Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 107

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга С.Гончигбал,

улсын яллагч Ц. Гэрэлбаатар,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ц.Гэрэлбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн 1915001780106 дугаартай, 163/2019/0109/Э индекстэй хэргийг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Б аймгийн С суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хойд аав, ээж, ах, бэр эгч нарын хамт Б аймгийн С сумын 3 дугаар багт оршин суух, урьд Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 20 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хорих ял,

Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 143 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар 5 жил, 6 сар, 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж,

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 137 тоот магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 4 сар, 1 хоногийн хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэж, цагдан хоригдсон 556 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож суллахаар шийдвэрлэсэн, Д овогт Б-ын Э.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ 2019 оны 04 дүгээр сарын 14-нээс 15-нд шилжих шөнө Б аймгийн Бсумын 5 дугаар багийн нутаг “Х” зоогийн газрын хашаанд байх иргэн С.Б-ийн амбаараас унадаг дугуй хулгайлан авч 200000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э-иийн  өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

1915001780106 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:

Хохирогч С.Б-ийн өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө амбаартаа өвлийн эд зүйл оруулах гээд орох гэтэл хаалга нь онгорхой цоож нь эвдэрсэн байсан. Тэгээд дотор нь байсан хүүхдийн унадаг дугуй алдагдсан байсан. ...Тухайн дугуйг 2018 онд Орхон аймгийн захаас 280000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...”  гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

Гэрч Г.Д-ийн өгсөн: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 14-ний шөнө 00 цаг 35 минут орчимд Б аймгийн 5 дугаар багт байрлах “Х” зоогийн газрын 2 давхарт хөлсөлж суудаг байрандаа орох гээд ирэхэд 2 давхарын шатан дээр 14-18 орчим насны бор царайтай, өндөр, хар хувцастай эрэгтэй хүүхэд сууж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

Гэрч С.О-ийн өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Б аймгийн Мэргэжил сургалт үйдвэрлэлийн төвийн хойд талын талбайд тоглож байхад манай нэг танидаг ах Б.Э шар ногоон өнгийн “Wolf” гэсэн бичигтэй унадаг дугуй унаж байсан. Би тэр дугуйг унаж үзээд “зарах уу” гэж асуухад “100000 төгрөгөөр зарна” гэсэн. Тэгэхээр нь би “сургуулиас өгдөг тэтгэлэг буухаар өгч болох уу” гэхэд “гайгүй мэдрэгчтэй утсаар сольж болно” гэсэн. Тэгээд би өөрийн “Grand” нэртэй гар утсаараа сольж авсан. Би өөрийнхөө утсыг авсан учир ямар нэг гомдол, саналгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Э яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 04 дүгээр сарын дундуур байх яг өдрийг сайн санахгуй байна орой нэрийг сайн мэдэхгүй төвд байдаг Бааранд орж цэвэр ус авч уучихаад гарах гэтэл урьд өмнө нь харж байсан зүс таних хүнтэй маргалдсан. Тэгээд тэр баарнаас гараад цагдаагийн урдуур гараад зам дагуу явж байгаад Шүүхийн цаад талын улаан өнгийн тоосгон байшин руу очоод хаашааны хаалгаар орсон. Тэр байшинг тойроод явсан чинь тэр байшингийн араас ордог хаалганы залгаа нэг амбаар байхаар нь цүүнээс татаж эвдэж дотогш орсон. Тэгээд нэг унадаг дугуй байхаар нь хулгай хийж авч гараад Шинэ хороо руу авч явсан.  Үүнээс хойш 2 хоногийн дараа цагдаад баригдаад хулгайлсан  дугуйгаа хураалгасан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний “Бан Хас” ХХК-ний шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2019/Э-0101 тоот: “... алдагдсан унадаг дугуйн  хохирлын хэмжээг 200000 /хоёр зуун мянга/ төгрөг гэж дүгнэж байна. ...” гэх дүгнэлт /хх-ийн 26-29 дүгээр хуудас/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9 дүгээр хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/, эд хөрөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл, зургийн үзүүлэлт /хх-ийн 11 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 39-59 дүгээр хуудас/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

           Дээрхи нотлох баримтуудаар Б.Э нь 2019 оны 04 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Б аймгийн Б сумын 5 дугаар багийн нутаг “Х” зоогийн газрын хашаанд байх иргэн С.Б-ийн амбаараас унадаг дугуй хулгайлан авч 200000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Э-ийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлгийн эх сурвалж нь гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч С.Б, гэрч Г.Д, С.О нарын өгсөн мэдүүлэг, 200000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байх бөгөөд нотолгооны ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна.

“Хулгайлах” гэмт хэрэгт бусдын хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Э-ийн бусдын амбаарт нэвтрэн орж унадаг дугуйг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууцаар авсан үйлдэл нь тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол буюу унадаг дугуйг биет байдлаар хүлээлгэн өгсөн, хохирогч С.Б нь шүүгдэгчтэй эвлэрч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч Д овогт Б-ын Э-г тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Э-г 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай. 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай. 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.ДЭЛГЭРМӨРӨН