Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 458

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Мянгад овогт Ч-н Бд холбогдох эрүүгийн 2005011950579 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Ч.Б нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 20 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 11 дүгээр гудамжны 210б  тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргааны улмаас иргэн У.Х руу гуулин таваг шидэж толгойн  тус газарт нь оносны улмаас зулайн хуйхны шарх гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байна. Хохирогчид 1.500.000 төгрөг өгсөн гэв.

 

 

 

Хавтаст хэргээс:

Хохирогч У.Х мөрдөн байцаалтанд: “2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 17 цагийн үед бурхан бүтээлэгсэн таньдаг ах Жамбалбавуутай утсаар ярихад гэртээ байна гээд Гандангийн зүүн хаалганы харалдаа гудамжинд байдаг гэрт очиход Жамбал ах, зүс таньдаг Б гэх ламтай 1 шил 0,5 литрийн архи хувааж уугаад байж байсан. Тэгээд тэр архиа дуусгаад Чинболд гэх зүс таньдаг ах ирээд дахиад 1 шил 0,75 литрийн архи аваад тэр гурав хувааж уусан. Тухайн үед би машин барьж явсан болохоор уугаагүй. Тэгтэл Б эхнэр рүүгээ залгаад удалгүй 19 цагийн орчим Баттулгын эхнэр ирээд Баттулгыг архи уулаа гээд тэр хоёр бага зэрэг маргалдсан. Тэгээд тэр хоёр такси дуудаад орой 20 цагийн үед гараад явсан. Гадаа гараад тэр хоёр хэрэлдэж байгаад Б буцаж орж ирэхдээ 12 шил архи бариад орж ирээд ганцаараа уг архиа уугаад байсан. Тэгээд араас нь эхнэр нь орж ирээд эхнэрийгээ хараагаад юм авч шидээд байхаар нь бид нар болиоч гэхэд бид нар руу уурлаж агсраад юм авч шидээд Чинболд ах бид хоёр руу агсраад хэл амаар доромжлоод над руу  ширээн дээр байсан гуулин таваг аваад шидэхэд толгой руу онож хагалсан. Тэгээд Чинболд ах Баттулгыг салгаж аваад 102 руу дуудлага өгч, би Чинболд ахтай хамт Гэмтлийн эмнэлэг дээр очиж 8 оёдол тавиулсан. Би Бас эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг бүрэн авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 12/

 

Гэрч Г.Чинболд мөрдөн байцаалтанд: “2020 оны 3 дугаар сарын 31-ний 18 цагийн орчимд ажлаа тараад найз Жамбалбавуугийн гэрт очиж зурхайгаа зуруулах гээд очиход Жамбалбавуугийн гэрт Х байсан...тэгсэн нөгөө залуу Жамбалбавууг дагаад ороод ирсэн. Тэгсэнээ үлдсэн архиа өөртөө хундаглаад уусан. Араас нь найз эмэгтэй нь орж иртэл найз эмэгтэй рүүгээ хэл амаар дайраад байсан. Тэгсэн Х чи болиоч яагаад эмэгтэй хүн рүү дайраад байгаа юм гэтэл Х руу хэл амаар доромжлоод ширээн дээр байсан аяга Х руу шидсэн. Тэгэхээр нь би урдуур нь орсон. Тэгсэн дахиад зэс тавга аваад Х руу шидэхээр нь би босож очоод нөгөө залуугийн гарнаас бариад авсан. Тэгсэн миний өөдөөс босоод ирэхээр нь бид хоёр ноцолдоод би нөгөө залууг түлхэчихээд эргээд хартал Хгийн толгойны зүүн талаас цус гарч байсан. Тэгэхээр нь би Жамбалбавууг нөгөө залууг барьж бай гэж хэлчихээд Хг аваад гараад цагдаа дуудаад Хг Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/

 

Гэрч Ц.Уранбайгаль мөрдөн байцаалтанд: “2020 оны 3 дугаар сарын 31-ний орой ажлаа тараад нөхрөө авах гээд Ганданд Жамбаа ахын гэрт нь очиход Жамбаа ах, нэг эмэгтэй, нэг залуу, манай нөхөр нар хамт архи уугаад сууж байсан. тэгээд би жоохон сууж байгаад нөхөртэйгээ явах гээд дуудлагын жолооч дуудаад явж байхад Б бууна гээд байхаар нь Гандангийн урд хаалганы ойролцоо буулгасан. Тэгээд буцаж араас нь явахад Жамбаа ахынх руу орсон байхаар нь би араас нь ороход Б уурлаад...ширээн дээрээс аяга авч шидээд нөгөө эмэгтэйгийн толгойноос цус гарч байсан. Тэгээд нөгөө эрэгтэй нь эмнэлэг рүү авч яваад удалгүй цагдаа нар ирээд Баттулгыг авч яваад эрүүлжүүлэхэд хийсэн...Би Бтай 2020 оны 11 сараас хойш хамт амьдарч байгаа. Хувь хүнийхээ хувьд архи дарс уугаад байдаггүй, тогтуун зөөлөн зантай, бусадтай их нээлттэй ярилцдаг, хүнтэй амархан найзалж нөхөрлөдөг, бусдад их тусархуу их сайн хүн байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4224 дугаартай “У.Хгийн биед зулайн хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт  /хх-ийн 28/

 

Яллагдагчаар Ч.Б мөрдөн байцаалтанд: “2020 оны 3 дугаар сарын 31-ний орой 16 цагийн үед таньдаг хуурай ах Жамбалбавуугийн гэрт Гандангийн зүүн хаалганы харалдаа гудамжинд гэрт очсон. Тэгээд бид хоёр сууж байхад гаднаас зүс таньдаг Х хоол авчирч ирээд 1 шил 0,75 литрийн архи Жамбаа ах гаргаж ирээд бид хоёр хувааж уусан. Тэгээд орой 17 цагийн үед манай эхнэр Уранбайгаль  намайг авах гэж ирсэн. Тэгээд би тухайн үед нэлээн муудсан байсан бас нэг мэдсэн Х руу ширээн дээр байсан аяга авч шидсэн. ...хохирогчтой сайн дураар эвлэрч хохирлын 1.500.000  төгрөгийг бүрэн төлж дууссан” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 35/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/, 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 224 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 54/ зэргийг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                     

                                                                                                

Шүүгдэгчийн гэм буруу болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний орой 20 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 11 дүгээр гудамжны 210б тоотод оршин суух н.Жамбалбавуугийн гэрт согтуугаар У.Х руу таваг шидэж  толгойн  тус газарт оносны улмаас зулайн хуйхны шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Ч.Баттулгын“...би тухайн үед нэлээн муудсан байсан...нэг мэдсэн Х руу ширээн дээр байсан аяга авч шидсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35/, хохирогч У.Хгийн“...эхнэр нь орж ирээд эхнэрийгээ хараагаад юм авч шидээд байхаар нь болиоч гэхэд...агсраад хэл амаар доромжлоод над руу  ширээн дээр байсан гуулин таваг аваад шидэхэд толгой руу онож хагалсан...” /хх-ийн 12/ гэсэн мэдүүлэг, гэрч Г.Чинболдын“...дахиад зэс тавга аваад Х руу шидэхээр нь би босож очоод нөгөө залуугийн гарнаас бариад авсан...эргээд хартал Хгийн толгойны зүүн талаас цус гарч байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/, гэрч Ц.Уранбайгалийн“...Б ширээн дээрээс аяга шидээд нөгөө эмэгтэйгийн толгойг оноод цус гарч байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/, шинжээчийн 4224 дугаартай дүгнэлт /хх-ийн 28/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Ч.Б, У.Хгийн бие махбодид халдаж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно. 

 

Иймд хяналтын прокуророос Ч.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Ч.Баттулгыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцов. 

Улсын яллагчаас Ч.Баттулгыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хавтаст хэрэгт хохирогч У.Хгаас “хохиролдоо 1.500.000 төгрөг авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгч Ч.Баттулгыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ч.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан хүлээлгэх үндэслэлтэй.  

 

Шүүгдэгч Ч.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх байдалд хамаарна.

Ч.Баттулгын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг нь харгалзан түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.