| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2016/00428/И |
| Дугаар | 525 |
| Огноо | 2016-09-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 525
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1983 онд төрсөн, хувийн малаа малладаг, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг, Арслан цохионы 11-26 тоотод оршин суух Боржигон овгийн Дашнямын Ганбаатарын /РД:АГ83052236/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1972 онд төрсөн, хувиараа дугуй засвар ажиллуулдаг, Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багт оршин суух Хан-Өндөр овгийн Норовпүрэвийн Энхболдод /РД:АГ72101118/ холбогдох тээврийн хэрэгсэл эсвэл түүний үнэ 2.000.000 төгрөг гаргуулах тухай,
Н.Энхболдын сөрөг нэхэмжлэлтэй Д.Ганбаатарт холбогдох 2.180.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ганбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг, хариуцагч Н.Энхболд, хариуцагчийн өмгөөлөгч М.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ганбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Ганбаатар би Н.Энхболдоос 2015 оны 05 сарын 10-дын үеэр Ихтамир сумын Тайхар багийн Т-5-3 тоотод байх гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий 2 тал хашааг 2 сая төгрөгөөр худалдаж авахаар, мөн өөрийн эзэмшлийн прус-10 маркийн 56-13 АРХ улсын дугаартай автомашиныг Н.Энхболдод 3.000.000 төгрөгөөр худалдахаар тус тус тохирч Н.Энхболд надад 1 сая төгрөгийг өгөөд миний машиныг бүх бичиг баримттай нь аваад машинаа унаад явсан юм. Би Н.Энхболдоос хашааны газрын гэрчилгээг шилжүүлж өгөхийг удаа дараа шаардсан боловч өдий хүртэл гэрчилгээг шилжүүлж өгөхгүй байна. Би одоо өөр хашаатай болсон учраас Н.Энхболдоос өөрийн машинаа буцааж авах хүсэлттэй байна. Эсвэл миний машины үнэ 2.000.000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсч хүсэлт гаргаж байна. Н.Энхболд бид хоёрын хооронд машиныг худалдах худалдан авах гэрээ хийгдээгүй байгаа болно. Н.Энхболдоос машины үнэ болох 2.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Энхболд шүүхэд гаргасан тайлбартаа: Би Д.Ганбаатарт 2015 оны 05 сарын 13-нд Ихтамир сумын Тайхар багийн Т-5-3 тоотод байгаа гэр бүлийн хэрэгцээний зориулалтай хашааг 2 сая төгрөгөөр зарсан. Тэгээд Д.Ганбаатараас прусс-10 маркийн машин оролцуулан наймаа хийсэн. Би машиныг авч хашаан дээр нь 1 сая төгрөг өгсөн. Гэвч Д.Ганбаатар нь эвдэрч байсан машинаа өгөөд залилсан юм. Би машиныг 5 хоног унаж чадалгүй эвдэрсэн. Тэгээд Д.Ганбаатарыг машинаа янзалж өгөөч гэсэн. Аймагт прусс янзалдаг засвар байхгүй учир хот руу машин хөлсөлж ачиж явах болсон. Би Д.Ганбаатартай тохиролцож, Д.Ганбаатар мөнгө байхгүй нэг адуу өгье гэж надад хэлсэн. Би машинаа авч яваад 1.6 сая төгрөгөөр засч янзлуулж, 1.6 сая төгрөгөөр хохирсон юм. Хотод 23 хоног ажлаа алдан байж янзлуулсан. Д.Ганбаатараас 500.000 төгрөг авч хашааныхаа гэрчилгээг өгнө гэж тохирсон боловч Д.Ганбаатар тохиролцоондоо хүрэхгүй байгаа. Би Д.Ганбаатарт ямар ч өр байхгүй. Д.Ганбаатар надаас худалдаж авсан Т-5-3 тоот хашаандаа малынхаа хашаа хороог барьж суурьшин 2015 оны 10 сарын 25-нд хашаандаа бууж намаржиж, өвөлжин, хавар малаа төлүүлж аваад зусландаа буусан. Ингээд хашаагаа авчихаад 2 сая төгрөг нэхсэн учир би 2 сая төгрөг өгөх боломжгүй. Хашааныхаа гэрчилгээг шилжүүлж өгнө гэжээ.
Хариуцагч Н.Энхболд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Н.Энхболд би Д.Ганбаатараас 2015 оны 05 сарын 10-дын үеэр 56-13 АРХ улсын дугаартай прусс-10 маркийн авто машин худалдаж авсан. Машиныг худалдаж авахдаа Ихтамир сумын Тайхар багийн Т-03-05 тоот гэр бүлийн зориулалтын хашааг болон дээр нь 1.000.000 төгрөг бэлнээр өгч худалдаж авсан. Машинаа аваад 5 хонолгүй эвдэрсэн. Эвдэрсэн машиныг засуулж өг гэж Д.Ганбаатарт удаа дараа хэл хүргүүлж наймаа буцах тухай хэлсэн. Д.Ганбаатар надад та авч яваад засуулчих төлбөрийг би малаар тооцож өгнө гэж хэлсэн. Хот руу ачиж явж янзлуулахад надад доорхи зардал гарсан. Үүнд:
- Машины бүтэн будаг замаск хийлгэхэд-800.000 төгрөг, нийт машины эвдрэлд зориулж надаас 2.180.000 төгрөг зарцуулсан. Д.Ганбаатарт өгсөн миний хашааг бүтэн жилийн хугацаанд малаа хашиж өвөлжөө барьж гэр бүлийн зориулалтаар хэрэглэж анх байснаас өөрчилж хэрэглэсэн. Иймд би хашааг эргүүлж авч хэрэглэх хүсэлгүй байна. Д.Ганбаатартай хийсэн энэхүү наймааг одоо буцаах аргагүй болсныг харгалзан машины эвдрэлд гаргасан 2.180.000 төгрөгийг гаргуулан өгч намайг хохиролгүй болгох сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Д.Ганбаатар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Машины эвдрэлд нэхэмжилж байгаа 2.180.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.Энхболд миний машиныг надаас аваад гэр бүлээрээ /эхнэр, хүүхдүүдтэйгээ/ унаад явсан. Миний машин 5 хоногт эвдрэх машин байгаагүй. Иймд машины засварт нэхэмжилсэн 2.180.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй, харин Н.Энхболдоос машинаа юмуу эсвэл 2.000.000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Архангай аймгийн Ихтамир сумын Т-5-3 тоот хашааг худалдаж авахаар Н.Энхболд ахтай очиж уулзсан. Тэгэхэд Н.Энхболд ах миний авах гэж байсан хашааг зааж өгөхгүй, нилээд эргэлзэж байснаа ах нь сайн мэдэхгүй байна, хэд хоногоос ирэхээр чинь мэддэг болчихоод эзэнтэй нь уулзуулъя гэж хэлсэн. Би хэд хоног хөдөө яваад ирэхэд Н.Энхболд гуай өөрөө тухайн хашааг авчихсан, ахаасаа энэ хашааг авчих ах нь чиний машиныг энэ хашааг оролцуулаад авъя гэж хэлсэн. Би анхнаасаа тэр хашааг авах гэж байсан болохоор Н.Энхболд гуайгаас хашааг авахаар тохирсон. Хашааг худалдаж авахдаа бичгээр гэрээ хийсэн зүйл байхгүй. Надад тэр үед хашааг 2.000.000 төгрөгөөр үнэлж зарсан боловч Н.Энхболд ах тухайн хашааг өмнөх эзнээс нь 800.000 төгрөг, дээрээс нь нэг хонь өгөөд авчихсан байсан. Дараа нь энэ талаар мэдсэн. Наймаагаа хийж дууссаны дараа би Н.Энхболд ахаас хашааныхаа бичиг баримтыг шилжүүлж өгөөч гэж олон удаа гуйсан боловч шилжүүлж өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Манайх тус хашаанд 2015 оны 09 сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 сарын 20-ны өдөр хүртэл амьдарсан. Машины тухайд машины гэрчилгээ миний нэр дээр байсаар байхад Н.Энхболд ах Улаанбаатар хот руу аваачаад хүнд зарчихсан байсан. Намайг регистрийн дугаараа хэлээд өг гэж гуйгаад байхад нь би хэлж өгөөгүй. Миний нэр дээр байсан машиныг ямар аргаар яаж зарсныг би сайн мэдэхгүй байна. Ийм учраас би Н.Энхболдоос Prius-10 маркийн машинаа авах эсвэл машины үнэ 2.000.000 төгрөгийг авахаар нэхэмжилж байна. Би Н.Энхболд ахад машин засуулсны төлбөрт адуу өгье гэж хэлсэн удаа байхгүй. Хүмүүсийн ярьж байгаагаар Н.Энхболд ах машинтай согтуу явж байгаад гүнзгий гол руу орчихсон учраас машин нь эвдэрсэн гэж яриад байсан. Надад хот руу явж засварт өгнө, хэдэн төгрөгөөр засуулсан талаараа хэлж ярьсан удаагүй гэв.
Хариуцагч Н.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2.180.000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Ганбаатараас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Би 2015 оны 05 сарын 05-ны үеэр Д.Ганбаатартай энэ наймааг хийсэн. Д.Ганбаатар тухайн үед манай гадаа ирээд машинаа зарна авах хүн байгаа болов уу? гэхээр нь би хэдээр зарах гэж байгаа юм бэ? гэж асуухад 3.500.000 төгрөгөөр зарна гэж байсан. Би сонирхож үзээд надад бэлэн мөнгө байхгүй, хашаа оролцуулаад зарах боломжтой эсэхийг асуухад таны хашааг үзье, ямар газартай хашаа юм бэ? гээд манай хашааг очиж үзээд авахаар болж бид хоёр наймаагаа хийсэн. Би гэртээ хариад 1.000.000 төгрөгийг Д.Ганбаатарт тоолж өгч хашаагаа өгөхөөр тохиролцоод салсан. Манай хашаа урд талыг нь банзаар, хойд талыг нь шургаагаар барьсан хоёр тал миний өмчлөлийн хашаа байсан. Хашаа гэж яриад байгаа болохоос газартай хашаа. Энэхүү Ихтамир сумын Т-5-3 тоот хашаатай газар нь газрын албан дээр миний нэр байдаг. Тэгтэл наймаагаа хийгээд 5 хоноогүй байхад машин нь асахаа байсан. Машин авахаас өмнө Д.Ганбаатар бид хоёр аймгийн төв орох гээд Цагаан даваа хэтрээд явж байхад машин нь халаад хэсэг зогсож байсан. Тухайн үед надад акумлятор нь суугаад болохгүй байгаа тухайгаа хэлж байсан ч би наймаа хийхдээ анзааралгүй авсан. Тэгээд машин нь асахгүй эвдрэл гэмтлийг нь Архангай аймагт засдаггүй учраас шууд хот руу аваад явсан. Тухайн үед би Д.Ганбаатарт машин чинь асахаа байчихлаа уулзъя, одоо яах бэ? гэж хэлэхэд Д.Ганбаатар та өөрөө машинаа авч яваад янзлуулчих, янзлуулаад ирэхээр чинь би танд мөнгө өгч чадахгүй харин адуу өгье гэж хэлсэн. Би машинаа хот руу авч явж засуулчихаад удаагүй байтал дахиад эвдэрсэн. Тэгээд ойр ойрхон эвдрээд байсан. Машиндаа засвар хийлгэж байхад будаг замаск хийсэн засварын газрын эзэн машин сонирхоод байхаар нь Д.Ганбаатараас авсан машины мөнгөндөө дөнгөж хүргээд зарсан. Хашааны гэрчилгээг Д.Ганбаатар өөрийнхөө нэр дээр шилжүүлж авъя гэж надад хоёр гурван удаа хэлж байсан ч түүнээс авсан машин 5 хоноогүй эвдрээд засвар их орж, би хохирсон учраас надад адуу, эсвэл хургатай хонь өгнө гэснээрээ өгөх байх гэж бодоод хашааны гэрчилгээг шилжүүлээгүй хүлээсэн. Д.Ганбаатар надаас хашааг аваад өвөл нь тэр хашаанд малтайгаа өвөлжиж, хавар малаа төллүүлж, 6 сард хашаанаас гарсан. Хашаан дотор малын хашаа бариад өөрийн болгоод авчихсан байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Ганбаатар надад эвдэрч байсан машинаа л залилж өгсөн гэж бодож байна. Би машинтайгаа явж байгаад горхиор гарсан. Ус руу оруулсан удаа байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, зохигчийн тайлбарыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ганбаатар нь хариуцагч Н.Энхболдод холбогдуулан Prius-10 маркийн 56-13 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл эсхүл түүний үнэ 2.000.000 төгрөг гаргуулахаар, хариуцагч Н.Энхболд нь Д.Ганбаатараас 2.180.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдааны явцад хариуцагч Н.Энхболд нь нэхэмжлэгч Д.Ганбаатараас 2.180.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлээсээ татгалзжээ.
Нэхэмжлэгч Д.Ганбаатар нь Prius-10 маркийн 56-13 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 3.000.000 төгрөгөөр тооцон Н.Энхболдод шилжүүлж, хариуцагч Н.Энхболд Архангай аймгийн Ихтамир сумын Т-5-3 тоот газар дээр баригдсан хашааг 2.000.000 төгрөгөөр тооцон нэхэмжлэгч Д.Ганбаатарт шилжүүлж, үнийн зөрүүнд 1.000.000 төгрөгийг Д.Ганбаатарт өгсөн байх бөгөөд талууд харилцан шилжүүлсэн хөрөнгийн талаар болон харилцан солилцож байгаа хөрөнгийн үнийн зөрүүнд тооцож 1.000.000 төгрөг өгч авсан талаар маргаагүй, тэдний хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээ байгуулагдсан байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар арилжааны гэрээгээр арилжсан Prius-10 маркийн 56-13 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Архангай аймгийн Ихтамир сумын Т-5-3 тоот газар дээр баригдсан хашаа, солилцсон эд хөрөнгийн үнийн зөрүүнд тооцсон 1.000.000 төгрөгийг тус тус харилцан өмчлөлд шилжүүлсэн талаар маргаагүй.
Хариуцагч Н.Энхболд нь Архангай аймгийн Ихтамир сумын Т-5-3 тоот газар дээр баригдсан хашаа буюу үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Д.Ганбаатарт арилжааны гэрээгээр шилжүүлэхдээ бичгээр гэрээ байгуулаагүй нь талуудын тайлбараар тогтоогддог.
Арилжааны гэрээний аль нэг тал үл хөдлөх хөрөнгө арилжиж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1, 182 дугаар зүйлийн 182.1-д зааснаар гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх тусгай зохицуулалттай. Талууд Prius-10 маркийн 56-13 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг арилжих гэрээг амаар байгуулж болох боловч хариуцагч талаас солилцож буй Архангай аймгийн Ихтамир сумын Т-5-3 тоот газар дээр баригдсан хашааг өмчлөлд шилжүүлэхдээ хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн учир нэхэмжлэгч Д.Ганбаатар, хариуцагч Н.Энхболд нарын байгуулсан гэрээ арилжааны гэрээний зорилтыг бүрэн хангасан хэлцэл болж чадаагүй байна.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар нэхэмжлэгч Д.Ганбаатарын Prius-10 маркийн 56-13 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 3.000.000 төгрөгөөр тооцон Н.Энхболдод шилжүүлсэн, хариуцагч Н.Энхболдын Архангай аймгийн Ихтамир сумын Т-5-3 тоот газар дээр баригдсан хашааг 2.000.000 төгрөгөөр тооцон нэхэмжлэгч Д.Ганбаатарт шилжүүлсэн, үнийн зөрүүнд 1.000.000 төгрөгийг Д.Ганбаатарт шилжүүлсэн Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Хариуцагч Н.Энхболд нь нэхэмжлэгч Д.Ганбаатараас шилжүүлэн авсан Prius 10 маркийн 56-13 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдад худалдсан гэж тайлбарладаг.
Нэхэмжлэгч Д.Ганбаатар, хариуцагч Н.Энхболд нарын байгуулсан арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Ганбаатар нь хариуцагч Н.Энхболдод Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн Т-5-3 тоот газартай хашаа болон 1.000.000 төгрөгийг буцааж өгөх, хариуцагч Н.Энхболд нь нэхэмжлэгч Д.Ганбаатарт Prius 10 маркийн 56-13 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг буцааж өгөх, Prius 10 маркийн 56-13 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг буцааж өгөх боломжгүй бол 3.000.000 төгрөгийг буцааж өгөх үүрэгтэй.
Шүүх хуралдаанд хариуцагч Н.Энхболд нь нэхэмжлэгч Д.Ганбаатараас 2.180.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг нь Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн Т-5-3 тоот газар хэний өмчлөлд байгаа талаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд үзлэг хийх, уг газарт үзлэг хийх хүсэлтийг хэрэг хэлэлцэх шатанд гаргасан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл, ашиглалтын талаар талууд маргаагүй тул өмгөөлөгчийн энэ хүсэлтийг шүүх хангах шаардлагагүй гэж үзсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар нэхэмжлэгч Д.Ганбаатарын Prius 10 маркийн 56-13 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч Н.Энхболдод, хариуцагч Н.Энхболдын Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн Т-5-3 тоот газартай хашааг 1.000.000 төгрөгийн хамт нэхэмжлэгч Д.Ганбаатарт шилжүүлэхээр байгуулсан Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Ганбаатар нь хариуцагч Н.Энхболдод Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн Т-5-3 тоот газартай хашаа болон 1.000.000 төгрөгийг буцааж өгөх, хариуцагч Н.Энхболд нь нэхэмжлэгч Д.Ганбаатарт Prius 10 маркийн 56-13 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг буцааж өгөх, Prius 10 маркийн 56-13 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг буцааж өгөх боломжгүй бол 3.000.000 төгрөгийг буцааж өгсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Н.Энхболд 2.180.000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Ганбаатараас нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Хариуцагч Н.Энхболд нь сөрөг нэхэмжлэлийн талаар давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Ганбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөг, хариуцагч Н.Энхболдын сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49.190 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Н.Энхболдоос 640 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.
6. Зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА