Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 456

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  С.Ц хөтлөн

улсын яллагч Н.Энхболд

хохирогч О.Ц

шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокуроын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Хурдан зээрд овогт Очирхуягийн Бд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005011160531 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Хурдан зээрд овогт О-н Б.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

О.Б нь 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт таксинд явж байхдаа таксигаар үйлчлүүлж байсан О.Цтай маргалдан цохиж биед нь хамар ясны зүүн хажуу хананы цууралт, зүүн хөмсөг, зүүн нүдний гадна буланд цус хуралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт: 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр би цайны цагаар таксины үйлчилгээнд явсан юм. Тэгэхэд зам дээр нэг эмэгтэй гар өргөөд зогсож байхаар нь хаа хүрэх вэ гэж асуухад Модны хоёр орно гэж хэлсэн. Тэгэхээр нь аваад Модны хоёрт ирсэн чинь энд биш Гоёл салон явна гэхээр нь би тэгвэл 1000 төгрөг өгөөд буучих гэж хэлсэн. Тэгсэн чинь уурлаад би очих ёстой газраа очиж бууна, чи таксинд явж байж яахаараа газар мэддэггүй юм бэ гээд машины арын хаалга саваад миний араас толгойн дагз хэсэг рүү гараараа цохиод байсан. Тэгэхээр нь би машин барьж явсан болохоор нэг гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохисон. Би машинаараа энэ эмэгтэйд 24 км газар үйлчилсэн боловч нэг ч төгрөг аваагүй гэв. 

 

Хохирогч О.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: Би нүүрээ янзлуулах гээд гоо сайханд цаг авсан байсан болохоор яараад энэ хүний таксинд суусан юм. Би зүгээр байж байгаад Бд хамраа хугалуулсандаа гомдолтой байна.  Хохиролтой холбоотой хэрэгт 128000 төгрөгийн баримт байгаа. Эмнэлэгт үзүүлсэн баримт одоогоор байхгүй,  цаашид гарах зардлаа нэхэмжилнэ. Гомдолтой байна гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч О.Ц мөрдөн байцаалтанд: “ 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр би 14 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 8 дугаар хороо 45-ын А, Б байрны урд талаас Богд-Ар хороололд байрлах Гоёл салонруу явах гээд  такси бариад жолооч талын ард талын суудалд суусан. Уг такси 77-31 УНА улсын дугаартай цагаан өнгийн жижиг тэрэг байсан. Тэгээд би уг машинд суугаад Богд-Ар хотхоны Гоёл салонд очно гэж хэлсэн. Тэгсэн тэр жолооч эрэгтэй тэр чинь хаана байдаг юм гэхээр нь би мэдэхгүй байна та мэдэхгүй юм уу гэхэд тэр эрэгтэй чиний очих газрыг би яаж мэдэх юм 1000 төгрөг өгөөд буу гэсэн. Тэгээд тэр эрэгтэй 25 дугаар эмийн сангийн чигээрээ доошоо нэвт гардаг Модны 2-ын уулзвараас бага зэрэг зайтай таксины зогсоол дээр зогссон. Тэгээд тэр эрэгтэй зам дээр явж байсан 1 эмэгтэйгээс Гоёл салон хаана байдгыг асуусан. Тэр эмэгтэй зааж өгсөн.  Тэгэхээр нь би очих газраа очоогүй юм чинь яахаараа мөнгө өгөх ёстой юм гэхэд чи юу хуцаад байгаа юм гээд эргэж хараад зүүн талын хамар, хөмсөг орчим гараараа атгаад 1 удаа цохисон. Тэгээд би чи яахаараа намайг цохидог юм гээд машины суудлын толгойны түшлэг рүү баруун гараараа 1 удаа цохиход тэр эрэгтэй эргэж хараад миний баруун гарны бугалганаас гараараа бариад татаж байгаад гарын алганы чигчий хурууны харалдаа доод талаас хазсан. Тэгэхээр нь би ямар чиний аваад суусан авгай биш яахаар чи миний гарыг хаздаг юм гээд зүүн гараараа тэр эрэгтэйгийн зүүн талын шанаа хэсэг рүү гараа далайсан. Миний гар тэр эрэгтэйгийн биед хүрээгүй гэхдээ гар далайх явцад майжсан байж магадгүй. Тэгсэн тэр эрэгтэй намайг баруун гарынхаа алгаар миний хамар руу дараад хойш түлхээд хоёр хөмсөгний голд маажсан. Тэгсэн тэр эрэгтэй очих газраа хэл би ажилтай байна чамайг хүрэх ёстой газар чинь хүргэчихээд мөнгөө авчихаад явлаа  гээд машинаа асааж хөдөлсөн. Тэгэхээр нь би ард сууж байгаад би чамд цохиулчихаад зүгээр явуулахгүй. Чамайг цагдаад аваачиж өгнө гэхэд тэр эрэгтэй зам дээр тааралдсан эмэгтэйгээс асуусан замаар буюу Модны хоёр руу чигээрээ эргээд төмөр зам руу уруудаад Гоёл салон дээр очсон. Би тэр эрэгтэйг наанаа байж бай би салон руу орчихоод ирье гэхэд буугаад ортол араас дагаад орж ирээд таксины мөнгийг авъя гэсэн. Тэгсэн салоны ресепшин цаг чинь хэтэрсэн байна дараагийн хүн орсон гэхээр нь би эргэж гарахад тэр эрэгтэй намайг дагаад гарч ирсэн. Би арын суудал дээр үлдээсэн жижиг хар цүнхээ аваад тэр эрэгтэйд 2400 төгрөг өгөөд буцаад салон руу маргаашийн цаг авах гэж орсон”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3753 дугаартай “ О.Цын биед хамар ясны зүүн хажуу хананы цууралт, зүүн хөмсөг, зүүн нүдний гадна буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 25/,

 

Толгойн компьютерт томографийн оношлогоо /хх-ийн 27/      

Хохирлын баримт /хх-ийн 10/

Яллагдагчаар О.Б мөрдөн байцаалтанд: “2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр би ажлын дундуур чөлөө аваад үсээ засуулах гээд 12 цагийн үед хорооллын голын замаар явж байтал зам дээр гар өргөсөн эмэгтэй зогсож байсан. Тэр эмэгтэй Модны хоёр орно гэж хэлсэн. Тэгээд би  Модны хоёрт ирчихлээ гэхэд тэр эмэгтэй “энэ зам биш ээ би өөр газар Баянголын Гоёл салонд очно” гэсэн. Тэгэхээр нь би “тэр газраа чи мэддэггүй юм уу” гэхэд тэр эмэгтэй “би мэдэхгүй. Чи таксинд явж байж яахаараа мэддэггүй юм” гэсэн. Тэгээд би “1500 гарсан байна 1000 төгрөг өгөөд буучих” гэсэн чинь “би мөнгө өгөхгүй, очих ёстой газраа очиж байж бууна гээд наагуураа явж байгаа хүмүүсээс зам асуухгүй юу” гэхээр нь нэг эмэгтэйгээс “Гоёл салон хаана байдаг вэ” гэж асуухад мэдэхгүй гэсэн. Тэгэхээр нь би “чи очих газар руугаа яриад асуучих гэсэн чинь миний утас унтарчихсан чи утсаа өгч бай” гэхэд миний утас нэгжгүй байсан. Тэгээд би “чамайг авсан газарт чинь буцаад хүргээд өгье” гээд буцаж тэр эмэгтэйг авсан Хорооллын дунд зам руу эргээд явсан. Тэгээд чигээрээ явж байтал  тэр эмэгтэй арын суудал дээр явж байгаад “чи яахаараа таксинд явж байж газар мэддэггүй юм” гээд ар талын баруун хаалгыг савсан. Тэгээд би гэнэт тоормослож зогсоод “чи яаж байгаа юм тэнэг юмуу” гэж хэлчихээд урагшаа хөдлөөд явсан. Тэгэхэд тэр эмэгтэй хойноос миний толгойны дагз хэсэг рүү 2-3 удаа цохиод гараараа самардсан. Тэгээд миний зүүн гарны бугалга хэсгийг хоёр гараараа бариад хойш нь татаад хөлөөрөө миний зүүн хөл рүү 1 удаа өшиглөсөн. Бодвол би гэрт нь хүргэж өгнө гээд буцаад явахад уурласан байх. Би жолоо барьж яваад эргэж хараад гарыг нь тавиулах гэтэл миний гарыг тавихгүй хойшоо татаад байсан болохоор нь гарын алганы хажуу талаас нь 1 удаа хазсан. Тэгсэн тэр эмэгтэй гараа тавьсан...”тэр эмэгтэй чи миний очих ёстой бүх газрыг мэдэх ёстой биз дээ” гээд миний үснээс зулгаагаад миний зүүн талын толгой хэсэг рүү 2 удаа алгадаад маш хүчтэй цохисон. Тэгээд би эргэж хараад зөрүүлээд баруун гараараа тэр эмэгтэйгийн зүүн нүдний дээр 1 удаа алгадсан. Тэгсэн тэр эмэгтэй уйлаад байхаар нь би тайвшраад уучлалт гуйгаад буцаад Дашваанжил колонкийн уулзвараар эргээд голын замаар ороод хүмүүсээс Богд-Ар хороололд байрлах Гоёл салоныг нь асуугаад бараг 2 цаг шахам хайж нийт 24 км газар явсан. Тэгээд Гоёл салоныг нь олоод 15 цаг 03 минутанд тэр эмэгтэйтэй хамт салон руу орсон. Тэгсэн цаг нь дуусчихсан гээд бид хоёр буцаж гарч ирээд би тэр эмэгтэйг анх миний машинд суусан газарт нь хүргэж өгсөн. Хохирогч эмэгтэй надад таксины мөнгө төлөөгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36/ болон  түүний хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 42/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59/ зэргийг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                                                                                                                  

Шүүгдэгчийн гэм буруу болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч О.Б нь 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт такси үйлчилгээнд явж байхдаа зорчигч  О.Цтай харилцан маргалдсаны улмаас биед нь  хамар ясны зүүн хажуу хананы цууралт, зүүн хөмсөг, зүүн нүдний гадна буланд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн О.Бйн “...тэр эмэгтэй чи миний очих ёстой бүх газрыг мэдэх ёстой биз дээ гээд миний үснээс зулгаагаад миний зүүн талын толгой хэсэг рүү 2 удаа алгадаад маш хүчтэй цохисон...би эргэж хараад зөрүүлээд баруун гараараа тэр эмэгтэйгийн зүүн нүдний дээр 1 удаа алгадсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36/, хохирогч О.Цын“...би очих газраа очоогүй юм чинь яахаараа мөнгө өгөх ёстой юм гэхэд чи юу хуцаад байгаа юм гээд эргэж хараад зүүн  талын хамар, хөмсөг орчим гараараа атгаад 1 удаа цохисон...гарын алганы чигчий хурууны харалдаа доод талаас хазсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/, шинжээчийн  дүгнэлт /хх-ийн 27/,  толгойн компьютерт томографийн оношлогоо /хх-ийн 27/, хохирлын баримт /хх-ийн 10/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч О.Б нь таксины үйлчилгээнд явж байхдаа зорчигч О.Цтай маргалдаж түүний нүүр рүү гараараа цохиж биед нь хамар ясны зүүн хажуу хананы цууралт, зүүн хөмсөг, зүүн нүдний гадна буланд цус хуралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно.

 

Иймд хяналтын прокуророос О.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж, шүүгдэгч О.Бйг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Улсын яллагчаас О.Бйг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хэрэгт авагдсан хохиролтой холбогдох нийт 128.000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүгдэгч О.Бас гаргуулж хохирогч О.Цд олгохоор шийдвэрлэв. 

Хохирогч цаашид гарах эмчилгээтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч О.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан хүлээлгэх үндэслэлтэй.  

Шүүгдэгч О.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь мөн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

О.Бйн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хүний эрх, эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа түүний хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.