| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2016/00444/И |
| Дугаар | 529 |
| Огноо | 2016-09-30 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 529
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ч.Жаргалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1975 онд төрсөн, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газарт боловсрол соёл хариуцсан түшмэл ажилтай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг, 6-36-р байр, 3-р орц 28 тоотод оршин суух Тайжууд овгийн Содномдаржаагийн Хорлоосүрэн /РД:АЗ75010601/,
Нэхэмжлэгч: 1972 онд төрсөн, Архангай аймгийн Засаг даргын тамгын газарт өмчийн дарга ажилтай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг, 6-36-р байр 28 тоотод оршин суух Харжалга овгийн Халтарын Ганхуяг /РД:АЗ72051619/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1988 онд төрсөн, ажилгүй, Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, Эко 06-06 тоотод оршин суух Хатгин овгийн Цэрэндэндэвийн Батзоригт /РД:АЮ88030914/ холбогдох
Мэдээ тараасан Arkhangai.mn сайтаар дамжуулан уучлалт гуйлгуулж, нэр төр сэргээлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Ганхуяг, С.Хорлоосүрэн, хариуцагчийн төлөөлөгч Г.Энхбаяр, иргэдийн төлөөлөгч Г.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Ганхуяг, С.Хорлоосүрэн нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иргэн миний бие болон гэр бүлийн маань хүнийг санаатайгаар гүтгэж доромжилсон мэдээллийг иргэн Ц.Батзориг нь 15000 хэрэглэгч бүхий өөрийн эзэмшдэг вэб хуудас болох Архангай.мн /Arkhangai.mn/ сайтдаа олон цагаар байршуулж, олон нийтэд цацаж 2-ын 2 хүний нэр төрд халдсан. Тухайн мэдээллээс үүдэн бидний нэр төр, сэтгэл санаа, эрүүл мэнд, цаашлаад удам судрын асуудалд ч цөв суух хэмжээний /нүдэнд харагдаж гарт баригдахгүй ч/ хохирол амссан. Иймд миний болон гэр бүлийн хүний маань нэр төрийг сэргээж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Батзориг шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Х.Ганхуяг, С.Хорлоосүрэн нар нь Ц.Батзориг миний биед 2016 оны 05-р сарын 18-ны өдөр хуурамч Facebook хаягнаас миний гэр бүлийн хүнийг маань гүжирдсэн доромжилсон мэдээллийг Архангай.мн дээр байршуулсан гэх гомдол Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Иймд би мэдээлэл цацаагүй бөгөөд миний бие энэхүү гомдолтой санал нийлэхгүй байгаа тул уг асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэжээ.
Нэхэмжлэгч С.Хорлоосүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Батмөнх даян гэдэг хуурамч хаягнаас Arkhangai.mn дээр биднийг доромжилсон мэдээллийг постолсон байсан. Энэ талаар өмнө нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж шалгуулж байсан. Прокурорын тогтоолд энэ хэрэг Ц.Батзоригт хамааралгүй гэж дурьдаагүй, хуурамч аккаунтыг илрүүлэх боломжгүй. Монгол Улсын хэмжээнд цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй холбоо барихад төв нь Америкийн нэгдсэн улсад байдаг учраас илрүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Arkhangai.mn 15560 хэрэглэгчтэй вэб хуудас байсан. Гэтэл одоо бол public group болгож өөрчилсөн байсан. Ц.Батзориг нь Arkhangai.mn-ийн админ. Ц.Батзоригийг биднийг доромжилсон мэдээллийг улс төрийн санаа зорилготой байршуулсан гэж үзэж байгаа учир түүнд холбогдуулж нэхэмжлэл гаргасан. 2012-2016 онд Ардчилсан нам засаг барьж байх үед Ц.Батзориг манай нөхрийн ажлын байранд очно гэсэн санаатай байсан. Тэгээд Ц.Батзориг манай нөхрийг ажлаа хүлээлгэж өг гэсэн шаардлагыг тавьж өрөөнд нь олон удаа дайрч орж байсан. Сүүлдээ энэ улс төрийн асуудал нь манай нөхрийг дарамт шахалтанд оруулж, ялгаварлан гадуурхаж, улмаар даамжирч бидний нэр, төр, удам сударт халдсан мэдээллийг 15560 хэрэглэгчтэй Arkhangai.mn гэдэг сайт дээр байршуулсан байна. Тийм учраас Ц.Батзориг зохих хариуцлагаа хүлээх ёстой. Хэдийгээр хуурамч фэйсбүүк хаягнаас Arkhangai.mn сайт дээр постолж тавьсан ч гэсэн тухайн мэдээллийг С.Батзориг блоклох, хаах тохиргоо хийх, утсанд мэдээлэл ирэх зэрэг боломжуудаар хязгаарлаж болох байсан. Фэйсбүүк хэрэглэгчдийн эрхийг хязгаарлаж болохгүй ч гэсэн 15560 хэрэглэгчдийг эгнээндээ нэгтгэж байгаагийн хувьд зохих хариуцлага тооцохыг группын зүгээс анхааруулах хэрэгтэй. Үндсэн хуульд заасан хүний нэр, төр, алдар хүндийг хүндэтгэх ёстой гэсэн зүйл заалт байдаг. Интернэт сошиал ертөнцөд ямар ч мэдээлэл маш хурдацтай тархдаг. Ямар нэгэн байдлаар доромжлуулж, гүтгүүлсэн хүмүүс за яахав гээд өнгөрөөдөг. Гэтэл бидний хувьд амьдарч байгаа аймаг маань жижигхэн, бидний найз нөхөд гэх мэт хүмүүс тэр даруй мэдчихсэн байсан. Манай хүүхэд хүртэл тэр мэдээллийг харчихсан байсан. Миний хувьд бидний фото зураг, хөрөг зургийг ашиглаж мэдээлэл оруулсныг найз нөхдийн холбоотой, Ардчилсан намын хэсэг бүлэг хүмүүс манай нөхрийн ажлыг авах зорилгоор зохион байгуулалттай оруулсан гэж бодож байгаа. Ц.Батзориг энэ мэдээллийг мэдэхгүй биш, хоорондоо ярилцаж тохиролцож байгаад оруулсан мэдээлэл гэж үзэж байна. Тийм учраас бидний нэр төрийг гүжирдэж, дормжилсон мэдээлэл тавигдсан Arkhangai.mn сайтаар дамжуулж биднээс уучлалт хүссэн мэдээллийг оруулах хүсэлттэй байна гэв.
Нэхэмжлэгч Х.Ганхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Үндсэн хуульд хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүрэгтэй гэж заасан байдаг. Ц.Батзориг биднийг гүтгэн, доромжилсон мэдээллийг Arkhangai.mn дээр тавиагүй ч гэсэн энэ сайтын админ гэдэг утгаараа блоклож болох байсан. Аливаа сонины редакци хүний нэр төрд халдсан мэдээлэл гаргасан бол тухайн сониноороо дамжуулан уучлалт гуйдагтай адил үндэслэлгүй мэдээлэл тавьсан учраас тухайн сайтаар дамжуулж албан ёсны уучлалт гуйлгаж, нэр төрөө сэргээлгэх хүсэлттэй байна. Сайт, групп хоёр нь хоёр өөр ойлголт. Сайт нь харилцаа холбооны зохицуулах газраас албан ёсны эрхээ авчихдаг учраас хариуцлагаа хүлээдэг. Биднийг доромжилсон мэдээлэл тавигдсан групп нь албан ёсны эрхээ аваагүй учраас албан ёсоор харилцаж болохгүй байна. Админ Ц.Батзориг энэ группыг удирдан зохион байгуулж ажиллуулж байгаагийнхаа хувьд биднээс уучлалт гуйх ёстой. Бидний нэр, төрийг гутаасан мэдээлэл Arkhangai.mn-д өдрийн 14 цагт тавигдсаныг мэдэж байсан хирнээ оройн 18 цагт уг мэдээллийг авсан гэдэг. Яагаад мэдээллийг оруулсан даруйд нь авч болоогүй юм. Тийм учраас Arkhangai.mn-ээр дамжуулж бидний нэр төрийг сэргээлгэхээр уучлалт гуйлгах нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Г.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Батзориг “иргэн С.Хорлоосүрэн, Х.Ганхуяг нарын нэр төрийг гутаан доромжлох мэдээллийг Arkhangai.mn-д тавиагүй, ямар нэгэн ташаа мэдээлэл тавьсан хүмүүсийн өмнөөс хариуцлага хүлээнэ гэж энэ группыг нээгээгүй. Тийм учраас энэ мэдээллийг хариуцахгүй” гэсэн тайлбар өгдөг. Нэхэмжлэгч талаас тайлбарлахдаа тухайн мэдээлэл өдрийн 14 цагт тавигдаад орой 18 цагт авсан гэж байна. Гэтэл Ц.Батзориг тухайн мэдээллийг мэдсэн даруйдаа устгасан гэдэг. Ц.Батзориг Arkhangai.mn сайтын 15000 гаран хэрэглэгчдийн мэдээлэл болгоныг хянах боломжгүй. Хэрэглэгчээс ямар нэгэн мэдээлэл ирж байгаа нь өөрт нь мэдэгдэлгүйгээр орж байдаг. Энэ группэд элсэж байгаа хэрэглэгч админаас зөвшөөрөл авдаггүй ханддаг. Нэр төрд нь халдсан гэж Ц.Батзоригийг эрүүгийн хэрэг үүсгэхээр шалгуулсан байдаг. Энэ хэрэгт ганцхан Ц.Батзоригийг хардаагүй, өөр бусад 3 хүмүүсийг хардсан юм билээ. Одоогийн энэ байдлаас дүгнэхэд Ц.Батзоригийг энэ группыг нээж ажиллуулж байгаагийн хувьд хариуцлага тооцуулах гээд байгаа байдал харагдаж байна. Тийм учраас Ц.Батзоригт хариуцлага тооцох эрх зүйн үндэслэл байхгүй байна. Вэб сайт бол мэдээлэл дамжуулах хэрэгсэл. Ц.Батзоригийн хувьд иргэдийн тавьсан мэдээллийг дэлхий нийтэд нээлттэй байж орон нутгийн мэдээллээ цацъя гэж ажилладаг. Тус сайтыг нээхдээ бие биедээ хүндэтгэлтэй хандъя гэсэн санамж бичсэн байсан. Нэхэмжлэгч нар Ц.Батзоригийг улс төрийн холбоотой мэдээлэл оруулж байна гэж байгаа боловч үүнийгээ нотлох баримтаар нотолж чадахгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд зохигчийн тайлбарыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Ганхуяг, С.Хорлоосүрэн нарын хариуцагч Ц.Батзоригт холбогдуулан мэдээ тараасан Arkhangai.mn сайтаар дамжуулан уучлалт гуйлгуулж, нэр төр сэргээлгэхээр гаргасан нэхэмжлэлийг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:
Нэхэмжлэгч нар өөрсдийнх нь нэр төрийг гутаасан мэдээллийг 2016 оны 05 сарын 18-ны өдрийн 14 цагийн үед Batnonh Dayn гэсэн цахим хаягнаас Arkhangai.mn гэсэн цахим хаяг руу илгээж байршуулсныг Arkhangai.mn цахим хаягийг хариуцдаг С.Батзориг 18 цаг хүртэл устгаагүй гэсэн үндэслэлээр хариуцагч С.Батзоригт холбогдуулан нэр төр сэргээлгэх, Arkhangai.mn сайтаар дамжуулан уучлалт гуйлгуулах шаардлага гаргаж нэхэмжлэгч Х.Ганхуяг “Ц.Батзориг нь биднийг гүтгэн, доромжилсон мэдээллийг Arkhangai.mn сайтад тавиагүй ч гэсэн энэ сайтын админ гэдэг утгаараа мэдээллийг олон нийтэд цацагдахаас өмнө блоклож болох байсан” гэсэн, нэхэмжлэгч С.Хорлоосүрэн “Батмөнх даян гэдэг хуурамч хаягнаас Arkhangai.mn дээр биднийг доромжилсон мэдээллийг постолсон байсан. Хэдийгээр мэдээллийг хуурамч фэйсбүүк хаягнаас Arkhangai.mn сайт дээр постлож тавьсан ч гэсэн Ц.Батзориг тухайн мэдээллийг блоклох, хаах тохиргоо хийх, утсанд мэдээлэл ирэх зэрэг боломжуудаар хязгаарлаж болох байсан” гэсэн тайлбарыг тус тус гаргаж байна.
Хариуцагч ч Ц.Батзориг “би мэдээлэл цацаагүй” гэж тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөггүй.
Хариуцагч Ц.Батзориг нь Arkhangai.mn цахим хаягт нэхэмжлэгч нарын талаарх мэдээллийг анх байршуулаагүй, харин Arkhangai.mn цахим хаяг руу Batnonh Dayn гэсэн цахим хаягнаас уг мэдээллийг оруулж байршуулсан нь нэхэмжлэгч Х.Ганхуяг, С.Хорлоосүрэн нарын тайлбар, тэдний цахим хаягнаас хэвлэн шүүхэд гаргаж өгсөн хавтаст хэргийн 17-р талд авагдсан нотлох баримтаар тогтоогддог.
Нэхэмжлэгч Х.Ганхуяг, С.Хорлоосүрэн нарыг гүтгэж доромжилсон гэх мэдээллийг www.arkhangai.mn цахим хаягт хариуцагч С.Батзориг байршуулж, нэхэмжлэгч нарын нэр төрийг гутаасан мэдээ тараасан гэм буруутай болох нь нотлох баримтаар нотлогдохгүй байх тул хариуцагч С.Батзориг нь эдийн бус гэм хорыг арилгах үүрэг хүлээхгүй.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2-т зааснаар С.Хорлоосүрэн, Х.Ганхуяг нарын нэхэмжлэлтэй, Ц.Батзоригт холбогдох мэдээ тараасан Arkhangai.mn сайтаар дамжуулан уучлалт гуйлгуулж, нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2-т зааснаар нэхэмжлэгч С.Хорлоосүрэн, Х.Ганхуяг нарын нэхэмжлэлтэй, Ц.Батзоригт холбогдох мэдээ тараасан Arkhangai.mn сайтаар дамжуулан уучлалт гуйлгуулж, нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Хорлоосүрэн, Х.Ганхуяг нарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.
3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН
Ч.ЖАРГАЛАН