Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 464

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Г.Ганхөлөг

хохирогч  Ц.О

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч А.Энхбуйр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Бг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705012690183 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Боржигон овгийн С-н Б.

 

 

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

С.Б нь иргэн Ц.Од өөрийгөө Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд төслийн мэргэжилтнээр ажилладаг, тендер авч өгье гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Мөнхбаян төгөл” сангийн 6000067932 дугаарын “Хас” банкны данс руу 2016 оны 8 сарын 31-ний өдөр 10 000 000 төгрөг, 2016 оны 8 сарын 31-ний өдөр 7,900,000 төгрөг, 2016 оны 9 сарын 01-ний өдөр 2,100,000 төгрөг нийт 20 000 000 төгрөгийг шилжүүлэн авч, мөн 2016 оны 9 сарын 07-нд “яаралтай хэрэг боллоо” гэж 500,000 төгрөг, 2016 оны 10 сарын 26-нд “чухал хэрэг боллоо. Би удаахгүй өгнө” гэж 760,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “оросоос чихэр татах гэсэн юм, охин ирэх болчихоод мөнгөө хүлээж чаддаггүй” гэж 7,600,000 төгрөг, 2016 оны 12 сарын 16-ны өдөр “Төрийн банкнаас 50 сая төгрөгийн зээл авах” гэж байгаа...яаралтай бараа татах хэрэгтэй байна. Миний аль нэг мөнгө түрүүлээд ороод ирэхээр нь та хоёрын мөнгийг өгнө гэж 3 000 000 төгрөгийг тус тус өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан нийт 31,860,000 төгрөгийн хохирол,

мөн иргэн Б.Рд “...орон сууцны 8 хувийн зээлэнд хамруулж өгнө...” гэж хуурч, зохиомол зүйлийг зориуд бий болгон 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1 500 000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2 000 000 төгрөгийг тус тус Б.Раас авч залилан 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан, үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 35.360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Би өөрийгөө Хөдөө аж ахуйн яаманд ажилладаг гэж бол хэлээгүй. Отэй хамтарч юм хийе гэсэн бодол л надад байсан. Оэс нийт 31.860.000 төгрөг, түүний дүү Раас 3.500.000 төгрөг авсан нь үнэн. Миний буруугаас болж хүн хохирч байгаад би маш их гэмшиж байна. Би өөрийнхөө боломжоор Од 15.623.800 төгрөг төлсөн. Од төлөгдөөгүй үлдсэн 16.236.200 төгрөгний барьцаанд би зуслангийн газраа тавьсан. Би хохиролоо төлж барагдуулна.  Хан-Уул дүүргийн шүүхийн шүүх хуралдаан дээр Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр надтай холбоотой асуудал байгаа гэж би хэлсэн.  Тэгэхэд намайг бусдад төлөх төлбөргүй байхад 4 жилийн хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Би гэм буруу хохирол төлбөр дээр маргах зүйлгүй. Энэ хэргийг өмнөх хэрэгт нэгтгэн надад ял нэмэхгүйгээр  шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хохирогч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт: “Б бид хоёр танилцахад өөрийгөө ХХААЯ-д төслийн мэргэжилтнээр ажилладаг.  Тендер авч өгье компани байгуулчих гэж хэлэхээр нь “Боврой Хайрхан” нэртэй компани байгуулсан. Бд итгээд тендер авах зорилгоор ах дүү нараасаа мөнгө зээлсэн. Мөн банкнаас зээл аваад нөхөр бид хоёр банкны зээлийн хүүнд 10 гаруй сая төгрөг төлж байна. Бд нийт 31.860.000 төгрөг өгсөн. Үүн дээр банкны хүүнд төлсөн мөнгөө нэхэмжилбэл нийт 40 гаруй сая төгрөг болж байгаа. Б надад 15.623.800 төгрөг төлсөн. Мөрдөгч надад эрүүгийн хэрэг дээр бодит хохирол яригддаг гэж хэлсэн болохоор одоо үлдэгдэл 16.236.200 төгрөгийг Бгээс нэхэмжилж байна. Р бол манай эгчийн хүүхэд байгаа юм. Р надад мэдэгдэлгүйгээр Бд 3.500.000 төгрөг өгсөн юм байна лээ.  Бгээс хохиролоо л авмаар байна” гэв.

Хавтаст хэргээс:

Төлбөр барагдуулах хэлцэл /1хх-ийн 34-35/

Орлогын маягт /1хх-ийн 36-37/

Хас банкны дансны хуулга /1хх-ийн 58/

Бг ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын тамгын газрын даргын 2017 ны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/36 тушаал /1хх-ийн 110/

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “С.Б нь тус яаманд ажиллаж байгаагүй болно” гэсэн 2018 оны 01 сарын 03-ны өдрийн 01/16 дугаартай албан бичиг /1хх-ийн 91/

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “2016-2017 оны хооронд Ц.О, С.Баярсайхан нарын нэр дээр болон “Боврой Хайрхан” ХХК-ийн нэр дээр тендерийн материал тус яамны архивт байхгүй болно” гэсэн 2019 оны 5 сарын 09-ны өдрийн 03/1820 дугаартай албан бичиг /1хх-ийн 60/

 

Хохирогч Ц.О мөрдөн байцаалтанд “Би Б гэж хүнд удаа дараагийн үйлдлээр нийт 35.360.000 төгрөг бэлнээр болон дансаар өгсөн байгаа. Энэ хүн надад болон манай нөхөрт өөрийгөө Хөдөө аж ахуйн яаманд   тендерийн зөвлөх ажил хийдэг та хоёрт тендер авч өгч туслая гэж хэлээд залилсан байгаа. Дүү Ренчинваанжилаас 3.500.000 төгрөгийг бас худлаа хэлж байгаад мөнгө зээлнэ барина гэж байгаад авсан байсан. Тэгэхээр нөхөр бид хоёроос нийт 31.860.000 төгрөгийг авсан байгаа юм. Эхлээд дансанд мөнгөө байршуул гэж хэлсний дагуу “Мөнхбаян төгөл сан” нэртэй дансанд 20 сая төгрөгийг байршуулсан. Дараа нь Б 500.000 төгрөг, 760.000 төгрөгийг тус тус зээлж авсан. Дараа нь 7.600.000 төгрөгийг ОХУ-аас чихэр авч ирэх гэсэн юм. Манай охин Орост сурдаг юм гэж хэлээд зээлсэн. 3 сая төгрөг болохоор банкнаас зээлсэн мөнгө маань гарахгүй байна, банк, дэлгүүр очиж шалгана гэсэн, бараа татах хэрэгтэй байна. Дэлгүүрээ шалгуулчихаад мөнгөө банкнаас аваад өгчихье гэхээр нь зээлсэн байгаа. Ингээд надаас 31.860.000 төгрөг, Ренчинваанжилаас 3.500.000 төгрөг тус тус авсан. 2016 оны 8 дугаар сард нөхөр бид хоёрыг таксинд явж байхад Б  гар өргөж суугаад С.Б өөрийгөө анх танилцуулахдаа Хөдөө аж ахуйн яаманд төслийн менежер хийдэг гэж хэлсэн. Б “Мөнхбаян төгөл сан”-д 20 сая төгрөг байршуулаад 200 сая төгрөгийн тендер авч уг мөнгөөрөө мах худалдаж аваад зооринд хадгалж байгаад хавар нөөцийн мах худалдан борлуулдаг.  Та хоёр хөдөөний хүн яг тохирно гэсэн. Тэгэхээр нь 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын Хас банкин дээр очоод “Мөнхбаян төгөл” сангийн 5000067932 тоот харилцах дансанд “Боврой хайрхан” ХХК-иас тендерийн баталгаа гэх утгаар 10.000.000 төгрөг хийсэн. 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр СБД-ийн 100 айл тооцооны төв Хас банк дээр очоод “Мөнхбаян төгөл” сангийн 5000067932 тоот харилцах дансанд  “Боврой хайрхан” ХХК-иас тендерийн баталгаа гэх утгаар 2.100.000 төгрөг хийсэн. Үүний 1 сая төгрөгийг нь Б өөрөө гаргаж өгсөн. Миний 20 сая төгрөг байршуулах мөнгө 19 сая болчихоод байсан. Би дандаа бусдаас мөнгө зээлсэн байсан. Дээрх 20 сая төгрөгийг тендерийн дансанд байршуулчихсан гэж бодоод тайван байсан юм. Дараа нь С.Б 2016 оны 9 дүгээр сарын 07-нд яаралтай хэрэг боллоо 500000 төгрөг хэрэг болсон гээд СБД-ийн 4 дүгээр сургууль дээр ирж надаас бэлнээр авсан. 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр С.Б 1 сая төгрөг хэрэг болоод байна та хоёр олж өгч чадах байх гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь манай нөхрийн цалин буухаар нь 260000 төгрөг аваад  би сургуулийнхаа хамтын сангаас 500 мянган төгрөг зээлж аваад 1 сая төгрөг хүрэхгүй байна гэж Бд хэлээд бэлнээр 760 000 төгрөгийг СБД-ийн Дөлгөөн нуур зочид буудлын үүдэнд автомашин дотор өгсөн. 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр С.Б оросоос чихэр татах гэсэн юм гэхээр нь би Бд СБД-ийн нутагт байх Монгол банкны ар талд бэлнээр 7600000 төгрөг өгсөн. Уг мөнгөний 5 саяыг нь өөрийн эгчийн хүүхэд Раас зээлсэн. Сүүлд би өөрөө Рд буцааж өгсөн байгаа. Тухайн үед Б нь 50 сая төгрөгийн зээл авах гэж байгаа өнөө маргаашгүй бүтнэ гэж хэлсэн. 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр С.Б “би 50 сая төгрөгийн зээлээ хөөцөлдөөд байна, арай бүтсэнгүй гэж хэлээд дэлгүүрт бараа татах гэсэн юм” гэхээр нь манай нөхөр Баярсайхан банкнаас 5 сая төгрөг зээлээд 3 000 000 төгрөгийг С.Бгийн өгсөн нэг дансанд шилжүүлсэн. Ингээд миний зүгээс С.Бд нийт 31 860 000 төгрөгийг өгсөн. Үүнээс 15.623.800 төгрөгөнд бараа болон бэлэн мөнгө авсан. Би бол эдгээр мөнгөний хүүнд их хохирч байна. Одоо үлдэгдэл 16.236.200 төгрөгийг С.Бгээс нэхэмжилж байна. Б сүүлдээ ХХААЯ-нд ажилладаггүй гэж мэдэгдсэний дараа Мягмардорж гэж нэр гаргаж ирсэн. Би тэр хүнтэй уулзаж байгаагүй...тэгээд Б нь худлаа яриад байхаар нь энэ худлаа боллоо гэж бодоод Хас банкин дээр очоод манай “Боврой хайрхан” ХХК-ний 20 сая төгрөг “Мөнхбаян төгөл ” сангийн дансанд байгаа авъя гэсэн чинь хүний данс шалгаж өгөхгүй гэж банкны теллер хэлсэн. Тэгээд 99119026 дугаарын утас руу залгасан чинь эмэгтэй хүн утсыг нь аваад би энэ дугаарыг худалдаж авсан гэж хэлсэн. ХХААЯ дээр очиж Мягмардорж гэж хүн сурагласан чинь хүмүүс нь мэдэхгүй байсан.  Тэгээд би Бд залилуулсан гэж бодсон”  гэсэн  мэдүүлэг /1хх-ийн 68-69, 192/

 

Хохирогч Б.Р мөрдөн байцаалтанд “ Манай ээжийн төрсөн дүү О миний байрны урьдчилгааны мөнгөнөөс 5 сая төгрөг 2016 онд зээлсэн юм. Тэр мөнгийг Б гэж хүнд өгсөн юм билээ. Би сүүлд мэдсэн. Тухайн үед нь С.Б гэж эгч надтай танилцаад орон сууцны 8 хувийн зээлэнд хамруулж өгнө гэж хэлээд надаас 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1 500 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2 000 000 төгрөг нийт 3 500 000 төгрөгийг залилан мэхэлж дансаар авсан. Сүүлдээ энэ нь худлаа болж таараад би С.Бтэй уулзаж мөнгөө нэхэхэд эгч нь авсан мөнгөө өгнө л гэдэг. Энэ мэтчилэн хэлээд өгөлгүй 2-3 жил болсон. Би 2019 оны 4-5 дугаар сарын үед С.Бг шоронд явсан талаар би дуулж мэдсэн. Манай эгч О надаас 2016 онд зээлсэн 5 сая төгрөгөө 2019 оны 9 сард надад өгсөн. Бид хоёрын дунд өр авлагын асуудал байхгүй. Би Бгээс 3.500.000 төгрөгөө нэхэмжилж байна. Гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 184-185/ 

 

Гэрч Ч.Цэцгээ мөрдөн байцаалтанд “Би Бг сайн бол танихгүй. Нилээн хэл амтай хүүхэн 4-5 жилийн өмнө санагдаж байна. Компанийн эрх шилжүүлэх гэж надтай холбогдож байсан. Би тухайн үед ямар хүний нэр дээр ямар компани шилжүүлж байсныг санахгүй байна. Тэрнээс хойш 2016 билүү 2017 онд Б эхнэр, нөхөр хоёр хүн дагуулж ирээд “компани байгуулах гэсэн юм, тамга, тэмдэг хийлгэж улсын бүртгэлд оруулах гэсэн юм” гэхээр нь би тэр хүмүүсийн материалыг бүрдүүлж, тамга тэмдгийг гаргаж өгч тэр хүмүүс өөрсдөө улсын бүртгэлд бүртгүүлж байсан. Ажлын хөлс нь 160000 орчим болж байсан. Б бид хоёрын хооронд ямар нэг харилцаа  холбоо бол байхгүй. Надаар компанийн бичиг баримт гэж л 2-3 удаа үйлчлүүлж байсан. Оюун-Эрдэнийг би танихгүй. Баярсайхан, О гэж хоёр хүн компани байгуулахаар ирсэн. Энэ хоёр хүнд хөдөө аж ахуйн чиглэлтэй компани байгуулж өгч байсан юм. Миний ойлгосноор Б Хөдөө аж ахуйн яаманд янз бүрийн юм хөөцөлдөж зээл гаргаж өгдөг хүн л гэж ойлгосон. Дандаа л  хөдөө аж ахуйн чиглэлээр компани байгуулуулдаг. Би тэр хүнтэй бол ямар нэг дотно харилцаа холбоо байхгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 74/

Гэрч Т.Жавзандулам мөрдөн байцаалтанд “С.Б бол миний төрсөн ээж байгаа юм. Би 2014 оноос 2018 оныг хүртэлх хугацаанд ОХУ-ын Эрхүү хотод Анагаахын их сургуулийг эмч мэргэжлээр төгссөн. Суралцаж байх хугацаандаа зуны амралтаар Монгол руу ирдэг байсан. Би нааш цааш явахдаа хилээр нэг ч удаа бараа материал зарж борлуулахаар гаргаж байгаагүй. 2015 оны үеэр ээж маань өөрийнхөө Төв аймагт байдаг дэлгүүрт зарахаар бага хэмжээний чихэр авч байсан. Тэрнээс өөр дахин чихэр авч байгаагүй...Миний ээж С.Б 2015 оноос 2018 он хүртэл Төв аймгийн Баянчандмань суманд малын эмч хийж байсан. 2009-2010 оны хооронд Хөдөө аж ахуйн яаманд ажиллаж байсан. Аль нэгж хэсэгт нь ажиллаж байсныг мэдэхгүй...О гэж хүнийг би 2018 оны үеэс мэднэ. Учир нь О эгч намайг гэртээ байж байхад ээжээс авах ёстой гээд ирж байсан. Ээжээс энэ талаар нарийн зүйл асууж байгаагүй. Харин сүүлд хэрэгт холбогдоод хоригдсоны дараа нь уулзахад Од мөнгө өгсөн баримт байгаа гээд баримтуудаа хаана байгааг нь зааж өгсөн.  Ээж мөнгө өгсөн талаараа О эгчээр гарын үсэг зуруулдаггүй байсан байна лээ. Мөн Баянчандмань сумынхаа дэлгүүрт  сууж  байхад О эгч өчнөөн бараа мөнгийг нь өгөлгүй авч байсан. Тэр тухай бичиж тэмдэглэн О эгчээр гарын үсэг зуруулсан дэвтэр надад байгаа. Ээж бас дансаар АТМ-ээс зөндөө мөнгө шилжүүлж байсан. Уг нь дансны хуулгаас харвал тодорхой харагдана”  гэсэн мэдүүлэг /1хх-ийн 77/

 

Сэжигтнээр С.Б мөрдөн байцаалтанд “Би 2016 оны намар 8 сарын үед санагдаж байна. Улаанбаатарт явж байгаад такси барихад Баярсайханы машинд сууж таарсан юм. Тэгээд явах замдаа О Ховд аймгийн Багшийн дээд сургууль төгссөн гээд би Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникум төгссөн гээд хоорондоо ярилцсан. Тэгээд ярилцаж явахдаа Баярсайхан, О хоёр манайхаар очихоор болсон. Би тухайн үедээ ХАА-н үнэ тогтворжуулах төслийн зээлийн материал бүрдүүлээд явж байгаа талаараа ярихад О, Баярсайхан хоёр манайд очиж газар үзэж юм хиймээр байна гэж хэлээд миний утасны дугаарыг авсан. Тэгээд 2016 оны 8 сард манайд Баянчандманьд хүрч ирээд  тариалангийн талбай дэлгүүр хоршоогоор  орж байгаад явсан. 2016 оны 8 сарын 27-28-ны өдрийн үед над руу О яриад манайх бас ХААЯ-аас бага хувийн хүүтэй зээлийн төсөл авах гэсэн юм, хөөцөлдөөд өгөөч гэхээр нь би төслийг нь бичүүлж төслийн үнэлгээ мэргэжлийн байгууллагаар хийлгэж өөрсдөд нь өгч хөдөөгийн ядуурлыг бууруулах төслийн газарт нэг хувийг нь өгөхөд уг газар нь ХААЯ-аас салж Засгийн газрын харьяа байгууллага болчихсон байсан учир би Оюун-Эрдэнийг ХААЯ-н дээр очиж уулзаад төслөө асуучих гэхэд төсөл авсан газар чинь мэдэгдэхгүй байна гэж хэлсэн. Би төсөл бичиж өгөөд ямар нэгэн ажлын хөлс аваагүй. Харин малын эмчээр намайг ажиллуулж цалинжуулаарай гэж Отэй тохирч байсан. Анх төслөө өгчихөөд төслийн өртгийн 10-30 хувийг “Мөнхбаян төгөл” санд байршуулах шаардлагатай байна гэж хэлээд 20.000.000 төгрөгийг Оэр хийлгэсэн...2016 оны 9 сарын 07-нд би 500.000 төгрөгийг газар шилжүүлэх гэж байсан учир мөнгө хэрэг болоод Оэс зээлсэн. 2016 оны 10 сарын 26-нд 760.000 төгрөг үл хөдлөх хөрөнгийн татвар төлөх гэж мөнгө хэрэг болоод авсан. 2016 оны 12 сарын 14-ний өдөр 7.600.000 төгрөгийг би Оэс ОХУ-аас бараа татаж аваад банкинд үзүүлж байгаад О бид хоёр хамтарсан зээл гаргуулж авах гэж байсан юм. Оэс авсан 7.600.000 төгрөгийг би дэлгүүртээ бараа авч тавьсан, эргэлтэнд оруулаад л явж байна. Раас би 2017 оны 1 сарын 25-ны өдөр 1.500.000 төгрөгийг  би өөрийнхөө үл хөдлөх хөрөнгийг зээлээс чөлөөлөхөд мөнгө хэрэг болоод зээлж авсан. Би дахиад Раас 2.000.000  төгрөг зээлчих гээд авсан...Би нийт О, Баярсайхан, Р нараас 35.360.000 төгрөг авсан...хэрэв зээл бүтчихвэл би О, Баярсайхан нараас авсан мөнгөө төлж барагдуулна гэж бодож байгаа. О, Баярсайхан нар зөвшөөрөх юм бол Баянчандманьд байгаа Илтийн 4-9 тоотод байрлах хашаа байшин, 4 машины гражтай, 30 тонн махны зоорийг үнэ тохирох юм бол шилжүүлчихмээр байгаа. Уг газар нь мал хамгаалах сангийн зээлэнд байдаг ба энэ өрийг тэглүүлж шилжүүлэхэд бэлэн байгаа”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 165-166/ болон  шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 99/, ял шалгах хуудас /хх-ийн 160/

2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Баянхонгор дахь Сум дундын шүүхийн 25а дугаартай шийтгэх тогтоол, 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Баянхонгор дахь Сум дундын шүүхийн 33а дугаартай шийтгэх тогтоол, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн  Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 641 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                 

 

Шүүгдэгчийн гэм буруу хохиролын талаархи шүүхийн дүгнэлт

Шүүгдэгч С.Б нь Ц.Од өөрийгөө “Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд төслийн мэргэжилтнээр ажилладаг, тендер авч өгье, Оросоос чихэр татах гэсэн юм, Төрийн банкнаас 50 сая төгрөгийн зээл авах гэж байгаа...мөнгө түрүүлээд ороод ирэхээр нь та хоёрын мөнгийг өгнө” гэх мэтчилэнгээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч удаа дараагийн үйлдлээр нийт 31.860.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Б.Рд “...орон сууцны 8 хувийн зээлэнд хамруулж өгнө...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч удаа дараагийн үйлдлээр нийт 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Бгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Оэс нийт 31.860.000 төгрөг, түүний дүү Раас 3.500.000 төгрөг авсан нь үнэн. Миний буруугаас болж хүн хохирч байгаад би маш их гэмшиж байна. Би гэм буруу хохирол төлбөр дээр маргах зүйлгүй. Энэ хэргийг өмнөх хэрэгт нэгтгэн надад ял нэмэхгүйгээр  шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг,

хохирогч Ц.О-н “...энэ хүн надад болон нөхөрт ХААЯ-нд ажилладаг. Би тендерийн зөвлөх ажил хийдэг та хоёрт тендер авч өгч туслая гэж хэлээд залилсан байгаа...нөхөр бид хоёроос нийт 31,860,000 төгрөгийг авсан байгаа юм...” /хх-ийн 192/, хохирогч Б.Рын “...С.Б гэж эгч надтай танилцаад орон сууцны 8 хувийн зээлэнд хамруулж өгнө гэж хэлээд надаас 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1 500 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2 000 000 төгрөг нийт 3 500 000 төгрөгийг залилан мэхэлж дансаар авсан...” гэсэн мэдүүлэг 1хх-ийн 184-185/, гэрч Ч.Цэцгээгийн “...миний ойлгосноор Б Хөдөө аж ахуйн яаманд янз бүрийн юм хөөцөлдөж зээл гаргаж өгдөг хүн л гэж ойлгосон. Дандаа л  хөдөө аж ахуйн чиглэлээр компани байгуулуулдаг. Би тэр хүнтэй бол ямар нэг дотно харилцаа холбоо байхгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 74/ болон  төлбөр барагдуулах хэлцэл /1хх-ийн 34-35/, орлогын маягт /1хх-ийн 36-37/, Хас банкны дансны хуулга /1хх-ийн 58/, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “С.Б нь тус яаманд ажиллаж байгаагүй болно” гэсэн 2018 оны 01 сарын 03-ны өдрийн 01/16 дугаартай албан бичиг /1хх-ийн 91/, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “2016-2017 оны хооронд Ц.О, С.Баярсайхан нарын нэр дээр болон “Боврой Хайрхан” ХХК-ийн нэр дээр тендерийн материал тус яамны архивт байхгүй болно” гэсэн 2019 оны 5 сарын 09-ны өдрийн 03/1820 дугаартай албан бичиг /1хх-ийн 60/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

С.Б 2016 оны 8 сарын 31-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд хохирогч Ц.Оэс 7 удаагийн үйлдлээр 31.860.000 төгрөг, хохирогч Б.Ренчинванжилаас 2 удаагийн үйлдлээр 3.500.000 төгрөг залилан авч бусдад нийт 35.360.000 төгрөгийн хохирол учруулсан нь нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.

 

Шүүгдэгч С.Б гэм буруугийн санаатай хэлбэрээр, залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэж үзнэ.

 

С.Бгийн холбогдсон гэмт хэрэг нь 2016 оны 8 сарын 31-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд үйлдэгдсэн байх бөгөөд түүнд холбогдох хэрэг шалгагдах явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байна.

 

Хяналтын прокуророос С.Бг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Гэм буруугийн талаар улсын яллагч “шүүгдэгч С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах” санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрсөн болно.

Улсын яллагчийн санал дүгнэлт  хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, эзэмшигчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Хохиролын тухайд шүүгдэгч С.Б залилах гэмт хэрэг үйлдэж хохирогч Ц.Од 31.860.000 төгрөгийн хохирогч Б.Ренчинванжилд 3.500.000 төгрөгийн буюу нийт 35.360.000 төгрөгийн хохирол учруулснаас Ц.Од 15.623.800 төгрөгийн хохирол нөхөн төлсөн байна. Төлөгдөөгүй үлдсэн 19.736.200 төгрөгийн хохиролыг шүүгдэгч С.Бгээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар гаргуулж хохирогч Ц.Од 16.236.200 төгрөг, хохирогч Б.Ренчинванжилд 3.500.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заалтад заасан эрүүгийн хариуцлага оногдуулах хуулийн үндэслэлтэй. 

        

Шүүхээс шүүгдэгч С.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

С.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролын хэр хэмжээ, урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт шүүхээр удаа дараа ял шийтгүүлсэн түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 жилийн  хугацаагаар хорих ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч С.Б 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 641 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн байна.

 

Шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх хуулийн зохицуулалттай.

 

Хорих 407 дугаар ангийн ялын тооцооны тодорхойлолтоор С.Б өмнөх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ялаас 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 1 жил 5 сар 17 хоногийн хорих ялыг биечлэн эдэлж, 2 жил 6 сар 13 хоногийн хорих ял эдлээгүй үлдсэн байна. /1хх-ийн 221/

 

Иймд С.Бгийн өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 13 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоов.

 

Түүний эдлэх ялыг үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Нөгөөтэйгүүр С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол үйлджээ. /1хх-ийн 170-171/

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа таван жилийн хугацаагаар тоологдоно.

 

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жилийн хугацаагаар...тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш гурван жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй” гэж заасан байна.

 

Энэхүү хуулийн зохицуулалт нь С.Бгийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байх боловч Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дахь хэсэгт “...мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэжээ.  

Иймд С.Бгийн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг хэрэглэх боломжгүй юм.

С.Бгийн  эдэлж байсан ялын тооцоо 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болж, түүний энэ хэрэгт 2020  оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын сарын 06-ны  өдрийг хүртэл цагдан хоригдсон 67 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.    

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурьдаж байна.