Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 457

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч  А.Марал

шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Боржигон овогт Ц-н Бд холбогдох эрүүгийн 2005009820536 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:                            

Ц.Б нь 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн-нарангийн 16 дугаар гудамжны 33 тоотод хохирогч О.Сын хоолойг хутгаар зүсэж хүзүүнд төвөнхийн хэсэгт сорви бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Ер нь бол би Сыг эхнэртэйгээ хардсан. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байна гэв.

 

 

Хавтаст хэргээс:

Үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 4-6/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8/, хутганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 16/

Хохирогч О.С мөрдөн байцаалтанд: “2020 оны 02 дугаар сарын 29-нд найз Пүрэвдулам намайг гэртээ хүрээд ир гээд дуудсан. Би очиход охин нь бообортойгоо хамт байсан тэгээд хоол цай идэж уугаад байж байсан тэгэхэд Б хоёр танихгүй залуутай нэг шил 0,5 литрийн Чингис нэртэй архи авчихсан орж ирээд ууцгаасан. Би бараг уугаагүй Б уг дагуулж ирсэн хоёр хүнтэйгээр хамт гарсан. Тэгээд Б ганцаараа буцаж орж ирээд хажууд зогсож байсан. Тэгээд Пүрэвдуламтай юм яриад байх шиг байсан. Тэгээд намайг сууж байхад миний хүзүүний урд хэсгийг хутгаар зүсээд цээж хэсгийг бас жижиг зүссэн байсан. Тэгээд цус алдаад би тонгойж унахдаа газар мөргөөд унасан юм байна лээ. Миний дух хавдсан байсан...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/

дахин байцаалтаар“...надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 80/

 

Гэрч Ц.Пүрэвдулам мөрдөн байцаалтанд: “2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр найз Стай уулзаж архи дарс хэрэглэж найз Отгондуламын гэрт нь нэг хонож гадуур архи хэрэглэж байгаад 15 цагийн үед гэртээ ирэхэд манай охин Болор-Эрдэнэ гэрт байсан. Тэгээд С бид нар гэрт байж байтал манай нөхөр  Б, Аагий, Пүрэвээ гэх хүмүүстэй согтуу орж ирсэн. Тэгээд Б 0,5 литрийн Голд архи авчирсаныг  хувааж ууж байгаад Аагий, Пүрэвээ хоёр дахиад архи аваад ирье гэж хэлээд гарсан. Би хажуу талын өрөөнд байж байтал манай охин Содоо ахын хүзүүнээс цус гараад байна гээд ирэхэд нь би Содоо дээр очиход Б хутгаар зүссэн гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3862 дугаартай “О.Сын биед хүзүүнд төвөнхийн хэсэгт  сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь сорвижиж эдгэж байх тул үүсгэгдсэн хүчин зүйлийг тогтоох боломжгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой байна” гэсэн дүгнэлт  /хх-ийн 40/

 

Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 41/, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс татгалзсан тухай мэдүүлэг /хх-ийн 42/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1816 дугаартай “О.Сын өмсөж явсан гэх саарал өнгийн футболк дээр цус илэрсэн. Уг цус нь АВ /IV/ бүлгийн харьяалалтай байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 47/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 1515 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн хагас ханцуйтай цамцанд хурц иртэй зүйлийн үйлчлэлээр зүсэгдэлт гарсан байна. Уг зүсэгдэлтийн зах ирмэг бохирлогдож өнгөө алдаагүй байх тул шинээр гарсан байна. Харьцуулах хутга, хайч, шил зэрэг багаж зэвсэг ирүүлээгүй тул ямар багаж зэвсгээр үүссэнийг тогтоох боломжгүй шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад гарсан зүсэгдэлтийг материалын суналтаас шалтгаалан хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 50-52/

 

 

Яллагдагчаар Ц.Б мөрдөн байцаалтанд: “2020 оны 02 дугаар сарын 29-нд гэрээсээ гараад айлд очоод буцаж гэртээ харихдаа танил ахыгаа нэг танил найзыгаа дагуулаад нэг шил 0,5 литрийн архи аваад гэртээ орсон. Уг ахтайгаа архи уучихаад ах найз хоёрыгоо гаргаж өгөөд буцаад гэрт ороход С манай гэрийн хойморт суучихсан мөсөөр нүүрээ дараад байж байсан гэрийн хойморт юу хийж байгаа юм гэхэд надад нэг юм хэлсэн. Би сайн анзаарч сонсоогүй тэгээд хажууд байсан хутга аваад уурандаа хүзүү хэсэгт нь жижиг зүссэн тэгээд цус гараад манай эхнэр цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор ял шалгах хуудас /хх-ийн 66/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 69/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 70/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Б 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны Зүүн-нарангийн 16 дугаар гудамжны 33 тоотод хохирогч О.Сын хоолойг хутгаар зүсэж төвөнхийн хэсэгт сорви бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Ц.Б-н “...С манай гэрийн хойморт суучихсан мөсөөр нүүрээ дараад байж байсан гэрийн хойморт юу хийж байгаа юм гэхэд надад нэг юм хэлсэн...хажууд байсан хутга аваад уурандаа хүзүү хэсэгт нь жижиг зүссэн тэгээд цус гараад манай эхнэр цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63/, хохирогч О.Сын“...Б ганцаараа буцаж орж ирээд хажууд зогсож байсан тэгээд Пүрэвдуламтай юм яриад байх шиг байсан. Тэгээд намайг сууж байхад миний хүзүүний урд хэсгийг хутгаар зүсээд цээж хэсгийг бас жижиг зүссэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/, гэрч Ц.Пүрэвдуламын“..манай охин Содоо ахын хүзүүнээс цус гараад байна гээд ирэхэд нь би Содоо дээр очиход Б хутгаар зүссэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/  шинжээчийн 3862 дугаартай дүгнэлт /хх-ийн 40/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Улсын яллагчаас Ц.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос Ц.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Ц.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ц.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Ц.Бд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.