| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2020/0068/э |
| Дугаар | 80 |
| Огноо | 2020-05-08 |
| Зүйл хэсэг | 17.11.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 80
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Ж.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н ургийн овогт Ж-ийн М-д холбогдох 2035000390050 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Н ургийн овгийн Ж-ийн М, 1978 оны 11 сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа ачаа тээвэрлэлт хийдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр баг, хөх хад 43-08 тоотод оршин суудаг, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, регистрийн дугаар: .......
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ж.М нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Баян-Өлгий аймгийн чиглэлд 95-59 УНМ улсын дугаартай Вэйвэй /BEIBEI/ загварын автомашинаар тээвэр хийж явж байхдаа 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө “Увс-Авто зам засвар, арчлалт” төрийн өмчит хувьцаат компанийн хариуцдаг улсын чанартай А-18 кодтой Улаангом-Наранбулаг-Сонгино-Нөмрөг чиглэлийн хатуу хучилттай авто зам дээр чиргүүлийнхээ обудаараа явж Улаангом сум талаас 182-193.5 км 8.2 километр замыг болгоомжгүйгээр гэмтээсний улмаас 9’559’700 /есөн сая таван зуун тавин есөн мянга долоон зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2035000390050 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц-ын “...Манай “Увс Азза” ТӨХК нь Улаангом-Наранбулаг-Сонгино-Нөмрөг чиглэлийн Улсын чанартай А-18 кодтой замын 1-287 дахь километр хүртэлх хариуцдаг юм. Манай байгууллагаас Хар тэрмэсийн шуурхай ажлын хэсгийг жил бүрийн 11 дүгээр сарын 01-ээс 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тогтмол ажиллуулдаг юм. 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хар тэрмэсийн шуурхай ажлын хэсгийн ээлжийг солихоор манай инженер С нь жолооч Б, ээлжинд гарах Б, Б нарын хамтаар Улаангом сумаас гарч Хар Тэрмэсийн шуурхай ажлын хэсэг дээр ээлж солиулсан юм. Тухайн үед Хар Тэрмэсийн шуурхай ажлын хэсэгт Ч.Б гарч байсан юм. Тэгээд манай байгууллагын ерөнхий инженер Э нь ээлж сольж буй С-т “цаашаа яваад 205 хүртэл явж зам үзэж шалгаад ир” гэж хэлж шалгуулсан. Тэгээд зам шалгуулсны дараа Э над руу утасдаж С, жолооч Б, ээлжээс бууж буй Б гурав цаашаа явж замыг шалгахад Улаангом сум талаас 182-193.5 дахь километр бүхий шон хүртэл нийт 11.5 километр замд Улаангом сум талаас замын зөрчих хэсгийн зүүн талын ирмэгээр хүнд оврын ачааны машин обудаараа явж эвдрэл үүсгэсэн байна, тэгээд мөрийг нь дагахад үзүүрийн булаг дээр мод ачсан 95-59 УНМ улсын дугаартай чиргүүлтэй шар өнгийн ачааны машин зогсож байна, уг машины ар талын чиргүүлийн дугуй нь салаад обудаараа яваад эвдэрсэн байдалтай байна гэж надад мэдэгдсэн. Тэгээд би ерөнхий инженер Э-ыг цагдаагийн байгууллагад дуудлага өг гэж хэлж мэдэгдсэн юм. ...Асфальтан замыг засварлахад Өтгөн битум, эрдэс нунтаг, голын элс, түлээний мод зэрэг материалууд зарцуулдаг бөгөөд уг замын эвдрэл гэмтлийг засварлахад өтгөн битум 4.05 тонн, 1.60 тонн эрдэс нунтаг, 16.67 метр куб голын элс, 14.98 метр куб түлээний мод зэрэг материалууд орж байгаа юм. Манай байгууллагын зүгээс уг замыг засварлахад шаардагдах материалын тооцоог гаргаж хэрэгт хавсаргуулсан... Манай байгууллагын зүгээс одоогоор цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан замыг засварлах боломжгүй бөгөөд Ж.М-аар 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн эвдэрсэн замыг засуулахаар тохиролцсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 40-43 дугаар хуудас/,
2. Гэрч М.Р-гийн “...би 2020 оны 01 сарын 27-28-нд шилжих шөнө үүрээр эхнэрийнхээ хамт гэртээ унтаж байхад манай гэрийн ойролцоо ачааны авто машины чимээ сонсогдсон. Тэгээд өглөө 9 цагийн үед гэрээс гараад харахад манай гэрийн урд 95-59 дугаартай, 03-70 гэх дугаартай ногоон өнгийн чиргүүлтэй, толгой буюу тэвш дээрээ банз ачсан ар талын чиргүүлд нь урт шургааг мод ачсан шар өнгийн ачааны машин ирж хоносон байсан. Тухайн машины чиргүүлийн баруун талын арын дугуй тус хэсгийн газарт данхраадсан байдалтай тус дугуй данхраадсан хэсэг хойш цасан дээр зам дагуу газрын хөрсийг сандаачсан, чиргүүлийн дугуйгүй хэсгийг чирч явж ирсэн байдалтай мөр үүссэн байсан бөгөөд уг мөр урагш явж хар замын зорчих хэсгийн ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлд өөрөөр хэлбэл замын зорчих хэсгийн зүүн талд орсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 дугаар хуудас/,
3. Гэрч М.Д-ийн “...2020 оны 01 дүгээр сарын 27-ны орой 19:00 цагийн үед аав бид хоёр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төвөөс мод, банзнуудаа ачаад Увс аймаг руу явах зам буюу Сонгино-Нөмрөг-Улаангом сумын чиглэлд явдаг хар замаар явсан ба машиныг аав М жолоодож явсан юм. ...Тэгээд аав бид хоёр машинтайгаа хар зам дээр гараад ертөнцийн зүгээр урдаасаа хойд зүг рүү хар замаар явж байсан бөгөөд машиныг аав маань жолоодож явсан ба бид хоёр 2020 оны 01 дүгээр сарын 27-оос 28-нд шилжих шөнө буюу 06:00 цагийн үед Увс аймгийн Цагаанхайрхан сумын нутаг Үзүүрийн булгийн ойролцоо ирж яваад аав бид хоёр Үзүүрийн булаг гэх газарт хар замын хажууд байх гэр гуанз дээр хоол идэхээр болж хар замын зорчих хэсгээс баруун тал руу бууж гэр гуанзны гадна ирж зогссон юм. Тэгээд аав бид хоёр машинаас буухад машины чиргүүлийн ар талын обуд дугуй шфилк нь салаад алга болчихсон чиргүүлийн баруун талын арын дугуй боох хэсэг буюу стүц хэсгээрээ хар замаар яваад байж стүц нь нэлхүүдээ элэгдсэн байдалтай байсан бөгөөд цасан дээр үүссэн мөрийг харахад чиргүүлийн стүцийг газарт чирч явсан мөр гарсан байдалтай, газрын хөрс сандаачигдсан байсан юм...” гэх мэдүүлэг /хх- ийн 52-53 дугаар хуудас/,
4. Гэрч О.С-ын “...Би Увс Азза ТӨХК-нд талбайн инженерээр ажилладаг юм. 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө Увс аймгийн Улаангом сумын төвөөс Увс Азза ТӨХК-ны үйлчилгээний жолооч Б, замчин Б нарын хамт албаны машинтай Улаангом сумаас 10 цаг 30 минутын үед гарсан юм. Тэгээд бид нар замдаа үзлэг шалгалт хийгээд Хар тэрмэсийн шуурхай ажлын хэсэг дээр очсон бөгөөд тухайн шуурхай ажлын хэсгийн байранд замчин Б ээлжтэй байсан юм. ...манай ерөнхий инженер Э утсаар залгаад “чи цаашаа яваад 205 дахь километрийн точка хүртэл үзлэг шалгалт хийгээд ир” гэж хэлсэн. Тэгээд би Хар тэрмэсээс жолооч Б, Б нарын хамт цаашаа замын үзлэг шалгалт хийсэн. Тэгээд 182-оос 193.5 дахь точка хүртэл хар замын зорчих хэсгийн зүүн талаар хүнд даацын машин обудаараа явж зам эвдэлсэн байдалтай байсан юм. Тэгээд бид нар хар зам дээр гарсан мөрийг дагахад 17 цаг 30 минутын орчимд дөнгөж бүрэнхий болж байхад Үзүүрийн булгийн гуанзны орчим хар замаас мөр буугаад цасан дээр обудаар явсан мөр үүссэн бөгөөд уг мөрийг дагахад хар замаас бууж Үзүүрийн булгийн гэр гуанз дээр ирэхэд 95-59 УНМ улсын дугаартай шар өнгийн толгойтой банз ачсан байдалтай, ар талдаа ногоон өнгийн 30-74 ОЧ гэсэн дугаартай чиргүүлтэй, чиргүүлэн дээр урт мод ачсан байдалтай, чиргүүлийн баруун ар талын дугуй байхгүй, доод талд нь данхраадчихсан машин зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/,
5. 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн “1. Улсын чанартай А-18 кодтой Увс аймгийн Улаангом сумаас Завхан аймгийн Сонгино, Нөмрөг, сумын чиглэлийн авто зам нь асфальт хучилттай авто зам болно. 2.Улсын чанартай А-18 кодтой Увс аймгийн Улаангом сумаас Завхан аймгийн Сонгино, Нөмрөг чиглэлийн авто замын Увс аймгийн Улаангом сум талаас хатуу хучилттай авто замын 182-193.5 дахь километрт үзлэг хийхэд Улаангом талаас авто замын зүүн гар талын эгнээнд замын зорчих хэсгийн гадаргуунд замын тэнхлэг дагуу нийт 8 км 200 метр турш 2 болон 1 эгнээ үргэлжилсэн эвдрэл үүссэн байна. Хоёр эгнээ эвдрэл нь эгнээ хооронд 26 см өргөнтэй, дагуу хагарал нь 1-5 см өргөнтэй, 0.5-0.7 см гүнтэй, 7.8 км урт үргэлжилсэн, нэг эгнээ хагарал нь 1-5 см өргөнтэй, 0.5-0.7 см гүнтэй, 0.4 км-ийн турш үргэлжилсэн эвдрэл үүссэн байна. 3. Авто замд үүсэх дагуу болон хөндлөн хагарал нь ихэвчлэн тухайн авто замын хийж, авто машины ашиглалтын элэгдэл, байгаль, цаг уурын нөхцөл байдал гэх мэд олон хүчин зүйлээс шалтгаалан үүсдэг бөгөөд уг үүссэн дагуу хагарал нь авто замаар бүрэн бүтэн байдал нь алдагдсан тээврийн хэрэгсэл жолоодон зорчсон иргэний буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн эвдрэл гэмтэл байна. 4. Уг эвдрэл гэмтлийг засварлах боломжтой. 5 Асуултад тусгагдаагүй зүйл тогтоогдоогүй болно” гэх дүгнэлт,/хх-ийн 68-71 дүгээр хуудас/
6. 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн “2020 оны 01 дүгээр сарын байдлаар 1 кг битумны зах зээлийн үнэ цэний баримжаа 1’900 төгрөг, 1 кг эрдэс нунтгийн зах зээлийн үнэ цэний баримжаа 125 төгрөг, 1 м3 элсний зах зээлийн үнэ цэнийн баримжаа 10’000 төгрөг, 1 м3 түлшний модны зах зээлийн үнэ цэний баримжаа 100’000 төгрөг болохыг тус тус тодорхойлов” гэх 62 дугаартай дүгнэлт /хх- ийн 75 дугаар хуудас/ зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Ж.М нь 95-59 УНМ улсын дугаартай Вэйвэй /BEIBEI/ загварын автомашинаар тээвэр хийж байхдаа 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө “Увс-Авто зам засвар, арчлалт” төрийн өмчит хувьцаат компанийн хариуцдаг улсын чанартай А-18 кодтой Улаангом-Наранбулаг-Сонгино-Нөмрөг чиглэлийн хатуу хучилттай авто замд хатуу хучилттай авто зам дээр чиргүүлийнхээ обудаараа явж Улаангом сум талаас 182-193.5 километрийн хооронд нийт 8.2 километр замыг гэмтээсний улмаас улсад буюу Зам тээврийн хөгжлийн яаманд 9’559’700 /есөн сая таван зуун тавин есөн мянга долоон зуу/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэж Ж.М нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол, хор уршиг учрах боломжтой урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Шүүгдэгч Ж.М-ын болгоомжгүй үйлдлийн үйлдлийн улмаас Зам тээврийн хөгжлийн яаманд 9’559’700 төгрөгийн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан байна.
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүй болно.
Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн эзэмшлийн замыг болгоомжгүйгээр гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх шинжийг хангаж байх тул шүүгдэгч Ж.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.М нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цын “Ж овогтой М тус компанийн хариуцдаг улсын чанартай А-18 кодтой Улаангом Наранбулаг Сонгино Нөмрөг чиглэлийн хатуу хучилттай авто замд Улаангом талаас 182-оос 193.5 км хооронд /нийт 8.5 км/ авто зам дээр обудаар явж ан цав хагарал үүсгэж хохирол учруулсан. 2020 оны 4 дүгээр сарын 18, 19-нд ан цав хагарлыг өөрийн хөрөнгөөр нөхөж манай компанийг хохиролгүй болгосон болно” гэх тодорхойлолтоор тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ж.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн эзэмшлийн замыг болгоомжгүйгээр гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч Г.Г /хх-ийн 61 дүгээр хуудас/-ийн мэдүүлэг, гэрч Б.Ө /хх-ийн 62 дугаар хуудас/-ийн мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.М нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа ачаа тээвэрлэлт хийдэг эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-д 1000 /нэг мянга/ нэгж буюу 1’000’000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н ургийн овогт Ж-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн эзэмшлийн замыг болгоомжгүйгээр гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-д 1000 /нэг мянга/ нэгж буюу 1’000’000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ж.М нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан 1 ширхэг дискийг хэргийн хамт хадгалсугай.
5. Шүүгдэгч Ж.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА