Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2021/0428

 

Д.Д-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З нарыг оролцуулан Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу Д.Д-н нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 15 шийдвэрийн 1 дэх заалтаар: Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 17.10.5, 11 дүгээр зүйлийн 11.1.1, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 15 дугаар зүйлийн 15.30, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын а-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Д-н нэхэмжлэлийн шаардлагаас “Аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/11 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, Д.Д-г Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилуулах тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Аймгийн Засаг даргын 2021 оны 02 сарын 02-ны өдрийн Б/18 дугаар захирамжийг 4 сарын хугацаагаар түдгэлзүүлэн, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулах, гишүүдийг батламжлах ажлын талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Увс аймгийн Засаг даргад даалгаж,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Д-т олгож,

3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдаж тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Д, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Шүүх “2016 онд батлагдсан Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.4-д тус тус заасны дагуу аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирлыг томилох, чөлөөлөх бүрэн эрхийг эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлэхээр байна ... аймгийн Засаг даргад нэгдсэн эмнэлгийн захирлыг томилох, чөлөөлөх эрх хуулиар олгогдоогүй байх тул нэхэмжлэгч Д.Д-г Нэгдсэн эмнэлгийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон, мөн О.О-г Нэгдсэн эмнэлгийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Увс аймгийн Засаг даргын шийдвэрүүд хуульд нийцээгүй байна” “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцсон гэх үйл баримт тогтоогдоогүй боловч аймгийн Засаг даргаас Нэгдсэн эмнэлгийн удирдлагын асуудлыг шийдвэрлэж байгаа нь хуульд нийцээгүй байх тул Д.Д-г ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлгүй болно” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд 2016 онд нэмэлт, өөрчлөлт орж төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, суман дахь нэгдсэн эмнэлэгт Төлөөлөн удирдах зөвлөл байгуулах ажил хойшлогдсон байсан.

Энэхүү хойшлуулсан заалтыг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон тул Эрүүл мэндийн яам 2020 оноос эмнэлгүүдэд үе шаттайгаар Төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулах ажлыг зохион байгуулж эхэлжээ. Монгол Улсын хэмжээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Арьсны өвчин судлалын үндэсний төв гэсэн гурван төрөлжсөн мэргэшлийн төвүүдэд Төлөөлөн удирдах зөвлөл байгуулагдсан байна.

Улмаар Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 203 дугаартай “Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” тогтоолд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Энэхүү тогтоолын нэгдүгээр хавсралтын 2.1.7 дахь хэсэгт “Гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн оновчтой арга, хэлбэрийг нэвтрүүлж, эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний нэр, төрлийг нэмэгдүүлж, эрсдэлийн сан байгуулах” зорилт тавьсан байх ба түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээг хэрхэн зохион байгуулахаа тодорхойлсон байна.

Тухайн зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний 4 дэх хэсэгт “Эмнэлгийн хагас бие даасан байдлыг эрүүл мэндийн байгууллагуудад үе шаттай нэвтрүүлнэ” гэсэн байх бөгөөд 2021 онд эмнэлгийн хагас бие даасан байдал 10 эмнэлэгт, 2022 онд 26 эмнэлэгт хэрэгжиж эхлэхээр төлөвлөж, төсөвлөсөн байна.

Эмнэлгийн хагас бие даасан байдлыг эрүүл мэндийн байгууллагуудад нэвтрүүлэх нь дан ганц аймгийн Засаг даргын шийдвэрээр хэрэгжих ажил биш байх бөгөөд Засгийн газраас гаргасан шийдвэр, төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдахаар байна.

Монгол улсын Эрүүл мэндийн яамнаас 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2/3098 дугаартай “Хамтран ажиллах тухай” албан бичгийг Аймаг, дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга нарт хүргүүлсэн байх бөгөөд уг албан бичигт “Эрүүл мэндийн яамнаас 2021 онд 10 төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэгт Төлөөлөн удирдах зөвлөл байгуулахаар төлөвлөн холбогдох арга хэмжээг авч эхлээд байна. Үүнд: Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн 3 эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний 1 төв, 2 аймаг /Сэлэнгэ, Увс аймаг/, 4 дүүргийн нэгдсэн эмнэлгүүд хамаарч байгаа юм. Хуульд заасан бусад эмнэлгүүд 2022 онд хагас бие даасан удирдлагын тогтолцоонд бүрэн шилжиж дуусна” гэсэн байна.

Эмнэлгүүдэд Төлөөлөн удирдах зөвлөл байгуулах ажил үе шаттайгаар 2022 онд бүрэн хэрэгжиж дуусахаар Засгийн газрын төлөвлөгөөнд тусгагдсан байх бөгөөд аймгийн Засаг даргын хувьд Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах эрхийг хэрэгжүүлэгч субьект юм.

Засгийн газрын төлөвлөгөөнд тусгагдсанаар Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт Төлөөлөн удирдах зөвлөл байгуулах ажил 2021 онд багтаж хэрэгжихээр байна.

2. Нэхэмжлэгч шүүхэд хандаж Увс аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 22 ны өдрийн Б/11 дугаартай Д.Д-г ажлаас чөлөөлсөн, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/18 дугаартай О.О-г түр орлон гүйцэтгэгчээр томилсон захирамжуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан дүгнэлт хийж 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/61 дугаартай Д.Д-г Нэгдсэн эмнэлгийн даргаар түр томилсон захирамж хуульд нийцээгүй гэж дүгнэж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлгүй гэж үзсэн.

Увс аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/61 дугаартай захирамж үндэслэлтэй эсэх асуудлаар хэн нэгэн маргаагүй болно.

3. Увс аймгийн Засаг дарга 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/11 дугаартай захирамжаар Д.Д-г ажлаас чөлөөлөхдөө Захиргааны Ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан тайлбар, санал аваагүй, 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа явуулаагүй байна. Гэтэл шүүх энэ байдалд ямар нэгэн дүгнэлт хийгээгүй болно.

4. Захиргааны байгууллага нь төрийн болон нийтийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхээр шийдвэр гаргахдаа иргэдийн ашиг сонирхолд нийцсэн тэдний эрхийг хөндөхгүй байх нь нэн тэргүүний зорилт юм.

Захиргаа өөрөө иргэний эрхийг зөрчих, эрхийг хууль бусаар хязгаарлах, дур зоргоороо шийдвэр гаргах боломжтой байдаг учир иргэний эрхийг хамгаалах, захиргааны байгууллагыг үүрэгжүүлэх шаардлага бий болсон.

Энэ ч үүднээс Захиргааны ерөнхий хууль захиргааны байгууллага иргэн, хуулийн этгээдтэй харьцахдаа захиргааны акт гаргах, захиргааны гэрээ байгуулах, захиргааны хэм хэмжээний акт гаргах зэргээр илрэх захиргааны үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтын суурийг бүрдүүлэх зорилгод суурилсан.

Гэтэл Аймгийн засаг даргын зүгээс 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Д.Д-г 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр чөлөөлж, мөн өдөр орлогч даргаар хавсруулан гүйцэтгүүлсэн, 2021 оны 02 сарын 02-ны өдөр О.О-г дахин үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.

Энэ шийдвэрүүдээс харахад Захиргааны хуулийн зорилгод нийцээгүй захиргааны үйл ажиллагаанд баримтлах “хуульд үндэслэх” зарчмыг зөрчиж дур зоргоороо аашилсан гэж үзэхээр байна.

Сонгон шалгаруулалт явагдаагүй байхад , шаардлага хангасан дараагийн хүн нь тодорхой болоогүй байхад нэг үүрэг гүйцэтгэгчийг нөгөө үүрэг гүйцэтгэгчээр солих ингэхдээ богино хугацаанд зайлшгүй шаардлага байгаагүй ба захиргаа ийнхүү дур зоргоороо аашилж буй байдалд шүүх дүгнэлт хийгээгүй.

5. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-ийн үндэслэл болгосон байна. Хариуцагч нь талууд харилцан тохиролцсон гэх заалтыг барьж нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон байна.

Нэхэмжлэгч хариуцагчтай харилцан тохиролцоогүй гэх тайлбарыг гаргадаг ба хавтаст хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцсон гэдгийг нотолсон баримт байхгүй. Энэ нь тухайн захиргааны акт хууль зүйн хувьд үндэслэлгүй болохыг харуулж байна.

Иймд дээрх нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргаан бүхий акт хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгөлгүй, хууль буруу хэрэглэснээс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Увс аймгийн Засаг даргын 2021 оны Б/11 дүгээр захирамжаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 37 дугаар зүйлийн 37.1.1, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг үндэслэн аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Д-г чөлөөлж, орлогч дарга Б.П-г хавсран гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/18 дугаар захирамжаар О.О-г Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.

Маргаан бүхий Б/11 дүгээр захирамжид баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт нь орлогч дарга Б.П-д хавсруулан гүйцэтгүүлсэнтэй холбоотой байх бөгөөд харин нэхэмжлэгч Д.Д-г “харилцан тохиролцсон” гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн байна.

Гэвч хэрэгт авагдсан баримтуудаар Д.Д-той ажлаас чөлөөлөх талаар харилцсан тохиролцсон нь тогтоогдоогүй, энэ талаарх баримтыг хариуцагчаас гаргаж өгөөгүй байх тул энэхүү шалтгаанаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Д.Д нь цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой үүргээ биелүүлж ажиллаагүй” талаар тайлбар гаргасан боловч маргаан бүхий актад энэ талаар дурдаагүй, үүнтэй холбоотой хуулийн заалтыг баримтлаагүй байх тул уг тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч нь Д.Д сонгон шалгаруулалтад ороогүй, сонгон шалгаруулалтад орсны дараа дахин томилогдох боломжтой гэх боловч тухайн хугацаанд Ковид-19 цар тахлын улмаас зарласан сонгон шалгаруулалт хойшилж байсан нь тогтоогдсон бөгөөд энэ нь ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлснийг зөвтгөх үндэслэл болохооргүй байна.

Учир нь Д.Д нь Нэгдсэн эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтад 2016 онд орж тэнцэн, томилогдон 2020 оны 07 сар хүртэл ажилласан байх бөгөөд хариуцагч нь Д.Д-г ажлаас нь чөлөөлсөн атлаа мөн сонгон шалгаруулалтад оролцоогүй О.О-г Нэгдсэн эмнэлгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь Төрийн албаны хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2, 7.1.4-т заасан төрийн алба мэргэшсэн тогтвортой байх, төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах зарчимд нийцээгүй байна. 

Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч Д.Д-г хууль бусаар ажлаас чөлөөлсөн, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

Гэтэл нэхэмжлэгч болон хариуцагчаас үл хамаарах шалтгаанаар хэрэгжиж эхлээгүй Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7,  Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу эмнэлгийн захирлыг томилох чөлөөлөх эрх бүхий эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл байгуулагдаагүй байхад уг хуулийг хэрэглэн Засаг даргад томилох чөлөөлөх бүрэн эрх олгогдоогүй гэх үндэслэлээр Д.Д-г томилсон тушаал үндэслэлгүй гэж дүгнэн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

Мөн О.О-г томилсон Б/18 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн үндэслэл нь Д.Д-н ажлаас буруу чөлөөлсөнтэй холбоотой өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэж, ажилд эгүүлэн тогтоолгохтой холбоотой байхад Б/18 дугаар тушаалыг нэхэмжлэлийн үндэслэлтэй хамааралгүй асуудлаар дээрх хэрэгжиж эхлээгүй хуулийг хэрэгжүүлэхийг даалгах байдлаар дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь захиргааны хэргийн шүүхийн хяналтын цар хүрээнээс хэтэрсэн байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хамааралгүй, захиргааны байгууллагын хууль хэрэгжүүлэх асуудал нь шүүхийн эрх хэмжээнд хамаарахгүй тул Д.Д-н нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ дахин шинэ акт гаргаж алдаагаа засахыг хариуцагчид даалгах шаардлагагүй, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдахгүй.

Дээрх хуулийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь эмнэлгийн захирлыг чөлөөлөх томилох эрх бүхий Төлөөлөн удирдах зөвлөл байгуулагдаагүй байх хугацаанд уг асуудлыг шийдвэрлэх эрх бүхий этгээд байхгүй гэх үндэслэлээр Нэгдсэн эмнэлгийн даргатай холбоотой хөдөлмөрийн эрх зүйн харилцаа зогсохгүй тул урьд уг чиг үүргийг хэрэгжүүлж байсан Засаг дарга нь Д.Д-г Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т заасан сонгуульд нэр дэвшихтэй холбоотой чөлөөлж, тухайн шалтгаан арилсантай холбоотой эргэж ажиллах хүсэлтээ гаргасныг үндэслэн томилсон эерэг үйлчлэлтэй актыг тухайн албан тушаалаас хууль бусаар чөлөөлсөн сөрөг үйлчлэлтэй захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлд хамааруулж хууль бус гэж дүгнэн шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн хүрээнээс хэтэрсэн шийдвэр болжээ.

Захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгөхийн тулд энэ талаар тодорхой хязгаартайгаар дүгнэхийг үгүйсгэхгүй боловч энэ тохиолдолд Төлөөлөн удирдах зөвлөл байгуулагдсан байхад нь Засаг дарга уг эрхийг хэрэгжүүлсэн хууль бус үйл ажиллагаа явуулсан бол дүгнэж болохоор атал тухайн асуудлыг шийдвэрлэх эрх бүхий этгээд нь байгуулагдаагүй байхад ийнхүү дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Иймд нэхэмжлэгч Д.Д-г ажлаас чөлөөлсөн маргаан бүхий Б/11 дүгээр тушаалын улмаас Д.Д-н эрх, ашиг сонирхол зөрчигдсөн байх тул хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй, үүнтэй холбоотойгоор Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн нэг дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасныг баримтлан Д.Д-н нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/11, 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, Д.Д-г Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                       Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                         С.МӨНХЖАРГАЛ