Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2021/0431

 

“Э ...” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 376 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Э ...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 376 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 23.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгч “Э ...” ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газрын гэрээг байгуулж, гэрчилгээ олгохоос татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, газрын гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М давж заалдах гомдолдоо: “... Газрын тухай хуулийн 33.2-т заасан заалт нь тухайн газрыг дуудлага худалдааны журмаар худалдаж, ялагч болсон этгээд нь өөрийн хэлсэн үнийг төлж авах боломжийг олгон тодорхой хугацаа тогтоож өгсөн төлбөрийг төлөх, хэрэв төлөөгүй тохиолдолд дахин дуудлага худалдаанд оруулах тухай журамласан байтал шүүх уг заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэсэн

... Анхан шатны шүүх нотлох баримт цуглуулаагүй, ... ямар нэг баримтгүйгээр хийсэн байх нөхцөлгүй нь ойлгомжтой байхад уг асуудлыг тодруулах тал дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дутуу явуулсан.

... Шүүхийн үзэж байгаа дуудлага худалдааны журмаар газрыг эзэмшүүлсэн, заасан хугацаанд нь гэрчилгээний үнийг төлөөгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхад үүнтэй холбоотой баримт байгаа мэтээр дүгнэсэн нь буруу болсон.

Түүнчлэн “гэрчилгээний үнийг заасан хугацаанд төлөөгүй” гэх хуулийн шаардлага байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд гэрчилгээний үнэ гэж хэдэн төгрөгийг хэзээ гэж тодорхойлсон хугацаанд өгөх ёстой байсан нь ойлгомжгүй, шүүхийн болон хариуцагч талын дүгнэж, тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхөд газар олгосон үндэслэлтэй илтэд зөрж байгаа бөгөөд үүний хариуцлагыг шууд нэхэмжлэгч байгууллага хүлээх ёстой гэж тулгах нь өрөөсгөл гэж үзэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна. Учир нь нэхэмжлэгч өөрийн санал болгосон төсөл нь шалгарсан гэж итгэсэн байхад хэсэг хугацааны дараа “дуудлага худалдаагаар” өгсөн гэж үзэх нь буруу бөгөөд нэхэмжлэгчээс үүнийг хуульд нийцсэн гэж хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй харин хариуцагч Газар зохион байгуулалтын алба нь хууль бус татгалзлаар дээд шатны байгууллага болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/74 дүгээр “Газар эзэмших эрх олгох тухай" захирамжид заасан “Газар эзэмших эрхтэй болсон иргэн аж ахуй нэгжтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээг олгон газрын улсын бүртгэлд бүртгэж, гарыг актаар хүлээлгэн өгч, газрын эрхийн төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан тухай гэрээ байгуулах үүргээ хууль бусаар хэрэгжүүлэхгүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 376 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Э ...” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/74 дүгээр захирамжаар 5 га газрыг гахайн фермерийн зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн боловч тус дүүргийн газрын алба “дуудлага  худалдааны үнийг төлөөгүй” гэх шалтгаанаар газар эзэмшүүлэх гэрчилгээ олгож, гэрээ байгуулахаас татгалзсан байх бөгөөд уг татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчээс төсөл нь шалгараад тухайн газрыг эзэмшүүлсэн, дуудлага худалдаа явагдаагүй тул дуудлага худалдааны үнийг төлөх үндэслэлгүй гэж маргасан, мөн дүүргийн Засаг дарга нь хууль зөрчиж гарсан гэх үндэслэлээр газар эзэмшүүлсэн захирамжаа хүчингүй болгосон талаар хэрэгт баримт байхгүй байхад анхан шатны шүүх газар эзэмших эрх олгох хувийн хэрэгт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулсан талаарх баримт байхгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй гэж үзэж, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д “Энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж олгоно” гэж, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ын 1.1-д “Газрын тухай хуулийн 33.1.2, Чөлөөт бүсийн тухай хуулийн 22.4, Концессын тухай хуулийн 2.5-д тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах”-аар тус тус зохицуулжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл тайлбартай холбоотой дээрх хууль журамд заасан аль зорилгоор  төсөл сонгон шалгаруулалт зарлаж явуулсан, түүнтэй холбоотой газар эзэмших гэрчилгээний үнийг төлүүлэх эсэх талаар анхнаасаа төсөл сонгон шалгаруулалт явуулахдаа мэдэгдсэн эсэхийг дээрх журмын дагуу төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулсан, энэ үндэслэлээр газар эзэмшүүлсэн этгээдээс тодруулах, нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн захирамж нь одоо хүчин төгөлдөр эсэх, Газрын тухай хуулийн 33.2-т зааснаар хэрэв газрын гэрчилгээний үнийг төлөөгүй бол дахин дуудлага худалдаанд оруулна гэсний дагуу тухайн газрыг дуудлага худалдаанд оруулсан эсэх, хэрэв дээрх журмаар төсөл сонгон шалгаруулалт явагдаагүй бол ямар үндэслэлээр газар эзэмших эрх олгосон, тухайн захирамж нь хүчин төгөлдөр эсэх талаар тайлбар, лавлагаа гаргуулж,  хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай.

Эдгээр баримтыг цуглуулсны үндсэн дээр дээрх хууль журамд заасан аль үндэслэлээр төсөл сонгон шалгаруулалт явуулснаас шалтгаалж нэхэмжлэгч нь газар эзэмших гэрчилгээний үнийг төлөх үүрэг хүлээх эсэх, нэхэмжлэгчийн хууль ёсны итгэл хамгаалах зарчмыг хариуцагч зөрчсөн эсэх зэрэгт дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй  байна.  

Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М-н “нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн захирамж хүчин төгөлдөр байгаа, ... нэхэмжлэгч нь өөрийнхөө төслийг шүүхэд өгсөн, төсөл шалгаруулалтаар эзэмшүүлсэн илэрхий баримт байхад үүнээс илт зөрүүтэй тайлбар, албан бичгийг хариуцагч ирүүлснийг нэг мөр болгож тодруулаагүй, дуудлага худалдаа явуулахад төлөх гэрчилгээний үнийг төлөөгүй мэтээр дүгнэсэн нь буруу болсон, хууль ёсны итгэл хамгаалах зарчмыг зөрчсөн гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 376 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ