| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2019/0080/Э |
| Дугаар | 77 |
| Огноо | 2019-04-11 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 77
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч Ц.Сувдаа,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Г , О.Энхсаруул,
Шүүгдэгч Ө.Г , А.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Сувдаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Г , А.Г нарт холбогдох 163/2019/0080/Э индекстэй, 1915001170052 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, аав, ээжийн хамт Хөвсгөл аймгийн ... оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт А.Г.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хотын ... оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Ө.Г.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.Г, А.Г нар нь /яллах дүгнэлтээр/ бүлэглэж, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын нутгаас иргэн Н.М ын бэлчээрт байсан үхэрнээс 1 тооны үхрийг хулгайлж, 1200000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Г өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугийн тал дээр маргахгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Г өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмшиж байна гэжээ.
1915001170052 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Н.М ын өгсөн: “...Би 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Булган аймгийн Гурванбулаг сумын 3 дугаар багийн нутаг “Долоон худаг” гэх газар бэлчээрээс 1 тооны үхрээ хулгайд алдсан юм. Би 2019 оны 03 дугаар сарын 05-ны орой 19 цагийн үед үхрээ бөөгнүүлээд гэрийнхээ гадаа авчирсан юм. Тэгээд өглөө босоод 09 цагийн үед малдаа яваад үхрээ бөөгнүүлэх гэтэл манай 1 тооны үхрийг махлаад толгойг нь ширэнд нь боогоод үлдээчихсэн байсан юм. ...Манай үхэр хүнд тийм амархан баригдаад байдаггүй. Би үхрийнхээ толгойг өвчиж үзэхэд буудсан байж болзошгүй сумны ором шиг зүйл байх шиг байсан. ...2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр үхрийнхээ махыг Улаанбаатар хотод зарж борлуулаад 630000 төгрөгөө бэлэн авсан юм. 03 дугаар сарын 08-ны орой Ө.Г , А.Г нар надад 570000 төгрөг бэлэн өгсөн. Би тэднээс 1200000 төгрөг авсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-45 тал/,
Гэрч Н.Н ын өгсөн: “...”Т.Королла” маркийн **-** УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх байгаа юм. Би уг тээврийн хэрэгслийг 2018 онд Ө.Г гэх хүнд зарсан юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 55 тал/,
Гэрч Б.Н ын өгсөн: “...Би иргэн Ө.Г ийн тээвэрлэж явсан үхрийн махыг хараагүй юм. Ө.Г гэдэг хүнийг “тодорхойлолт авах гэсэн юм” гээд орж ирэхээр нь хамгийн түрүүнд гарал үүслийн бичгийг нь шалгаж үзэхэд уг гарал үүслийн бичиг манай сумын малын эмч О , багийн Засаг дарга П.М нар гарын үсгээ зураад тамгаа дарчихсан байхаар нь би иргэн Ө.Г т тодорхойлолт бичиж өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 тал/,
Гэрч М.О ийн өгсөн: “...Би Ө.Г ийн 1 тооны үхрийг хараагүй. Ө.Г надад “би өөрийнхөө үхрийг авч яваа юм. Манай хэдэн тооны үхэр Н.Б ахын малд байдаг” гэхээр нь Ө.Г т гарал үүслийн гэрчилгээ бичиж өгсөн юм. Би Н.Б ын малд мал эмнэлгийн үйлчилгээ хийдэг юм. Би Ө.Г ийг өөрийнхөө малыг авч байна гэж бодсон юм. ...” гэх мэдүүлэг /хх ийн 59 тал/,
Гэрч П.М гийн өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ажил дээрээ сууж байхад Ө.Г орж ирээд “би 1 тооны үхэр аваад Улаанбаатар хот явах гэж байгаа юм” гэхээр нь би гарал үүслийн бичигт нь гарын үсэг зураад явуулсан юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 62 тал/,
Эд хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “...1 тооны тарга хүч сайтай нас гүйцсэн бүдүүн сувай үнээ 1200000 төгрөг ...” гэх үнэлгээ тогтоосон дүгнэлт /хх-ийн 65 тал/,
Шүүгдэгч Ө.Г ийн яллагдагчаар өгсөн: “... А.Г ийн rap утасруу залгаад би “Улаанбаатар хотруу явах гэж байна чамтай уулзах хэрэг байна” гэхэд Г “чи тэгвэл манай гэрт хүрээд ир” гэхээр нь би гэрт нь явж очоод Г т “надад мөнгөний хэрэг гараад байна, үхэр хулгай хийх гэсэн юм чи надтай явах уу” гэж асуутал Г “надад бас мөнгөний хэрэг байна цуг явья” гээд зөвшөөрсөн. ...Тэгээд явж байтал “Хараатын шил”-ийг даваад Гурванбулаг сумын ар талд засмал замын урд талд олон тооны үхэр байхаар нь би Г т “эндээс өөр үхэр таарахгүй байх, энэ үхрүүдээс нэгийг гаргаад аваад явья” гэж хэлсэн чинь Г зөвшөөрч бид хоёр орой харанхуй болохыг хүлээгээд тэнд байж байгаад шөнө 00 цагийн үед цагаан зүсмийн насыг сайн мэдэхгүй эр үхэр байсан. Эхлээд Г 2 удаа буудсан чинь үхээгүй болохоор нь би нэг удаа буудахад оноогүй дахин Г нэг удаа буудсан чинь уначихаар нь Г бид 2 тэр үхрийг янзлаад тэндээсээ шөнийн 04 цагийн үед махаа машин дотроо ачиж явж байгаад “Номын булаг” гэх газар өнгөрч явж байгаад замын хажуу хэсэгт үхэр гаргасан модон иштэй 2 хутгаа хаяад цааш явж байгаад Улаанбаатар хотын наана байдаг гурван замын уулзвар дээр цагдаад баригдсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/,
Шүүгдэгч А.Г ийн яллагдагчаар өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 13 цагийн үед манай гэрт Ө.Г өөрийн машинтайгаа ирээд намайг “хоёулаа Өвөрхангай аймаг явж барилгын ажил үзье, замаараа нэг үхэр аваад Улаанбаатар хотруу оруулаад зарж мөнгө болгоё” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн чинь Г “би яг явах үедээ гарал үүслийн гэрчилгээ болон бусад зүйлсийг аваад ирье” гэж ярилцаж манай гэрээс гараад явсан. Тэгээд 15 цагийн үед манай гэрт Г машинтайгаа ирээд бид хоёр Өвөрхангай явахаар манай гэрээс гараад явсан. Бид 2 замдаа гаргачих үхэр хараад явсан чинь гаргачих үхэр таарахгүй явж байтал Улаанбаатар хотруу явдаг засмал замын наана буюу хажууд машин эвдрээд бид 2 тэндээ хоноод маргааш өглөө нь машинаа засаад цааш Улаанбаатар хотруу чиглэлтэй засмал замаар үхэр хараад явсан. Тэгээд Гурванбулаг сумын харалдаа засмал зам дээр явж байтал замын урд талд олон тооны үхэр байхаар нь Г той “эндээс нэг үхэр авъя” гэж ярилцаад орой болохыг хүлээгээд шөнө 00 цагийн үед тэр үхэр дундаас хөөцөлдөж байгаад нэг цагаан зүсмийн үхэр сонгоод би эхлээд 2 удаа буудсан үхэхгүй болохоор нь Ө.Г нэг удаа буудсан чинь оноогүй юм шиг байсан. Дахиад би буудаад оноод үхрийг үхэхээр нь бид 2 янзалж өвчөөд махыг нь машиныхаа ар талын багаж хэсэгт хийгээд гэдэс толгой, шийрийг нь орхиод тэндээсээ шөнийн 04 цагийн үед Улаанбаатар хотруу Орхон аймаг, Дархан уул аймагруу салдаг гурван замын уулзвар дээр цагдаад баригдсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 78 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх 1-4/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 9/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-15/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 16/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 17-20/, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /21-24/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх 25-28/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 29/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 30/, малын гарал үүслийн гэрчилгээ, мал эмнэлэг, ариун цэврийн үйлчилгээний төлбөрийн хуудас /хх 33/, хэсгийн төлөөлөгч Б.Н ын тодорхойлолт /хх 34/, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хх 35/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх 37/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх 66-68, 74/, иргэний үнэмлэхний лавлагаа, хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх 80-84, 92-97, 100-124/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 85-86/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 63 тал/, хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх 138-139/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, прокурорын тогтоол /хх 143-145/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ө.Г , А.Г нар нь бүлэглэж, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт иргэн Н.М ын бэлчээрт байсан үхрээс цагаан зүсмийн сувай үнээг буудан алж, захиран зарцуулах боломжийг олж авсан үйлдлээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн улмаас 1200000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруу нотлогдож байх бөгөөд хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүгүй, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна.
“Мал хулгайлах” гэмт хэрэгт бусдын малыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь мал /хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ/ байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдана.
Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байх учир шүүгдэгч А.Г , Ө.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь өөрсдийн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Н.М нь алдсан үхрийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнийн дүнгээр буюу 1200000 төгрөгийг хохиролд авч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн ...” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн ...” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон болно.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж гэм хорыг арилгасан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, галт зэвсэг өмчлөх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч А.Г , Ө.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах зүйтэй байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн марк нь тодорхойгүй галт зэвсэг 1 ширхэг, марк нь тодорхойгүй сум 7 ширхэгийг Цагдаагийн байгууллагад шилжүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан хөх өнгийн асаагуур, хонгио тус бүр нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ болон хохирол төлөгдсөн нөхцөл байдлыг харгалзан **-** УНЯ улсын дугаартай, шаргал өнгийн “Toyota Corolla” маркийн тээврийн хэрэгсэл, IPhone маркийн гар утас, хар хөх өнгийн NOKIO маркийн гар утас, тээврийн хэрэгслийн AR:******** дугаартай гэрчилгээ, TA:******** дугаартай албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ зэргийг өмчлөгч, эзэмшигчид нь тус тус буцаан олгохоор шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт А.Г , Х овогт Ө.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч А.Г , Ө.Г нарыг тус тус 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, галт зэвсэг өмчлөх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тэнссэн хугацаанд шүүгдэгч А.Г , Ө.Г нарыг шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгааарлалтыг зөрчсөн, түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч нарт тус тус сануулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан марк нь тодорхойгүй галт зэвсэг 1 ширхэг, марк нь тодорхойгүй сум 7 ширхэгийг Цагдаагийн газарт шилжүүлж, хөх өнгийн асаагуур, хонгио тус бүр нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн **-** УНЯ улсын дугаартай, цагаан шаргал өнгийн “Toyota Corolla” маркийн тээврийн хэрэгсэл, IPhone маркийн гар утас, тээврийн хэрэгслийн AR:******** дугаартай гэрчилгээ, TA:******** дугаартай албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ тус бүр 1 ширхэгийг шүүгдэгч Ө.Г тод, хар хөх өнгийн NOKIO маркийн гар утсыг шүүгдэгч А.Г тод тус тус буцаан олгож, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах М.Баасандоржид даалгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г , Ө.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Г , Ө.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД