Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2021/0430

 

Д.Эийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгч Д.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, гуравдагч этгээд А.Б нарыг оролцуулан, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу Д.Э-н нэхэмжлэлтэй, Говь- Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 23 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5, 27 дугаар зүйлийн 27.1.1, 33 дугаар зүйлийн 33.3, 37 дугаар зүйлийн 37.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э-ийн Есөнбулаг сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгож, Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,

3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдаж,

4 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Э Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “ ... Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх бөгөөд тус шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 , 27 дугаар зүйлийн 27.1.1 , 33 дугаар зүйлийн 33.3 , 37 дугаар зүйлийн 37.1.5, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 23 ны өдрийн 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 3.1.4 “албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэх”, Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын хөдөлмөрийн дотоод журмын 8.1.19 дэх хэсэгт заасан ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх” гэж заасныг зөрчсөн байна гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь:

1. Миний бие 2006 оноос эхлэн багийн нийгмийн ажилтан, багийн Засаг даргын ажлыг олон жил хийсэн бөгөөд тус аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 52 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд тэнцэж нөөцөд бүртгэлтэй байсан учир Есөнбулаг сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/01 дүгээр захирамжаар Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд жинхлэн томилогдсон байдаг.

Өөрөөр хэлбэл, би өөрөө өөрийгөө томилдог албан тушаалтан биш бөгөөд 2006 оноос хойш 13 жилийн хугацаанд мерит зарчмын хүрээнд мэргэшсэн төрийн албан хаагч байсан, мөн 2 ч удаа төрийн захиргааны удирдах албан тушаалтны шалгалтад орж тэнцсэн байсан учир эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр түүнийг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар жинхлэн томилж ажиллуулсан байдаг.

Гэвч анхан шатны шүүх Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлөөс төрийн албаны ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан гэж үзэн нэр дэвшүүлсний дагуу эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон байхад түүнийг хууль бусаар томилогдсон байна гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.5 дахь хэсэгт заасан төрийн алба мэргэшсэн тогтвортой байх, гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах гэсэн зарчмыг алдагдуулсан байна гэж үзэж байна.

2. Намайг ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

Хэрэгт гэрчээр Н.О, Г.Л, Г.У, З.Б, Н.Т араас архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх байдлыг тодруулсан байдаг бөгөөд бүх гэрчүүд намайг архи согтууруулах ундаа ууж байсан, уусан байсныг хараагүй, мэдээгүй, бүгд дам ярианаас сонссон, мөн 2, 3 хүн хамт явж байхад хажуугаар нь өнгөрөхдөө яг хэнээс нь архи, согтууруулах ундааны зүйл үнэртэж байгааг мэдэхгүй мөртлөө намайг архи уусан байсан гэж таамаглалд үндэслэн гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа нь гэрч нар нь бусдын нөлөөлөлд орсон байна гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл би шүүх хуралдаанд архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй, манай өрөөнд авч орж ирэхээр нь болохгүй гээд гаргаад явуулсан гэж тайлбарлаж мэдүүлсээр байхад бусдын дам яриа, архи уусан байж магадгүй гэсэн таамаглалдаа хөтлөгдөн мэдүүлсэн байна.

Шүүх хуралдаанд оролцсон гэрч З.Б нь Есөнбулаг сумын Засаг дарга н.Ч-т тайлбар бичиг бичиж өгөөгүй гэсэн атлаа гуравдагч этгээдийн зүгээс дахин тодруулахад бичиж өгсөн гэж зөрүүтэй байдлаар мэдүүлж байгаа нь бусдын нөлөөнд орсны улмаас худал мэдүүлэг өгсөн байна гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн зүгээс энд тэндээс нь тасалж, нэгтгэсэн, зохиомол байдлаар хурдасгасан камерын бичлэгийг гаргаж өгсөн бөгөөд түүнийг шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэн дүгнэж намайг хэвийн бус байдалтай, гуйвж дайвсан, хүн түшиж, сугадаж явж байгаа учир архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

Тухайн бичлэгийг хариуцагчийн зүгээс тасдан авч, бичлэгийг хурдасгасан, хэвийн байдлаар явуулахад гуйвж дайвж байгаа нь мэдэгдэхгүй, хурдасгахаар ингэж харагдаж байгаа гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байсныг шүүх огт анхаарч үзээгүй байна.

3. Намайг улс төрийн намын гишүүнээс түдгэлзэх хүсэлтээ өгөөгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч Д.Э миний бие ямар нэгэн улс төрийн намын гишүүн биш бөгөөд намын гишүүн эсэхийг тодорхойлсон, нотолсон ямар ч баримт хэрэгт авагдаагүй, надаас асууж тодруулаагүй атлаа намайг улс төрийн намын гишүүн байна гэж хийсвэр дүгнэлт хийсэн байна.

Би 2016-2020 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон бөгөөд Төрийн захиргааны албан тушаалд томилогдон ажиллаж байгаа учир хурлын төлөөлөгчөөс түдгэлзэх хүсэлтээ өгсөн.

Энэ нь намайг улс төрийн намын гишүүн байна, хуульд заасан хугацаанд намын гишүүнээс түдгэлзэх хүсэлтээ өгөх ёстой гэж дүгнэж байгаа нь хэтэрхий нэг талыг баримталсан үндэслэлгүй дүгнэлт юм

Ер нь Говь-Алтай аймгийн хэмжээнд улс төрийн шийдлээр төрийн эрх барьж байгаа намын шахалтаар бусдыг үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлдөг байдал их байдаг бөгөөд намайг ч гэсэн ийм үндэслэлээр ажлаас халсан.

4. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/15 дугаартай захирамжийн агуулгын тухайд:

Тус захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт заасан удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэн албан тушаалаас халсан бөгөөд 2 дахь заалтаар надад сахилгын шийтгэл ногдуулсан гэж бичигдсэн буюу тухайн захирамж нь хууль хэрэглээний хувьд илт алдаатай захирамж болсон байгааг анхан шатны шүүх огт анхаар үзээгүй байна. Миний бие сүүлийн 3 удаагийн ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөг хангалттай сайн үнэлүүлсэн бөгөөд албан үүргээ хангалтгүй биелүүлсэн зүйл огт байхгүй болохыг дурдаж байна.

Иймд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 112/ШШ2021/0023 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянахад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.

Маргаан бүхий Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/15 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох үйл ажиллагаа явуулсан гэх 7 үйл ажиллагаатай нь холбоотойгоор  Д.Э-ийг Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлаас халжээ.

Анхан шатны шүүх дээрх захирамжид дурдсан нэхэмжлэгч Д.Э-ийг буруутгасан шалтгаан тус бүрийг дүгнэхдээ зарим нотлох баримтыг буруу үнэлсэн боловч нэхэмжлэлийг хангаж, маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэл болохооргүй байна. 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “... шүүх, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлт өгсөнтэй холбоотой улс төрийн намын гишүүнээс түдгэлзэх хүсэлт гаргах үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон” гэжээ. Хэрэгт Д.Э нь ямар намын гишүүн байсан, төрийн захиргааны алба хаах хугацаандаа тухайн намын гишүүнээс түдгэлзэх хүсэлтээ өгсөн эсэхтэй холбоотой баримт байхгүй байна. Гэтэл анхан шатны шүүх Хурлын Төлөөлөгчөөс чөлөөлөгдөхөөр гаргасан хүсэлттэй зэрэгцүүлэн өгөх ёстой байсан, намын гишүүнээс түдгэлзэх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон байх тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй.

Харин анхан шатны шүүхийн төрийн албаны жинхэнэ албан хаагчийн нөөцөд байх хугацаа дууссан байхад өгсөн Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр томилогдсон нь Төрийн албаны тухай хуулийн 23.2, 27.1-д заасныг зөрчсөн гэж, мөн ажлын байранд согтууруулах ундаа ууж, төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн дүрэм зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ.

Давж заалдах гомдолд “... 13 жилийн хугацаанд мерит зарчмын хүрээнд мэргэшсэн төрийн албан хаагч байсан, 2 ч удаа захиргааны удирдах албан тушаалтны шалгалтанд орж тэнцсэн, төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол гарсан байхад ... анхан шатны шүүх хууль бусаар томилогдсон гэсэн нь үндэслэлгүй ...” гэжээ.

Хэрэгт тус аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэсэн баримт авагдсан боловч Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 39-д “Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад оруулах тухай  Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн  шийдвэр  2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна” гэж заасан 2 жилийн хугацаа дууссаны дараа уг салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Д.Э-ийг нэр дэвшүүлсэн нь мөн журмын 40-д “Удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэн өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд энэ журмын 39-д заасан хугацааны дотор шууд нэр дэвших эрхтэй. ...” гэж заасныг зөрчсөн байх тул энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруу гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн тухайн албан тушаал нь төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын шалгалт өгсний үндсэн эрхэлдэг албан тушаал байх тул Төрийн албаны тухай хуулийн 27.1.1-д заасан шатлан дэвших зарчмаар томилогдох боломжгүй, харин Д.Э-ийн сонгон шалгаруулалтад орсноос хойш төрийн албаны нөөцөд байх хугацаа дууссан тул мөн хуулийн 27.1.2, 27.1.3-т зааснаар хууль ёсоор томилогдсон гэж үзэхээргүй байх тул дээрх давж заалдах гомдлыг хүлээн авч, хангах үндэслэлгүй.

Давж заалдах гомдолд “... архи уусан талаар гэрчүүд бусдын нөлөөнд орсон гэж үзэж байна. Худал мэдүүлэг өгсөн гэрчийн мэдүүлэг болон энд тэндээс нь тасалж нэгтгэсэн бичлэгийг үндэслэн архи уусан нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй” гэжээ.

Хэрэгт хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгийг үнэлснийг буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэгчээс бие муу байсны улмаас хүнээр түшүүлж явсан гэх тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул энэхүү гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.

Мөн гомдолд Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасныг баримтлан удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэн албан тушаалаас халсан, захирамжид сахилгын шийтгэл ногдуулсан гэж бичсэн нь хууль хэрэглээний алдаатай, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн зүйл байхгүй” гэжээ.

Хэрэгт удаа дараагийн аудитын шалгалтаар “Хязгаарлалттай” дүгнэлт гарч  Тамгын газрын даргад хүргэсэн байх бөгөөд хариуцагчаас уг дүгнэлтүүдийг үндэслэн албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тайлбарласан нь үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь “... миний буруутай үйл ажиллагаа байхгүй, эхний дүгнэлт нь өмнөх Тамгын газрын даргын үед гарсан, ... нягтлан бодогчийн алдаа байсан” гэх боловч Засаг даргын Тамгын газрын дарга нь төсвийн шууд захирагчийн хувьд гарсан алдаа дутагдлыг засуулах, дахин гаргахгүй байхад анхаарч ажиллах үүрэгтэй тул уг тайлбар үндэслэлгүй, хариуцагчийн удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна. Тухайн үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийг баримтлан ажлаас халсан, харин сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр буюу Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийг маргаан бүхий актад дурдаагүйгээс нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүйн дээр энэхүү үндэслэлээр маргаан бүхий тушаалыг хүчингүй болгож гомдлыг хангах үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 118/ШШ2021/0023 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Э-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                 С.МӨНХЖАРГАЛ