| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2020/0079/э |
| Дугаар | 79 |
| Огноо | 2020-05-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 79
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б ургийн овогт Н-ийн А-т холбогдох 2035000000068 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн Б ургийн овогт Н-ийн А, 1991 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн 11-22 тоотод оршин суудаг, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 5 сар хорих ял шийтгэгдсэн, регистрийн дугаар:.............,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн 11-22 тоотод байрлах хашаандаа 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас өөрийн эхнэр М.Хтай маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2035000000068 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн болон эд мөрийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч М.Х-ын “...миний нөхөр Н.А манай гэрийн хаалгыг түлхээд онгойлгоход манай хүү Анхбаяр нь хаалга тулаад зогсчихсон байсан учраас хаалганд түлхэгдээд унаад уйлсан юм. Тэгтэл миний нөхөр Н.А цаанаас нь гэрийн хаалга түлхэж гарч ирээд миний хүү А-ыг гараараа толгой руу алгадаад унгаачихсан юм. Тэгэхээр нь би хог цэвэрлэж байсан учраас барьж явсан хогийн шүүрээ барьж гүйж очоод нөхөр А-ын нуруу луу би нэг удаа цохисон юм. Тэгтэл миний нөхөр А нь миний урдаас миний толгой руу хоёр гараараа цохиод авсан юм. ...надад уурлаад миний ам руу гараа хийгээд татахад миний амны дээд уруулын доторх хэсгийг хумсаараа урчихсан юм. Тэгээд тэнд байсан цэнхэр өнгийн модон сандал аваад миний толгой руу хэд хэдэн удаа цохиод авсан юм тэгээд бас уг модон сандлаар миний зүүн талын гар луу цохисон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
2. 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “...Үзүүлэгч М.Хын биед гэмтэл учирсан байна. Доод уруул, зүүн бугалга, шуунд цус хуралт, дээд, доод уруул, зүүн завж, зүүн шуунд зулгаралт, зүүн хацар, дээд уруулын зүүн хэсэгт, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Доод уруул, зүүн бугалга, шуунд цус хуралт, дээд, доод уруул, зүүн завж, зүүн шуунд зулгаралт, зүүн хацар, дээд уруулын зүүн хэсэгт, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нийлээд алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1.5-2% орчим талбайг хамаарч байгаа тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх шинжээчийн 278 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
3. Шүүгдэгч Н.А-ын яллагдагчаар өгсөн “...би уурлаад хүү А-ын толгой руу 2 удаа алгадаад, би хөлөөрөө жийж нэг удаа газарт унгасан. Тэр үед миний хүү А уйлахаар нь манай хашаан дотор хог цэвэрлэж байсан миний эхнэр М.Х гүйж ирээд намайг гартаа барьж байсан хогны шүүрээр миний нуруу орчим газарт нэг удаа цохисон юм. Тэгэхээр нь би уурлаад эхнэрийн толгой орчим газарт гараараа хоёр удаа цохисон юм. Тэгээд миний эхнэр М.Х намайг цагдаад өгнө гээд өөрийнхөө гар утсаар цагдаад дуудлага өгөхөөр нь би эхнэртэйгээ маргалдаж байгаад гэрийнхээ модон сандал аваад эхнэр М.Хыг хоёр удаа гар дээр нь биед нь цохичихсон юм. Тухайн үед би архи уусан согтуу, уурласан байсан учраас би эхнэр Х-ыг гараараа цохисон болон сандлаар биед нь өөр яаж зодож цохисноо бол сайн санахгүй байна... ” /хх-ийн 40-41 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримт болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүгдэгч Н.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн 11-22 тоотод байрлах хашаандаа 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүү А.А-ын биед халдсаны улмаас эхнэр М.Х-тай маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч М.Х-ын биед учирсан “доод уруул, зүүн бугалга, шуунд цус хуралт, дээд, доод уруул, зүүн завж, зүүн шуунд зулгаралт, зүүн хацар, дээд уруулын зүүн хэсэгт, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал” гэмтлүүд нь нийлээд алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1.5-2% орчим талбайг хамаарч байгаа тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна.
Шүүгдэгч Н.А нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Н.А-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч М.Х-ын “...Одоо миний биед өвдөж зовуурилж байгаа зүйл байхгүй. Би нөхөр Н.Ат ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Нөхөр Н.А бид хоёр эвлэрсэн, одоо гэртээ хамтдаа амьдарч байгаа...” /хх-ийн 16-17 дугаар хуудас/ гэж мэдүүлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Н.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч Д.Г /хх-ийн 18 дугаар хуудас/-ын мэдүүлэг, гэрч О.Б /хх-ийн 19 дүгээр хуудас/-ын мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Шүүгдэгч Н.А урьд ял шийтгүүлж байсан болох нь тогтоогдож байна.
Улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд тохирсон гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.А нь эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэдэг болох нь тогтоогдож байх тул түүний “торгох ялыг боломжит хугацаагаар буюу 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн модон сандал 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт Н-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Н.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон сандал 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шүүгдэгч Н.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА