| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2020/0060/э |
| Дугаар | 72 |
| Огноо | 2020-04-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 72
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш ургийн овогт Ц-ын А-д холбогдох 2035000000059 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн Ш ургийн овогт Ц-ын А, 1988 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 115 дугаар байр 32 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар .......,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.А нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг 115 дугаар байрны 32 тоотод байрлах гэртээ 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 3 дугаар сарын 31-нд шилжих шөнө өөрийн нөхөр Б.Б-тай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний баруун гарын шуу хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 203500000059 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн болон эд мөрийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Б.Б-ын “...би даралтын эм уух гэж байтал эхнэр надаас “урьд нь зүгээр байсан хүн даралтын эмийг өдөр болгон уудаг юм уу” гэж асуухаар би яаж мэддэг юм бэ? тэр эмчээс асуу гэж хэлсэн. Үүнээс болж бид хоёр хоорондоо ам зөрсөн зүйл ярьж эхэлсэн. Эхнэр надаас хэрэгтэй, хэрэггүй зүйл асуугаад шалгаагаад байхаар нь би уурлаад буйдангийн дэр аваад эхнэр лүү шидсэн. Уг дэр эхнэрийн биед хүрч цохигдсон үгүйг нь сайн харж чадаагүй. Тухайн үед эхнэр гал тогооны хэсэгт байсан тул тэндээсээ хутга аваад над руу явахаар нь би тоохгүй намайг айлгах гэж байгаа юм гэж бодсон. Эхнэр ч над руу хүрээд ирсэн ба уг хутга миний баруун гарт хүрэх шиг болж уг хэсгээс цус гарахаар нь би цусаа тогтоож дараад нойлын өрөөнд орж цусаа алчуураар дарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
2. Гэрч Ц.Э-ийн “...Би эгчийн хүүхэдтэй унтлагын өрөөнд орсон. Харин эгч нөхөртэйгөө зочны өрөөнд унтахаар үлдсэн. Би эгчийн хүүхэдтэй цуг утас оролдоод байж байтал хэрэлдэж маргалдах шиг чимээ гарсан боловч таг болсон. Удалгүй эгч унтлагын өрөөнд уурлаж бухимдсан байдалтай орж ирээд гар утас аваад цагдаа руу ярих шиг болсон. Тэр үед хүргэн ах гараа барьчихсан. Гарнаас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
3. 2020 оны 4 дүгээр сарын 01-ны өдрийн “...Үзүүлэгч Б.Б-ын биед гэмтэл учирсан байна. Баруун бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Баруун бугалганд шарх, цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх шинжээчийн 243 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
4. Шүүгдэгч Ц.А-ын яллагдагчаар өгсөн “...Нөхөр бид хоёр зочны өрөөнд маргалдах явцдаа буйдангийн дэр аваад над руу шидсэн чинь уг дэр нь дуков дээр цохигдсон. Дараагийн дэрийг аваад над руу шидсэн чинь миний мөр, толгойны хэсэгт цохигдсон. Үүнд миний уур маш их хүрч гал тогооны дээр ил байсан бор иштэй хутгыг аваад нөхөр лүү очоод нөхөр лүү чиглүүлээд чичтэл гарт нь хүрэх шиг болсон. Тэгээд нөхрийг хартал гарнаас нь цус гарч байсан. Нөхрийн гарнаас гарсан цусыг хараад би айсандаа нөгөө хутгыг талх баригчийн ард нуугаад хүүхдийн байсан өрөө рүү орж утас аваад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... ” /хх-ийн 42-43 дугаар хуудас/ гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримт болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүгдэгч Ц.А нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг 115 дугаар байрны 32 тоотод байрлах гэртээ 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 3 дугаар сарын 31-нд шилжих шөнө өөрийн нөхөр Б.Б-тай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа түүний баруун гарын шуу хэсэгт нь хутгалж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.А нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Ц.А-ын хохирогч Б.Б-ыг хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч Б.Б “...Надад учирсан хохирол байхгүй тул нэхэмжлэх зүйл байхгүй. ...Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй, гомдох гомдолгүй тул хэргийн хурдан шийдэж өгмөөр байна...” /хх-ийн 14 дүгээр хуудас/ гэж мэдүүлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ц.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч О.О /хх-ийн 16 дугаар хуудас/-ын мэдүүлэг, гэрч Ц.А /хх-ийн 17 дугаар хуудас/-ын мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Шүүгдэгч Ц.А анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд тохирсон гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш ургийн овогт Ц-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан Ц.А нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Ялтан Ц.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.А-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА