгор нь манайд өссөн учраас их ойр, сайн харилцаа холбоотой байдаг. Ч.Гандолгор эгч нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Намайг сургуульд явсаны дараа ах, эгч хоёр “охиноо бид хоёрт үрчлүүлчихвэл хүүхдийн мөнгө гээд хэдэн төгрөг авах юм, хөдөөний малчин хүмүүст хэрэгтэй юм байна” гэж хэлсэн. Миний охин хүргэн ахын гэрт эрүүл бойжиж 2012 оны 11 сарын 02-ны өдөр хүргэн ах Дагийбал, нагац эгч Ч.Гандолгор нар үрчлэн авсан. Э.Сүглэгмаа миний бие сургуулиа төгсөж эх орондоо эргэн ирсэн бөгөөд охиноо өөр дээрээ авч нөхөр Э.Сүхээгийн хамт өсгөн хүмүүжүүлэхийг хүсч байна. Мөн охиноо өөрөө дээрээ авахад хүргэн ах Дагийбалын гэр бүлээс ямар нэг татгалзах шалтгаангүй болно. Та бүхэн миний хүсэлтийг хүлээн авч үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хүсэлт гаргагч, гуравдагч этгээдийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Э.Сүглэгмаа өөрийн охин Д.Монголжинг 2012 оны 11 сарын 02-ны өдөр Б.Дагийбал, Ч.Гандолгор нарт үрчлүүлсэн байна.
Хүсэлт гаргагч Э.Сүглэгмаа Д.Монголжинг үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт гаргасан боловч хүсэлтэд үрчлэлтийг хүчингүй болгох Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасан үндэслэл байхгүй бөгөөд энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иймд хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4-д зааснаар Д.Монголжинг үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай Э.Сүглэгмаагийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Э.Сүглэгмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН