Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 81

 

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т ургийн овогт Б-ын Б-д холбогдох 2035000000071 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т ургийн овогт Б-ын Б, 1986 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Өлгий сумын 2 дугаар багт оршин суудаг, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар: ...........

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Увс аймгийн Өлгий сумын нутагт байрлах өөрийн хүргэн С.М-ий монгол гэрийн тооноор орон байранд нь оршин суугчдын буюу С.М, түүний эхнэр Б.О нарын зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлаж, улмаар хохирогч С.М-ий зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2035000000071 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч С.М-ий “...Өлгий сумын 4 дүгээр багт эхнэр хүүхдийн хамт гэртээ унтаж байхад манай эхнэрийн төрсөн ах болох Б.Б нь манай гэрийн тооноор орж ирсэн тэгээд би газраар унтаж байгаад босоод зогсож байтал Б нь над руу ирж яваад бүдэрч унаад босож ирээд шууд миний толгой руу нэг удаа цохисон тухайн үед би юугаар цохисныг анзаараагүй тэгчхээд Б нь би чамайг нэг удаа гуйсан чи намайг болон миний ээжийг хүндлэхгүй байна гээд агсамнаад байсан тэгж байтал манай гэрийн хаалга хүн цохисон тэгээд  манай эхнэр хүүхдээ тэврээд очоод хаалга онгойлгоход манай сумын ЕБС-ийн технологийн багш Б.Б, би урьд өмнө нь харж байгаагүй нэг залуутай цуг орж ирсэн тэгээд Б-ийг аваад манай гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/,

2. Гэрч Б.О-гийн “...2020 оны 4 дүгээр сарын 08-ны шөнө гэртээ амарч байтал шөнийн 02 цаг өнгөрч байхад манай гэрийн хаалгыг хүн цохиод Б байна хаалга онгойлго гэж хэлээд манай хаалгыг цохиод 3-4 минут болсон байх тухайн үед М сэрүүн хэвтээд байсан. Тэгээд би хүүхдээ тэврээд хаалга онгойлгохын завдалгүй Б гээд миний төрсөн ах манай гэрийн өрхөөр шууд ороод ирсэн. Тэгээд М хаана байна гэсэн Мөнгөө орноосоо босож ирсэн ...Б шууд М-г барьж аваад манай баруун талын орны толгой, ширээ хоёрын завсар гэдрэг дараад авч байсан. ...би  шууд очоод Б-ийг татаж аваад зүүн талын орон дээр татаад суулгасан тэгж байтал М босож ирэхдээ толгойн орой хэсгээс нь цус гоожсон босож ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

3. Гэрч Б.Б-ын “...2020 оны 4 дүгээр сарын 08-ны 03 цагт эмнэлэг дээр ирж Сүрэнхорлоо гэдэг сувилагчаар өвдөлт намдаах тариа хийлгээд цэвэрлүүлж боолт хийлгэсэн ирсэн ирэхдээ биеийн ерөнхий байдал дунд толгой орой хэсэг дээр 4х4 хэмжээтэй шархтай цус урсаж гарч байсан болохоор тариа хийгээд уг толгойн шарханд нь 5 оёдол тавьсан тэгээд антибиотик, өвчин намдаах эм, цус тогтоох тариа хийгээд эм бичиж өгөөд аймагт нарийн мэргэжлийн эмч нарт очиж үзүүл гэж хэлээд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “...Үзүүлэгч С.М-н биед гэмтэл учирсан байна. Зүүн зулай хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн зулай хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх 268 дугаартай дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

5. Шүүгдэгч Б.Б-ийн яллагдагчаар өгсөн “...хаалга онгойлгож өгөхгүй болохоор нь тэрхэн зуур уур хүрээд гэрийн өрхөөр ороход М босоод ирчихсэн галынхаа аман тус газар зогсож байсан. Тэгээд би М-ийг чи намайг хүндэлдэггүй юм гэхэд миний 70 гарсан ээжийг минь нэг тийш нэг удаа хүргээд өгчих боломж алга уу? би урьд өмнө чамайг гуйж байгаагүй ганц удаа гуйж байхад гэж хэлээд /манай дүүгийнх 10 сартай хүүхэдтэй учраас гал руу орохоос хамгаалсан хашлага хийсэн байдаг/ тэрнийг би үсэрч ороод шууд Мийг гараараа багалзуурдаж аваад зүүн талын орны урд ширээ хоёрын дундуур ална гээд дараад унасан. Тэгэхэд М нь толгойгоороо ширээний өнцөг мөргөсөн байх би өөрөө санахгүй байна. ...Тэгж байтал миний дүү болох О нь намайг татаж аваад орон дээр суулгасан. Тэгэхэд М-ий толгойгоос цус гарсан байсан...” /хх-ийн 34-35 дугаар хуудас/ гэх мэдүүлэг зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Увс аймгийн Өлгий сумын нутагт байрлах хохирогч С.М-ий зөвшөөрөлгүйгээр түүний монгол гэрийн тооноор орж, улмаар хохирогч С.М-ий зодож, хохирогчийн зулайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Хохирогч С.М-ий биед учирсан “зүүн зулайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт” гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна.

Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэлдээ хандсан үзнэ.

Шүүгдэгч Б.Б-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь заалтад “Халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Иргэний ...орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ хуульд заасан орон байр гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно” гэж тус тус заасан. 

Дээрхээс дүгнэхэд, хүний халдашгүй чөлөөтэй байх эрх нь жам ёсны эрхээс үүдэлтэй, хуулиар баталгаажсан, хэн боловч хөндлөнгөөс дур мэдэн халдаж үл болох эрх бөгөөд энэ эрхэд хүний нэр төрийн, нууцын, өмчийн, бие махбодын халдашгүй байх эрх болон орон байрны халдашгүй байдал хамаарч байх тул шүүгдэгч Б.Б нь хохирогч С.М-тэй ураг төрлийн холбоотой хэдий ч хохирогч С.Мий гэрт түүний зөвшөөрөлгүйгээр аливаа хэлбэрээр нэвтрэн орох эрхгүй юм.

Шүүгдэгч Б.Б-ийн дээрх үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай байхын сацуу цоожтой байгааг нь мэдсээр байж гэрийн эзний зөвшөөрөлгүй монгол гэрийн тооноор орсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэлдээ хандсан үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1-д заасан “бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршгийн талаар баримт хэрэгт авагдаагүй боловч хохирол, хор уршгийг шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч С.М-ий “...Миний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан Б овогтой Б нь өөрийн үйлдлийн улмаас миний эрүүл мэндэд учирсан хор хохирлыг нөхөн барагдуулсан тул гомдолгүй болно...” гэх хүсэлт /хх-ийн 46 дугаар хуудас/-ээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Б-иас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч Б.Г /хх-ийн 11 дүгээр хуудас/-ийн мэдүүлэг, гэрч О.Д /хх-ийн 12 дугаар хуудас/-ын мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Шүүгдэгч Б.Б дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, урьд ял шийтгүүлж байсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 /таван зуун мянга/ төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд тохирсон гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т ургийн овогт Б-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 /таван зуун мянга/ төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 /таван зуун мянга/ төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1’000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1’000’000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХЗАЯА