Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 786

 

 

 

 

 

 

2020          04           30                                     2020/ШЦТ/786

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Нийслэлийн Баянзүрх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,

 улсын яллагч  М.Ариунцэцэг,

 шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч А.Баялагмаа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 3128/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Г.Од холбогдох эрүүгийн 1909 02743 0420 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Г.О, Монгол улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, цайны газарт туслах тогооч ажилтай, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-996/б тоотод түр оршин суух, урьд 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 115 дугаартай Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзах ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, /,

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Г.О нь 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар” нэртэй зочид буудалд хохирогч Д.Отгонхүүгийн хамт байрлаж байхдаа Д.Отгонхүүгийн эзэмшлийн “Хаан” банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, “Хаан” банкны АТМ машинаас картыг уншуулан 5,080,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Шүүгдэгч Г.Г.О гэм буруугийн талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч  Г.О нь 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар” нэртэй зочид буудалд хохирогч Д.Отгонхүүгийн хамт байрлаж байхдаа түүний эзэмшлийн “Хаан” банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, “Хаан” банкны АТМ машинаас картыг уншуулан 5,080,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Г.О гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:  

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г.О өгсөн: “...Би тухайн өдөр Шангрилагийн хажуугаар явж байхад нэг эгч намайг дуудахаар нь би очсон чинь Д.Отгонхүүтэй хамт байсан юм. Тэгээд “...хэдүүлээ цуг ганц юм уух уу” гэж хэлэхээр нь хамт яваад 13 дугаар хороололд байрлах зочид буудал руу орж бид гурав 2 шил архи уусан. Д.Отгонхүү тухайн үед зочид буудлын хажууд байсан АТМ-ээс 200.000 төгрөг авсан. Тэгээд нөгөө эгч 200.000 төгрөгөөс 100.000 төгрөгийг нь аваад явсан юм. Гэтэл нөгөө зочид буудлынх нь цаг дуусахаар Сансарт байрлах буудал руу явсан. Д.Отгонхүү Сансарын АТМ-ээс 300.000 төгрөг аваад надад гоо сайхны бараа бүтээгдэхүүн болон ойр зуурын хэрэглээний зүйл авч өгч байхдаа “...хоёулаа өнөөдөр сайхан ууж хоноё. Би эхнэргүй болохоор хоёулаа сайхан танилцая” гэж хэлээд буудал руу орсон. Буудал руу орохоос өмнө хүнсний дэлгүүр ороод идэж уух юм авсан. Д.Отгонхүү зочид буудлын тооцоог бэлэн мөнгөөр биш картаараа хийсэн. 13 дугаар хороололд байрлах зочид буудалд байхдаа нөгөө эгчид “...хоёулаа одоо унтаж амръя, би чамд 100.000 төгрөг өгье” гэж хэлсэн чинь тэр эгч “...үгүй ээ, одоо манай нөхөр ирж байгаа, би явлаа” гэж хэлсэн. Тэгээд бид гурав 3-уулаа цуг гараад тэр эгч бөхийн өргөөнөөс таксинд суугаад явсан. Бид хоёр зочид буудлын өрөө рүүгээ ороод 1 шил архиа хувааж ууж байхад Д.Отгонхүү “... хоёулаа унтаж амръя” гэж хэлэхээр нь “...үгүй” гэж хэлсэн чинь “...би эхнэр хүүхэдгүй, чи ч нөхөргүй юм чинь хоёулаа найзлая” гэхэд нь “...би унтаж хэвтэхгүй, би мөнгөний асуудалтай байгаа гэхэд та надад мөнгө өгнө гэж хэлсэн” гэсэн чинь “...за ах нь өглөө АТМ-ээс аваад өгье, би чиний өрийг төлж өгье. Санаа зоволтгүй” гэж хэлэхээр нь би Д.Отгонхүүд бүх амьдралаа ярьж өгсөн. Гэтэл Д.Отгонхүү “...чи надтай унтах юм бол би хохирлыг чинь барагдуулья” гэж хэлсэн. Бид хоёрын дунд ийм л зүйл болсон. Надад хохирогчийн картыг авах санаа зорилго байгаагүй. Би өрх толгойлсон эмэгтэй, мөн бага цалин авдаг болохоор Д.Отгонхүүтэй уулзаад картыг нь авсан болохоос биш хулгайлсан үйлдэл байхгүй. Би Д.Отгонхүүд “...шоронд ормооргүй байна. Мөнгийг чинь сар сараар өгч байна. Өргөдлөө буцаагаад авч болох уу” гэж гуйсан. Би хохирогчийг хотод орж ирэхээр нь уулзсан чинь “...чи надад 3.000.000 төгрөгийг нь өгөөд 2.000.000 төгрөгийг нь өөрөө ав” гэж хэлдэг байсан. Би байцаагчид сар сараар мөнгийг нь өгч байя гэж хэлээд гуйдаг байсан. Энэ хэрэгт миний буруутай үйлдэл байгаа бөгөөд хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Одоогоор хохирогчид 300.000 төгрөг өгсөн байгаа” гэх мэдүүлэг[1],

2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Отгонхүүгийн өгсөн: “...Би 8.000.000 төгрөгийн зээл авсан. Тэгээд сургалтандаа бүртгүүлээд Шангрилагийн хажуугаар явж байсан чинь 2-3 эмэгтэй ирээд “...юм уумаар байна” гэхэд нь “...тэгвэл тэгийлдаа, сайхан танилцая” гэж хэлээд 2 шил архи аваад 13 дугаар хороололд байрлах цагийн буудал руу орсон. Тэгээд архиа уугаад энэ хоёрт 20.000, 20.000 төгрөг өгсөн. Гэтэл Г.О “...ах аа та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байгаа болохоор хоёулаа буудал оръё. Хоногийн 35.000 төгрөг гэдэг юм. Тэгээд надад 100.000 төгрөг өгөөрэй” гэж хэлэхээр нь “... за тэгье” гэж хэлээд явж байсан чинь гоо сайхны бүтээгдэхүүн авмаар байна гэхээр нь авч өгөөд явсан. Сансарт байрлах буудал руугаа ороод тооцоогоо хийх болоход миний кодыг мэдэх боломжгүй байсан. Би Г.Г.О нөгөө хүүхэнд 100.000 төгрөг өгөөгүй. Сансарын буудалдаа нэг шил архи ууж байхад миний нойр хүрээд би шууд унтсан. Унтаад сэрсэн чинь Г.О байхгүй байсан. Буудлын хүнээс Г.Г.О асуухад удалгүй гараад явсан гэж хэлсэн. Миний түрийвч болон гар утас байхгүй байсан. Би буудлын утаснаас залгаад тэр дор нь картаа хаалгасан. Би буудлын бичлэгийг үзэхэд намайг унтсанаас хойш 5-10 минутын дараа гараад явсан байсан. Баянзүрх дүүргийн цагдаагийн газар дээр очоод үзүүлсэн чинь “...энэ хүнийг олоход амархан. Талбайн хажууд байнга зогсдог болохоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс очиж асуу” гэхээр нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр очиж асуухад тэр дор нь олж өгсөн. Тэгээд Г.О над руу залгаад “...одоо таны мөнгөнөөс 3.000.000 төгрөг байна” гэж хэлэхээр нь би “...наад мөнгөө өгчих, тэгээд хоёулаа салъя” гэж хэлсэн. Г.О надад 300.000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл мөнгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг[2],

3. Хохирогч Д.Отгонхүүгийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн үед “Улаанбаатар” зочид буудлын өмнөөс нэг эмэгтэйтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр” Багшийн дээд”-ийн буудлаас хойд зүгт яваад нэрийг сайн мэдэхгүй зочид буудалд 17 цагийн үед хамт орсон. Зочид буудалд орохоос өмнө урд талын дэлгүүрээс 0,5 литрийн нэг шил архи аваад хувааж уусан. Тэр архийг ууж байгаад жаахан үлдээгээд унтацгаасан. Би хурдан согтож унтсан байсан. Нөгөө эмэгтэй архинд эм хийсэн байж магадгүй. Шөнө 22 цагийн үед ганцаараа сэрсэн. Гар утас болон түрийвчинд байсан “Хаан” банкны карт, бэлэн 400,000 төгрөг байхгүй байсан. Тэгээд би ресепшнээс асуухад “та хоёр ороод удалгүй нөгөө хүүхэн гараад явсан” гэж хэлсэн. Өглөө босоод Сансрын “Хаан” банкны  салбараас дансны хуулга авч үзэхэд данснаас 1 цагийн дотор 5,121,420 төгрөгийг 500,000 төгрөгөөр 10 удаа, 80,000 төгрөгөөр 1 удаа гүйлгээ хийж 3470 төгрөг үлдсэн байсан. Би зочид буудалд орохдоо төлбөрийг картаа уншуулж хийсэн. Тэр үед нөгөө хүүхэн хажууд зогсож байсан тул миний нууц дугаарыг цээжилж авсан байх” гэх мэдүүлэг[3],

4. Хаан банкны депозит дансны хуулга[4],

5. “Дамно” ХХК-ний 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн эд зүйлийн үнэлгээний тайлан /үнэлгээний дүн 205,000 төгрөг/ гэх дүгнэлт[5],

6. Гэрч Н.Нямсүрэнгийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай дүү айлын бага хүүхэд. Бид эхээс 10-уулаа. Г.О 1-6 дугаар ангид сурдаг гурван охинтой. Нөхөр нь салаад явсан. Манай дүү хүний үгэнд ордог, муухай ааш, зан байхгүй, дөлгөөн хүүхэд. Гэр орон байхгүй. Охидуудынхаа төлөө л гэж явдаг” гэх мэдүүлэг[6],

7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[7],

8. Шүүгдэгч Г.Г.О 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би прокурор М.Ариунцэцэгийн яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Отгонхүү бид хоёр дэлгүүрт ороод 50,000 гаран төгрөгөөр юм авсан. Зочид буудалд ороод бэлэн мөнгө байхгүй тул картаар тооцоо хийсэн. Отгонхүү надад өөрөө картны дугаараа хэлсэн. Мөн надад пудр, үнэртэй ус, нүдний шил авч өгсөн. Түрийвчинд нь хэдэн төгрөг байсныг би мэдэхгүй байна. Би Отгонхүүгийн картнаас 500,000 төгрөгөөр 10 удаа, 80,000 төгрөгөөр 1 удаа гүйлгээ хийж, нийт 5,080,000 төгрөг авсан. Хохирогчид 100,000 төгрөгөөр 3 удаа, нийт 300,000 төгрөг өгсөн. Одоо 4,780,000 төгрөг үлдсэн. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэх мэдүүлэг[8] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Г.О гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Оас 4,780,000 /дөрвөн сая долоон зуун наян мянга/-н төгрөг гаргуулж, хохирогч Д.Отгонхүүд олгох нь зүйтэй байна. Шүүгдэгчийн зүгээс хохирогчид 300,000 төгрөг нөхөн төлсөн болно.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Г.Од эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Г.О нь урьд ял шийтгүүлж байсан боловч 2015 оны Эрүүгийн хуулиар ялтай байдал гэсэн хууль зүйн ойлголт байхгүй болсон тул шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, зүйлчлэлийн талаар маргаагүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзсан үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тайж овогт Ганжуурын Г.Од 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулан шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Г.Г.О 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 49 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, /392 цаг/ эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Тайж овогт Ганжуурын Г.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Г.Од 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Од анхааруулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Г.Г.О 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 49 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, /392 цаг/ эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Оас 4,780,000 /дөрвөн сая долоон зуун наян мянга/-н төгрөг гаргуулж, хохирогч Д.Отгонхүү /Булган аймгийн Дашинчилэн сумын 4 дүгээр баг, Төв цэцэрлэг хороо, 6 гудамж, 1-2 тоотод оршин суух, /РД:ХА65062118/-д олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Од урьд авсан “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг” өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ” авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.АМАРГЭРЭЛ

 

           

 

 

                       

 

                                                               

 

 

 

 

 

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[3] Хавтаст хэргийн 14-15 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 9 дүгээр тал

[5] Хавтаст хэргийн 26-27 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 23-24 дүгээр тал

[7] Хавтст хэргийн 37 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 63-64 дүгээр тал