| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2020/0073/э |
| Дугаар | 83 |
| Огноо | 2020-05-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 83
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Н.М, Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т ургийн овогт Б-ын Н, Д ургийн овогт Н-гийн М нарт холбогдох 2035000000067 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Монгол улсын иргэн Т ургийн овогт Б-ын Н 1987 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Увс аймгийн Цагаанхайрхан сумын 3 дугаар багт оршин суудаг, Урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 02 дүгээр сарын 06-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 145 дугаар зүйлийн 145.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсгүүдэд зааснаар 4 жил хорих ялаар, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар жирийн дэглэмтэй хорих ангид хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, регистрийн дугаар: .....9.
Монгол улсын иргэн Д ургийн овогт Н-гийн М 1987 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт Увс аймгийн Цагаанхайрхан сумын 1 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар:...........
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Цагаанхайрхан сумын 4 дүгээр багийн нутагт дэвсгэрт 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Н.Мтай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Н.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Цагаанхайрхан сумын 4 дүгээр багийн нутагт дэвсгэрт 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Н-той маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2035000000067 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн болон эд мөрийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Н.М-ын хохирогчоор өгсөн “...Тэгээд Н том том дуугараад намайг өдөөд “чи муу хэзээ ийм байсан юм бэ” гэх мэтээр үг хаяад байхаар нь би урдаас нь адилхан хэрэлдэж хоёулаа Х ахын гэрт барьцалдаж унаад миний баруун талын нүд рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би нүдээ дарж доошоо хараад сууж байхад Н миний үснээс чирч гадагшаа гарч миний толгой руу гараараа чулуу атгаж байгаад 5-6 удаа цохисон. Би тухайн үед эсэргүүцээд Н-ын доор хэвтэж байгаад хэд хэдэн удаа өшиглөж, нүүр ам руу нь цохисон. Нэг мэдэхэд бид хоёр салцгаасан ба Н яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
2. Шүүгдэгч Б.Н-ын хохирогчоор өгсөн “...М муу банди минь чи надаас дүү байн ш дээ, муу гуйлгачин пизда гэх мэтээр намайг хэл амаар доромжлоод эхэлсэн, тэгэхээр би Мт би ядарсан байж болно чамтай хэрэлдмээргүй байна гэж хэлэхэд шууд над дээр ирээд миний үснээс дарж байгаад намайг өшиглөөд өвдөглөөд байхаар нь би уурлаад түүний нүүр лүү гараараа цохисон. Тэгээд барьцалдаж аваад гадаа гарч зодолдож эхэлсэн ба би М-ын дээр гарч байгаад цээж дээр нь дараад сууж байтал М зүүн гараараа миний ар нуруунаас хурц үзүүртэй зүйлээр хатгах шиг болсон. Тэгэхээр нь би ёо ёо гэж хэлээд чи намайг хутгалчихлаа ш дээ гэхэд Б гүйж ирээд М-ын гараас татсан, тэр үед би Бийг цаашаа зайл гэж хэлээд М-ын нүүр ам руу нь гараараа 3-4 цохиж зодсон. Тэр үед М надаас салахгүй миний дээлийн энгэр заамнаас барьж миний футболкны захыг урж татаад намайг боох гэхээр нь би гарын тавиулах гэж газраас жижигхэн чулуу авч байгаад Мөнхөөгийн толгой руу хэд хэдэн удаа цохиход М миний хувцсыг тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
3. Гэрч М.Т-ийн “...нэг мэдэхэд Н.М болон Н /Н/ нар хоорондоо яг юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй гэр дотор тэр хоёр хоорондоо барьцалдаад Н М-ыг цохиод зодоод эхлэнгүүт Х ах бид хоёр салгасан. Тэгтэл тэр хоёр гадагшаа гарсан ба Н М-ыг цохиод зодоод байсан ба тухайн үед харанхуй байсан болохоор яг яаж цохисныг хараагүй. Нэг мэдэхэд Мын толгой, нүүр амнаас цус гараад толгойн хэд хэдэн газар язарч, баруун талын нүд нь хавдаж хөхөрсөн...”
“...Тэр хоёр гадна гараад бие биеэ зөрүүлээд цохиж байгаад газарт унаж ноцолдоод байсан нэг мэдэхэд Н, М-ын дээр сууж байгаад толгой, нүүр лүү цохиж байгаа харагдахаар нь болохгүй юм байна гэж бодоод би эхлээд цагдаад дуудлага өгье гэж бодоод Х ах, Б бид гурав дээшээ алхаж байтал Б буцаад Х ахын гэр лүү гүйгээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22, 23-25 дугаар хуудас/,
4. Гэрч М.Х-ын “...Тэр орой 19 цагийн үед эмнэлгийн дарга Б цус алдсан хүний дуудлага ирээд байна та очиж тусламж үйлчилгээ үзүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд жолооч Б-ийн хамт Улаан чулуут хороололд байдаг Х гэдэг хүний гэрт очиход зүс таних Т гэдэг хүн сууж байсан, мөн баруун талын нүд нь хөхөрч хавдсан, толгой, зүүн талын чихний чамархайн хэсгээс цус гарсан байдалтай 33 орчим настай Н овогтой М гэдэг залуу байсан. Тэр хүний толгойн хэд хэдэн газар язарч цус гоожиж байсан ба шарх нь гүн биш өнгөц байсан. Тэгээд тэр хүнийг сумын эрүүл мэндийн төвд авч ирж цус гарч байгаа хэсгийн цэвэрлэж шарханд анхны цэгцлэлт хийж 7-8 оёдол тавьж ариун боолт хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
5. Гэрч Х.Б-ийн “...Анх манай аавын гэрт М, Н хоёр зодолдож эхлэхдээ Н эхлээд гараараа түүний нүүр лүү цохиж, дараа нь босож ирээд хөлөөрөө М-ын нүүр лүү өшиглөсөн. Тэгээд тэр хоёр хоорондоо барьцалдаж байгаад авдрын хажууд унасан. Тэр үед аав Х тэр хоёрыг больцгоо гэхэд Н М-ын үснээс чирээд гэрийн гадна гарсан. ...намайг буцаж ирэхэд тэр хоёр өөрсдөө салаад М газарт доошоо харсан байдалтай хэвтэж байсан Н хажууд нь босоод зогсож байсан. Тухайн үед М-ын толгойноос нэлээн цус гарч байхаар нь би гэр лүү ороод 2 удаа шанагаар ус авч ирж М-ын толгой, нүүр лүү нь ус хийж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
6. Гэрч Р.М-ын “...2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр миний бие гэртээ байтал манай сумын Б.Н гэдэг залуу манай гэрт ирсэн ба тухайн үед согтуу байсан. Манай гэрт орж ирэхдээ хамар амнаас нь цус гоожсон футболк нь урагдаж цус болчихсон байдалтай байхаар нь би Ноос хэнтэй зодолдсон юм бэ? гэж асуухад Хгийн гэрт архи ууж байгаад М гэдэг залуутай зодолдлоо гэж хэлсэн. Тэгээд Н манай гэрт нүүр гараа угааж хувцсаа тайлахад цээж болон ар талын далныхаа доод хэсгээр хутгалуулсан шархтай байсан ба тэрнээс цус гоожиж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
7. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн “...Үзүүлэгч Н.М-н биед гэмтэл учирсан байна. Баруун зулайн хуйх, баруун хөмсөг, баруун чихний урд хэсэгт язарсан шарх, дух, хамар, баруун хацар, зүүн сарвууны ард зулгаралт, 2 нүдний дотно булан, зүүн чихний дэлбэн, зүүн хөхлөг сэртэнд цус хуралт, үүдэн дээд баруун 1 дүгээр шүдний сулрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Баруун зулайн хуйх, баруун хөмсөг, баруун чихний урд хэсэгт язарсан шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх 250 дугаартай дүгнэлт /хх-ийн 54-55 дугаар хуудас/,
8. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн “...Үзүүлэгч Б.Н-н биед гэмтэл учирсан байна. Цээжний баруун урд болон баруун ар хэсэгт хатгагдсан шарх, духны баруун хэсэгт зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байхыг үгүйсгэхгүй. Эдгэж буй гэмтлүүд байна. Цээжний баруун урд болон баруун ар хэсэгт хатгагдсан шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх 264 дугаартай дүгнэлт /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,
9. Шүүгдэгч Н.М-ын яллагдагчаар өгсөн “...Би Б.Н-той маргалдаж байхдаа түүнийг хутгалснаа хүлээн зөвшөөрч байна. Тэр хутга хар иштэй нарийн үзүүртэй хутга байсан ба Б.Н-той Хгийн гэрт маргалдаж байгаад гарахдаа хоолны тогооны хажуу талд байхад нь аваад гарсан. Тэгээд Н намайг дэгээдэж унагаагаад миний дээр гарч намайг цохих үед би зүүн гараараа түүний нуруу тус газар нэг удаа хутгалсан. Тэр үед Н миний дээр гарч байгаад миний толгой нүүр лүү цохиод зодоод байхаар нь түүний цээж хэсгээр нь удаа дүрээд авсан. Тэгээд тэр хутгаа би гараас алдсан юм. Тэгээд зодоон болж дууссаны дараа нүүрээ угааж байхад тухайн хутгыг газраас олж аваад Хгийн гэрт оруулж хоолны тавиурын тэнд тавьсан юм...” /хх-ийн 77-78 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,
10. Шүүгдэгч Б.Н-ын яллагдагчаар өгсөн “...Бид хоёр гадна гараад харилцан зодолдож би Мын нүүр лүү хэд хэдэн удаа гараараа цохисон. Бид хоёр хувцаснаас барьцалдахаар нь би Мыг унагааж доороо оруулаад дээр нь гараад суусан. М тэр үед миний доороос босох гээд тийчлээд байхаар би хөлд нь өөрийгөө цохиулахгүй гээд гараараа хөлийг хааж байтал гэнэт миний мөр лүү ямар нэгэн хатгах болж өвдсөн. Тэхээр намайг М хутгалчихлаа гэж бодоод газар тэмтрээд гарт таарсан чулууг авч Мын толгой, нүүр лүү чиглүүлээд хэд хэдэн удаа цохиод хаясан...” /хх-ийн 83-84 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Увс аймгийн Цагаанхайрхан сумын 4 дүгээр багийн нутагт дэвсгэрт 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр шүүгдэгч Н.М, Б.Н нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар харилцан зодолдох явцдаа, шүүгдэгч Н.М нь Б.Н-ын биед цээжний баруун урд болон баруун ар хэсэгт хатгагдсан шарх, духны баруун хэсэгт зулгаралт гэмтэл, шүүгдэгч Б.Н нь Н.М-ын биед баруун зулайн хуйх, баруун хөмсөг, баруун чихний урд хэсэгт язарсан шарх, дух, хамар, баруун хацар, зүүн сарвууны ард зулгаралт, 2 нүдний дотно булан, зүүн чихний дэлбэн, зүүн хөхлөг сэртэнд цус хуралт, үүдэн дээд баруун 1 дүгээр шүдний сулрал гэмтэл тус тус учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч Н.М-ын биед учирсан “баруун зулайн хуйх, баруун хөмсөг, баруун чихний урд хэсэгт язарсан шарх, дух, хамар, баруун хацар, зүүн сарвууны ард зулгаралт, 2 нүдний дотно булан, зүүн чихний дэлбэн, зүүн хөхлөг сэртэнд цус хуралт, үүдэн дээд баруун 1 дүгээр шүдний сулрал” гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна.
Хохирогч Б.Н-ын биед учирсан “цээжний баруун урд болон баруун ар хэсэгт хатгагдсан шарх, духны баруун хэсэгт зулгаралт” гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна.
Шүүгдэгч Б.Н, Н.М нар нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь тус бүртээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч Б.Н, Н.М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас Б.Н, Н.М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршгийн талаар баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч Н.М, Б.Н нар нь эвлэрч, хохирол, хор уршгийн талаар нэхэмжлэл гаргаагүй болох нь шүүгдэгч Н.М-ын хохирогчоор өгсөн “...Бид хоёр уулзаж хоорондоо учир зүйгээ олж эвлэрсэн. Би хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгосон. Би нэхэмжлэх хохирол гомдол байхгүй тул уг хэргийг хялбаршуулан хурдан шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 137 дугаар хуудас/, шүүгдэгч Н.Н-ын хохирогчоор өгсөн “...Би Н.М-тай зодолдсон биед нь гэмтэл учруулсан. Би хийсэн хэргээ хүлээх хариуцлагаа хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна. М-тай ярилцаж сайн дураараа эвлэрсэн. Надад хохирол гомдол байхгүй тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 138 дугаар хуудас/-ээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Н, Н.М нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Н.М, Б.Н нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.М, Б.Н нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.М-ын хувийн байдал тогтоосон гэрч Д.О /хх-ийн 41-42 дугаар хуудас/-ийн мэдүүлэг, гэрч Ж.М /хх-ийн 43-44 дүгээр хуудас/-ын мэдүүлэг, гэрч Б.Г /хх-ийн 45 дугаар хуудас/-ын мэдүүлэг, гэрч Д.Э /хх-ийн 46 дугаар хуудас/-ын мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Шүүгдэгч Н.М анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Н-ын хувийн байдал тогтоосон гэрч Б.Э /хх-ийн 47 дугаар хуудас/-ийн мэдүүлэг, гэрч Н.Ц /хх-ийн 48-49 дүгээр хуудас/-ын мэдүүлэг, гэрч Б.Ш /хх-ийн 50 дугаар хуудас/-ын мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Шүүгдэгч Б.Н урьд хоёр удаа ял шийтгүүлж байсан болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М, Б.Н нарт тус бүрт 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650’000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд тохирсон гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.М, Б.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т ургийн овогт Б-ын Н, Д ургийн овогт Н-гийн М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-т 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650’000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650’000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Н.М, Б.Н нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Шүүгдэгч Н.М, Б.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М, Б.Н нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА