Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 03

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 23 өдөр                              Дугаар 204/МА2017/00003                                    Өвөрхангай аймаг

 

                                   Д.Дүгэрийн нэхэмжлэлтэй иргэний

                                                     хэргийн тухай

 

                Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 466 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Дүгэрийн нэхэмжлэлтэй

Хариуцагч О.Баатарсүрэн, Я.Оюунгэрэл нарт холбогдох

 “Зээлийн гэрээний үүрэгт 1.048.042.438 төгрөг, 66.959 ам доллар” гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

О.Баатарсүрэн, Я.Оюунгэрэл нарын Н.Дүгэр, Н.Энхтуяа нартай байгуулсан зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Дорждулам, нэхэмжлэгч Д.Дүгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Төрбат, Б.Бүрнээ, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баянжаргал, Б.Солонго  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Дүгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч нараас нэхэмжилж буй нэхэмжлэлийн үнийн дүн нь зээлийн гэрээний дүнгээр 744.800.000 төгрөг гэрээний дагуу 48.000 долларыг хариуцагч нараас нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн үнийн дүнгээ хариуцагч нартай тохиролцож гаргасан баримтыг нэхэмжлэлд хавсаргасан болно. Дээрх нэхэмжлэлд гаргасан хөрөнгө битүүмжлэх 29 айлын орон сууцнаас 1296 мкв тайлбайг битүүмжлүүлэх хүсэлтэй байна. Иймд хариуцагч нараас Монгол мөнгөөр 744.800.000 төгрөг буюу 48.000 долларыг хүүтэй нь нэхэмжилж, хариуцагч нарын 29 айлын орон сууцнаас 1296 мкв тайлбайг битүүмжилж дээрх мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Дүгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би хариуцагч “Гэгээн суварга” ХХК-ийн захирал О.Баатарсүрэн, түүний эхнэр Я.Оюунгэрэл нарт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт Бүсийн оношилгоо эмчилгээний баруун талд байрлалтай 30 хувийн гүйцэтгэлтэй 29 айлын орон сууцны санхүүжилтэнд зориулж өөрсдийнх нь удаа дараагийн хүсэлтээр 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс уг барилгыг бүрэн хэмжээгээр нь ашиглалтанд ортол нь зээл олгосон. 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 1.048.042.438 төгрөг, 66.959 ам долларыг хариуцагч нараас нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн

хувьд нэхэмжилж байна. Д.Дүгэр миний бие нь өөрийнхөө болон иргэн Н.Энхтуяа, “Итгэлт миллион ББСБ” ХХК, “Цэн шижир” ББСБ” ХХК-ийн өмнөөс хуульд заасны дагуу нэхэмжлэл гарган өнөөдрийн хуралд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин оролцож байна. Алданги болон нэмэгдүүлсэн хүүг гэрээнд заасан хувь хэмжээгээр хуулийн дагуу үнэн зөв тооцоолсон гэдэгтээ итгэлтэй байна. Хариуцагч нар нь зээл барьцааны гэрээнд заагдсан гэрээний үүргээ байнга зөрчин, бусдад сэтгэл санаа, эд материалын хохирол учруулж итгэл эвдсээр ирсэн. Дээрх зээлүүдэд харилцагч нар нь өөрсдийн “Гэгээн суварга” ХХК-аас баталгаа, батлан даалт гарган өгч, иргэн Д.Дүгэр надад Өвөрхангай аймаг Арвайхээр сумын 5 дугаар баг Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн баруун талд байрлалтай 29 айлын орон сууцыг бусдад худалдах бэлэглэх, зээлийн барьцаанд тавих, захиран зарцуулах гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, мөн Өвөрхангай аймаг Хархорин сумын Засаг даргын 2011 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 115 тоот шийдвэрээр олгогдсон газар эзэмших эрхийн 0278599 дугаартай орон сууц зочид буудал худалдааны төвийн зориулалттай 1 га бусдад шилжүүлэн газар эзэмших эрх, шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурах эрх, итгэмжлэл олгон итгэл үнэмшил төрүүлж биднээс их хэмжээний санхүүжилт авч 30 хувийн гүйцэтгэлтэй барилгыг дуусгасан. Гэтэл нэхэмжлэгч нар зөвхөн 5 давхарыг барьж дуусгасан мэтээр шүүхэд мэдүүлж байгаад үнэхээр гайхаж байна. Д.Дүгэр миний бие нь өөрөө газар дээр нь очиж шалгасан үеийн барилгын зураг хавтаст хэрэгт байгаа. Нэхэмжлэгч нар чадлаараа бусдаас мөнгө зээлж уг барилгыг 2014 оны 04 дүгээр сард бүрэн ашиглалтанд оруулсан боловч улсын комисс хүлээн авангуут харилцагч нар зугтааж олдохгүй, биднийг Улаанбаатар хотоос удаа дараа Өвөрхангай аймагт ирэхэд утсаар бид Баянхонгор аймагт явж байна, байруудаа үзээд яв, хөдөө ажилтай явна гэх мэтээр уулзахгүй байсан. О.Баатарсүрэн, Я.Оюунгэрэл нар барилга санхүүжүүлэх үед гурван айлаас урьдчилгаа авсан байсан. Гэвч бидэнд мэдэгдэлгүй 12 айлыг гэрээний үүргээ зөрчиж байрандаа хууль бусаар оруулсан мөртлөө нэг ч төгрөгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээ хангаагүй биднийг хуурч мэхэлсэн мөн барилгын 30 хувийн гүйцэтгэлтэй гэрчилгээ өөр хүний өмч гэдгийг хожуу мэдээд арга буюу шүүхэд хандаж эрхээ хамгаалуулахаас өөр аргагүйд хүрч шүүхэд хандсан юм. Тухайн хүмүүсийн буруутай үйлдлээс болж хувь хүн болон Банк бус санхүүгийн байгууллагууд маш их эрсдэлд орж хохирч байна. О.Баатарсүрэн, Я.Оюунгэрэл нар хууль бусаар орон сууцандаа айлууд оруулсан. Нэхэмжлэгч тал урьдчилгаа авсан 12 айлынхаа мөнгөөр амьдраад яваад байгаа мөртлөө бидэнд нэг ч төгрөг өгөөгүй. Ийм байж Д.Дүгэр битүүмжилсэн байна гэдэг. Гэрчилгээ аваагүй байж миний утасны дугаар байхгүй, зар гаргасан байсан. Би энэ байранд орсон айлуудын хаалгыг тогшоод явалтай нь биш дээ. Байранд оруулсан айлуудаасаа доод тал нь 30 сая төгрөг авсан мөртлөө нэг ч төгрөг өгөхгүй биднийг хохироож байгаад гомдолтой байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний зүгээс нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын ярьсан тайлбарын хүрээнд хариу тайлбараа өгнө. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гэхдээ мөнгө авснаа бол хүлээн зөвшөөрдөг. Харин зээлийн хүү, алдангийг бол хүлээн зөвшөөрөхгүй. Үнийн дүн дээр маргаан үүсдэг. Хариуцагч О.Баатарсүрэн, Я.Оюунгэрэл нар нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах 29 айлын орон сууцыг 30 хувийн гүйцэтгэлтэй болтол нь барьж нэхэмжлэгч Д.Дүгэрээс санхүүжилт авсан байдаг. Санхүүжилт авсан талаар бол маргадаггүй. Тухайн үед Д.Дүгэр нь зээл олгох шийдвэр бичсэн байдаг. Энд зээлдэгчийн буруутай болгоомжгүй байдал байдаг. Хариуцагч тал яагаад хүнээс мөнгө авчихаад зээлийнхээ үүргийг гүйцэтгэхгүй яваад  байна гэхээр нэхэмжлэгчийн нэхээд байгаа үнийн дүн бол зээлдэгч нарт хэтэрхий хохиролтой дүн байгаа. Зээлдүүлэгч зээлдэгч нарын санхүүгийн аргагүй байдалд орсон сул талыг ашигласан. Зээлдэгч нарын өөрсдийн тооцоогоор 423.273.000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Дүгэрээс авсан байдаг. Үүнээс 180.981.370 төгрөгийг төлсөн байдаг. “Бизкон Аудит” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргасан үнэн дүн хоёр хол зөрүүтэй байдаг. Яагаад “Бизкон Аудит” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм бэ? гэхээр Аудитын газраас эдийн засгийн тооцоолол талаас бичсэн гэж гаргаж өгсөн байдаг. Зээлдүүлэгч нь хүссэнээр гэрээ хийж гарын үсэг зуруулсан. Банк бус санхүүгийн байгууллага болон иргэний олгосон мөнгө холилдож байгааг шүүх шинжилгээнээс тогтоох боломжгүй. Төлөгдөөгүй зээлийг үндсэн зээл рүү нь оруулна гэсэн. Нотлох баримтыг хангаж, хангахгүй байгааг шүүх шинжилгээ тогтоох боломжгүй. Хүсэл зоригийн илэрхийлэл бол зээлдэгч тухайн хүнээс мөнгө зээлэхдээ дутуу барьсан орон сууцанд мөнгө өгөх зорилготой байсан. Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангаж өгсөн. Зээлдэгч нарыг орон сууцаа барьж мөнгөгүй болох боломжийг хааж зарж борлуулахгүйгээр орон сууцыг битүүмжилсэн байгаа. Тухайн орон сууцыг улсын комисс 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээж авсан. О.Баатарсүрэн, Я.Оюунгэрэл нар нь барилгын бичиг баримтаа бүрдүүлээд гэрчилгээгээ авах гэтэл Д.Дүгэр наад хүмүүстээ гэрчилгээг өгч болохгүй гэсэн байдаг. Гэрээ байгуулах явцад буюу 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 07 цаг 30 минутын үед Д.Дүгэр нь зээлдэгч нар луу утасдаад “Гэгээн суварга” ХХК-ийн гэрчилгээг өг, Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр би өөрийхөө нэрийг оруулна гэж хэлсэн байсан. Өнөөдрийн байдлаар Д.Дүгэр нь тэрбум төгрөгийн зээлдэгч нараас нэхэмжилж байгаа. Үүнийг хавтаст хэргээс харахад улсын тэмдэгтийн хураамжинд 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төлсөн. Үүнээс 741 дүгээр захирамж гарсан байдаг. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-д зааснаар хэсэгчилэн төлөх хүсэлтийг хангасан байдаг. Зээлдэгч нар нь өөрсдөө боловсролын хувьд өндөр биш хүмүүс байдаг. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-д зааснаар хэсэгчилэн төлөх хүсэлтийг шүүх хангаж тодорхой заагаад өгсөн байдаг. 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгээд битүүмжлэл цуцлах хурал болсон байдаг. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д зааснаар итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж тамга тэмдэг дарсан байх гэж заасан байдаг. Энэ шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Гэрээ тус бүр дээр Г.Баянжаргал санхүүгийн тооцоолол ярина. О.Баатарсүрэн, Я.Оюунгэрэл нарын өргөдөлд Санхүүгийн Зохицуулах хороо хариу өгсөн байгаа. Иргэн Д.Дүгэр Энхтуяа нар О.Баатарсүрэн, Я.Оюунгэрэл нартай Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулсан байна гэсэн хариу өгсөн байдаг. Эдгээр гэрээнүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус гэрээ байгаа. Энэхүү зээлийн гэрээ нь 2012 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдаад Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар мөнгийг шилжүүлснээр тооцдог. Цувуулж авсаар байгаад хэн хэдийг өгсөнөө сайн мэдэхгүй байгаа шиг харагдаад байна. Мөн Иргэний хуулийн 216 зүйлийн 216.1-д  зааснаар үүрэг гүйцэтгэгч нь хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч нь аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй гэж заасан. Ийм болохоор 108.981.300 төгрөгөө тооцуулъя гэдэг нь хариуцагчийн эрх байгаа. Иргэний хуулийн 451, 281 дүгээр зүйлүүд өөр өөр байгаа. Зээлийн гэрээний хувьд 80 хувийг нь иргэд хоорондын зээлийн гэрээгээр тооцоод хуульд өөрөөр заагаагүй бол аман гэрээ хийсэн гэж үзээд зээлийн гэрээ тус бүр дээр тооцоолол хийсэн байдаг. Би ахиад хэлэхийг хүсч байна. Зээлдэгч нар бол мөнгө авснаа хүлээн зөвшөөрдөг. Зээлийн гэрээ хийгээд ахиж нэмж хийсэн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Манай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Г.Баянжаргал зээлийн гэрээ тус бүр дээр тайлбараа хэлнэ гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баянжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийт зээлдүүлэгч, зээлдэгч нарын хооронд хийсэн 14-15 зээлийн гэрээ байна. Үүнийг тус бүр нь тайлбарлахад нилээд цаг орно. Тийм болохоор нотлох баримт шинжлэн судлахад тайлбар хэлээд явъя гэж бодож байна. Нийт 15 гэрээ байгаа. Жишээ нь 2 долларын гэрээ, бусад нь төгрөгийн гэрээ байгаа. Гэрч А.Занахүү сая хэлсэн 36.000.000 төгрөг өгсөн гэж байна. Тэр 200.000.000 төгрөг дээр 36.000.000 төгрөгийг нэмчихээр нийт 226.000.000 төгрөг болоод нөгөө 200.000.000 төгрөгнөөсөө давж яваад байгаа иймэрхүү зүйлүүд харагдаад байна. Мөн 45.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, 57.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 70.000.000 төгрөгийн зээлийн гэрээнүүд орж ирсэн байгаа. Сая нотлох баримт шинжлэн судлахад тэр 70.000.000 төгрөгийн зээлийн гэрээг огт дурдагдаагүй алга болчихлоо. Эдгээр зээлийн гэрээг хийсэн процесс нь өөрөө тиймэрхүү гүйцэтгэл нь хойно урдаа, суварсан харагдаж байна. Нэхэмжлэгч тал тооцоогоо бодохдоо өөрсдийн төсөөлөлөөр бодсон байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонготой адил сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

            Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч О.Баатарсүрэн, Я.Оюунгэрэл нараас 383.903.792 төгрөг, 50.525 долларыг гаргуулан нэхэмжлэгч Д.Дүгэрт, 162.245.975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Энхтуяад, 18.618.630 төгрөгийг гаргуулан “Цэншижир” ББСБ-д, 186.740.814 төгрөгийг гаргуулан “Итгэлт Миллион” ББСБ-д тус тус олгож нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хариуцагч О.Баатарсүрэн, Я.Оюунгэрэл нарын гаргасан сөрөг нэхэмжлэл мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонгийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Баатарсүрэн, Я.Оюунгэрэл нараас 4.374.840 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Дүгэрт олгож, нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.094.145 төгрөг, хариуцагчаас Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 891.150 төгрөгийг орон нутгийн орлогод тус тус хэвээр үлдээж, шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.     

Хариуцагч О.Баатарсүрэн, Я.Оюунгэрэл нар давж заалдах гомдолдоо:

Хариуцагч Очирын Баатарсүрэн, Янжингийн Оюунгэрэл бид Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 145/ШШ2016/00466 дугаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгийг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 145/ШШ2016/00466 дугаар шийдвэр нь хэрэгт байгаа нотлох баримтыг бүхэлд нь тал бүрээс нь хуулийн хүрээнд үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан "шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна" гэсэн хуулийн заалтыг зөрчсөн тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах нөхцөл байдлын улмаас хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

            Болсон хэргийн тухайд:

Иргэн О.Баатарсүрэн, Я.Оюунгэрэл нар нь 30 хувийн гүйцэтгэлтэй орон сууцтай байсан. Энэхүү орон сууцаа барьж дуусгахын тулд нэхэмжлэгч Д.Дүгэрээс санхүүжилт авсан. Ийнхүү санхүүжилт авахдаа тухайн орон сууцаа барьж дуусаад зарж борлуулаад зээлсэн мөнгөө эргүүлэн өгөхөөр талууд амаар харилцан тохиролцсон. Түүнээс барьсан барилгаа бүгдийг нь Дүгэрийг авчихна гэж бодоогүй. Бид орон сууцаа барьж дуусаад "үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ" гаргуулахаар Өвөрхангай аймаг дахь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар очиход бүртгэлийн газрын ажилтан "танай Гэгээн суварга ХХК-д Дүгэр гэдэг хүн бүртгэлтэй байгаа тул тэр хүнийг хамт авч ирсний дараа үл хөдлөх эд хөрөнгийг чинь улсын бүртгэлд бүртгэнэ" гэж амаараа хэлээд бүртгэхээс татгалзсан. Гэтэл өнөөдрийг хүртэл “Гэгээн суварга" ХХК-нд Д.Дүгэр бүртгэгдээгүй байгаа нь баримтаар нотлогдоно.

 Ийнхүү улсын бүртгэлийн ажилтнуудтай үгсэн хуйвалдаж хууль бусаар өмчлөгчийн эрхэд халдсан болохоо нэхэмжлэгч Д.Дүгэр анхан шатны шүүх хуралдаан дээр өөрөө хүлээн зөвшөөрч "би бүртгэлийн газрын таньдаг хүндээ хэлж гэрчилгээг нь гаргуулахыг зогсоосон" гэж хэлсэн байсан. Д.Дүгэрийн энэхүү хууль бус үйлдлээс болж бид барьсан орон сууцаа борлуулж, орлого олох боломжгүй болсон бөгөөд Д.Дүгэр нь дахин шүүхэд хандаж тухайн барьсан орон сууц болон бидний бусад үл хөдлөх эд хөрөнгийг нь битүүмжлүүлсэн учраас бид зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсноор барахгүй Д.Дүгэрээс нийт 332.333.000 төгрөгний санхүүжилт авч 127.754.492 төгрөгийн хүү тооцоологдож үүнээс 69.600.030 төгрөгний хүү төлж одоогоор 388.487.462 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа ч тэр бум шахуу төгрөг төлөхөөр шүүхийн шийдвэр гарч байгаа нь үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн эрх ашгийг ихээр зөрчиж байна. Хариуцагч нар нь гэрээ тус бүр дээр тооцоолол бодож анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө шүүхэд өгсөн боловч шүүгч хүлээж аваагүй болно. Шүүхийн гаргасан энэхүү шийдвэр нь Д.Дүгэрийн бидэнд хэлж байсан "та нар намайг шүүх, цагдаа болон шүүхийн шинжилгээний хүрээлэн, Санхүүгийн зохицуулах хорооны хаагуур нь ч яваад барахгүй, учир нь манай ах цагдаагийн том хурандаа байдаг, би бүгдийг нь зохицуулна" гэснийг баталсан мэт санагдаж байна. Ийнхүү мөнгөтэй хүний өмнө мөнгөгүй нь хүчин мөхөсдөж Д.Дүгэр бүгдийг өнгө мөнгөөр хөдөлгөж байна гэж хариуцагч миний бие хуулинд заасан хардах эрхийнхээ хүрээнд бодож сууна. Ингэж хэлэх болсон учир нь энэхүү хэрэг үүссэн цагаасаа эхэлж илт нэхэмжлэгч талд үйлчилж, хариуцагч нарыг урьдаас гэм буруутай мэтээр харьцаж байсантай холбоотой. Жишээ нь: тухайн хэргийг үндэслэлгүйгээр Улаанбаатар хотруу шилжүүлсэн, хотод шилжиж очсоны дараа нь "шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс дүгнэлт хавсаргаж хийсэн байсан", анхан шатны шүүх хуралдааны эхэнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч "нэхэмжлэгч Дүгэрийг "Итгэлт миллион" ББСБ, "Цэн шижир" ББСБ-уудыг төлөөлөх эрхгүй байна.

Учир нь эдгээр хоёр компаний тамга, тэмдэг хуулийн этгээдийн гэрчилгээ байхгүй байна гэхэд шүүгч болон нэхэмжлэгч нар аль аль нь энэ асуудлыг тоогоогүй, гэтэл шүүхийн шийдвэр гарснаас хойш хэргийн материалтай танилцахад "итгэмжлэл дээр нь байгууллагын тамга дарагдсан" байна. Шүүх нэхэмжлэгчийн талд үйлчилж байсан гэдгийн нэг баталгаа нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагдана. Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн шаардлага, шахалтаар 15 зээлийн гэрээ болон гэрээтэй холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан байдаг бөгөөд хариуцагчийн санхүүгийн гарцаагүй байдалд орсныг далимдуулж нэхэмжлэгч нь гэрээ, батлан даалт, итгэмжлэл гэх мэт баримт бичиг бэлдэж гарын үсэг зуруулдаг бөгөөд хэрэв зурахгүй тохиолдолд "мөнгө өгөхөөс татгалздаг" байсан. Мөн нэхэмжлэгч Д.Дүгэр нь нэг хуулийн этгээдийн авсан зээлийг нөгөө хуулийн этгээдэд шилжүүлэх урьд өмнө өөр хуулийн этгээдийн авсан зээлийн хүүг өөр хуулийн этгээдийн авсан зээлэнд нэмж тооцож гэрээ болгох гэх мэт хууль бус гэрээ байгуулдаг байсан. Энэ бүгд замбараагүй байгуулагдсан зээлийн гэрээнүүдийг санхүүгийн болон хууль зүйн хувьд нь ойлгохгүй байсан тул "мэргэжлийн шинжээч томилуулсан".

Шүүхийн шийдвэрийн тухайд:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт /шийдвэрийн 4-5 дахь тал/ хариуцагч О.Баатарсүрэн, Я.Оюунгэрэл нар нь нэхэмжлэгч Д.Дүгэр, Н.Энхтуяа, "Итгэлт миллион" ББСБ, "Цэншижир" ББСБ-аас 2012 оны 12 дугаар сарын 20-оос 2014 оны 04 дүгээр сарын 14-ний хооронд нийт 578.000.000 төгрөг, 41.700 америк долларыг зээлж, хүүгийн төлбөрт нийт 62.127.330 төгрөг, 1533 доллар төлж зээлийн гэрээнүүдийн биелэгдээгүй үүрэг нь 751.509.212 төгрөг, 50.525 америк доллар байгаа нь хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна гэж үзлээ. Талууд зээлийн гэрээ хүчин төгөлдөр эсэх, зээлийн гэрээний биелэгдээгүй үүргийн хэмжээний талаар харилцан маргаантай байгаа боловч шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 199 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ гэж дүгнэсэн байна.

Ийнхүү дүгнэхдээ хэрхэн яагаад үндэслэлтэй гэж үзсэн нь тодорхойгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэг буюу "Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана" гэсэн шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэгчийн талд илт үйлчилсэн шүүхийн шийдвэр болсон. Учир нь хавтаст хэрэгт 2 шинжээчийн дүгнэлт байгаа. “Бизкон аудит" ХХК-ний гаргасан шинжээчийн дүгнэлтэд хэрэгт ач холбогдол бүхий, тухайн хэргүүдийн хүчин төгөлдөр бус болохыг нотолсон бодит байдлыг шинжээч дүгнэсэн. Харин шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт нь нэхэмжлэгч Д.Дүгэрийн хүсэлт, захиалгаар хийгдсэн, шинжээчийн хөлсийг Д.Дүгэр төлсөн. Хариуцагч талтай шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийнхэн нэг ч удаа холбогдоогүй зэрэг болно. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой байтал нэхэмжлэлийн шаардлагаас давсан шүүхийн шийдвэр гаргасан. Тухайлбал: иргэн Д.Дүгэр нь иргэн О.Баатарсүрэн, Я.Оюунгэрэл нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан байтал шүүх “Гэгээн суварга" ХХК-ний зээлсэн зээлийн гэрээний гүйцэтгэлийг мөн оролцуулан шийдвэр гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2 дахь хэсэгт "нэхэмжлэгч нь хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар" зэргийг дурдсан байх гэсэн нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг илт хангаагүй, "Итгэлт миллион" ББСБ, "Цэншижир" ББСБ-уудын итгэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байсан. Мөн шүүхийн шийдвэр нь "Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт"-ийг үндэслэлтэй гэж үзсэн. Гэтэл энэхүү шинжээчийн дүгнэлт нь хавтаст хэрэгт байгаа зээлийн гэрээнүүдийг нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй юм. Үүнийг шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 199 дугаартай шинжээчийн дүгнэлтийн нийтлэг үндэслэл хэсэгт "Эдийн засгийн шинжээч А.Баяртогтох би О.Баатарсүрэн, Я.Оюунгэрэл нарт холбогдох иргэний хэргийн санхүүгийн материалд шинжилгээ хийв" гэж дурдсан.

Мөн эдийн засгийн шинжилгээ хийхдээ Монгол Улсын Шүүхийн шинжилгээний тухай хууль, Монгол Улсын Хууль Зүй, Дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 110/137 тоот тогтоолоор батлагдсан "Эдийн засгийн шинжилгээ хийх журам", "Эдийн засгийн шинжилгээнд тавигдах стандарт"-ыг тус тус баримтлан шинжилгээ хийж, энэхүү дүгнэлтийг гаргасан гэж тайлбарласнаар нотлогдож байна. Энд Иргэний хууль болон "гэрээ хүчин төгөлдөр" эсэхэд дүгнэлт гаргасан гэж тайлбарлаагүй бөгөөд "гэрээний хүчин төгөлдөр эсэхийг шүүх тогтоох шаардлагатай гэдгийг "Бизкон аудит" ХХК-ний 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 116/15 тоот Шинжээчийн дүгнэлтийн 2б Өөр өөр ББСБ-уудын олгосон зээлийн гэрээ болон иргэний хувиараа олгосон зээлийн гэрээнүүдийг хооронд нь нэгтгэж, нэг компанийн эрх үүргийг нөгөөд, аль эсвэл хувь хүнд шилжүүлж, бие даасан компанийн статустай банк бус санхүүгийн байгууллагуудын хөрөнгө өөр хоорондоо болон хувь хүний хөрөнгөтэй холилдож болох" гэсэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар тооцоо, тоо бүртгэлийн тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахад шинжээч томилох нь зүйтэй гэж заасан шинжээчид хамааралгүй асуудал тул мөн нэхэмжлэгч, хариуцагч нартай тохиролцсон гэрээний заалтад тусгагдаагүй тул энэ хэсэгт дүгнэлт тайлбар хийх боломжгүй гэсэн ба шинжээчийн дүгнэлтийн 2в хэсэгт Төлөгдөөгүй зээлийн хүүг үндсэн зээл болгож шилжүүлж болох эсэх нь мөн 2б-тэй ижил гэсэн байгаагаар нотлогдоно.       

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт нь тухайн гэрээнүүд бүгд үнэн зөвөөр байгуулагдсан, хүчин төгөлдөр байсан бол хэдэн төгрөг төлөх байсан бэ гэдэг санхүүгийн тооцооллыг гаргасан. Гэтэл тухайн гэрээнүүд нь давхардсан, өөр зээлийн гэрээний хүүг нэмэгдүүлж зээлийн гэрээний үнийг тавьсан, төгрөгөөр зээлүүлсэн мөнгөө доллар болгож гэрээ байгуулсан гэх мэт хууль бус үйлдлээр зохиосон гэрээнүүд байсан. Үүний нэг нотолгоо нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Д.Дүгэрийн хүсэлтээр хэргийн талаар нотлохоор ирсэн гэрч А.Занахүүгийн тайлбараар нотлогдоно. Жишээ нь: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтэд нэхэмжлэгч тайлбарлахдаа "2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 200 сая төгрөгний зээлийн гэрээг 60 сая төгрөг дансаар 40 сая төгрөг бэлнээр 100 сая төгрөг дансаар өгсөн гэдэг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн энэхүү гэрээг 184.000.000 төгрөг гэж тооцоолсон.

Гэтэл хурлын тэмдэглэлийн 12 дахь талд нэхэмжлэгч Д.Дүгэр гэрч А.Занахүүгээс: "2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 96.000.000 төгрөгийг хариуцагч О.Баатарсүрэн, Я.Оюунгэрэл нарт ямар байдлаар өгсөн бэ? гэж асуухад:

Хурлын тэмдэглэлийн 13 дахь талд гэрч А.Занахүү: "2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр УБ хотын төв Хаан банкнаас миний дансанд орсон. 96 сая төгрөгний 60 сая төгрөгийг Оюунгэрэлийн дансанд хийсэн 36 сая төгрөгийг бэлнээр өгсөн" гэдэг.

Энэ мөнгө хэний мөнгө вэ? гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн асуултад: Захирал хүнээс мөнгө зээлж өгсөн гэж хариулдаг.

Хэдэн төгрөгний баримт үйлдсэн бэ? гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгч Бүрнээгийн асуултад гэрч 100 сая төгрөгний баримт үйлдсэн гэж хариулдаг.

Мөн Зээлийн хүүгээ урьдчилаад өгье гээд хариуцагч нар 4 сая төгрөгийг нь өгсөн гэдэг.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэзээний зээлийн хүүнд авсан бэ? гэсэн асуултад:

Гэрч:200 сая төгрөгний зээлийн гэрээний хүү гэж хариулдаг.

Гэрчийн энэхүү хариултаас "хариуцагч нарт 60 сая төгрөг дансаар өгөөд 200 сая  төгрөгний гэрээ байгуулсан болох нь харагдаж байна.

Тиймээс шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Шүүхийн гаргасан энэхүү шийдвэр нь үүрэг гүйцэтгэгчийн эрхийг хамгаалах иргэний хуулийн зохицуулалтыг хэрэглэх хариуцагчийн эрхийг зөрчсөн болно. Энэ тухайгаа давж заалдах шатны шүүх хуралдааны үед тодорхой тайлбарлах болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хэргийг бүхэлд нь хянаж, хавтаст хэрэгт байгаа нотлох баримтыг тал бүрээс нь хууль зүйн үндэслэлтэй хянаж "нотлох баримтын шаардлага хангаагүй" нотлох баримтанд үндэслэн шийдвэр гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. 

 Жич: Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч биеэр оролцох хүсэлтэй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэхийг хүсье. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ гэрээ тус бүрээр тайлбарлан хавсаргав гэжээ.

      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дүгэр нь хариуцагч  О.Баатарсүрэн, Я.Оюунгэрэл нараас Д.Дүгэр, Н.Энхтуяа, Итгэлт миллион ББСБ, Цэншижир ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн биелэлт гэж 1.048.042.438 төгрөг, 66.959 ам доллар гаргуулах тухай нэхэмжлэл,

 хариуцагч О.Баатарсүрэн, Я.Оюунгэрэл нар нь нэхэмжлэгч Д.Дүгэр, Н.Энхтуяа нартай болон Итгэлт миллион, Цэншижир ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээ, зээлийн нэмэлт гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 Анхан шатны шүүх, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 199 дүгээр шинжээчийн дүгнэлтийг /3-р хавтаст хэргийн 182-205х/ үндэслэн хариуцагч О.Баатарсүрэн, Я.Оюунгэрэл нараас нэхэмжлэгч Д.Дүгэр, Н.Энхтуяа нар болон Итгэлт миллион, Цэншижир ББСБ-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн,

 О.Баатарсүрэн, Я.Оюунгэрэл, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго нарын  зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

 Анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 538 тоот шинжилгээ хийлгэх захирамжаар Бизкон-Аудит ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь дүгнэлтээ гаргахдаа нэхэмжлэгч Д.Дүгэрийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Баатарсүрэн, Я.Оюунгэрэл нарт холбогдох хавтаст хэрэгт авагдсан материалуудаас авч дүгнэлт гаргахыг заажээ.

 Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтууд, ялангуяа дүгнэлт гаргахад чухал шаардлагатай зээлийн гэрээний нэг тал болох зээлдүүлэгчийн үүргийн гүйцэтгэлд холбогдох банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, кассын зарлагын ордер зэрэг нотлох баримт нь нотариатын баталгаагүй, хуульд заасан шаардлага хангаагүй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө”, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална”, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т “шинжилгээний объект дараах шаардлагыг хангасан байна”, мөн зүйлийн 10.4.2-т  “эх хувь буюу биет байдлаар, эсхүл шинжилгээний шаардлага хангахуйц байна” гэж заасан  тул хуульд заасан шаардлага хангаагүй нотлох баримтыг үндэслэн гаргасан шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй юм.

  Мөн нэхэмжлэгч Д.Дүгэрийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Баатарсүрэн, Я.Оюунгэрэл нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүгчээр томилогдоогүй шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1209 дугаар шүүгчийн захирамжаар шинжээч томилсон байна.

 Энэ захирамжийн дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 199 дүгээр шинжээчийн дүгнэлт гарсан байх ба дүгнэлтэд мөн хавтаст хэрэгт авагдсан болон холбогдох санхүүгийн баримт материалд шинжилгээ хийсний үндсэн дээр дүгнэлт гаргаснаа дурдсанаас гадна Бизкон-Аудит ХХК-ний гаргасан дүгнэлтийг бүрэн дүүрэн гэж үзэхээргүй байна гэж дүгнэжээ.

 Дээрхээс дүгнэхэд хэрэгт авагдсан нотлох баримтууд хуулийн шаардлага хангаагүй байхад шинжээч дүгнэлт гаргасан, тухайн шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогчид хүлээн зөвшөөрөөгүй, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахдаа өмнөх шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг тогтоолгохыг хүссэн, энэ дагуу дахин шинжээч томилохдоо хуульд заасны дагуу томилогдоогүй шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь буруу бөгөөд шинжээчийн дүгнэлт хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг  тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлнэ гэсэн шаардлагыг зөрчин, зөвхөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 199 дүгээр тоот шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгон хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасан “Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэх журмыг зөрчсөн байна.

          Мөн анхан шатны шүүх хариуцагч О.Баатарсүрэн, Я.Оюунгэрэл нар нь нэхэмжлэгч Д.Дүгэр, Н.Энхтуяа нартай болон Итгэлт миллион, Цэншижир ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээ, зээлийн нэмэлт гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай  хариуцагч О.Баатарсүрэн, Я.Оюунгэрэл нар болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгсэхгүй болгож байгаа үндэслэлийн талаар эрх зүйн дүгнэлт хийлгүй, зөвхөн иргэний хуульд нийцсэн байна гэж хэлбэрийн төдий дүгнэлт хийн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэгч Д.Дүгэрийн нэхэмжлэлтэй хэргийг мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 145/ШШ2016/00466 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгч Д.Дүгэрийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Баатарсүрэн, Я.Оюунгэрэл нарт холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 1.048.042.438 төгрөг, 66.959 ам доллар” гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг  дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч О.Баатарсүрэнгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.374.850 төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргаж буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

                         

                     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                                            ШҮҮГЧИД                    Т.ДАВААСҮРЭН

                                                                                                   Г.УЛАМБАЯР