Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 424

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Дайрийжав даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн

улсын яллагч Н.Энхболд

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Сүхээгийн Бд холбогдох эрүүгийн 2005004880203 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Тайж овогт С- Б.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

С.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс” худалдааны төвийн авто зогсоолд байрлуулсан байсан иргэн Б.Угийн эзэмшлийн 67-83 УНП улсын дугаартай “Поробокс” маркын автомашин буюу агуулах саванд нэвтэрч гар цүнхийг нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.149.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                  

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Би 2020 оны 01 дүгээр сарын 25-нд Барс худалдааны төвийн Голомт банкны АТМ-ын хажууд Поробокс маркийн машины цонх нь онгорхой зогсож байсан. Тэгэхээр нь би хаалгыг нь онгойлгоод дотор нь байсан цүнхийг авчихсан. Маргааш нь би сайн дураараа цагдаа дээр өөрөө очсон. Би өөрийн гэм буруу дээр маргахгүй байгаа гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.У мөрдөн байцаалтанд: “2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс худалдааны төвийн Голомт банкны АТМ-ын баруун талд зосгоод 67-83 УНП улсын дугаартай Поробокс маркийн машинаас гүрмэл боорцог буулгаад хүнд өгч байх хооронд миний машины урд суудлын голд нь байсан бор цүнхтэй бичиг баримт болон бэлэн 400.000 төгрөг, түрийвчэнд байсан 200 доллар хамт хулгайд алдаад цагдаагийн байгууллагад хандсан. Монголд үйлдвэрлэсэн үхрийн ширэн арьсан бор өнгөтэй цүнх, Тайланд улсад үйлдвэрлэсэн загасан нүдтэй саарал өнгийн барын дүрстэй түрийвч 380.000 төгрөгөөр Тайланд улсаас авч байсан. Бэлэн 400.000 төгрөг цүнхний задгай хормойнд байсан. Түрийвч дотор 2020 оны 01 дүгээр сарын 18-ны орой найз Оюунбаяр хүн рүү мөнгө шилжүүлэх гээд Монгол мөнгө байхгүй байна гэхээр нь би хүү Энхболдын данснаас 549000 төгрөг шилжүүлээд оронд 200 долларыг авсан байсан уг 200 доллар хамт алга болсон. Мөн миний иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэх, гадаад паспорт болон хүү Энхболдын иргэний үнэмлэх, Энхсүлдийн  төрсний гэрчилгээ зэрэг алга болсон.  Би 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн мөрдөгчөөс бор хүрэн өнгийн /Mongolia/ брэндийн арьсан цүнх 1 ширхэг, Тайланд улсад үйлдвэрлэсэн загасан нүдэн саарал барын зурагтай түрийвч 1 ширхэг, Б.Угийн иргэний үнэмлэх 2 ширхэг, жолоочийн үнэмлэх 1 ширхэг, гадаад паспорт 1 ширхэг, тэтгэмжийн дэвтэр 1 ширхэг, О.Энхболдын төрсний гэрчилгээ 1 ширхэг, О.Энхсүлдийн төрсний гэрчилгээ 1 ширхэг, 1-тийн доллар 1 ширхэг, 5-тийн юань 1 ширхэг, 1-тийн юань 5 ширхэг, 5-тийн юань 1 ширхэг, бэлэн байсан 400.000 төгрөгөө авсан. Одоо алдсан 200 доллараа авах хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...2020 оны 01 сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс худалдааны төвийн хойно зам дагуу холбогдогч С.Б 67-83 УНП улсын дугаартай хохирогчийн цагаан өнгийн Поробокс маркийн тээврийн хэрэгслийн зүүн гар талын хаалгыг онгойлгоод С.Б хаалганы араар орж тээврийн хэрэгслээс цүнх аваад хаалгыг нь хаагаад доош сууж буй 47 секундын бичлэгийн 27 секундэд харуулав...цүнх аваад зүүн гарандаа хавчуулаад хормойндоо гараа хийгээд алхаж буйг 47 секундын бичлэгийн 32  секундэд харуулав...” гэжээ. /хх-ийн 15-19/

Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “эмэгтэй арьсан цүнх 1 ширхэг 80.000 төгрөг, Загасан нүдэн хэтэвч 1 ширхэг 120.000 төгрөг нийт 200.000 төгрөгөөр үнэлэгдэнэ” гэжээ.  /хх-ийн 38-39/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 6-7/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 8/,

Гэрч Б.Эрдэнэсувд мөрдөн байцаалтанд “ Би 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 11 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Барс худалдааны төвийн хойд талын замд Ниссан нөте маркийн 59-69 УБР дугаартай тээврийн хэрэгсэлтэй таксинд явж байхад манай зүс таних найз Б явж байгаад таараад мэнд мэдэлцээд уулзаад байж байхад чи хаа хүрэх юм гэхээр нь би зах руу явж байна гэсэн чинь манай найз хүүхэн Цоожийн утас  холбогдохгүй байна. Энэ ууттай цүнхийг машиндаа байлгаж байгаарай гэж хэлээд орхиод машинаас буугаад явсан. Б бусдын эд зүйлийг хулгайлсныг мэдээгүй. Гялгар торонд хийсэн зүйлээ машинд орж ирээд машиныхаа ард хийчих гээд орхиод явсан.  Гэртээ хариад үзэхэд хүрэн бор өнгийн эмэгтэй цүнх, барын зурагтай түрийвч болон бичиг браимт гоо сайхны зарим нэг эмэгтэй хүний будаг байсан. Цүнхэн дотор байсан эд зүйлийг буцаагаад цүнхэнд нь хийгээд амыг нь боогоод гэртээ үлдээсэн. Би дотроос нь авсан зүйлгүй. Түрийвчийг үзэхэд дотор нь 1 доллар, 1-тийн дэвсгэртээр 5 юань зэрэг мөнгө байсан. Надад мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32/

Яллагдагчаар С.Б мөрдөн байцаалтанд: “2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 10 цагийн орчим Барс худалдааны төвийн машины зогсоол дээрээс Поробокс маркийн машины жолооч талын хаалгыг онгойлгож улаан өнгийн эмэгтэй хүний цүнхийг аваад чигээрээ алхаад Барсын гүүрэн доор очиж үзэхэд 1 доллар, 1 юанийн дэвсгэрт 5 ширхэг, иргэний үнэмлэх 2 ширхэг, Хаан банкны виза карт 1 ширхэг, мобикомын утасны үүр 1 ширхэг байсан. Харин цүнхий дотор талын цахилгаантай халаасанд 400.000 төгрөг буюу 40 ширхэг 10.000 төгрөгийн дэвсгэрт байсан. Тэгээд нэрийг нь сайн хараагүй компанийн гэрчилгээ, гадаад паспорт болон эмэгтэй хүний гоо сайхны хэрэгсэл байсан. Тэгээд би мөнгийг нь авч халаасандаа хийгээд цүнхийг нь хаях гэж байснаа таньдаг хүндээ өгөөд хаяж болохгүй шүү гээд өгсөн. Тэгээд би тэр мөнгөөр хувцас авч өмссөн”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 57/  болон түүний хувийн байдалтай холбоотойгоор ял шалгах хуудас /хх-ийн 63/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 94/, шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх-ийн 66-84/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч С.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс” худалдааны төвийн авто зогсоолд байрлуулсан Б.Угийн эзэмшлийн 67-83 УНП улсын дугаартай “Поробокс” маркийн  автомашинаас  гар цүнхийг нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 1.149.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн С.Бгийн “...Поробокс маркийн машины жолооч талын хаалгыг онгойлгож улаан өнгийн эмэгтэй хүний цүнхийг аваад чигээрээ алхаад Барсын гүүрэн доор очиж үзэхэд 1 доллар, 1 юанийн дэвсгэрт 5 ширхэг, иргэний үнэмлэх 2 ширхэг, Хаан банкны виза карт 1 ширхэг, мобикомын утасны үүр 1 ширхэг байсан. Харин цүнхий дотор талын цахилгаантай халаасанд 400.000 төгрөг буюу 40 ширхэг 10.000 төгрөгийн дэвсгэрт байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57/, хохирогч Б.Угийн“...Поробокс маркийн машинаас гүрмэл боорцог буулгаад хүнд өгч байх хооронд миний машины урд суудлын голд нь байсан бор цүнхтэй бичиг баримт болон бэлэн 400.000 төгрөг, түрийвчэнд байсан 200 доллар хамт хулгайд алдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/, гэрч Б.Эрдэнэсувдын“...найз Б...манай найз хүүхэн Цоожийн утас холбогдохгүй байна. Энэ ууттай цүнхийг машиндаа байлгаж байгаарай гэж хэлээд орхиод явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл  /хх-ийн 15-19/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 6-7/,  эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 8/, Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 38-39/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас “С.Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцуулах”, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “тээврийн хэрэгсэл нь хөдөлгөөнтэй зүйл тул агуулахад хамаарахгүй, мөн тухайн автомашинд нэвтрэхэд ямар нэгэн саад бэрхшээл тулгараагүй тул агуулахад нэвтэрсэн гэж үзэхгүй” гэсэн санал дүгнэлт тус тус гаргалаа.

 

С.Б нь Б.Угийн эзэмшлийн 67-83 УНП улсын дугаартай “Поробокс” маркийн автомашинаас гар цүнхийг нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тооцогдоно. 

 

Хяналтын прокуророос С.Бг хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэн гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний хүндрүүлэх шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан аливаа төрлийн автомашины  кабин болон багаж нь “агуулах”-д хамаарах бөгөөд Б.Угийн эзэмшлийн 67-83 УНП улсын дугаартай “Поробокс” маркийн автомашинд эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч эд зүйл авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хэргийн зүйлчлэлийн талаар маргасан санал дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй юм.

 

Улсын яллагчаас гэм буруугийн талаар гаргасан санал дүгнэлт хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч С.Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол төлбөрийн тухайд С.Б бусдад учруулсан хохирлоо барагдуулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, хүсэлтээр тогтоогдож байх тул С.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч С.Бд шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1  дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч С.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хохирлоо барагдуулсаныг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

 

С.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний урьд нь шүүхээр удаа дараа ял шийтгэгдсэн хувийн байдлыг харгалзаж хорих ял оногдуулж  шүүх шийдвэрлэлээ.

Түүнд оногдуулсан хорих ялыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди бичлэг нэг ширхэг, флаш нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.