Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 447

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул

улсын яллагч М.Батзаяа

шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Чо овогт О-н Эт холбогдох эрүүгийн 1706004530245 дугаартай 2 хавтаст хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

О.Э нь 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг автомашин засварын газраас иргэн Д.Зын эзэмшлийн 23-16 УБӨ улсын дугаартай, Тоёота приус 10 маркийн автомашиныг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч  залилан авч 3,100,000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дөл” нэртэй пабад иргэн Э.Эийн эзэмшлийн Самсунг Эс-6 /Samsung S6/ маркын гар утсыг “дүүтэйгээ яриад өгье” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хуурч залилан авч 198,000 /нэг зуун ерэн найман мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Гранд плаза төвийн 13 давхарт байрлах “Эй Дабль Юу Пи” /AWP/ ХХК-ийн оффисын үүдэнд иргэн Э.Эыг “утсаар чинь яриад өгье” хэмээн хуурч, Эл Жи /LG/ үйлдвэрийн К-10 загварын гар утсыг шилжүүлэн авч 190,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн орчим Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна байрлах “Монгол зоог” нэртэй цайны газар дотор Р.Огийн Самсунг Эс-9 /Samsung S-9/ маркийн гар утсыг залилан авч 890,000 /найман зуун ерэн мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Бүх үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Бусдаас залилж авсан эд зүйлсээ би согтуу байхдаа хүнд зарсан. Хэнд зарсанаа мэдэхгүй байгаа. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Д.З мөрдөн байцаалтанд: “2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр миний танил Олдохын Э гэх хүн нь миний өөрийн эзэмшлийн 23-16 УБӨ улсын дугаартай цайвар ногоон өнгийн Приус-10 маркийн автомашиныг Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх авто засварын газарт засуулж өгье гэхээр нь 13 цагийн үед би хүү охин хоёртойгоо хамт явуулсан юм. Манай хүү охин 2 машины бичиг баримт аваад буцаад ирсэн. Буцаж ирэхдээ О.Э тэр засварын газартаа үлдсэн, жижиг сажиг сэлбэг авна гээд гарсан гэж хэлсэн. Орой нь О.Э 18 цагийн үед манай гэрт ирээд машиныг чинь засварт өгчихсөн 3 хоногийн дараа гарна гэж хэлсэн. О.Э намайг гаръя, дайлна гэхээр нь хамт гарсан. Бид хоёр хотын төвөөр яваад 2017 оны 7 дугаар сарын 04-ний орой салцгаасан. О.Э салахдаа за даргаа машин чинь өнөө маргаашдаа гарчих байх би гарчихаар нь аваачаад өгье гэж хэлсэн. Тэгээд дараа нь 2017 оны 7 дугаар сарын 04-ний орой залгаад дарга харьсан уу, гайгүй юу гэж асуучихаад утсаа унтраагаад таг болсон. Тэрнээс хойш хүлээгээд ирэхгүй утас нь холбогдохгүй болохоор нь би цагдаад өргөдөл гаргасан юм” гэсэн мэдүүлэг  /1хх-ийн 21-23/

 

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б31-19-823 дугаартай үнэлгээний тайланд “тухайн тээврийн хэрэгслийг 2019 оны 12 дугаар сарын байдлаар зах зээлийн жишиг хандлага ажиглалтын аргаар тооцон гаргасан болно...үнэлгээгээр тогтоогдсон дүн 3.100.000 төгрөг” гэжээ /1хх-ийн 36/

 

Гэрч У.Оюундарь мөрдөн байцаалтанд: “2017 оны 7 дугаар сарын 01-нд манай гэрт О.Э гэдэг манай аавын цэрэг нь байсан гэх хүн хүрч ирж хоносон. Хонохдоо манай аавын машиныг янзалж өгнө бүрэн будганд оруулж, түлк засч, 2 талын крыла авч өгнө гэж ярьсан. Цайзад манай найз байдаг би оношилгоонд оруулж өгнө гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 13 цагийн үед би манай нөхөр Э.Отгонбаяр, О.Э гэдэг хүн бид гурав хамт Цайз орохоор явсан. Тэгээд Цайз явах замдаа Цайзад манай багын найз засварчин хийдэг Ганбаа гэдэг хүн байгаа гэж ярьсан. Тэгээд Эрдэнэтолгойн автобусны буудлын замын хойд талдаа кузов засвар гэсэн хаягтай хашаанд машинаа оруулж тавьсан. Тэгээд тэр машин тавьсан засварын газрынхаа хүмүүсийг таньдаггүй юм байна лээ, ямар ч байсан ярьж тохироод машинаа үлдээсэн. О.Э гэдэг хүн бас будганд орохоос гадна жоохон юм хийхээр байгаа, би сэлбэгийг нь Да хүрээ явж авч ирээд өгье гэж хэлсэн. Тэгээд О.Э хэдэн төгрөг болох бол гэсэн чинь засварчин 700,000 төгрөгт багтана гэж хэлсэн. Тэгээд О.Э доошоо ярих уу гэтэл ярихгүй гэж хэлж байсан. О.Э манай найз Ганбаа гэдэг хүн доор машин засвартай тэр нь даан ч хаалттай байна, ажиллаж байсан бол тэнд үлдээчих байсан гэж хоёр засварчинд ярьж байсан. Тэгээд машинаа засуулж үлдээхээр тохироод О.Э гэдэг хүн та хоёр яв яв, ах нь сэлбэгийг нь авч ирээд та хоёр руу залгая гэж хэлээд машиныхаа бичиг баримтыг та хоёр ав тэгэхгүй бол алга болчихно гэж хэлээд бид хоёрыг явуулсан. Тэгээд 17 цаг өнгөрч байхад О.Э ах над руу 90064070 гэсэн дугаараас залгаад ах нь Био дээр ирчихсэн байна, гэнэт машин шувуу явахаар болоод ирчихсэн байна. Ахын хоёр дүү өөрсдөө явчих гэж хэлсэн. Тэгээд ах нь одоо салаан дарга руу явлаа гэж хэлээд явсан. 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр манай нөхөр машинаа үзэхээр нөгөө засварын газар руу явсан. Тэгээд өдөр 12 цаг болж байхад манай нөхөр над руу залгаад нөгөө халзан засварчин нь тэр өдөр та хоёртой хамт явж байсан хүн та хоёрыг явсны дараа ирээд машиныг аваад явсан гэж хэлсэн гэж ярьсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 24-26/

 

Гэрч Э.Отгонбаяр мөрдөн байцаалтанд: “2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр манай хадам аавын танил нь манай гэрт ирсэн юм. Тэгээд тэр хүн буюу О.Э нь манай гэрт хоночихоод маргааш нь хадам аавын машиныг засуулж өгнө гэж тохирсон...тэгээд таньдаг засвар нь Цайзад байдаг гээд манай эхнэр бид хоёр хамт явсан...цайз дээр ирээд таньдаг засвар хаалттай байна гэж хэлээд дээд талд нь байсан нэг засварын газар руу орсон...засварын хүмүүс 700.000 төгрөг болно гэж хэлсэн. Тэгээд О.Э нь Да хүрээ орж сэлбэгийг аваад гэрээрээ дайраад картаа аваад мөнгийг нь аваад ирье гэж хэлсэн. Тэгээд бид хоёрыг та хоёр яваад ажлаа амжуулж бай орой танайх руу цуг явъя гэж хэлсэн...тэгээд 2017 оны 7 дугаар сарын 04-ний өглөө хадам аав над руу залгаад миний хүү машинаа нэг үзчихээд ирээрэй гэхээр нь би нөгөө засварын газар руугаа яваад очсон чинь засварын газар нь хаалттай байсан. Тэгээд би тэр хавиар явж байгаад халзан толгойтой засварчинтай тааралдаж уулзаад машинаа асуутал та хоёрыг явсны дараа хамт явж байсан залуу чинь 5 минутын дараа хүрч ирээд машиныг чинь аваад явчихсан шүү дээ гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 27-29/

 

Гэрч Л.Дарханболд мөрдөн байцаалтанд: “2017 оны 7 дугаар сарын эхээр яг хэдэнд гэдгийг нь сайн санадаггүй, ямар ч байсан бороотой өдөр байсан. Манай хоёр найз бид гурав хамт машинуудаа засаад байж байсан чинь 13 цагийн үед манай засварын газарт Приус 10 маркийн машинтай 2 эрэгтэй 1 эмэгтэй гурван хүн хамт ирсэн...тэр хүмүүс машинаасаа гурвуулаа хамт бууж бид нар дээр ирээд хардуу 170 см гаруй өндөртэй, туранхайдуу 30 орчим настай залуу нь гол яриа хийсэн. Тэр залуу ярихдаа энэ машиныг хэдээр засах вэ гэхээр нь 700.000 төгрөгөөр 4 хоногийн дотор гаргаж өгнө гэж хэлтэл 2 хоногийн дотор гаргаад өг гэсэн. Тэгэхээр нь би амжихгүй наадах чинь аймаар их ажилтай юм байна гэж хэлсэн. Тэгээд тохироод ирсэн гурван хүн нь машинаа түлхүүртэйгээ хамт манай засвар дээр үлдээгээд сэлбэгэнд явна гээд гарсан. Тэгээд би ажлаа хийж байсан чинь 10 орчим минутын дараа нөгөө наймаа тохирсон хар залуу нь орж ирээд хөгшөөн би крыла сэлбэгнүүдээ аваад ирье гэж хэлээд надаас машиныхаа түлхүүрийг машинтайгаа аваад явсан. Тэгээд эргэж ирээгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 30-32/

Гэрч О.Э мөрдөн байцаалтанд: “2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр салаан дарга Д.Зтой Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Витафит үйлдвэрийн хажууд бид хоёр уулзсан. Тэр үед манай салаан дарга ажлаасаа гараад удаж байсан хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж байсан. Тэгээд бид хоёр уулзчихаад хоолонд орчихоод дэлгүүрээс хэдэн архи пиво аваад Сонсголонгийн гүүрний доор ууцгаасан. Нилээн халаад ирэхэд гадаа харуй бүрий болсон байсан. Тэгээд бид хоёр Зын гэр буюу Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрик-т байх гэр рүү нь явж байхад /хаягийг нь санахгүй байна / Д.Зын 23-16 УБӨ улсын дугаартай цайвар ногоон өнгийн Тоёота Приус-10 маркийн тээврийн хэрэгслийн урд хэсгээр эд ангиуд нь дуугараад байсан юм. Тэгхээр нь би маргааш таны машиныг засуулж өгнө гэж хэлээд тэр шөнөдөө Д.Зынд архи ууж хоночихоод маргааш нь буюу 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 10 цагийн орчимд гэрээс нь Д.Зын хүргэн гэх залуугийн хамт  Д.Зын машиныг аваад Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Цайз-16 орчимд нэг засварын газар орж машиныг нь засварт оруулж тавьчихаад хүргэнд нь машины бичиг баримтыг өгөөд явуулсан. Тэгээд би машиныг засуулахгүйгээр дахиж архи авч уух гээд Газарчин дээд сургуулийн замаар хойшоо өгсөөд явж байхдаа Д.Зын машинаар барьж байсан байшингийн суурь бетоныг мөргөсөн юм. Тэгээд хэсэг бодож байгаад шунахайн сэдэлтээр гэнэт заръя гэж бодоод Да хүрээ зах орж сэлбэг зарж байсан залууд 2.000.000 төгрөгөөр зарсан. Тэгээд би Д.З дээр буцаж очоод Д.Зод  машиныг чинь засварт өгчихлөө гэж хэлээд гадуур 3 хоног архидаад тэгээд машиныг чинь авч ирж өгье гэж хэлээд салсан юм.Тэрнээс хойш гар утсаа унтраагаад Д.Зтой холбоогоо тасалсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг  /1хх-ийн 34/

 

Хохирогч Э.Э мөрдөн байцаалтанд: “Би Өмнөговь аймагт Цогтцэций суманд нүүрсний уурхайд ажилладаг байж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод ирсэн бөгөөд хамт ирсэн Э гэх залуу бид нарыг хоолонд оруулж архи ууя гэхээр нь зөвшөөрч 32 дугаар байрны Дөл  пабад орж жаахан сууж байхад Э миний гар утсаар дүүгээ дуудаад би картаа авах хэрэгтэй байна. Чиний утсаар нэг ярих хэрэгтэй байна гээд аваад явсан түүнээс хойш сураггүй болсон. Гар утсаа 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Тэди төвөөс 400.000 төгрөгөөр авч байсан одоо 350.000 төгрөгөөр үнэлж байна”  гэсэн мэдүүлэг /2хх-ийн 31/

 

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн СХЗ-19-100 дугаартай үнэлгээний тайланд “...Samsung S6 маркийн гар утас 198.000 төгрөгөөр үнэлэгдсэн” гэжээ.  /2хх-ийн 40-41/

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2хх-ийн 43-44/

 

Гэрчээр О.Э мөрдөн байцаалтанд: “2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр би Өмнөговь аймгийн Цогтцэций суманд цуг ажилладаг Этэй Улаанбаатар хотод цуг орж ирээд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дөл паб руу ороод тэндээ хоол идэж, пиво уугаад байж байгаад би Эийн гар утсаар чинь яръя дүү ирж тооцоо хийх юм гэж хэлэхэд Э нь гар утсаа өгөхөөр нь би гар утсыг нь аваад тус пабаас гарч яваад модны 2-ын орчим байрлах ломбарданд тавьсан. 100.000 төгрөгөөр тавьсан” гэсэн мэдүүлэг  /2хх-ийн 38/

 

Хохирогч Э.Э мөрдөн байцаалтанд: “Би 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 14-15 цагийн хооронд өөрийн ажлын оффис болох Баянгол дүүргийн Гранд плаза дэлгүүрийн 13 дугаар давхарт очиж хүний нөөц болон захиралуудтай уулзах гэж явж байсан юм. Тэгтэл оффис дээр байж байтал зүс таних нэрийг нь мэдэхгүй залуу оффис дээр ирээд машин техникийн нэг тооцоогоор явж байна гээд явж байсан юм. Тэгтэл намайг сууж байхад гар утсаа өгөөч гар утсаар чинь ганц ярьчихаад өгье гэж хэлээд миний гар утсыг аваад хүнтэй ярьсан юм. Яг тэр хойгуур намайг хүний нөөц дуудахаар нь өрөө рүү нь явж орчихоод  удалгүй 3-4 минутын дараа гараад ирэхэд миний гар утсыг авсан залуу байхгүй болохоор нь хажуугийн хүнээс гар утас авсан залууг асуухад мэдэхгүй гэсэн юм. Тэгээд би ажлынхаа залуугийн гар утаснаас өөрийнхөө утас руу залгахад холбогдох боломжгүй болчихоор нь гар утас аваад явчихлаа гэж бодсон юм. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Би урьд өмнө зүс мэддэг хүн юм.  Өмнө бид хоёр хамтран ажиллаж тэр жолооч хийж, би оператор хийдэг байсан алдсан утсаа 599.000 төгрөгөөр үнэлж байна” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 120/

 

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн БГ1 -19-906 дугаартай үнэлгээний тайланд “...LG K10 маркийн гар утас 190.000 төгрөгөөр үнэлэгдсэн” гэжээ. /1хх-ийн 127-128/

 

Гэрчээр О.Э мөрдөн байцаалтанд: Би 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд плаза худалдааны төвийн 11 давхарт байрлах оффист явж байгаад Этай таараад уулзаж байгаад Эт гар утсаар чинь ярьчихаад өгье гэж хэлээд утсыг нь аваад шууд гараад явсан. Би тухайн үед симийг нь салгаад унтрааж байгаад зарчихсан. 40.000-50.000 төгрөгийн орчимд зарсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 155/

 

хохирогч Р.О мөрдөн байцаалтанд: “2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр миний танил Батсүх над руу залгаад уулзах ажил байна гээд бид хоёр уулзахаар болоод Баянгол дүүргийн Төмөр замын дээд сургуулийн гадна уулзтал Батсүх Этой хамт хүрээд ирсэн юм. Тэгээд уулзтал Өмнөговь аймагт алт гараад байна хайгч олох хэрэгтэй байна гээд ярьсан. Тэгээд бид гурав энэ өдөр явахаар болоод байж байтал Батсүх Гэмтэл орж эгчээсээ халуун сав болон 100.000 төгрөг авъя гээд бид гурав гэмтэл рүү очоод Батсүх 100.000 төгрөгөө аваад хоолонд оръё гэхээр нь надад мөнгө байсан учир эхлээд хоолонд оръё гээд бид гурав Гэмтлийн эмнэлгийн хойно байрлах Монгол зоог ороод хоол захиалаад хоолоо идчихээд сууж байтал Батсүх халуун сав болон 100.000 төгрөг аваад ирье гээд гараад явсан. Э бид хоёр уг зоогийн газар сууж байтал Э би чиний утсаар нэг яриатахъя гэхээр нь зөвшөөрөөд өөрийнхөө Самсунг С-9 плас маркийн гар утсаа өгчихөөд тооцоогоо хийчэхээд эргээд хартал Э уг зоогийн газарт байхгүй гараад явчихсан байсан. Тэгэхээр нь би араас нь гараад машин дээрээ байгаа юм байх гэж бодоод очтол байхгүй байхаар нь би тэр хавиар нилээн хайж явж байгаад буцаад цайны газарт ороод хүний утас гуйгаад өөрийнхөө дугаар руу залгатал утсаа авахгүй байхаар нь Батсүх рүү залгаад Э миний утсыг аваад алга болчихлоо гэсэн чинь Батсүх миний ажил болчихсон Э над руу хүрээд ирэх байлгүй дээ гэхээр нь би гараад Гэмтлийн ойр хавиар нилээн хайгаад олдохгүй байхаар нь би Батсүх рүү залгатал утсаа авахгүй байхаар нь Гэмтэл рүү яваад очтол Батсүх үүднээс гарч ирж таараад бид хоёр нийлээд тэр хавиар Э хайж явж байгаад олдохгүй байхаар нь цагдаад дуудлага өгөөд цагдаа ирээд Эыг олж авсан чинь миний гар утсыг цааш нь өөр хүнд 200,000 төгрөгөөр зарчихсан байсан юм...би гар утсаа 1.600.000 орчим төгрөгөөр авч байсан. Би 179.400 төгрөг хүлээн авсан” гэсэн мэдүүлэг  /1хх-ийн 180/

 

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн БГ2-20-171 дугаартай үнэлгээний тайланд “ Samsung S9 plus гар утас 890.000 төгрөгөөр үнэлэгдэнэ” гэжээ. /1хх-ийн 192-193/

 

Гэрч М.Батсүх  мөрдөн байцаалтанд: “...Р.О над руу залгаад Очироо миний утсыг аваад алга болчихлоо гэхээр нь би гэмтэл дотор байна, Очироо ийш тийшээ яваа байлгүй дээ гэж би хэлсэн. Тэгтэл би Гэмтлийн эмнэлгийн үүдэнд Р.Отэй уулзаад буцаж цайны газар руу орсон. Тэгээд цайны газар ороод Р.О цагдаад дуудлага өгсөн. Би О.Этой 2019 оны 7 дугаар сарын 19-нд Төв аймгийн Баянцогт суманд аккумляторын үйлдвэрт хамт ажиллаж байгаад танилцсан” гэсэн мэдүүлэг  /1хх-ийн 184-185/

 

Гэрч О.Э мөрдөн байцаалтанд: Би 2020 оны 02 дугаар сарын 02-ны өглөө утсаар ярьж байгаад Саппоро дээр уулзсан. Тэгээд Отэй утсаар ярьж байгаад 25-р эмийн сангийн автобусны буудал дээр уулзаад ажил төрөл юу хийх вэ энэ тэр гээд ойр зуурын юм ярьсан. Тэгтэл Батсүх Гэмтлийн эмнэлэг орж ахаасаа 100.000 төгрөг аваад халуун сав авна гэж хэлсэн. О за та хоёрыг хүргэж өгөөд тухтайхан ярилцъя гэж хэлсэн. Бид гурав Гэмтлийн эмнэлэг дээр очоод Монгол зоог нэртэй цайны газар орж хоол идсэн. Хоол идэж байтал Батсүх 2 ширхэг мантуун бууз идчихээд ахтайгаа уулзлаа гээд гарсан. Тэгээд О бид хоёр хоолоо идчихээд би гар утсаа өгөөч, хүн рүү яръя гээд утсыг нь авсан. О тооцоо хийх гээд цаашаа эргэхээр нь би гар утсыг нь аваад шууд гарсан. Байрны гадна 30-40 минут орчим суусан. Нилээн бодож бодож байгаад Тэди төв дээр очоод нэг залууд 200.000 төгрөгөөр зарчихсан...удалгүй цагдаа нар ирээд намайг барьсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 187/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор ял шалгах хуудас /хх-ийн 85/,  шийтгэх тогтоолуудын хуулбарууд  / 1хх-ийн 227, 232- 236/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

Нэг. Шүүгдэгч О.Э нь 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Д.Зын эзэмшлийн 23-16 УБӨ улсын дугаартай, Тоёота приус 10 маркийн автомашиныг засуулж өгнө гэж худал хэлж хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 3.100.000 төгрөгийн хохирол учруулсан нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн О.Эын “...Зын машиныг шунахайн сэдэлтээр гэнэт заръя гэж бодоод Да хүрээ зах орж сэлбэг зарж байсан залууд 2.000.000 төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 34/, хохирогч Д.Зын “...миний танил Олдохын Э гэх хүн нь миний өөрийн эзэмшлийн 23-16 УБӨ улсын дугаартай цайвар ногоон өнгийн Приус-10 маркийн автомашиныг...авто засварын газарт засуулж өгье гэхээр нь 13 цагийн үед би хүү охин хоёртойгоо хамт явуулсан юм...” гэсэн мэдүүлэг  /1хх-ийн 21-23/, гэрч У.Оюундарийн “...машинаа засуулж үлдээхээр тохироод О.Э гэдэг хүн та хоёр яв яв, ах нь сэлбэгийг нь авч ирээд та хоёр руу залгая гэж хэлээд машиныхаа бичиг баримтыг та хоёр ав тэгэхгүй бол алга болчихно гэж хэлээд бид хоёрыг явуулсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 24-26/, гэрч Э.Отгонбаярын “...О.Э нь манай гэрт хоночихоод маргааш нь хадам аавын машиныг засуулж өгнө гэж тохирсон...халзан толгойтой засварчинтай тааралдаж уулзаад машинаа асуутал та хоёрыг явсны дараа хамт явж байсан залуу чинь 5 минутын дараа хүрч ирээд машиныг чинь аваад явчихсан шүү дээ гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 27-29/, гэрч Л.Дарханболдын “ ...машинаа түлхүүртэйгээ хамт манай засвар дээр үлдээгээд сэлбэгэнд явна гээд гарсан...10 орчим минутын дараа нөгөө наймаа тохирсон хар залуу нь орж ирээд хөгшөөн би крыла сэлбэгнүүдээ аваад ирье гэж хэлээд надаас машиныхаа түлхүүрийг машинтайгаа аваад явсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 30-32/ болон хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 36/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

 

Хоёр. 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дөл” нэртэй пабад Э.Эийн эзэмшлийн Самсунг Эс-6 /Samsung S6/ маркын гар утсыг “дүүтэйгээ яриад өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 198.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн  О.Эын “...би Эийн гар утсаар чинь яръя дүү ирж тооцоо хийх юм гэж хэлэхэд Э нь гар утсаа өгөхөөр нь би гар утсыг нь аваад тус пабаас гарч яваад модны 2-ын орчим байрлах ломбарданд тавьсан. 100.000 төгрөгөөр тавьсан” гэсэн мэдүүлэг  /2хх-ийн 38/ хохирогч Э.Эийн “...Э миний гар утсаар дүүгээ дуудаад би картаа авах хэрэгтэй байна. Чиний утсаар нэг ярих хэрэгтэй байна гээд аваад явсан түүнээс хойш сураггүй болсон...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 31/ болон хөрөнгийн үнэлгээний тайлан   /2хх-ийн 40-41/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2хх-ийн 43-44/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Гурав. 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Гранд плаза төвийн 13 давхарт байрлах “Эй Дабль Юу Пи” /AWP/ ХХК-ийн оффисын үүдэнд иргэн Э.Эыг “утсаар чинь яриад өгье” хэмээн хуурч, Эл Жи /LG/ үйлдвэрийн К-10 загварын гар утсыг шилжүүлэн авч 190,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн О.Эын “...Этай таараад уулзаж байгаад Эт гар утсаар чинь ярьчихаад өгье гэж хэлээд утсыг нь аваад шууд гараад...40.000-50.000 төгрөгийн орчимд зарсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 155/, хохирогч Э.Эын “...намайг сууж байхад гар утсаа өгөөч гар утсаар чинь ганц ярьчихаад өгье гэж хэлээд миний гар утсыг аваад хүнтэй ярьсан юм... би ажлынхаа залуугийн гар утаснаас өөрийнхөө утас руу залгахад холбогдох боломжгүй болчихоор нь...цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 120/ хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 127-128/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Дөрөв. 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн орчим Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна байрлах “Монгол зоог” нэртэй цайны газарт Р.Ог “утсаар чинь яриад өгье” хэмээн хуурч, Самсунг Эс-9 /Samsung S-9/ маркийн гар утсыг нь авч 890.000  төгрөгийн хохирол учруулсан болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн О.Эын “...би гар утсаа өгөөч, хүн рүү яръя гээд утсыг нь авсан. О тооцоо хийх гээд цаашаа эргэхээр нь би гар утсыг нь аваад шууд гарсан...Тэди төв дээр очоод нэг залууд 200.000 төгрөгөөр зарчихсан...удалгүй цагдаа нар ирээд намайг барьсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 187/, хохирогч Р.Огийн “...Э би чиний утсаар нэг яриатахъя гэхээр нь зөвшөөрөөд өөрийнхөө Самсунг С-9 плас маркийн гар утсаа өгчихөөд тооцоогоо хийчэхээд эргээд хартал Э уг зоогийн газарт байхгүй гараад явчихсан байсан...цааш нь өөр хүнд 200,000 төгрөгөөр зарчихсан байсан юм...би гар утсаа 1.600.000 орчим төгрөгөөр авч байсан. Би 179.400 төгрөг хүлээн авсан” гэсэн мэдүүлэг  /1хх-ийн 180/, гэрч М.Батсүхийн “...Р.О над руу залгаад Очироо миний утсыг аваад алга болчихлоо гээд Р.О цагдаад дуудлага өгсөн. гэсэн мэдүүлэг  /1хх-ийн 184-185/ болон  хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 192-193/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч О.Эын дээрхи идэвхитэй үйлдлүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр Залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан шинжүүдийг хангасан гэж үзнэ.

 

Хяналтын прокуророос О.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч О.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрч оролцов.  

 

Улсын яллагчийн санал дүгнэлт хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч О.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

          

Хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч Э.Э залилах гэмт хэрэг үйлдэж бусдад нийт 4.378.000 төгрөгийн хохирол учруулсанаас мөрдөн байцаалтын явцад хохирогч Р.Од 179.400 төгрөгийн хохирол төлсөн байна. Төлөгдөөгүй үлдсэн нийт 4.198.600 төгрөгийн хохиролыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Э.Эоос гаргуулж, хохирогч Д.Зод 3.100.000 төгрөг, Э.Эд 198.000 төгрөг, Э.Эт 190.000 төгрөг, Р.Од 710.600 төгрөг олгохоор шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч Э.Эт шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.

       

Э.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хохиролын шинж чанар, түүний урьд нь удаа дараа шүүхээр ял шийтгүүлсэн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн  хугацаагаар хорих ял шийтгэж  шүүх шийдвэрлэлээ.

 

Түүний эдлэх ялыг үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг дурдаж байна.