| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2020/0070/э |
| Дугаар | 82 |
| Огноо | 2020-05-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 82
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д ургийн овогт Х-гийн Б-д холбогдох 2035000000070 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д ургийн овогт Х-гийн Б 1991 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн Ховд суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Увс аймгийн Ховд сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: .............
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Х.Б нь Увс аймгийн Ховд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Д.Н-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2035000000070 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Д.Н “...2020 оны 4 дүгээр сарын 15-ны өглөө 8 цагийн орчимд манай багт оршин суудаг Б гэдэг залуу манайд ирээд би Ачит баг руу ахынхаа хашааны чулуу ачих ажлаар явах гэж байна гэсэн тэгэхээр нь би багийн төвд хүнтэй уулзах ажилтай байсан болохоор Б-гийн хамт ачит багийн төв рүү явсан. ...Чулуу ачиж дууссаны дараа Бн гэрт орж хоол цай идэж уусан, дараа нь Б та нарт баярлалаа гээд 1 шил 0.5 литрийн “икс” нэртэй архи задалсан. Тэрний дараа Б бид хоёр жолооч Б-ы машинд мотоциклоо ачаад бид гурав багийн төвөөс манай гэрийн чиглэлд хамт явсан. Явах замд Ачитын овоо гараад явж байхад Б намайг та миний аав, ээжийн өвөлжөө булааж авсан та миний аав, ээжийг дээрэлхдэг дарамталдаг байсан гээд өнгөрсөн зүйлийн талаар яриад маргаад яваад байсан, тухайн үед харанхуй болж байсан, хөтөл тонгойгоод тухайн машины жолооч Б-гийн хаваржааны өмнө ирж зогсоод Б бид хоёрын мотоцикл буулгаж өгөөд яваад өгсөн. Тэрний дараа Б надыг чи өөрөө гүйгээд яв, би таныг авч явахгүй гэхээр нь би өөрөө гэр лүүгээ алхаад явсан чинь араас мотоциклоо асааж ирээд миний хажуу талд мотоциклоо данхраадаад намайг заамдаж аваад хавсарч унагааж миний баруун шанаа руу баруун гараараа хэд хэдэн удаа цохисон. Чи намайг дээрэлхдэг миний ээж, аавыг дээрэлхэж, дарамталдаг байсан гээд заамдаж аваад цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 3-5 дугаар хуудас/,
2. Гэрч Ц.Б-ы “...Б, Н 2 анх машинд суугаад явахдаа хэрэлдэж маргасан зүйл байхгүй. Харин Ачитын хөтөл өөд өгсөж явахад хоорондоо өвөлжөө, хаваржааны асуудлаар яриад маргаж маргалдах янзтай зүйл яриад эхэлсэн. ...нэгнийгээ цохих, түлхэх үйлдэл гаргаагүй машинаас буухдаа маргахаа болиод бууцгаасан буугаад тэр хоёр за баярлалаа сайхан амраарай гэж хэлээд үлдсэн цааш нь юу болсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
3. Гэрч Д.Д-ийн “...орой 23 цагийн орчимд гадаа мотоцикл дуугараад манай хөгшин ирсэн. Б гэрт орж ирээгүй харин манай нөхөр орж ирээд хэвтээд өгөхөөр нь би гэрэл асаагаад харсан чинь нүүр ам, нүд нь хавдчихсан байдалтай байхаар нь юу болсон тухай асуухад Б намайг зодлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн “...Үзүүлэгч Д.Н-н биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, дух, 2 нүдний эргэн тойронд, баруун, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал баруун зулайн хуйх, дух, баруун, зүүн хацар, эрүүний баруун талд, зүүн чихний дэлбэнд зулгаралт, үүдэн баруун дээд 1 дүгээр шүдний сулрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Тархи доргилт, дух, 2 нүдний эргэн тойронд, баруун, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал баруун зулайн хуйх, дух, баруун, зүүн хацар, эрүүний баруун талд, зүүн чихний дэлбэнд зулгаралт, үүдэн баруун дээд 1 дүгээр шүдний сулрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх 282 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
5. Шүүгдэгч Х.Б-гийн яллагдагчаар өгсөн “...Намсрай ахаас та аймгийн төв рүү шилжих гэж байж өвөлжөөгөө надад зарчих би мөнгөөр нь худалдаж авъя манай аав, ээж хоёр энэ өвөлжөөнд өвөлжиж байсан болохоор та надад өгчих гэж ярьсан боловч Намсрай ах миний аавыг 58 нас хүрээд нас барсан тийм болохоор чамд өгөхгүй гэж хэлсэн болохоор миний уур хүрээд зодчихсон юм өөр ямар нэгэн шалтгаан байхгүй...” /хх-ийн 51-52 дугаар хуудас/ гэх мэдүүлэг зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүгдэгч Х.Б нь Увс аймгийн Ховд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өвөлжөөний газраас үүдэн хохирогчтой маргалдаж, улмаар хохирогч Д.Н-г зодож, тархи доргилт, дух, 2 нүдний эргэн тойронд, баруун, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал баруун зулайн хуйх, дух, баруун, зүүн хацар, эрүүний баруун талд, зүүн чихний дэлбэнд зулгаралт, үүдэн баруун дээд 1 дүгээр шүдний сулрал гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч Д.Н-н биед учирсан “тархи доргилт, дух, 2 нүдний эргэн тойронд, баруун, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал баруун зулайн хуйх, дух, баруун, зүүн хацар, эрүүний баруун талд, зүүн чихний дэлбэнд зулгаралт, үүдэн баруун дээд 1 дүгээр шүдний сулрал” гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна.
Шүүгдэгч Х.Б нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Х.Б-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршгийн талаар баримт хэрэгт авагдаагүй боловч хохирол, хор уршгийг шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч Д.Н-н “...Х.Б надад учирсан хохирол болох нийт 100’000 төгрөгийн хохирлыг бэлэн мөнгөөр надад бүрэн барагдуулсан юм. ...би Х.Бгээс нэхэмжлэх зүйл байхгүй, миний хохирлыг барагдуулсан болохоор ямар нэгэн гомдол санал байхгүй болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/-ээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Х.Б-гээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Х.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч Д.Б /хх-ийн 21-22 дугаар хуудас/-ийн мэдүүлэг, гэрч Б.Г /хх-ийн 23-24 дүгээр хуудас/-ын мэдүүлэг, гэрч Ш.Д /хх-ийн 25 дугаар хуудас/-ийн мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Шүүгдэгч Х.Б Увс аймгийн 3 багт ганцаараа мал маллаж амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд тохирсон гэж дүгнэв.
Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д ургийн овогт Х-гийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Х.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА