Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 05

 

 

 

 

 

 

 

 

 

 2017 оны 01 сарын 24 өдөр                            Дугаар 204/МА2017/00005                               Өвөрхангай аймаг

 

                                  Д.Энхбаярын нэхэмжлэлтэй иргэний

                                                    хэргийн тухай

       Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

           Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 492 дугаар шийдвэртэй

           Нэхэмжлэгч Д.Энхбаярын нэхэмжлэлтэй

           Хариуцагч Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох

           “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг илтгэснээр хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Дорждулам, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ундармаа, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Хоролмаа,  хариуцагчийн өмгөөлөгч Р.Шүрхүү нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Д.Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны багшаар ажиллаж байгаад 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажлаасаа халагдаж Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаартай шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Би Улаанбаатар хотод Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийн нийгмийн ажилтны ангид суралцаж байсан. Дипломын ажил, хичээлүүдийн дүн, төгсөлтийн шалгалтын хичээлүүд 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хичээллэх байсан тул захирал Ц.Хоролмаад 2016 оны 03 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд өргөдөл өгсөн боловч чөлөө олгоогүй. Үндсэн хууль болон Хөдөлмөрийн гэрээнд зааснаар чөлөө авах эрхтэй байдаг. Утга зохиол, нийгмийн ажилтны сургууль дээр 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр албан мэдэгдэл мөн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нэр төр гутаан доромжилсон хүсэлт гарган ирүүлсэн байсан. Намайг ажилд авах сонирхолгүй байдаг. Албан тушаал, эрх мэдлээ ашиглан урьд ажиллаж байсан Г.Ундармаа захирлын хүн гэдгээр ашиг сонирхолоо гүйцэлдүүлэх гэж үндэслэлгүйгээр ажлаас халж байгааг хууль бус үйлдэл гэж үзэж байна. Иймд 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6/15 дугаартай намайг ажлаас халсан тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюун-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна. Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.Хоролмаагийн Д.Энхбаярыг ажлаас чөлөөлсөн тушаал нь үндэслэлгүй байна. Энхбаяр нь тухайн үед чөлөө авах өргөлдөө өөрийн биеэр аваачиж өгсөн байхад компьютер дээр бичсэн өргөдөл хүлээн авахгүй гэж буцаасан байдаг. Мөн тухайн өргөдөл дээр чөлөө өгөхгүй талаар цохолт хийж өгсөн байдаг.

Энхбаяр нь амьдрал ахуйгаа дээшлүүлэхийн тулд ажилгүй байхдаа Утга зохиолын дээд сургуульд сурч байгаад ажилд орсон. Тэгээд төгсөх шалгалт өгөх шаардлагатай болж чөлөө хүсэхэд өгөөгүй байдаг. Д.Энхбаяр нь удаа дараа зөрчил гаргаж, захирлын өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй бол халах талаар хурал хийж, 1 сарын өмнө мэдэгдэх ёстой байсан.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасан төрийн жинхэнэ албан хаагч ажиллах баталгаагаар хангагдах талаар зааж өгсөн байдаг. Гэтэл захирал Хоролмаа нь цалин хөлсийг нь өгөхгүй, ажлаас нь чөлөөлсөн байна. Тухайн сургуулийн захирлын гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна.

 Иймд Д.Энхбаярыг Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 3480705 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

          Хариуцагч Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.Хоролмаа шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Энхбаярыг ажлаас чөлөөлсөн тушаалыг хуулийн дагуу үнэн зөв гаргасан гэж үзэж байгаа. Сургуулийн дотуур байрны багшийн үүрэгт ажил нь маш ачаалалтай, дотуур байрны хүүхдүүдийг хариуцаж ажилладаг ажил. Би тухайн үед Энхбаярт энэ жил ачаалалтай байна ирэх жил сураад төгсөж болдоггүй юм уу? гэж хэлж байсан. Тэгээд чөлөө өгөхгүй талаар хэлээд явуулсан. Гэтэл ажлаа хаяад түлхүүрээ байрны жижүүрт өгөөд явсан байсан. Би ирэх байх гэж их харсан.

            Ажилд ороод cap ч болоогүй байж төлөвлөгөөгөө гаргаж өгөөгүй ажлын байран дээр архи дарс хэрэглэсэн асуудал гаргаж байсан. Энхбаярын ажиллаж байх үедээ гаргаж байсан алдаа дутагдал ажлын цагийн бүртгэл, зөрчлийн талаарх баримтуудыг хэрэгт хавсаргасан байгаа. Чөлөө олгох боломжгүй гэдийг удаа дараа хэлж сануулж байсан.       

           Д.Энхбаяр нь 5 дугаар сарын 12-нд ажилдаа ирсэн. Би тухайн үед захирлын зөвлөлийн дэргэдэх шуурхай хийж Д.Энхбаярыг ажлаас чөлөөлсөн Ажлаас чөлөөлсөн үндэслэл нь удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаварыг удаа дараа, биелүүлээгүй, 3 дээш хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байраа хаяж явсан үндэслэлээр халсан.

 Энхбаяр нь сумандаа ирээд миний гар утас руу мэссэж бичсэн байсан. Ундармаа дарга 3 сараар чөлөө аваад яв гэж хэлсэн. Би хүний үгээр орж буруу зүйл хийлээ гэж бичсэн байсан. Мөн сурч байгаа сургуульд нь мэдэгдэх хуудсыг нь би өөрөө аваачиж өгсөн. Миний гаргасан 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн б/15 дугаартай Д.Энхбаярыг ажлаас чөлөөлсөн тушаал нь үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

         Хариуцагчийн өмгөөлөгч Р.Шүрхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын Д.Энхбаярыг ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Энхбаяр урд нь сахилагын шийтгэлтэй байсан. Мөн удирдлагын өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа 3-аас дээш хоног тасалсан.

Мөн байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээ удаа дараа зөрчиж байсан нь болон ажлын цагийн бүртгэлт хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Анхан шатны шүүх: Унхан овгийн Дашзэвэгийн Энхбаярын нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиралд холбогдох "Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах"-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын Хаан банкны 5540607728 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч Д.Энхбаярт буцаан олгохоор, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгч Д.Энхбаяр давж заалдах гомдолдоо: ...Миний бие нь Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 145/ШШ2016/00492 дугаартай шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна. Үүнд:

         1. Захирал Ц.Хоролмаа нь миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж удаа дараа ажлаас халж намайг хохироож байсан. Урьд нь ажиллаж байсан Ундармаа захиралтай төрөл садны холбоотой гэсэн үндэслэлээр ажлын байранд байнга дарамт шахалт үзүүлж, хурал болгон дээр миний талаар хэн нэгэн хүний худал ярьсан зүйлээр чи тэгж ярьсан байна гэж үргэлж дарамталж, ажлаас халдаг. Анхан шатны шүүх нь миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь захирал Ц.Хоролмаагийн энэ хууль бус үйлдлийг дэмжсэн байна гэж үзэж байна.

         2. Захирал Ц.Хоролмаа нь намайг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3 , хөдөлмөрийн гэрээний 3.7.2, 3.7.3 дахь заалтыг үндэслэн ажлаас халсан. Гэвч миний бие нь 2014 онд "Утга зохиол, Нийгмийн ажилтны дээд сургууль"-д элсэж ороод 2 жил суралцаад 2016 оны 5 сард төгссөн. Би 2016 оны 3-р сарын 30-ны өдөр захирал Ц.Хоролмаад өргөдөл бичээд өөрийн биеэр орж 4-р сарын 01-ний өдрөөс 5-р сарын 15-ний өдрийгхүртэл цалингүй чөлөө олгож өгнө үү гэж хүсээд 2016 оны 4-р сарын 01-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сургуульдаа суралцаад төгсөх тухайгаа хэлсэн.

          Мөн дипломын урьдчилсан хамгаалалтандаа 4-р сарын 01-ний өдөр орох гэж байгаа тухайгаа хэлээд чөлөө хүсэхэд "чи чөлөөгөө аваад хүсэлтээрээ бүр яв" чамд чөлөө өгөхгүй гэж дарамталсан. Би тухайн үед чөлөө авах зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаан байгаа тухайгаа удаа дараа тайлбарлаж 2 удаа өргөдөл өгсөн. Миний суралцаж байсан "Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургууль"-иас 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр сургуульдаа ирж, суралцаж төгсөх тухай мэдэгдэл ирсэн.

         Ингээд миний бие нь захирал Ц.Хоролмаатай уулзаж "Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургууль"-иас ирсэн тодорхойлолтыг танилцуулж чөлөө хүссэн. Гэвч би чамд яасан ч чөлөө өгөхгүй гэж ямарч шалтгаангүйгээр чөлөө санаатайгаар өгөхгүй байсан. Төрийн албаны тухай хуулийн 27-р зүйлийн 27.1-д Төрийн албан хаагч дараах баталгаагаар хангагдана гэсэн байдаг.

         Үүнд: 27.1.9 Төрийн хөрөнгөөр давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалынхаа цалин хөлсийг авах тухай заасан байдаг. Гэтэл цалин өгч сургах байтугай цалингүй чөлөө өгөхгүй байсан. Тэгээд би өргөдлөө бичгээр өөрт нь өгөөд сургуульдаа явсан.

        3. Мөн анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэхэд захирал Ц.Хоролмаа нь шүүх хурал дээр сургуулийн дотоод журамыг нотлох баримтаар гаргаж өгсөн байсан. Гэвч миний бие нь хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулсан. Урьд нь би сургуулийн дотоод журамтай танилцаж байгаагүй.

          Тийм дотоод журам байдгийг огт мэдээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрээс харахад "дотоод журам"-ын 17.1.2.2-т ажлын байрыг чөлөө зөвшөөрөлгүй орхин 3 болон түүнээс дээш хоног явсан бол ажил олгогчтой байгуулсан гэрээг цуцлан ажлаас халахаар заасан байна.

          Гэтэл захирал Ц.Хоролмаа нь би чөлөө өгөхгүй чи яв гээд байсан нь анхнаасаа намайг ажлаас халах санаатай байсан байна.

           Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Хоролмаа давж заалдах гомдолтой танилцаад хариу тайлбартаа: Миний бие нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуульд 2015 оны 9 сарын 03-ны өдрөөс эхлэн өнөөг хүртэл Захирлын албан тушаалыг хашиж байна. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 145/ ШШ2016/00492 тоот шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Д.Энхбаярыг ажлаас халахдаа хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журмыг үндэслэл болгосон.

Хөдөлмөрийн гэрээн дээр Д.Энхбаяр өөрөө уншиж танилцаж, гарын үсэг зурсан.  Дотоод журам нь бүх ажилтан албан хаагчдын хурлаар батлагдсан байдаг бөгөөд ямар ч багш, ажилтан үзэж танилцахад нээлттэй бичиг хэргийн ажилтанд нэг хувь баталгаажуулан тавигдсан байдаг. Үүнийг үзээгүй гэх үндэслэл байхгүй байх гэж бодож байна. Д.Энхбаяр нь урьд нь 3-4 удаа ажлаас халагдаад, шүүхийн шийдвэрээр эргэн ажилд томилогдсон байсан.

Сургуулийн дотуур байрын багш хүн ажлын их онцлогтой байдаг. Гэр орноос хол яваа хүүхдийн аав, ээжийг орлох, асарч хамгаалах бүхий л талын тусламж дэмжлэг үзүүлдэг ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүргээ хийж гүйцэтгэ, шүүхийн шийдвэрээр ажилд ороод удаагүй байж, ажлын ачаалал ихтэй байхад энэ жилдээ би чөлөө олгохгүй, дараа жил сургуулиа төгсвөл яасан юм бэ? гэж хэлээд чөлөө олгоогүй. Захирал миний бие нь ажлын байрны ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй гэжээ.     

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Д.Энхбаяр нь хариуцагч Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Ажил олгогч Тарагт сумын Ерөнхий боловсролын сургууль, ажилтан Д.Энхбаяр нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын гурван өдөр ажлаа тасалсан тохиолдолд сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах, Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилд мөрдөх дотоод журмын 17 дугаар зүйлийн 17.1.2, 17.1.2.2-т ажлын байрыг чөлөө зөвшөөрөлгүй орхин 3 болон түүнээс дээш хоногоор явсан бол ажил олгогчтой байгуулсан гэрээг цуцлан ажлаас халахаар заажээ.

Нэхэмжлэгч Д.Энхбаяр нь 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Утга зохиол нийгмийн ажилтаны дээд сургуулийг төгсөх, дипломын ажил бичих, төгсөлтийн шалгалтуудыг өгөх шалтгаан заан ажлаас чөлөө хүсэхэд Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.Хоролмаа түүнд чөлөө өгөөгүй байна.

Гэтэл нэхэмжлэгч Д.Энхбаяр нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 42 хоногийн хугацаанд ажлаа орхин явсан бөгөөд Хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах зөрчлийг гаргасан болох нь зохигчдын тайлбар хэрэгт авагдсан тус сургуулийн багш, ажилчдын цагийн бүртгэл /хх-ийн 33х/, нэхэмжлэгч Д.Энхбаяртай хийсэн хурлын тэмдэглэл /хх-ийн 34-37х/, мөн сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэл /хх-ийн 38-41х/ зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Д.Энхбаяр нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Утга зохиол нийгмийн ажилтаны дээд сургуулийг төгсөх, дипломын ажил бичих, төгсөлтийн шалгалтуудыг өгч байсан болохоо нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй. Хавтаст хэргийн 94 дэх хуудсанд авагдсан Д.Нацагдоржийн нэрэмжит Утга зохиол нийгмийн ажилтаны дээд сургуулийн D201605670 дугаартай бакалаврын дипломын хуулбараас үзэхэд  төгсөлтийн шалгалтын комиссын 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шийдвэрийг үндэслэн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 18 тоот захирлын тушаалаар “Нийгмийн ажлын” бакалаврын зэрэг олгогдсон нь нэхэмжлэгчийн сургуулиа төгсөх, дипломын ажил бичих, төгсөлтийн шалгалтуудыг өгөх цаг хугацаатай тохирохгүй, дурдсан хугацаанд шалгалтуудыг өгсөн, дипломын ажил бичсэн гэдэг нь эргэлзээтэй байна.  

Хариуцагч Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ерөнхий боловсролын сургууль, нэхэмжлэгч  Д.Энхбаярын хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр түүнийг Дотуур байрны багшийн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч Д.Энхбаярын Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Д.Энхбаярын давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Д.Энхбаярыг ажлаас чөлөөлсөн Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын тушаалд Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн зохих заалтыг баримтлаагүй байх боловч нэхэмжлэгч Д.Энхбаяр нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан зөрчил гарсан нь тогтоогдсон энэ талаар гаргасан ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Нэхэмжлэгч Д.Энхбаярын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 145/ШШ2016/00492  дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.  

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

       3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

                         

 

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                             ШҮҮГЧИД                   Т.ДАВААСҮРЭН

                                                                            Г.УЛАМБАЯР