Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 531

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1964 онд төрсөн, хувийн малаа малладаг, Архангай аймгийн Батцэнгэл сумын 1 дүгээр багт оршин суух Хар хиргис овгийн Дугарын Түмэнжаргалын  /РД:ИБ64032109/ хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Түмэнжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Түмэнжаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Завхан аймгийн архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр мөн онгорхой жилүүдэд төрсөн тул хүүхдийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудыг үндэслэн 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд малчнаар ажилласан хугацааг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Д.Түмэнжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 16 настайгаасаа нэгдлийн гишүүн болж, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1992 он хүртэл Завхан аймгийн Баян тэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтрийн тамга нь зөрчилтэй байна гэсэн. Би Завхан аймгийн Баян тэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлээс өөр газар ажиллаж байгаагүй. Иймд намайг Завхан аймгийн Баян тэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд малчинаар 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Түмэнжаргал нь 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Баян тэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1. Д.Түмэнжаргал нь 1980-1990 онд Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн Нисэг бригадад мал маллаж байсан үеийн хөдөлмөрийн хөлсийг он тус бүрийн 70-р дансанд тусгагдсанаар жагсаавал:

1981 онд 2140,33 төг, 1-12-р сар, хуу № үгүй /өөрийн нэрээр/

1982 онд 1690,65 төг, 1-12-р сар, хуу №24 –“- -“ –

1986 онд 1523,80 төг, 1-12-р сар, хуу №14 – “ ---“ -

1987 онд 464,52 төг, 1-5, 8, 9, 11, 12-р сар, хуу № -“- -“-

1988 онд 742,72 төг, 4, 8, 11-р сар, хуу №47 –“- -“-

1989 онд 281,0 төг, 4, 12-р сар, хуу № үгүй, суурийн ахлагч Оюунбаатар

1990 онд 388,48 төг, 10-12-р сар, хуу №72 – “ - - “ –

ЗАТА Ф №108, Хн №70-р данс

Жич: Дээрх нэгдлийн 1980, 1984 онуудын баримтанд холбогдох баримт олдохгүй, 1985 оны 70-р данс шилжигдэн ирээгүй байна гэсэн Завхан аймгийн Архивын тасгийн 2016 оны 09 сарын 20-ны өдрийн А/701 тоот архивын лавлагаа,

2. Хүүхдийн эцгийн нэр Г.Оюунбаатар, эхийн нэр Д.Түмэнжаргал гэсэн О.Сэнгэдоржийг 1984 оны 03 сарын 28-ны өдөр төрснийг бүртгэсэн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

3. Хүүхдийн эцгийн нэр Г.Оюунбаатар, эхийн нэр Д.Түмэнжаргал гэсэн О.Бибишийг 1985 оны 06 сарын 11-ний өдөр төрснийг бүртгэсэн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

4. Хүүхдийн эцгийн нэр Г.Оюунбаатар, эхийн нэр Д.Түмэнжаргал гэсэн О.Энэбишийг 1985 оны 06 сарын 11-ний өдөр төрснийг бүртгэсэн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

5. Гэрч М.Оюунцэцэгийн: “Би Завхан аймгийнх, 2002 онд Архангай аймагт шилжиж ирж амьдарсан. Би 4-р анги төгсөөд Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд ээж, аавын хамт мал маллаж байгаад 18 наснаасаа гэр бүл болж нэгдлийн мал авч малчнаар ажиллаж, уг ажлаа Дэлгэрэх-Амьдрал нэгдлийг хувьчлагдах хүртэл хийсэн. Би Д.Түмэнжаргалыг Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд хэзээнээс ажиллаж эхэлснийг нь сайн санахгүй байна. 1981 оны үед л ажиллаж эхэлсэн байх. Намайг Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байх хугацаанд Д.Түмэнжаргал ч мөн адил тус нэгдэлд мал маллаж нэгдлийг хувьчлагдтал ажиллаж байсныг мэднэ. Би Д.Түмэнжаргалын том охин Сэнгэнжавыг эх барьж авч байсан. Тухайн үед Д.Түмэнжаргал Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд малчнаар ажилладаг байсан” гэх мэдүүлэг,

6. Гэрч Ү.Сэрээтэрийн: “Би 1970 оноос 1973 оны хооронд цэргийн алба хааж, 1974 оноос Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд 1979 он хүртэл мал тууж, 1980 оноос эхлэн Д.Түмэнжаргалтай хамт Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд Бэрх гэх газар тус нэгдлийг хувьчлагдах хүртэл малчнаар ажилласан. Манайх Түмэнжаргалын аав Дугар гуайхтай 10 гаруй жил хамт айл саахалт байсан. Д.Түмэнжаргал нь ээжийн хамт мал маллаж байгаад дараа нь хүнтэй суусан. Би Д.Түмэнжаргалын аавынхтай олон жил айл саахалт явж, Д.Түмэнжаргалтай хамт Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд мал малласан. Д.Түмэнжаргалтай 1980 оноос эхлэн Дэлгэрэх-Амьдрал нэгдэл хувьчлагдах хүртэл хамт ажиллаж байсан учраас Д.Түмэнжаргалыг Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд 1980 оноос эхлэн тус нэгдлийг хувьчлагдах хүртэл малчин байсныг мэднэ” гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Шүүх хүсэлт гаргагч Д.Түмэнжаргалын хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан Ү.Сэрээтэр, М.Оюунцэцэг нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг, мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.  

Мөн хэрэгт эх хувиараа авагдсан архивын лавлагаа, төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт бөгөөд Д.Түмэнжаргалын Завхан аймгийн Баян тэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь Завхан аймгийн Архивын тасгийн 2016 оны 09 сарын 20-ны өдрийн А/701 тоот архивын лавлагаа, гэрч Ү.Сэрээтэр, М.Оюунцэцэг нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэрчүүд хүсэлт гаргагч Д.Түмэнжаргалыг Завхан аймгийн Баян тэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд 1980 оны хэдэн сард ажилд орсныг болон хэзээ ажлаас гарсныг тодорхой мэдүүлээгүй, түүнчлэн хэрэгт хүсэлт гаргагчийн ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн сар, өдрийг тодорхойлох бичгийн баримт авагдаагүй боловч хүсэлт гаргагчийн “Би 16 настайгаасаа нэгдлийн гишүүн болж, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1992 он хүртэл Завхан аймгийн Баян тэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан” гэх тайлбар, 1990 онд авч байсан цалинг тэмдэглэсэн архивын лавлагааг үндэслэн Д.Түмэнжаргалыг Завхан аймгийн Баян тэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд малчнаар 1980 оны 01 сарын 01-ний өдөр ажилд орж, 1990 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажилласан гэж үзлээ.

Иймд Д.Түмэнжаргалын Завхан аймгийн Баян тэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд малчнаар 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хар хиргис овогт Дугарын Түмэнжаргалыг Завхан аймгийн Баян тэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд малчнаар 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.

 

           3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.БАЙГАЛМАА