| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 500/2017/0066/Э |
| Дугаар | 789 |
| Огноо | 2017-11-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Чимгээ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 789
Т.С-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Б.Чимгээ,
хохирогч Д.С,
яллагдагч Т.С,
нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэнгийн гаргасан 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1275 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Э.Оюунтунгалагийн бичсэн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаар эсэргүүцлээр Т.С-д холбогдох эрүүгийн 1706010700126 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Т-гийн С, 1983 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ял шийтгэлгүй /РД:/,
Т.С нь 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Д.Стай хамт архи ууж байгаад маргалдан, улмаар Д.С-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.С-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно” 2 дахь хэсэгт “Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө гаргана”, 3 дахь хэсэгт “Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримт, ... эвлэрсэн тухай баталгааг хавсаргана” гэж тус тус заасан байхад яллагдагчийн хүсэлт байхгүй байна.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулна”, 2 дахь хэсэгт “Прокурор яллагдагчийн хүсэлтийг хүлээн авах, эсхүл татгалзах тухай тогтоол гаргана” гэж заасан байгааг хийгээгүй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн бол мөрдөгч 14 хоногийн дотор мөрдөн байцаалт явуулна” гэсэн заалтууд хийгдээгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй байна.
4. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Прокурор хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагч, хүсэлт гаргасан хохирогчид даруй танилцуулж, гарын үсэг зуруулна” гэж заасан ажиллагаа хийгдээгүй, хохирогчид танилцуулаагүй байна.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэх” талаарх ажиллагааг хийгээгүй байна. Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж заасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Т.С-д холбогдох 1706010700126 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын газарт буцааж, Т.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Э.Оюунтунгалаг давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Т.С-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл буюу “Зарим хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журамд” зааснаар тусгайлан зохицуулсан, хянан хэлэлцэх хэрэг юм. Иймээс дээрх хэргийг шүүх шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 17.2 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдийг үндэслэж хуулийг буруу хэрэглэсэн байна.
2. Энэ хэрэгт хохирогч Д.С нь прокурорын Т.С-д хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналтай танилцана гэсэн хүсэлтээ амаар болон бичгээр гаргаагүй учир хохирогчид дээрх саналыг заавал танилцуулах шаардлагагүй юм.
3. Шүүгч хэргийг “шүүгчийн захирамж”-аар прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5, 6 дахь хэсэгт заасныг баримталсан нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байгаа бөгөөд энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэхдээ мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар ... цагаатгах эсхүл шийтгэх тогтоолын аль нэг эрх зүйн хэлбэрийг гаргах нь зүйтэй юм.
4. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд “...урьдчилсан хэлэлцүүлэгийн үед ... хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ” гэж заасан байна. Гэтэл мөн хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар дээрх төрлийн хэргийг урьдчилсан хэлэлцүүлэг хийхгүйгээр шүүхээр шийдвэрлүүлэхээр хуульчилсан, мөн урьдчилсан хэлэлцүүлэг хийгээгүй байхад шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг прокурорт буцаах тухай хуулийн заалтыг баримталсан нь мөн хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Иймд 1275 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.
Прокурор Б.Чимгээ тус шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: “...прокурор Э.Оюунтунгалагийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан журмаар зохицуулагдана гэж үзэж байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд Т.С-д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1275 дугаар шүүгчийн захирамж нь үндэслэл муутай болжээ.
Учир нь “Яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргах”, “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх” гэсэн хэлбэрээр эрүүгийн хэргийг хялбаршуулан хянан шийдвэрлэх журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт хуульчлан тогтоосон бөгөөд эдгээр хоёр журмыг өөр өөр байдлаар хэрэгжихээр зохицуулжээ.
Тухайлбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1. 17.4 дүгээр зүйлүүдэд зааснаас үзэхэд яллагдагч хүсэлт гаргаснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд найман жил хүртэл хорих ялтай гэмт хэргүүд хамаарах ба яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн баримт, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баримтуудыг хавсарган ирүүлнэ. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Шүүх энэ төрлийн хэргийг шийдвэрлэхдээ хуульд заасан ердийн хэрэг хянан шийдвэрлэх журмыг баримтлахаас гадна тухайн бүлэгт онцгойлон тусгасан журмыг баримтлана.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан тодорхой төрлийн хөнгөн гэмт хэргүүдийн хувьд сэжигтнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол танилцуулсан даруй, эсхүл нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай бол мөрдөгч мөрдөн байцаалтыг 14 хоногийн дотор явуулж хэргийг прокурорт шилжүүлж шийдвэрлүүлэхээр хуульчилсан байна.
Хуульд тусгайлан заасан зарим төрлийн хөнгөн гэмт хэргүүдийн хувьд хэрэг бүртгэлтийн ажиллагаа дуусмагц тухайн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэх ба шаардлагатай гэж үзвэл 14 хоногийн дотор мөрдөн байцаалт явуулах журмыг хуулиар тогтоосон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсгүүдэд прокурор хэргийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хянаж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэх, шүүх хүлээн авснаас хойш 72 цагийн дотор эцэслэн шийдвэрлэхээр заасан ба шүүхээс гэм буруутайг тогтоосон бол Эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялыг оногдуулах боломжтой юм.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан тодорхой төрлийн хөнгөн гэмт хэргүүдийг түргэн шуурхай шийдвэрлэх үүднээс ердийнхөөс богиносгосон хугацааг хуулиар тогтоосноос гадна яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эсхүл хохирлоо нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрэн хэлэлцсэн байхыг хуулиар шаардаагүй нь яллагдагчийн хүсэлтэд үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээс онцлог ялгаатай байна.
Т.С-гийн холбогдсон “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан гэмт хэрэгт хамаарч байх тул энэ зүйлд заасны дагуу хялбаршуулсан журмаар буюу богиносгон хугацаагаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг гэж үзнэ. Гэтэл шүүх “...яллагдагч хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй...”, “...энэ талаар прокуророос ямар нэгэн шийдвэр гараагүй...”, “... яллагдагчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан үндэслэлийг танилцуулаагүй...”, “...ялын саналыг хохирогчид танилцуулаагүй...” гэх зэрэг яллагдагчийн хүсэлтэд үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмын шаардлагыг тавьж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн 33.3 дугаар зүйлд тус тус заасан “хэргийг прокурорт буцаах” заалтууд нь шүүхийн онцгой бүрэн эрхийн нэг бөгөөд нэг ойлголт мэт боловч анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат, цаг хугацаа, хянан шийдвэрлэх журмын хувьд тус тусдаа хуулийн зохицуулалт болно.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед ... хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ” гэж заасан ба дээрх төрлийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийхгүйгээр эцэслэн шийдвэрлүүлэхээр хуульчилсан, нөгөөтэйгүүр шүүх урьдчилсан хэлэлцүүлэг хийгээгүй байхад “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг прокурорт буцаах тухай” хуулийн заалтыг баримталсан нь мөн л хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Иймд хууль хэрэглээний талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг агуулгын хувьд хүлээн авч, анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Т.С-д холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.