Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 325

 

 

 

 

 

 

       2020          4            08                                       2020ШЦТ/325

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

          улсын яллагч П.Бямбасүрэн,

          шүүгдэгч Ц.Н,

          шүүгдэгч А.А, тэдгээрийн өмгөөлөгч Т.Урангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Н, А.А нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1709013610412 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1977 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд механизмын операторчин мэргэжилтэй, "Эм Эл И Эн Жи" ХХК-ний ерөнхий захирал ажилтай, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух бүртгэлтэй, тоотод түр оршин суух хаягтай,

1998 оны 4 дүгээр сарын 22-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Ц.Н /регистрийн дугаар /,

 

2.Монгол Улсын иргэн, 1984 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэг гарах үед "Эм Эл И Эн Жи" ХХК-д талбайн инженерийн ажил эрхэлж байсан, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, А.А /регистрийн дугаар /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч "Эм Эл И Эн Жи" ХХК-ийн захирал Ц.Н, талбайн инженер А.А нар нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 12 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Эм Эл И Эн Жи" ХХК-ийн баригдаж буй барилгын 10 давхраас Я.Нямдаваа нь унаж, амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Н шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн:“…манайх мэргэшсэн инженер техникийн ажилтантай, мөн хөдөлмөрийн ажилтантай. Байгууллагын тушаалаар хөдөлмөр хамгааллыг хариуцсан ажилтан нь Энх-Эрдэнэ, зааварчилгаа өгөх эрх бүхий этгээд нь гүйцэтгэх захирал бөгөөд барилгын даамал Мөнхнаран, барилгын инженер Анхбаяр нар нь юм. Бетон цутгах, арматур таслах, хэв хашмал угсрах, хөрөө рам дээр ажиллах, барилгын материал зөөх, 380 тай харьцаж ажиллах, бетонд вибратор тавих зэрэг ажлууд ямар дэс дарааллаар явагддаг үйл явц тухайн ажлуудыг хэрхэн гүйцэтгэх дараалал технологийг хөдөлмөр хамгааллын инженер Энх-Эрдэнэ батлуулж байсан...” гэсэн мэдүүлэг /2хх-22-23/,

 

Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн:“…2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр байх яг хэзээг нь санахгүй байна. Манай хөдөлмөр хамгааллын инженер ажилдаа ирэлгүй чөлөө авсан байсан. Тэгээд бид нар өглөө 08.00 цагийн үед ажилдаа ирээд ажлынхаа талбай дээр гараад ажлаа хийж байсан. Тэгтэл талийгаач 10.00 цаг өнгөрч байхад ажил дээр бид нар руу дээшээ гарч  ирсэн тэгэхээр нь би та зааварчилгаатай танилцаж гарын үсэг зурсан уу гэж асуухад тиймээ зурчихсан гэж хэлсэн. Тэгээд би давтан амар зааварчилгаа өгөөд техникийн давхрын гадна талын хэв хуулах гэж гаргасан. Би гаргахдаа хамгаалалтын бүс, хамгаалалтын хэрэгсэлүүдийг  нь бүгдийг нь би өөрөө талийгаачид зүүж өгөөд гаргасан. Тэгээд бусад ажлаа шалгаад тэр давхартаа явж байгаад хамт байсан мужааны бригадын дарга очиж хараад унасан байна гэж хэлсэн. Тэгээд бид нар доошоо буусан...” гэсэн мэдүүлэг /2хх-33-34/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Нансалмаагийн “…Ц.Н, А.А нараас 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний хохирол болох 36.000.000 төгрөгөөс гадна надад амлаж байсан 2 өрөө орон сууцыг нэхэмжлэн төлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /2хх-247/,

 

Гэрч Б.Бүрэнбаатарын "... намайг барилгын баруун хойд хэсэгт унжуулаад ажлаа хийж байхад Энхтамир "Нямдаваа" гэж орилоод дуудахад байхгүй байсан ба намайг дээш нь өргөж гаргаад Энхтамир, Баттамир хоёр надаас түрүүлж буугаад би аюулгүй ажиллагааны хэрэгслээ тайлаад араас нь буугаад очиход хажуу талын гражийн дээвэр дээр хамар, чихнээс нь цус гарсан байдалтай хэвтэж байгаад яаралтай түргэн тусламжийн машин ирээд аваад явсан.Манай үндсэн аюулгүй ажиллагааны инженерээр Энх-Эрдэнэ гэдэг хүн байдаг, гэхдээ өнөөдөр бол байгаагүй, манай барилгын инженер Анхбаяр бол байнга хамт байсан. Нямдаваа барилгын зүүн талд ганцаараа шавар цутгалтын бэхэлгээгээ авч байсан. Харин Анхбаяр, Энхтамир, Баттамир нар барилгын баруун хойд хэсэгт надтай хамт ажлаа хийж байсан, ... барилга ягир угсарагдаад өндрийн бүсний тороос заавал ч үгүй хийгддэг, ягираас унжсан тросноос хийгээгүй байж таараад байгаа уг нь бэхэлгээний дэгээгээ хийсэн бол унахгүй байсан, Б.Энхтамир ах талийгаач Я.Нямдавааг хамгаалалтын элэгний бүсгүй хамгаалалтын хэрэгсэлгүй гарах гэж байхад нь дүү Б.Баттамирын хамгаалалтын хэрэгслийг нь аваачиж өгөөд бүсийг нь бүслүүлж гаргасан..." гэсэн мэдүүлэг /1хх- 17, 169/,

 

Гэрч Б.Энхтамирын "...бид нар ажлаа хийж байхад хэсэг хугацааны дараа Нямдаваа дээш гарч ирээд ажлаа хийлээ гээд барилгын зүүн хэсэг рүү явсан,баруун хойд хэсэгт ажлаа хийж байгаа "Нямдаваа" гэж дуудахад хариу өгөхгүй байхаар нь доош тонгойж харахад доор унасан байсан, унасан газарт нь очиход хажуу талаараа унасан байдалтай байсан, Нямдаваад зааварчилга өгсөн эсэхийг мэдэхгүй байна, Нямдаваа барилгын зүүн талд ганцаараа шавар зутгалтын бэхэлгээ авч байсан, ... би талийгаач Я.Нямдавааг араас нь очиж харахад агаарын хамгаалалтын дэгээгүй зогсож байхад нь “би дэгээгээ ав” гээд талийгаач Я.Нямдаваагийн өөрт нь бүсэнд нь зүүж өгөөд “ажлаа хий” гэж хэлсэн, ойролцоогоор 20-30 минутын дараа эргэж талийгаачийн ажиллаж байсан газар очоод үзэхэд талийгаач байхгүй байсан, тухайн үед талийгаач талбай дээр юм үзэж байгаад оройтчихлоо гэж ярьж байсан, Я.Нямдаваад хамгаалалтын дэгээг би өөрөө бүсэнд нь зүүж өгсөн..." гэсэн мэдүүлэг /1хх-18, 167/,

 

Гэрч Б.Баттамирын "... ажлаа хийж байхад хэсэг хугацааны дараа Нямдаваа ажлаа хийлээ гээд барилгын зүүн хэсэг рүү яваад өгсөн, Нямдаваатай ойрхон хүн байгаагүй, ...талийгаач Я.Нямдаваад миний ах Б.Энхтамир миний бүсэнд байсан хамгаалалтын хэрэгслийг авч бэхэлгээгээ хий гээд талийгаачийн бүсэнд нь зүүж өгөөд талийгаач өөрөө техникийн давхрын пум хуулахаар гадна хана руу гарсан..." гэсэн мэдүүлэг/1хх- 19, 168/,

 

    Гэрч Н.Энх-Эрдэнийн "... талийгаач үйлдвэрийн осолд орох өдөр буюу 2017 оны 9 дүгээр сарын 23-ний 11 цагт ажилдаа хоцорч ирсэн, манай ажилчид өглөө ажилдаа ирээд цагаа бүртгүүлээд хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааны дэвтэр дээр гарын үсэг зурж ажилдаа гардаг, ба орой ажлын цаг дууссаны дараа ажлын багаж зэвсэг болон хөдөлмөр хамгааллын хэрэгслээ хүлээлгэн өгч цагийн бүртгэл дээр буусан цагаа бүртгүүлж гарын үсэг зурж баталгаажуулдаг, ...тухайн осол гарсан өдөр буюу 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр чөлөө авсан байсан учир хөдөө Өвөрхангай аймаг руу явж байсан.Тэгээд би 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр манай компани дээр осол гарсан талаар 11 цагийн үед мэдээлэл утсаар аваад бичиг баримтууд байгаа газрыг компани ажилчид руу хэлж өгсөн.Ингээд 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр өглөө Улаанбаатар хотод ирээд захиралтай уулзаад шаардлагатай бичиг баримтуудыг хуулбарлаж бэлдээд хэргийг шалгаж буй мөрдөгч Норовдоржид өгсөн. Мэргэжлийн хяналтын байцаагч дуудаад надаас тухайн барилга дээр бүс зүүх тороос эсвэл хаанаас дэгээгээ зүүх ёстой талаар асуусан, зарим нэг компанийн бичиг баримтыг үзмээр байна гэхээр нь би тэр бичиг баримтуудыг ажил дээр нь аваачиж үзүүлсэн, өмгөөлөгч цагдаад өгсөн бүх бичиг баримтуудыг авчирч өг гэхээр нь аваачиж өгсөн, энэ баримтуудыг урьд нь цагдаа дээр анх дуудаж материал бүрдүүлж эхлэхэд нь тухайн материалуудыг заримыг нь эх хувиар заримыг нь хуулбарлаж өгсөн, цагдаагийн байгууллагад материалуудыг эх хувиас нь хуулбарлаж өгсөн, учир нь мэргэжлийн хяналтын газраас эх хувийг мөн хуулбар хувийг авч хянаж байсан, 65 дугаар хуудсан дахь нас барсны гэрчилгээ манай байгууллагаас гаргаж өгөөгүй, 69-71 хуудас хүртэл би хуулбарлаж өгсөн, 74-82 хуудсан дахь материалыг захиалагч компанийн эх хувиас хуулбарлаж өгсөн, 85-108 хуудсан дахь материалуудыг би хуулбарлаж өгсөн, 112 дугаар хуудсан дахь материалыг захиалагч компаниас хуулбарлаж өгсөн, 113-138, 205-239 дүгээр хуудсанд байгаа материалыг би өмгөөлөгчид өгсөн, 241-243, 249-250 дугаар хуудсан дахь материалыг би эх хувиас нь хуулбарлаж өгсөн, дээрх материалууд бүгдээрээ эх хувиараа байгаа, ажлаасаа гарахдаа дээрх материалуудыг ажил дээрээ хүлээлгэж өгөөд ажлаас гарсан..." гэсэн мэдүүлэг /1хх-23-24, 166, 2хх-58-59, 243/,

Гэрч Д.Аззаяагийн "...талийгаач Я.Нямдаваа өндрийн бүсний дэгээгээ аваарын тороосноос бэхэлж явсан бол талийгаач унахгүй байх байсан. Учир нь талийгаач Я.Нямдаваа хувийн хамгаалах хэрэгсэл буюу өндрийн бүсээ зүүсэн боловч техникийн давхрын ягираас унжсан тороосноос дэгээгээ дэгээдээгүйн улмаас осол гарсан, Я.Нямдаваа нь ажиллаж байх явцдаа хувийн хамгаалах хэрэгслээ дутуу өмсөж, хэрэглэж байснаас захиалагч талын ХАБ-ын инженер надаас удаа дараа сануулга авч байсан, эхэлж амаар сануулга өгч, мөн дахин зөрчил гаргасны улмаас каск өмссөн боловч бүчээ зүүгээгүй ажиллаж байхад нь 5000төгрөгөөр торгосон, дараа нь өндөрт ажиллаж байхдаа өндрийн бүсээ зүүсэн боловч бүснийхээ дэгээг аваарын торосноос бэхлээгүй байхад нь 50.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан... гэсэн мэдүүлэг /1хх-25 дугаар тал/,

 

Гэрч Б.Лхагвасүрэнгийн "...ажил дээр байх хугацаандаа Я.Нямдаваа нь хамгаалалтын бүсээ бэлгэдлийн юм шиг бүслээд ашигладаггүй, байнга шахуулж шаардуулж байдаг, ...талбайн инженер А.А ажлын талбай руу гарсан байсан, хөдөлмөр аюулгүй ажиллагааны дотоод хяналтын багийн гишүүний үүргийн дагуу Я.Нямдаваад хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгатай уншуулж танилцуулаад гарын үсэг зуруулаад ажилд нь гаргасан..." гэсэн мэдүүлэг /1хх-27, 164 дүгээр тал/,

 

Гэрч Г.Гантөмөрийн "...холбогдох байгууллагуудаас нь шинжээчийн дүгнэлт гаргахтай холбоотой нэмэлт материал ирүүлэх талаар гүйцэтгэх компанийн захирлуудыг дуудаж өндрөөс унахаас хамгаалсан бүсийг тогтоогч тороос /олс/ байсан эсэх талаар тодруулга авсан, /өндрөөс хамгаалсан холбогч хэрэгсэл байгаагүй/ гүйцэтгэгч талаас ягир буюу ягирын бэхэлгээнээс өндрийн бүсийг зүүж бэхэлнэ гэсэн тайлбар хийсэн, тэр нь даац хүрэхгүй, мултарч унах зэрэг аюултай.Талийгаачийн хувьд өмссөн хамгаалалтын бүсээ бэхэлгээнд холбох бэхэлгээ нь байгаагүй учраас өндрөөс унасан, өндрийн бэхэлгээний хувьд тухайн бэхэлгээ нь хүнийг даагаад чөлөөтэй хөдөлж ажил хийхэд саад болоогүй байх ёстой, АГТ нь ажил гүйцэтгэх төсөл, ТК нь технологийн карт гэсэн үг, ягир нь хэв хашмал барилгын үйлдвэрийн зориулалттай хэрэгсэл, тухайн компаниас нэмэлт материал гаргаж өгөх талаар АГТ, ТК-ийн талаар заавар журам байна уу, гаргаж өгөх үү гэж асуухад ямар нэгэн зүйл яриагүй нэг нэгэн рүүгээ харж байгаад гараад явцгаасан, тэгээд дахин надтай ямар нэгэн байдлаар холбоо барьж бичиг баримт гаргаж өгөөгүй, ... прокурорын тогтоолоор тусгай мэдлэгийн хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөн эсэхэд шинжээчийн дүгнэлт гаргасан, манай байгууллага бол шүүх шинжилгээний байгууллага биш, ийм учраас байгууллагын дарга шийдвэрээр шинжээч томилдог эрх зүйн зохицуулалт байхгүй.Ийм учраас гаргасан дүгнэлтэнд улсын байцаагчийн хувийн тэмдэг болон, байгууллагын тамга дардаггүй, миний хувьд хувийн нэртэй тамга тэмдэг хэрэглэдэггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 4-д зааснаар хувь хүнээр шинжилгээ хийлгэж болно гэсний дагуу өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд прокурорын тогтоолд гарын үсэг зурж шинжээчээр оролцсон, шинжээчийн дүгнэлт гаргаж хуульд заасны дагуу гаргасан дүгнэлт дээрээ гарын үсэг зурж баталгаажуулсан, манай байгууллага шүүх шинжилгээний байгууллагаас гадуур байгууллага учраас шүүх шинжилгээний тухай хуулийг баримтлах шаардлагагүй, оролцсон шинжилгээнүүд дээрээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримталж байгаа ..." гэсэн мэдүүлэг /2хх-65-66, 234, 244-245/,

 

Гэрч Ц.Бадмаагийн "...хамтарсан дүгнэлтэд ажиллаж байсан байдлыг Гантөмөр нь холбогдох байгууллагын албан тушаалтантай уулзаж хэв салгах ажлыг аюулгүй гүйцэтгэх технологийг нарийвчлан тусгасан ТК-ийг боловсруулсан эсэхийг асуусан байдаг, АГТ, ТК боловсруулсан зүйл дүгнэлт гаргахад авчирч үзүүлээгүй, ... 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/149 дугаартай тушаалын дагуу гаргасан дүгнэлтүүд дээрээ гарын үсэг зурж баталгаажуулсан, ...манай байгууллагаас шинжээч нарыг дарга нар томилж ажилладаггүй, мэргэжлийн хяналтын даргын тушаалаар мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлын жагсаалт баталсан, 1 дүгээрт шинжээчээр ажиллах тухай тусгаж өгсөн, мэргэжлийн  хяналтын газар нь шинжилгээнээс гадуур байгууллага учраас улсын байцаагч нар хувь хүний хувьд татгалзахгүй бол шинжээчээр ажилладаг, тухайн улсын байцаагчийг удирдлагаас томилдоггүй учраас дүгнэлтэнд байгууллагын тамга тэмдэг дардаггүй, тухайн улсын байцаагч гарын үсэг зурж баталгаажуулдаг.." гэсэн мэдүүлэг /2хх-69-70, 235, 246/,

 

2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо "М Ти Эс" ХХК-ний барилга барьж буй хашаа байв. ...хаалгыг онгойлгон ороход гадна ханан цутгалт дууссан, гадна хананы өрлөгийн ажил хийгдэж буй 2 корпус 10 давхар баригдаж барилга байв... үзлэгийг үргэлжлүүлэн өндрөөс унасан хүн ажиллаж байсан 10 давхрын дээд талын давхар дээвэр хэсэг буюу техникийн давхарт явуулахад дээврийн хойд хэсгээс хойд талаас 5 метр, урд талаас 5 метр зайд техникийн давхрын цутгалтын хуулалтын ажил хийгдэж байх ба техникийн давхрын ертөнцийн зүгээр зүүн талд барилгын хананы гадна хэсэгт цутгалтын бэхэлгээний трубануудыг бэхлэн тавьсан хүн явах зам бэлдсэн хананаас 1 метрийн зайд трубануудын гадна хэсэгт ногоон өнгийн тор бэхэлсэн байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-3-6/,

 

Цогцост үзлэг хийсэн “...цогцос нь цэнхэр өнгийн усны гуталтай, ... баруун чихнээс цус гарч толгой нүүр хэсгийг бохирдуулсан, хоёр сарвууны ар, зүүн өвдгөнд олон тооны жижиг улаан хүрэн өнгийн шинэ зулгаралуудтай өөр биед ил харагдах шархгүй...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-7-11/,

 

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1891 дугаартай "...цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр өндрөөс уналт, хавсарсан гэмтэл, гавлын баруун чамархай, дагз ясны салаалсан хугарал, зөөлөн бүрхүүлийн доорх голомтлог цус харвалт, дагзны баруун хуйхны дотор талын цус хуралт, хэвлийн битүү гэмтэл, элэгний язрал, урагдал, цус алдалт, /700 мл/, дэлүүний урагдал, нойр булчирхайн няцрал, чацархайн цус хуралт, цээжний баруун 2, 8 дугаар хавирга, зүүн 2-9 дүгээр хавирганы шууд хугарал гэмтлүүд тогтоогдлоо, учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, үхэлд хүргэх архаг хууч өвчингүй, цусанд спиртийн агууламж илрээгүй, өөрийгөө хамгаалан тэмцэлдсэн гэх гэмтэл тогтоогдсонгүй, гэмтэл авсан даруйдаа нас барсан эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй, уг гэмтлийг өөртөө учруулах боломжгүй, дээрх гэмтэл гавал тархи, цээж хэвлийн хавсарсан гэмтлүүдийн улмаас нас барсан..." гэх дүгнэлт, гэрэл зураг /1хх-29-33 дугаар тал/,

 

2017оны 10 дугаар сарын 20-ны 5227 дугаартай шинжээчийн"...“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр" дэх 2017 оны 9 дүгээр сарын 23 гэсэн огноотой хуудас дээрх Я.Нямдаваагийн гэх гарын үсэг нь Улаанбаатар болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкны "Орлогын мэдүүлэг"-үүд дээрх Я.Нямдаваагийн гэх гарын үсгийн чөлөөт загваруудтай тохирохгүй.

-"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр" /цагаан дэвтэр/ дэх 2017 оны 9 дүгээр сарын 23 гэсэн огноотой хуудас дээрх Я.Нямдаваагийн гэх гарын үсэг нь тус дэвтрийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 26 дугаарт Я.Нямдаваагийн гэх гарын үсэгтэй тохирохгүй.

-"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр" /цагаан дэвтэр/ дэх 2017 оны 9 дүгээр сарын 23 гэсэн огноотой хуудас дээрх Я.Нямдаваагийн гэх гарын үсэг нь "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр" /улаан дэвтэр/-ийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээрт бичигдсэн гарын үсэгтэй тохирохгүй байна.

-"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр" /цагаан хавтастай/ дэх 2017 оны 9 дүгээр сарын 23 гэсэн огноотой хуудас дээрх Я.Нямдаваагийн гэх гарын үсгээс бусад "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр" /улаан цагаан хавтас/-ийн 2017-07.20, 07.21, 07.22, ... 09.10, 09.21, 09.22 огноотой хуудсуудад "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгаа" өгсөн гэх тэмдэглэлийн "овог нэр"хэсэгт Нямдаваа гэсний ард, "зааварчилгаа авсан хүний гарын үсэг" гэсэн хэсэгт байх гарын үсгүүд нь өөр хоорондоо болон Улаанбаатар болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкны "Орлогын мэдүүлэг"-үүд дээрх Я.Нямдаваагийн гэх гарын үсгийн чөлөөт загваруудтай тохирч байх тул нэг хүн зурсан байна..." гэсэн дүгнэлт /1хх-37-53/,

 

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн “Осол гарахад нөлөөлсөн хүчин зүйл нь осолдогч Я.Нямдаваа нь хөдөлмөрийн аюулгүй ажиллах горимыг санаатай  зөрчин өндрийн хамгаалалтын бүсээ зориулалтын тороосноос бэхлээгүйн улмаас осолдсон. Осолдогч нь удаа дараа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг зөрчин сануулга авч, торгуулж байсан. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа, журам, тогтоол, Засгийн газрын 269 тогтоолын 2.2заалтыг үндэслэн уг ослыг үйлдвэрлэлийн осол болохыг тогтоолоо”  гэх акт /1хх-72/,

 

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудас, үнэлгээ /1хх-73-78/,

"Эм Эл И Эн Жи" ХХК-ний 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 003/01 дугаартай "Наранжанцангийн Энх-Эрдэнийг ХАБЭА-ийн ажилд томилох тухай" захирлын тушаал /1хх-88/,

"Эм Эл И Эн Жи" ХХК-ний 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 001/01 дугаартай "Амгалангийн Анхбаярыг талбайн инженер ажилд томилох тухай" захирлын тушаал /1хх-96/,

"Эм Эл И Эн Жи" ХХК-ний 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 007/001 дугаартай Н.Энх-Эрдэнэд 3 хоногийн хугацаатай чөлөө олгож үүрэгт ажлыг хариуцан ажиллахыг талбайн инженер А.Ат даалгасан тухай" захирлын тушаал /1хх-180 дугаар тал/,

 

2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Н-2017-03 дугаартай нэмэлт шинжээчийн "Хариулт 1. Хэргийн газрын үзлэгээр авагдсан 8, 9, 10, 11 дугаартай зураг дээр Я.Нямдаваагийн ажиллаж байсан хэсгийг харуулсан хэсэгт өндрийн хамгаалалтын бүсийг бэхлэх тороос, яагир түүнийг тойруулж татсан хүн, эд зүйл унахаас хамгаалдаг гэх тор /ногоон/ зэрэг зүйлс бүрэн хийгдээгүй байгаа гэх асуудал нь хууль, дүрэм, журам, стандарт, эрх зүйн хэм хэмжээгээр тогтоогоогүй, зохицуулаагүй байна.

"Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм" БНбД 12-03-04-ийн 4.10. Байнгын үйлчлэл бүхий үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлийн хүрээнд: ...1.3 м ба түүнээс дээш өндөрт байрлаж буй хамгаалалтгүй ажлын байрууд; Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсэд: -нэг үе шатны ажил дахь хийц хэсэг, бүтээц, тоног төхөөрөмжийг угсрах (задлах, буулгах) ажил хийгдэж байгаа барилга байгууламжийн давхрууд (ярус); газрууд хамаарагдана. Иймд дээрх  дүрмийн 4.11 /Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалтаар харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож, болзошгүй бүсийг дохио санамж анхааруулга аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино/ гэж заасны дагуу осол гэмтлээс урьдчилан сэргийлэх хаалт хамгаалалтаар хашиж тусгаарласан байна.

 Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм"-ийн БНбД 12-04-06-ийн 7. Бетон ба төмөр бетоны ажил. 7.1 Цутгамал бетон, төмөр бетоны ажил гүйцэтгэхээс өмнө хэвний болон арматурын, түүнчлэн бетон цутгах, хэв салгах ажлыг аюул осолгүй гүйцэтгэх арга технологийг нарийвчлан тусгасан АГТ, ТК заавал боловсруулсан байвал зохино. 7.4 Хэвийг салгах ажлыг  АТГ-д заасан арга, дараалал, графикийн дагуу гүйцэтгэнэ. Онцгой нарийн болон нийлмэл бүтээц эдлэхүүний хэвийг тодорхой аргачлал, гүйцэтгэгч байгууллага,зураг төслийн байгууллагын ерөнхий инженерийн шууд хяналтын доор салгана./ гэж заасан шаардлагуудыг тус тус хэрэгжүүлээгүй байна.

Хариулт 2."Эм Эл И Эн Жи" ХХК нь "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хуулийн 15 дугаар зүйлийн 15.1. /Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй/ гэж заасан үүргийн дагуу амь хохирогч Я.Нямдаваад ажлын хувцас, хувийн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл /каск малгай, өндрийн хамгаалалтын бүс, бээлий, ажлын багаж, техник хэрэгсэл/ олгосон байна.Харин Я.Нямдаваа нь "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараах нийтлэг үүрэгтэй байна: 18.2.5 /ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх/ гэж заасныг зөрчиж өндрийн хамгаалах бүсийг зориулалтын дагуу хэрэглээгүй, мөн хуулийн 18.2.3 хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөхцөл бий болсон тохиолдолд аюулгүй байдлын дүрэм, журамд заасны дагуу шуурхай арга хэмжээ авах/ гэж заасны дагуу өндрийн хамгаалалтын бүсийг холбох хэрэгсэл /олс, тросс/ ашиглах талаар арга хэмжээ аваагүй байна.

"Эм Эл И Эн Жи" ХХК нь хувийн нэг бүрийн хамгаалах хэрэгслийг Я.Нямдаваад олгосон боловч өндрийн хамгаалалтын бүсийг холбох, бэхлэх хэрэгсэл /олс, тросс/ ашиглах техникийн нөхцөлийг бүрдүүлж өгөөгүй нь "Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм" БНбД 12-03-04-ийн Хавсралт-7 /К.7.3ураг төслийн шийдэлд ажиллагчдыг өндрөөс унахаас урьдчилан сэргийлж дараах зүйлүүдийг тусгана: хамгаалалтын бүсийг бэхлэх арга ба газрыг зааж өгөх/-ийг хэрэгжүүлээгүй байна.

Хариулт 3."Эм Эл И Эн Жи" ХХК нь тухайн хэрэг учрал болсон өдөр Я.Нямдаваад нэг бүрийн хувийн хамгаалах хэрэгсэл /хамгаалалтын бүс/ өгсөн байна."Эм Эл И Эн Жи" ХХК нь ажилчдад Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй Сургалтын зохион байгуулалт үндсэн дүрэм" MNS-4969: 2000-ийн стандартад заасны дагуу өгч байсан байна.Үүнд: Я.Нямдаваад "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлын байрны Давтан зааварчилгын дэвтэр"-т 2017 оны 6-р сарын 13-ны өдөр, 7-р сарын 22-ны өдөр аюулгүй ажиллах талаар сэдэвчилсэн байдлаар зааварчилга тус тус өгч, гарын үсэг зуруулсан байна.Харин 2017 оны 9-р сарын 23-ны өдөр Я.Нямдаваад өгсөн өдөр тутмын зааварчилгаа нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 5227 дугаартай дүгнэлтээр ... 2017 оны 9 дүгээр сарын 23 гэсэн огноотой хуудаст Я.Нямдаваагийн гэх гарын үсэг нь ...гарын үсгийн чөлөөт загваруудтай тохирохгүй гэж гарсан байна.

Хариулт 4. "Эм Эл И Эн Жи" ХХК-ийн захирал Ц.Н нь "Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай" хуулийн 27 дугаар зүйлийн 27.2./Ажил олгогч нь үйлдвэрлэл үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна/;

Мөн "Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм" БНбД 12-03-04-ийн б.б.Байгууллагын захиргааны тушаалаар, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хангах үүрэг бүхий ажилтанг эрхэлсэн ажлынх нь хүрээнд хариуцуулан томилно.

Үүнд: -Үйлдвэрлэлийн талбай дээр цех, хэсгийн ахлагч, барилгын талбайн даамлыг; -Ажлын байранд менежер, хэсгийн инженер, ахлагчийг тус тус томилно./ гэж заасны дагуу тус компани барилгын талбайн инженер А.А, барилгын даамал С.Мөнхнаран нарыг эрхэлсэн ажлынх нь хүрээнд аюулгүй ажиллагааг хангуулахаар тус тус томилон ажиллуулж болно.

"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна/ гэж заасан байдаг тул "Эм Эл И Эн Жи" ХХК-д нярав ажилтай Б.Лхагвасүрэн нь ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх үүрэг хүлээхгүй. Мөн хуулийн 27.5, /Аж ахуйн нэгж, байгууллагын хэлтэс, албаны дарга, нэгж, тасгийн ахлагч, тэдгээртэй адилтгах албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар дараах чиг үүргийг тусгана:/ гэж заасны дагуу инженер техникийн ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтод аюулгүй ажиллагааны сургалт, зааварчилгаа өгөх талаар зохицуулалт хийгдээгүй байна.

Хариулт 5."Эм Эл И Эн Жи" ХХК-ийн захирал Ц.Н нь Я.Нямдаваатай 2014 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 014/17 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан байна.

Хариулт 6."Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм" БНбД 12-03-04-ийн 5.5-д заасны дагуу тухайн нэгж объект дээр талбайн инженер А.А, С.Мөнхнаран нар нь аюулгүй ажиллагааг хариуцан ажиллах үүрэг хүлээх боломжтой.

 

"Эм Эл И Эн Жи" ХХК-ийн талбайн инженер А.А, барилгын даамал С.Мөнхнаран нар "Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм"-ийн БНбД 12-04-06-ийн 7. Бетон ба төмөр бетоны ажил: 7.1. Цутгамал бетон, төмөр бетоны ажил гүйцэтгэхээс өмнө хэвний болон арматурын, түүнчлэн бетон цутгах, хэв салгах ажлыг аюул осолгүй гүйцэтгэх арга технологийг нарийвчлан тусгасан АГТ, ТК заавал боловсруулсан байвал зохино, 7.4. /Хэвийг салгах ажлыг АГТ -д заасан арга, дараалал, графикийн дагуу гүйцэтгэнэ. Онцгой нарийн болон нийлмэл бүтэц эзлэхүүний хэвийг тодорхой аргачлал, гүйцэтгэгч байгууллага, зураг төслийн байгууллагын ерөнхий инженерийн шууд хяналтын доор салгана/ гэж заасан шаардлагууд хангагдаагүй нь осолд хүргэсэн байна" гэх дүгнэлт /хавтаст хэргийн 195-198 дугаар тал/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-3-6/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-7-11/, цогцост хийсэн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1891 дугаартай дүгнэлт, гэрэл зураг/1хх-29-33/, 2017 оны 10 дугаар сарын 20-ны 5227 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-37-53/, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт /1хх-72/, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлах анхан шатны бүртгэлийн осол, хордлого дахин гарахаас урьдчилан сэргийлж хийсэн ажлын талаарх маягт /1хх-70/, Хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудас, үнэлгээ /1хх-73-78/, "Эм Эл И Эн Жи" ХХК-ний 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 024/01 дугаартай "Ягааны Нямдавааг ажилд томилох тухай" захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /1хх-79-82/, "Эм Эл И Эн Жи" ХХК-ний 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 007/001 дугаартай захирлын тушаал /1хх-180/, 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Н-2017-03 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт /1хх-195-198/, А.Аыг ажилд томилсон захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ /1хх-96-101/, "Эм Эл И Эн Жи" ХХК-ийн ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл олгох журам /1хх-228-232/, оршуулгын зардлын баримтууд /1хх-144-153/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-24, 35/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /2хх-26, 36/,урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-27, 38/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /2хх-168-171/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч "Эм Эл И Эн Жи" ХХК-ний захирал Ц.Н, талбайн инженер А.А нар нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 12 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Эм Эл И Эн Жи" ХХК-ний баригдаж буй барилгын 10 давхраас Я.Нямдаваа нь унаж, амь насыг хохироосон болох нь дээр дурьдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Нансалмаа, гэрч Б.Бүрэнбаатар, Б.Энхтамир, Б.Баттамир, Н.Энх-Эрдэнэ, Д.Аззаяа, Б.Лхагвасүрэн, Г.Гантөмөр, Ц.Бадмаа нарын мэдүүлгүүд, цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №1891 дугаартай дүгнэлт, Хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудас, үнэлгээ, шүүгдэгч Ц.Н, А.А нарын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Хохирогч өндрөөс унаж гавал тархи, цээж, хэвлийн хавсарсан гэмтлүүдийн улмаас нас барсныг шинжээч тогтоосон, тухайн хэрэг учрал болоход амь хохирогч нь шүүгдэгч А.Атай хамт ажиллаж байсныг, амь хохирогч 10 давхар барилгын 10 давхраас унаж нас барсан байдалтай олдсон болохыг гэрч нар мэдүүлсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1-ийн 4-т иргэн нь хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрхтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах үүрэгтэй гэж тус тус заасан бөгөөд Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох”гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Хүний амьд явах эрхийн эсрэг” гэмт хэргийн бүлэгт тусгагдсан байдаг.

Мөн түүнчлэн энэхүү гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд аж ахуйн нэгж байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн журмыг сахин биелүүлэх үүрэгтэй албан тушаалтан гэмт үйлдэл буюу эс үйлдлээсээ учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй, ухамсарлан ойлгоогүй байдаг боловч хэрэг үйлдсэн тодорхой нөхцөлтэй холбож үзвэл тийм хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсанд оршдог.

 

Харин гэм буруугийн санаатай хэлбэр нь гэмт этгээд үйлдэл буюу эс үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн байдаг бөгөөд Ц.Н, А.А нь хор уршгийг хүссэн эсхүл зориуд буюу санаатай хүргэсэн талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдоогүй байна.

 Өөрөөр хэлбэл "Эм Эл И Эн Жи" ХХК-ийн захирал Ц.Н, талбайн инженер А.А нар хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 12 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Эм Эл И Эн Жи" ХХК-ийн баригдаж буй барилгын 10 давхраас Я.Нямдаваа нь унаж, амь насыг хохироосон үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Н, А.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ц.Н, А.Аын нарын зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Нансалмаад оршуулгын зардал 8.900.000 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т зааснаар 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр болох 36.000.000 төгрөг, нийт 44.900.000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Иймд шүүгдэгч Ц.Н, А.А нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нарын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин шүүгдэгч Ц.Н, А.А нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, мөн тэдгээрийн хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэв.

Мөн тэдгээрт хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох шаардлагагүй гэж үзэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн камерын бичлэг бүхий 3  ширхэг СиДи-г хэрэгт  үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1.Шүүгдэгч Ц.Н, А.А нарыг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан буюу Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н, А.А нарыг хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн камерын бичлэг бүхий 3 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

4.Шүүгдэгч Ц.Н, А.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Н, А.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.БОЛДБААТАР